Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 532

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал, 

улсын яллагч Н.Дуламсүрэн,

шүүгдэгч Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 1906 04130 0584 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Ц.Б, 1972 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Хаалгын булаг ХХК-д цэвэрлэгч баригч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1318 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3в хэсэг 3057 тоот хашаанд гэр бүлийн маргааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Г.Одбаатарыг архины шилээр хатгаж цээжинд шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байнаа”  гэв.

Хохирогч Г.Одбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр...манай эхнэр Цэнджавын Байгаль ирсэн тэгээд нэг шил архи тавуулаа 0.5 граммын архи хувааж уусан юм. Тэгээд эхнэр бид хоёр хоорондоо маргалдаад хашаанаас гараад хүргэний хашааны үүдэнд архины шилээр миний цээж рүү хатгасан юм. Тэгэхээр нь би буцаад хүргэнийд орж ирээд хэлээд байж байтал эхнэр болох Б араас орж ирсэн. Одоо надад хамтран амьдрагч Байгалиас нэхэмжлэх зүйл болон санал гомдол байхгүй одоо бид хоёрын харилцаа сайн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

Гэрч Г.Одгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай дүү Одбаатар намайг Б шилээр хатгачихлаа гээд архины шилний хагархай бариад ороод ирсэн. Тэгээд би цагдаа дуудсан чинь Байгалиа орж ирсэн байж байснаа гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Яллагдагч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 3в хэсэг 3057 тоот болох хүргэн ахын хашаан дотор нөхөр Г.Одбаатартай гэр бүлийн асуудлаас болж маргалдаад тус хашаан дотор байсан архны шилний хагархайг аваад нөхөр Г.Одбаатарын цээж хэсэгт нэг удаа хамтгаж гэмтээсэн. Г.Одбаатар бид хоёрын амьдарч байсан таван ханатай монгол гэрийг төрсөн дүүдээ өгчихсөн байсан. Тэгээд дүүдээ амьдарч байсан монгол гэр өглөө гээд маргаан эхэлсэн. Би хийсэн хэргээ хүлээж байна, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8668 тоот дүгнэлтэд: 

1. Г.Одбаатарын биед цээжинд  шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт. /хх-ийн 27/, ошин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 35/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3в хэсэг 3057 тоот хашаанд гэр бүлийн маргааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Г.Одбаатарыг архины шилээр хатгаж цээжинд шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Г.Одбаатарын: “...2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр...манай эхнэр Цэнджавын Байгаль ирсэн тэгээд нэг шил архи тавуулаа 0.5 граммын архи хувааж уусан юм. Тэгээд эхнэр бид хоёр хоорондоо маргалдаад хашаанаас гараад хүргэний хашааны үүдэнд архины шилээр миний цээж рүү хатгасан юм.” гэсэн мэдүүлэг ,

Гэрч Г.Одгэрэлийн: “...манай дүү Одбаатар намайг Б шилээр хатгачихлаа гээд архины шилний хагархай бариад ороод ирсэн. Тэгээд би цагдаа дуудсан чинь Байгалиа орж ирсэн байж байснаа гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Бг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г.Одбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Ц.Бд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Ц.Бд 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР