| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2016/0354/И |
| Дугаар | 350 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1957 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Хилийн гудамж 1-4 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян овогт Ухны Улаанхүү /РД:ЕЮ57012517/-гийн нэхэмжлэлтэй, Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч У.Улаанхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Улаанхүү шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Дорноговь аймгийн тэжээлийн фондод ачигчаар 1973 оны 07 сарын 06-ны өдөр тус газрын даргын 32 тоот тушаалаар орж ажиллаад 1975 оны 05 сарын 26-ны өдрийн 92 тоот тушаалаар чөлөөлөгдсөн юм. Тус байгууллагад ажиллаж байсныг маань тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч У.Улаанхүү нь 1973 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газрын тэжээлийн фондод ачигчаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүсч нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч У.Улаанхүү нь 1973 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Материал техникийн хангамжийн газрын тэжээлийн фондод ачигчаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагч У.Улаанхүүгийн тайлбар, гэрч Д.Борын “У.Улаанхүү нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Материал техник хангамжийн удирдах газрын тэжээлийн фондод ачигчаар 1973 оноос 1975 он хүртэл ажиллаж байсан. Би тухайн үед мөн ачигчаар хамт ажиллаж байсан”, гэрч Л.Наранцэцэгийн “У.Улаанхүү нь Дорноговь аймгийн Сайншанд сумын материал техникийн хангамжийн удирдах газрын өвсний фондод ачигчаар ажиллаж байсан. Би тухайн газар 1973 оноос 1982 он хүртэл 9 жил ажилласан. У.Улаанхүү нь 1973 оноос 1975 он хүртэл 2 жил ажилласан. Бид өвс, ачаа барааг вагоноос болон машинаас ачиж буулгах ажлыг хийдэг байсан” гэх мэдүүлгүүд, У.Улаанхүүгийн хөдөлмөрийн дэвтэр дээрх ажилд орсон болон чөлөөлөгдсөн тушаалуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
У.Улаанхүүгийн 1975 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон болон чөлөөлсөн Материал техникийн хангамжийн удирдах газрын даргын тушаалуудыг нөхөн бичсэн боловч ажилд орсон тушаал нь засваргүй, ажлаас чөлөөлөгдсөн тушаалын он, сард хэдийгээр засвар орсон боловч дэвтэр олгогдсон өдрийн он сартай тохирч байна. Мөн тамгаар баталгаажиж засвартай бичилтэн дээр тамга дарагдсан тул үнэн зөв бичилт хийгдсэн гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч У.Улаанхүүг 1973 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газрын тэжээлийн фондод ачигчаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Баян овогт Ухны Улаанхүүг 1973 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газрын тэжээлийн фондод ачигчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА