Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 414

 

 

Ц.Баярбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

            Прокурор Н.Алтантүлхүүр,                                        

            Ялтан Ц.Баярбаатар,

            Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

           

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Баярбаатарын өмгөөлөгч Д.Энхтунгалагийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Баярбаатарт холбогдох эрүүгийн 2015 2503 1820 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Цоодолын Баярбаатар, 1986 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Баянзууч проперти” ХХК-д борлуулагч ажилтай байсан, ам бүл 5, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1200 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХМ86012875/;

 

Ц.Баярбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзууч проперти” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн нэрийг барьж, нийт 5 удаагийн давтан үйлдлээр,

2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 81 дүгээр байрны 11 тоот байрыг түрээслэсэн барьцаа мөнгө гэж хохирогч Д.Даваанямаас 600.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 13а байрны 100 тоот байрыг түрээслэсэн үйлчилгээ болон түрээсийн мөнгө гэж хохирогч М.Оюунчимэгээс 1.500.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эдэм буург” хотхоны 101 дүгээр байрны 49 тоот байрыг түрээслэн амьдарна гэж хохирогч Л.Чинзоригоос 1.200.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар байрны 05 тоот байрыг түрээслэсэн барьцаа мөнгө гэж хохирогч Ц.Мандахбаяраас 350.000 төгрөг,

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хорооллын, 41 дүгээр байрны 28 тоот байрыг түрээслэнэ гэж хохирогч Д.Пүрэвсанжаагаас 100.000 төгрөгийг тус тус түрээсийн мөнгө, барьцаа, зуучлалын хөлс нэрээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч, нийт 3.750.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас оргож, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Баярбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Баярбаатарыг давтан үйлдлээр бусдыг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан, Прокурорын хяналтаас оргон зайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Ц.Баярбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаатай хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаатай хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг багтааж, Ц.Баярбаатарын биечлэн эдлэх нийт ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаатай хорих ялаар тогтоож, түүний эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 306 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Баярбаатар нь хохирогч Д.Пүрэвсанжаад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч “Баянзууч проперти” ХХК-иас нийт 1.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Даваанямд 300.000 төгрөгийг, хохирогч М.Оюунчимэгт 600.000 төгрөгийг, хохирогч Л.Чинзоригт 600.000 төгрөгийг, Ц.Баярбаатараас хохирогч Ц.Мандахбаярт 350.000 төгрөгийг, хохирогч Л.Чинзоригт 600.000 төгрөгийг тус тус олгож, Иргэний хариуцагч “Баянзууч проперти” ХХК нь дээрх хохирлыг төлж барагдуулсны дараа өөрт учирсан хохирлоо иргэний журмаар гэм буруутай этгээд болох Ц.Баярбаатараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогч Л.Чинзориг нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Ялтан Ц.Баярбаатарын өмгөөлөгч Д.Энхтунгалаг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс хохирогч гэх Л.Чинзоригийн 600.000 төгрөгийг итгэл эвдэх замаар залилан мэхлэж авсан гэм буруутай байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Үндэслэл нь: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Чинзориг нь “би өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн тул одоогоор нийт 2.510.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд, байрны урсгал зардал 510.000 төгрөг, байрны түрээсийн нэг сарын төлбөр 600.000 төгрөг, зуучлалын хөлс 600.000 төгрөг, зурагтын төлбөр 800.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн байдаг.

            Мөрдөн байцаалтад хохирогч Л.Чинзориг “... Би “Баянзууч проперти” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар дамжуулан өөрийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Эдэм буург” хотхоны 201 дүгээр байрны 49 тоот 43.5 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг 600.000 төгрөгөөр түрээслүүлсэн юм. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс гэрээ байгуулан уг хөрөнгө зуучлалын компанид ажилладаг Ц.Баярбаатар гэх залуу түрээслэн амьдрахаар болсон. Тэгээд 8 сараар гэрээ хийсэн. Ажлын хөлс болгож тус компанид 600.000 төгрөг өгөхөөр болж өгсөн. Нийт 1.200.000 төгрөгийн хохирол учирсан ...” гэж мэдүүлсэн байдаг.

            Дээрх үйл баримт нь иргэд хоорондын маргаан буюу Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах харилцаа хэмээн үзэхээр байна. Иймд хохирогч Г.Чинзоригт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бусад хохирогч нарын асуудалд ямарваа нэгэн гомдол байхгүй бөгөөд нэр бүхий хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан тул Ц.Баярбаатарт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр түүнд оноосон ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү ...” гэжээ.

            Прокурор Н.Алтантүлхүүр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан, Ц.Баярбаатарт оногдуулсан ял шийтгэл тохирсон тул тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

 

            Ялтан Ц.Баярбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, та бүхнээс надад нэг удаа боломж олгож өгөөч ээ гэж хүсэж байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Ц.Баярбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзууч проперти” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн нэрийг барьж, нийт 5 удаагийн давтан үйлдлээр:

2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 81 дүгээр байрны 11 тоот байрыг түрээслэсэн барьцаа мөнгө гэж хохирогч Д.Даваанямаас 600.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 13а байрны 100 тоот байрыг түрээслэсэн үйлчилгээ болон түрээсийн мөнгө гэж хохирогч М.Оюунчимэгээс 1.500.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эдэм буург” хотхоны 101 дүгээр байрны 49 тоот байрыг түрээслэн амьдарна гэж хохирогч Л.Чинзоригоос 1.200.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар байрны 05 тоот байрыг түрээслэсэн барьцаа мөнгө гэж хохирогч Ц.Мандахбаяраас 350.000 төгрөг,

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хорооллын, 41 дүгээр байрны 28 тоот байрыг түрээслэнэ гэж хохирогч Д.Пүрэвсанжаагаас 100.000 төгрөгийг тус тус түрээсийн мөнгө, барьцаа, зуучлалын хөлс нэрээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч, нийт 3.750.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас оргож, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Чинзоригийн “... Би “Баянзууч проперти” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар дамжуулан өөрийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эдэм буург” хотхоны 201-49 тоот, 43.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг түрээслэсэн. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс гэрээ байгуулан уг хөрөнгө зуучлалын компанид ажилладаг Цоодолын Баярбаатар гэх залуу түрээслэн амьдархаар болсон. Тэгээд 8 сараар гэрээ хийсэн. Ажлын хөлс болгож тус компанид 600.000 төгрөг өгөхөөр болж Ц.Баярбаатарт өгсөн. Ц.Баярбаатар нэг сарын түрээсийн мөнгө гээд 300.000 төгрөгийг 2 удаа хувааж, миний дансанд хийсэн байсан. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байрны түрээсийн мөнгө дансанд хийхгүй болохоор нь “Баянзууч проперти” ХХК дээр очиж уулзтал “та манайд байраа түрээслэсэн юм уу, ямар нэгэн байдлаар манайд хандсан асуудал байхгүй байна” гэж хэлэхээр нь “танайд ажилладаг Ц.Баярбаатар гэх залуутай гэрээ байгуулсан” гээд гэрээг үзүүлтэл “наад Ц.Баярбаатар гэдэг хүн чинь манайд ажиллаж байгаад ажлаасаа гарчихсан, ийм асуудлууд их байгаа” гэж хэлсэн. Тэгээд Ц.Баярбаатарт залилуулсан болохоо мэдэж цагдаагийн байгууллагад хандсан. ... Ц.Баярбаатар нь хоёр сарын байрны түрээсийн мөнгө төлнө гэж тохироод “Баянзууч проперти” ХХК-д төлөх ёстой байсан нэг сарын түрээсийн төлбөрийг өөрөө хийхээр болсон. ... Манай түрээсийн байранд байсан ТСЛ брэндийн 40 инчийн телевизорыг хагалчихсан байсан ...” /1-р хх 37-38, 39, 130/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Оюунчимэгийн “... 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс “Баянзууч проперти” ХХК-иар зуучлуулан Баянгол дүүргийн 3 дугаар хорооллын, 14 дүгээр хороо, 13А байрны 100 тоот, 3 өрөө байрыг сарын 600.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлэх гэрээг байгуулсан. Зуучлагч “Баянзууч проперти” ХХК-ийн ажилтан Ц.Баярбаатар бид нартай гурвалсан гэрээг байгуулсан бөгөөд сар, сард нь байрны түрээсийн мөнгийг авч өгөхөөр тохиролцож, үйлчилгээний хөлс гээд 600.000 төгрөг, мөн түрээслүүлэгчийн барьцааны мөнгө гээд 300.000 төгрөгийг авсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сар, 11 дүгээр сарын мөнгийг нь өгсөн. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын мөнгийг өгөхгүй болохоор нь гайхаад түрээслэж байгаа айлаас нь мөнгөө нэхэхэд “танай зуучлагч Ц.Баярбаатарт мөнгийг нь өгсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зуучлагч “Баянзууч проперти” ХХК дээр очиж уулзтал “Ц.Баярбаатар нь нилээн хэдэн хүнийг ингээд залилчихсан байгаа” гэж хэлсэн ...” /1-р хх 40-41, 131/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Даваанямын “... 