| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0013/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2020-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч Ц.М, Г.М, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.М, А овогт Г.М, А овогт Б.Н нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 01 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С аймгийн Б суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Ц.М,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г аймгийн А суманд төрсөн, ... настай эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, А овогт Г.М,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С аймгийн Е суманд төрсөн, ... настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жимс, ногоочин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Улаанбаатар хотын Баянгол дүүрэг 10-р хороонд оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А овогт Б.Н,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 11 сарын 30-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт иргэн Г.М, Б.Н нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.М нь Б.Н-тай бүлэглэн 2019 оны 11 сарын 30-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт иргэн Ц.М-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Н нь Г.М-тай бүлэглэн 2019 оны 11 сарын 30-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт иргэн Ц.М-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 30-нд 20 цаг болж байхад би охиныхоо гэрт зээ Т-г усанд оруулж байтал хүргэн М гаднаас орж ирээд уртасгагч залгуур асууж байгаад охин М-тай эхлээд хэрүүл хийсэн. Дуу нь чангараад дунд өрөөнөөс М М-тай маргаад зууралдаад гараад ирэхээр нь би тэр хоёрыг салгахаар очсон. Үүнээс болоод бид гурвалжин дөрвөлжин хэрүүл болж зууралдаж ноцолдсон. М нь М бид хоёрыг их бага хэмжээгээр зодсон, М бид хоёр ч биеэ хамгаалах зорилгоор М-г их бага хэмжээгээр зодсон. М биеэ хамгаалж л бидний биед халдсан байх. Тэр хэрүүл маргаан, зодоон нүдээнээс болж М нь М бид хоёрт хөнгөн гэмтэл учруулсан, М бид хоёр М-н биед бас хөнгөн гэмтэл учруулсан. Хийсэн хэргээ ойлгож хүлээн зөвшөөрч байна. Их харамсаж байгаа.” гэжээ. /хх-ийн 63-64/
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 сарын 30-ны орой М гэрт орж ирээд уртасгагч асуугаад байсан. Би дуугараагүй. Би зээ хүүгээ усанд оруулж байсан учир ванны өрөөнд байсан. Тэгтэл энэ 2 маргалдаад зодолдоод эхэлсэн. Тэгээд би очиж М-г уур хүрээд өшиглөсөн, цохисон. Үүнээс болж М-т хөнгөн гэмтэл учирсан байх. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 30-ны орой гэртээ үл ялих зүйлээс болж нөхөр М-тай маргаж зодолдсон. Дундуур ээж Н салгах гэж байгаад мөн зодоонд оролцсон. Миний хувьд ээж Н-н хамт нөхөр М-н биед халдаж хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн зодооны үеэр ээж бид 2 биедээ хөнгөн гэмтэл авсан. Миний урьд нь хохирогчоор өгсөн мэдүүлэгт байгаа зүйл л болсон. Миний зүгээс М-т гаргах гомдол байхгүй, хохиролдоо нэхэмжлэх зүйл алга. Бид шүүхэд гэр бүл цуцлуулах талаар өргөдөл гаргасан байгаа, удахгүй шийдвэр нь гарах байх. Тэр болтол хэрүүл хийхгүй байж байгаад л хоёр тийшээ болох бодолтой байгаа. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Ахин ийм гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарах болно.” гэжээ. /хх-ийн 67-68/
Шүүгдэгч Г.М шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: М гэрт орж ирээд уртасгагч хайж асуусан. Бид нар хоорондоо дуугарахгүй байгаа учир би дуугараагүй. Тэгтэл намайг үсдээд цохисон. Би ч эргүүлээд зууралдаад авсан. Тэгээд бид нарын хооронд бөөн зодоон болсон. Яг яаж цохиж байснаа санахгүй байна. Нэг харсан ээжийг цохиж байхаар нь би гурлын ганжингаар нөхрийнхөө толгойн хэсэгт цохисон санаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 30-ны орой Замын-Үүд сумны 1-р багт байх гэртээ эхнэр М, хадам ээж Н нартай үл ойлголцсны улмаас маргасан. Үүнээс болоод би эхнэр, хадам ээж хоёртоо зодуулсан. Надад хөнгөн зэргийн гэмтэл учирсныг шүүх эмнэлэг тогтоосон. Мөн шүүх эмнэлэгээр М болон хадам ээж Н хоёрын биед хөнгөн гэмтэл учирсан гэж гарсан байна лээ. Би энийг гайхаад байгаа. Би тэр хоёрын биед гэмтэл учруулахаар халдаагүй. Намайг М, хадам ээж хоёр зодсон нь үнэн. Харин би тэр хоёрыг зодоогүй. Намайг зодоод гэрээс гаргахгүй болохоор нь би бие хамгаалж тэр хоёрыг эсэргүүцсэн. Эсэргүүцэхдээ зориуд тэр хоёрыг цохиод юм уу өшиглөөд зодоод байсан зүйл байхгүй. Миний биеэ хамгаалж эсэргүүцсэн үйлдэл маань хадам ээж, М хоёртой зууралдаж түлхэлцснээс өөр зүйл байхгүй. Намайг хадам ээж, эхнэр 2 зодоод зэрэг зэрэг дайраад байхаар нь би биеэ хамгаалах гэж тэр хоёрыг түлхэж зууралдсан зүйл байгаа, энэнээс болоод хадам ээж, М 2 биедээ хөнгөн гэмтэл авцгаасан байх гэж бодож байна. М-г нэг цохисон нь М намайг гаргахгүй зуураад миний баруун далнаас хазахаар нь би болиулж зугтах гээд гараа хойш нь савсан ба М-н нүүрэнд цохисон. Энэ бол санамсаргүй, бас биеэ хамгаалсан үйлдэл байсан. Үндсэндээ би биеэ хамгаалах гэж тэр хоёрыг гаргаж байгаа үйлдлийг няцаахаар эсэргүүцсэн үйлдэл үзүүлсэн. Энэ үед л биедээ хөнгөн гэмтэл авсан байх. Би санаатайгаар М, хадам ээж хоёрыг зодсон зүйл байхгүй гэдгийг л хэлмээр байна гэжээ. /хх-ийн 71-72/
Шүүгдэгч Ц.М шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: Яллах дүгнэлтэнд бичигдсэн зүйл дээр нэмж хэлэх зүйл алга. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 30-нд 20 цаг болж байхад би гэрт зээгээ усанд оруулж байтал гаднаас хүргэн М орж ирээд уртасгагч залгуур асуусан. Тухайн үед гэрт охин М бас байсан. Өөр гадны хүн байгаагүй. Бид нар хоорондоо жаахан маргаад хэрүүлтэй байгаа болохоор М-г уртасгагч залгуур асуухад нь хэн хэн нь дуугараагүй. Уг нь уртасгагч залгуурыг би ариун цэврийн өрөөнд ус халаагуур залгачихаад угаалгын машин дээр тавьчихсан байсан юм. Дээр нь алчуур тавьсан байсан болохоор М хараагүй байх. М гэрээр уртасгагч залгуур асуугаад бухимдаад л яваад байсан. Сүүлдээ дуу нь чангараад дунд өрөөнөөс М М-тай маргаад зууралдаад том өрөө рүү орж байгаа нь сонсогдсон. Тэгэнгүүт нь би зээгээ усанд нь үлдээчихээд ариун цэврийн өрөөнөөс гарч том өрөө рүү тэр хоёрыг салгахаар орсон. Намайг очиход том өрөөний хаалган дээр М, М 2 бие биенийхээ үснээс зулгаачихсан хэрэлдээд бие биенээ доогууроо өшиглөөд зогсож байсан ба би М-г салгахаар түлхсэн. Бид 3 цааш том өрөөрүү чихэлдээд орсон ба би тэр хоёрыг 2 тийш нь салгасан. Тэгтэл М гар утасаа орны хажуугийн тумбушкан дээрээс аваад орны толгой хэсгийн түшлэг модон дээр гар утсаараа цохиж эвдсэнээ та хоёроор утсаа төлүүлэнэ гээд газар хаяхаар нь би уурандаа эвдэрсэн утсан дээр нь гишгэж хажуу тийш нь гулгуулж хөлөөрөө холдуулсан. Тэгтэл М намайг заамдаад үргэлжлүүлэн үснээс зулгаан газар унагаад гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. М том өрөөнөөс гурлын ганжин аваад гүйж орж ирснээ М-н толгой руу 1 удаа цохиод авч байгаа харагдсан. Би босоод М-н гэдэс рүү өшиглөөд хүзүү рүү нь цохиод зайл гэж хөөж орилон орцонд гаргасан. Гутлыг авч хойноос нь шидсэн. Орцонд бид 3 бие биенээ хөөж тууж зууралдсан. М хүүхдээ авч явна гээд гэрлүү орохоор дайраад байсан, М бид 2 оруулахгүй гэж тэмцсэн, гэрт орчихоор нь буцаагаад гаргах гэж зууралдсаар байгаад гаргасан. Тэгээд хажуу айлын хүн хаалгаа нээгээд гараад ирэхээр нь би хаалгаа хаагаад цагдаа дуудчих гэж хэлсэн. М хүүхдээ авч явна гэсээр байгаад хүүхдээ аваад явсан. Угаасаа хүүхдээр бамбай барьж хэрүүл уруул хийдэг хүн л дээ. М бид 2 М-г гэрээс гаргах гэж, бас бид хоёрыг зодож дайраад байхад нь биеэ хамгаалах гэж түүний биеийн энд тэнд цохиж, өшиглөсөн нь үнэн. Үүнээс болоод биедээ хөнгөн гэмтэл авсан байх. Тэрнээс М бид хоёрын хэн нэг нь М-г зодоод биед нь гэмтэл учруулчихсан зүйл байхгүй. Хамтдаа биеэ хамгаалж эсэргүүцэж байхдаа л хөнгөн гэмтэл учруулсан байх. Миний биеийн бас энд тэнд зулгарсан хөхөрсөн гэмтлүүд үүссэн. Энэ гэмтлийг бол М надад санаатай учруулсан. Одоогоор биеийн байдал гайгүй байна. М-д учирсан гэмтлийг ч мөн М уртасгагч залгуур асуугаад байхад хариулсангүй гэж уурандаа зодож учруулсан. Миний зүгээс Ц.М-т гаргах гомдол алга, түүнээс хохиролдоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-ийн 19-20/
Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед Замын-Үүд 1-р багт байх гэртээ өөрийн төрсөн ээж Б.Н, хүүгийн хамт байж байтал гаднаас нөхөр Ц.М орж ирсэн. М уртасгагч залгуур хаана байна гээд асууж байсан. Би нөхөртэйгээ жаахан маргаантай байгаа. Тэрнээс болоод дуугарахгүй байгаа. Залгуур асуухад нь би бас дуугараагүй. Тэр асуугаад байсан залгуур нь ариун цэврийн өрөөнд угаалгын машин дээр байсан. Ээж хүүхэд усанд оруулж байсан болохоор ус халаагуур залгаад угаалгын машин дээр тавьчихсан байсан юм. Ээж бас залгуур хаана байгааг хэлээгүй хүүг усанд оруулаад ариун цэврийн өрөөнд байсан. Тэгтэл М намайг гичий минь залгуур хаана байна энэ тэр гээд орилоод намайг үсдээд миний толгой руу гараараа 1-2 удаа цохиод авсан. Тэгээд намайг үснээс чирээд унталгын өрөөнөөс коридор луу гарсан. Би биеэ хамгаалж М-г зөрүүлж үсдээд бид 2 бие биенээ харилцан цохиж өшиглөлцсөн. Бие биенийхээ толгой, нүүр, гэдэс, хөл гар гээд аль таарсан газраа л цохилцсон. Энэ үед ээж ирээд бид хоёрыг салгах гэж оролдсон. Тэгтэл М намайг тавьчихаад гар утасаа том өрөөнөөс авч орны модон түшлэг дээр цохиж эвдээд та хоёроор утасаа төлүүлнө гээд газар шидсэн. Тэгсэнээ ээжийг том өрөөнд газар зуурч унагаад цээж рүү нь өшиглөөд эхлэхээр нь би сандараад гал тогооны өрөөнөөс гурлын ганжин авч ирээд М-н толгойд 1 удаа цохисон. Толгойноос нь цус гарч байсан. М над руу дайрсан ба ээж бид 2 М-г гэрээс гаргах гэж зууралдаж, түлхэлцэж, цохилцсон. Арай гэж М-г гэрээс орцонд гаргасан ба хүүхдээ аваад явсан. Эхлээд би хүүхдээ өгч явуулахгүй гэж нилээн тэмцсэн ч М хүүхдээр түрий барихаа мэддэг болохоор дайрсаар байгаад хүүхэд аваад явсан. Тэр үед бид нар бүгд эрүүл, архи дарс уугаагүй