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Баянзууч проперти” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар зуучлуулан өөрийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 81-11 тоот байрыг түрээслэсэн. Тэгээд сар бүрийн орлогоо авахаар гэрээ байгуулсан. Нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд нэг сарын байрны түрээсийн төлбөрийг “Баянзууч проперти” ХХК нь авдаг учраас би бүх асуудлыг “Баянзууч проперти” ХХК-д хариуцуулсан байсан ба тэдний ажилтан Ц.Баярбаатар гэх хүн надтай гар утсаар яриад, ирж уулзаад яваад байсан. Тэгээд 10 дугаар сарын байрны түрээсийн мөнгө өгөөгүй учраас Ц.Баярбаатартай гар утсаар ярихад “удахгүй мөнгийг чинь өгнө, бага зэргийн сангийн засвар гарсан байгаа, засварын мөнгийг нь хасаад үлдсэн мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь мөнгө өгөх байх гэж бодоод хүлээгээд байтал өгөхгүй алга болчихоор нь “Баянзууч проперти” ХХК-тай холбогдож ярихад “манай ажилтан Ц.Баярбаатар ажлаасаа гарчихсан байгаа, бид нар мэдэх зүйл алга байна” гэж хэлсэн. Ц.Баярбаатар нь 600.000 төгрөгийг хувьдаа завшиж, намайг залилан мэхлэсэн ...” /1-р хх 42-43/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Мандахбаярын “... 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Баянзууч проперти” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн ажилтан Ц.Баярбаатартай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар байрны 5 тоотыг түрээслэх гэрээ байгуулсан. Байрны барьцаа мөнгө болох 700.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байршуулахаар тохиролцсон. Гэтэл хугацаанаасаа өмнө Ц.Баярбаатар “байрны барьцаа мөнгөө төлнө үү” гээд өдөр бүр утсаар залгаад байсан учраас 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Голомт” банкны Одзориг гэх хүний дансанд барьцаа мөнгөний 50 хувь болох 350.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр “Баянзууч проперти” ХХК-иас надруу залгаж “барьцаа мөнгөө төлөх хугацаа чинь болчихсон байна” гэхээр нь би “350.000 төгрөгийг нь хийчихсэн байгаа” гэхэд ““Баянзууч проперти” ХХК-ийн ажилтан Ц.Баярбаатар гэх хүн ажлаасаа гарчихсан, таны мөнгийг аваад алга болчихсон, та манайд ирээд өргөдөл бичээд өгчих” гэсэн ...” /1-р хх 44-45, 129/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Пүрэвсанжаагийн “... Байр түрээслэх зорилгоор интернетээс зар харж байгаад зарын дагуу Ц.Баярбаатартай уулзаж, байрыг нь түрээслэж суухаар болоход “урьдчилгаа 100.000 төгрөг өгвөл байрныхаа түлхүүрийг аваад байрандаа орж болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр даруйд нь мобайл банкаар би өөрийн данснаас 100.000 төгрөгийг Ц.Баярбаатар гэх хүний хэлж өгсөн дансанд хийсэн. Маргааш нь нөгөө байранд орох гээд яваад очтол байрных нь эзэн гээд эхнэр, нөхөр хоёр байрныхаа түлхүүрийг авъя гээд ирсэн байсан. Тэгтэл Ц.Баярбаатар хоёр найзынхаа хамт ирж уулзаад “100.000 төгрөгийг чинь буцаагаад өгчихнө” гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй ...” /1-р хх 46-47, 132/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тунгалагийн “... Ц.Баярбаатар нь манай менежер Пагмадуламтай танилцаад ажилд орох өргөдөл гаргаад ажилд орсон байсан. Туршилтын нэг сарын хугацаандаа ажиллаж байгаад ажлаасаа гарчихсан байсан. Тэгтэл 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Давааням гэх эмэгтэй манай зуучлалаар өөрийн байрыг түрээслүүлчихсэн учраас манайхтай гурвалсан гэрээтэй ажилладаг бөгөөд зөвхөн байрны түрээслэгчээс мөнгийг нь аваад над руу дамжуулах үүргээ биелүүлэх гэдэг нэрийн дор Ц.Баярбаатар гэх залуу түрээслэгчээс мөнгийг нь авчихсан байна. Тэгэхээр нь “юу болоод байгаа юм бэ” гэж асуутал “Ц.Баярбаатар надад сая мессеж бичиж явуулсан. Би “Баянзууч проперти” ХХК-д ажилласан хэвээрээ байгаа, таны мөнгийг удахгүй өгнө” гэсэн байсан. Тэгээд Ц.Баярбаатартай холбогдох гэхэд холбогдож чадаагүй, гар утсаа салгаад алга болчихсон. Үүнээс хойш 2-3 харилцагч Ц.Баярбаатар гэх залууд мөнгөө өгчихсөн гэж гомдол гаргаж ирсэн ...” /1-р хх 48-49/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мягмарцогтын “... 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр “Баянзууч проперти” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар зуучлуулж Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 13а байрны 3 дугаар орцны 100 тоот 3 өрөө байрыг түрээслэж, 1 сарын байрны түрээс болох 600.000 төгрөгийг барьцаа хөрөнгө болох 300.000 төгрөгийн хамт нийт 900.000 төгрөгийг “Баянзууч проперти” ХХК-ийн ажилтан Ц.Баярбаатарт биечлэн өгсөн. Ингээд дараагийн сарын төлбөр болох 600.000 төгрөгийг нь мөн өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 1-нээс 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх төлбөрийг мөн Ц.Баярбаатарт өгсөн. Би 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байрнаас гарахаар болсон чинь байрны эзэн нь намайг “байрны төлбөр төлөхгүй байна” гэж хэлэхээр нь уулзаад асуутал эхний өгсөн 900.000 төгрөг, дараагийн сарын тооцоо 600.000 төгрөгийг эзэнд нь өгөөгүй байсан ...” /1-р хх 50/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Одзоригийн “... Ц.Баярбаатар бид хоёр хамт явж байгаад миний “Голомт” банкны дансанд 350.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд дансанд мөнгө орох үед Ц.Баярбаатар мөнгөө өөрөө авсан. Ц.Баярбаатар хэлэхдээ “байр зуучлалын урьдчилгаа төлбөрийн мөнгө” гэсэн ...” /1-р хх 53/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Пагмадуламын “... Ц.Баярбаатар гэдэг хүн 2015 оны 8 дугаар сард манай компанид борлуулалтын менежер, маркетингийн менежер гэх албан тушаалд ажилд орсон. Туршилтын 3 сарын хугацаандаа ажлын шаардлага хангаагүй учраас хэд хэдэн удаа сануулга өгсөн. Тэгсэн хэдий ч ажлаа хийж чадахгүй байсан учраас ажлаас халсан. Халах болсон шалтгаан нь 2-3 хоног ажилдаа ирээгүй, гар утсаа салгаад алга болчихоод нэг орой “би ажлаа хүлээлгэж өглөө” гэж хэлээд гараад явчихсан. Цалингаа авъя гэхээр нь “борлуулалтын 30 хувь өгдөг журамтай боловч чамд уг мөнгийг өгөхгүй, ажлын хариуцлага алдсан, ажлыг чинь хүлээж авснаас хойш иргэдээс санал, хүсэлт ирэхгүй бол цалинг чинь олгоно” гэж хэлсэн. Тэгээд хэд хэдэн удаа над руу “цалингаа авъя” гэж ярихаар нь “цалин бодогдох болоогүй” гэж хэлж байтал 1 сарын дараа харилцагч нараас гомдол ирж, байрны түрээсийн мөнгийг Ц.Баярбаатар гэх танай зуучлагч авсан гэж хэлэх болсон. Тэгэхээр нь байрны эзэдтэй холбогдоод уулзтал Д.Давааням гэх эмэгтэй “байрны түрээсийн мөнгийг авчихаад өгнө гэж хэлчихээд өгсөнгүй” гэж хэлсэн. Дараа нь “барьцаа мөнгөө өнөө маргаашгүй өгөхгүй бол байрнаас чинь гаргана” гэж хэлж байгаад Ц.Мандахбаяр гэх эмэгтэйгээс 350.000 төгрөгийг Г.Одзориг гэх хүний дансаар авчихсан байсан. Мөн Л.Чинзориг, М.Оюунчимэг гэх хүмүүс гомдол гаргаж ирсэн ...” /1-р хх 55-56/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Зоригтын “... Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13а байрны 100 тоот, 3 өрөө байр эхнэр бид хоёрын нэр дээр байдаг. Уг байрыг “Баянзууч проперти” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар дамжуулан түрээслэсэн юм. Эхний байдлаар урьдчилгаа мөнгө гээд авсан боловч уг байрыг зуучилсан гээд 600.000 төгрөгийг өгөхөөр болоод барьцаа гээд 300.000 төгрөг,  мөн эхний сарын төлбөр болох 600.000 төгрөгийг “Баянзууч проперти” ХХК нь авч байгаа гээд авсан. Мөн 11 дүгээр сарын байрны түрээсийн мөнгийг түрээслэгчээс “түрээсийн мөнгөө төл” гээд аваад явчихсан байсан. Би “Баянзууч проперти” ХХК дээр очиж уулзан мөнгөө нэхэхэд “манайд ажиллаж байсан Ц.Баярбаатар гэх залуу ажлаасаа гарахдаа бид нарыг залилаад мөнгийг аваад явчихсан байна” гэж хэлсэн ...” /1-р хх 57/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Энхбаярын “... Ц.Баярбаатар нэг удаа миний “Хаан” банкны дансны дугаарыг аваад “хүнээс мөнгө шилжүүлж авна, дугаараа өг” гээд авсан. Дансанд 100.000 төгрөгийг орж ирсэн даруйд нь Ц.Баярбаатар авчихсан ...” /1-р хх 58/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Энхбаярын “... Ц.Баярбаатарт би “цагдаагаас дуудаад байна, хурдан оч” гэж удаа дараа хэлж байсан боловч ирэхгүй байсан бөгөөд өнөөдөр арга буюу Дарханаас орж ирэхэд нь уулзъя гэж байгаад уулзаад барьж өглөө. Ц.Баярбаатарыг байцаагч нь дуудаад байна гэж удаа дараа хэлж байсан боловч очно гээд яваад байдаг байсан. Заримдаа “очоод уулзчихсан” гээд худлаа яриад байдаг байсан ...” /1-р хх 133-134/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Мөнгөнцэцэгийн “... Би удаа дараа утсаар яриад “байцаагч дээрээ оч” гэж хэлээд барсангүй. Надтай хамт амьдардаггүй учраас үнэхээр утсаар яриад учирлаж гуйгаад оч гээд хэлж чадаагүй. Заримдаа утсаа авахгүй алга болчихдог. Эсвэл утсаа авахаараа “очиж уулзана” гэж хэлчихээд гар утсаа салгачихдаг. Заримдаа уулзчихсан гээд худлаа ярьсаар байгаад ийм нөхцөл байдалд хүрлээ ...” /1-р хх 135/ гэсэн мэдүүлгүүд,