байсан. Би М-н гэмтлийн зэргийн дүгнэлттэй танилцсан. М-т учруулсан хөнгөн зэргийн гэмтлийг би зодолдож байхдаа учруулсан. Ээж М-т гэмтэл учруулахаар халдаагүй. Салгах гэж дундуур орж ирсэнээ дараа нь өөрөө зодуулчихсан. Миний биеийн хэд хэдэн газар хөхөрсөн шарх гэмтлүүд учирсан. Энэ гэмтлүүдийг бол М намайг зодож байхдаа учруулсан. Одоогоор биеийн байдал гайгүй байгаа. Хөхөрсөн гэмтлүүд багасаж бүдгэрсэн. М бас гэмгүй, бид хоёрыг салгаж байсан ээжийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Ц.М-т гаргах гомдол байхгүй. Өөрт учирсан хохиролдоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ /хх-ийн 21-23/
Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед Замын-Үүд сумны 1-р багт байх гэртээ ирсэн. Гэрт манай эхнэр М, миний хүү, хадам ээж Н нар байсан. Эхнэр том өрөөнд хадам ээж хүүг усанд оруулах гээд ариун цэврийн өрөөнд байсан. Би гар утасаа цэнэглэх гээд уртасгагч залгуур хайсан чинь олдоогүй. Тэр залгуур нь USB гаралттай залгуур болохоор нь хэрэглэх гээд байсан юм. Тэгэхээр нь гэрийнхнээс асуусан. М мэдэхгүй, хайгаад ол гэсэн. Хадам ээж юм хэлээгүй. Тэгээд хайж байгаад олдохгүй болохоор би унтлагын өрөө рүү орсон. Тэгтэл араас М чи залгуураар далимдуулж хэрүүл үүсгэлээ гэсэн. Би хэрэлдээгүй байсан болохоор ээж, хүүхэд 2 байна, энэ хоёрын хажууд хэрэлдмээргүй байна. Чи цаашаа бай гэж хэлчихээд унтлагын өрөө рүү орох гэж байтал хадам ээж хойноос ирээд чи манай хүүхдийг яагаад зодоод байгаа юм бэ гээд миний араас нуруу руу тийрч намайг унагасан. Би тийм болоогүй, та яагаад ингэж байгаа юм бэ гэж хэлээд босох гэж байтал миний нүүр лүү гуталгүй хөлөөрөө 1 удаа өшиглөөд зүүн нүдний хөмсөгний гадна үзүүрт язалчихсан. Тэндээс тэр дороо цус гарахаар нь би босч хадам ээжийг түлхээд одоо болноо, ахиж нэмж зодуулмааргүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь цаанаас М гурлын ганжин барьж ирээд миний дух руу 1 удаа цохиод авсан. Тэгэхэд нь би хүүхдэд ийм юм үзүүлээд яах юм бэ, би гаръя, миний хувцасыг өгчих гэсэн чинь намайг хадам ээж гаргахгүй гээд чи миний охиноос салах гэж байгаа бол чиний боов чинь миний охинд ч хэрэггүй, өөр хүүхэнд хэрэггүй болгоно гээд миний төмсөг рүү өвдөглөөд төмсөгнөөс дотуур өмдний гадна талаас зулгаасан. Миний төмсөгнөөс цус гараад ирэхээр нь би хүүхэддээ ийм юм харуулмааргүй байна, намайг гаргачих гэж гуйсан. Би гэрээс гарах гэтэл М намайг гаргах гэж хориглоод энийг алчихъя гээд байсан ба хадам ээж чи хүн алчихаад шоронд явна гээд байсан, тэр чинь биелэх гээд байна, тэрний оронд би М-т зодуулчихаад гомдол нэхээд хэвтэж байя, тэгээд энийг шоронд явуулчихаад байртайгаа үлдье гэж хэлж байсан. Хажууд хүүхэд хүрээд ирэхээр нь би хүүхдэд ийм харуулахаа болиочээ, зүгээр намайг гаргачих гэсэн. Хадам ээж энэ чиний хүүхэд биш, хүүд болохоор энэ чиний аав биш гэж хэлсэн. Хүү аавыг зодохоо болиочээ гэхээр нь би хүүгээ гэрээс гаргаж орцонд явж байсан 6 давхарын зүс таних эмэгтэйд хүүгээ өгч 1 давхарт байдаг Б-д оруулаад өгчих гэж хэлэн өгч явуулсан. Энэ үед түрүүнээс хойш намайг гаргахгүй гээд хадам ээж, М 2 зулгааж, зууралдсан хэвээр байсан. Би та хоёрын хэлдгээр гудамжинд хүнд зодуулсан болъё, намайг гаргачих гэж гуйж байгаад гэрээс гарч 1 давхарын Б-с хүүгээ аваад явсан. Эмнэлэг явна гэж бодож байсан ч нэг мэдсэн ажлынхаа гадаа оччихсон байсан. Дараа нь эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Яаж яваад ажлын гадаа очсон, яаж яваад эмнэлэг дээр ирснээ одоо бодоод байхад санадаггүй юм. Их л айсан сандарсан байсан юм шиг байгаа юм.” гэжээ /хх-ийн 24-26/