 

“Баянзууч проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Ц.Баярбаатарыг борлуулагчаар томилсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд /1-р хх 111-112/, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 131 тоот “Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай” тогтоол /1-р хх 123/, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 20 тоот “Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай” тогтоол /1-р хх 124/, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 170 тоот “Мөрдөн байцаалтыг сэргээн явуулах тухай” тогтоол /1-р хх 126/, батлан даагч Л.Мөнгөнцэцэгт захиргааны шийтгэл ногдуулсан тухай шийтгэвэр /1-р хх 150/, эрэн сурвалжлалт зарлах, оргодол эрэн сурвалжлах тухай баримтууд /1-р хх 151-155/, хохирол төлсөн баримтууд /2-р хх 51, 210, 240, 241/ зэрэг хэрэгт цугларсан болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, Ц.Баярбаатарын үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Ялтан Ц.Баярбаатарын өмгөөлөгч Д.Энхтунгалаг давж заалдах шатны шүүхэд “... Ц.Баярбаатар Л.Чинзориг нарын хооронд үүссэн маргаан нь иргэд хоорондын маргаан буюу Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа тул Ц.Баярбаатарын Л.Чинзоригт хохирол учруулсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргаж байгаа боловч Ц.Баярбаатарын гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шалгах зүйлгүй, Ц.Баярбаатарын гэм бурууг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Түүнчлэн ялтан Ц.Баярбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд “ганц удаа боломж олгооч, хохирол төлбөр барагдуулсан” гэсэн тайлбарыг гаргасан хэдий ч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор түүнээс хохирогч Л.Чинзоригт 600.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн буюу энэхүү хохирлыг төлж барагдуулаагүй байх тул “оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах” хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болно” гэх энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш болохыг дурдах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх Ц.Баярбаатарыг давтан үйлдлээр бусдыг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтаас оргож, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, ялтны гэм буруу, хувийн байдал, учруулсан гэм хорд нь тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Баярбаатарын өмгөөлөгч Д.Энхтунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Ялтан Ц.Баярбаатар хохирогч Ц.Мандахбаярт 350.000, Даваанямд 400.000  төгрөгийг тус тус төлж барагдуулсан болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Баярбаатарын өмгөөлөгч Д.Энхтунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧИД                                              Ц.ОЧ

 

                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