Гэрч Ж.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай эсрэг хаалга буюу ... тоотод л амьдардаг хүмүүс шиг байна лээ. Хөрш гэсэн үг л дээ. Би 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орой 20 цагийн үед ажлаасаа тараад гэртээ байж байтал манай хөрш ... тоотод хүмүүс маргаад зодолдоод байгаа бололтой түчигнээд шуугиад байсан. Хүүхэд нь ааваа боль гээд нилээн олон удаа уйлаад хашгирсан. Энэ шуугиан ойролцоогоор 20-30 орчим минут үргэлжилсэн. Би гарч хараагүй. Сүүлдээ гэрийнх нь хаалга савж байгаа дуу сонсогдож орцонд эмэгтэй, эрэгтэй хүн хэрэлдээд хүүхэд уйлж байгаа нь сонсогдоод эхэлсэн. Тэгэхээр нь эхнэрийнхээ утсаар цагдаа руу залгаж манай хөрш ... тоотын хүмүүс хоорондоо маргаж, зодолдоод байх шиг байна гэж дуудлага өгсөн. Тэднийг юу ярьж хэрэлдээд байгааг сайн сонсоогүй, яаж зодолдоод байгааг ч гарч хараагүй. Шуугиад л байсан. Бие биенээ хөөгөөд байгаа юм болов уу гэж л би тухайн үед согтуу байсан эсэхийг нь мэдээгүй. Миний мэдэхийн бол урд нь ийм зүйл болж байгаагүй. 2019 оны 10 сард байхаа манайхаар нэг гэр бүлийн асуудал хариуцсан хүн гэсэн байх, тийм нэг албаны эрэгтэй хүн ирээд танай хөрш ... тоотын айлын хүмүүс хоорондоо муудалцаж, маргаж байна уу, манайд тийм мэдээлэл ирсэн тул бид нар хөрш айлуудаас нь асууж яваа юм гэж байсан. Би одоогоор надад мэдсэн юм алга байна гэж хариулсан. Тэр хэрэв ийм асуудал гарвал холбогдох байгууллага, албан тушаалтнуудад нь хэлж мэдэгдээрэй гэж хэлээд явсан. Тэгээд л би үүргийнхээ дагуу Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм гэжээ. /хх-ийн 03/
Шинжээчийн 04/64 дугаартай дүгнэлт: 1. Ц.М-н духны дунд хэсэгт язарсан шарх, зүүн хөмсөгний үзүүр хэсэгт шарх, дээд уруулын баруун талд цус хурсан, дотор салстанд шарх, доод уруулын дотор салстанд язарсан шарх, зүүн шууны дотор доод талд зулгаралт, зүүн тохойд цус хуралттай, хэвлийн зүүн урд талд зулгаралт, баруун бугалга,шууны дотор талыг хамарсан зулгаралт, цээжний баруун дээд талд цус хуралт, баруун мөрний ар хэсэгт цус хуралт, хүзүүний ар хэсэгт баруун мөр лүү чиглэсэн цус хуралт, хүзүүний зүүн ар талд зулгаралт, цус хуралт, зүүн гарын ар талд цус хуралт, баруун гарын ар талд цус хуралт, баруун өвдгөнд, зүүн өвдгөнд, баруун шилбэний дотор дээд тал цус хуралт, хуйхнагын доод хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шинэ буюу тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүдийн духны дунд хэсэгт язарсан шарх, зүүн хөмсөгний үзүүр хэсэгт шарх, дээд уруулын баруун талд цус хурсан, дотор салстанд шарх, доод уруулын дотор салстанд язарсан шарх, хуйхнагын доод хэсэгт шарх гэмтлүүд дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн шууны дотор доод талд зулгаралт, зүүн тохойд цус хуралттай, хэвлийн зүүн урд талд зулгаралт, баруун бугалга,шууны дотор талыг хамарсан зулгаралт, цээжний баруун дээд талд цус хуралт, баруун мөрний ар хэсэгт цус хуралт, хүзүүний ар хэсэгт баруун мөр лүү чиглэсэн цус хуралт, хүзүүний зүүн ар талд зулгаралт, цус хуралт, зүүн гарын ар талд цус хуралт, баруун гарын ар талд цус хуралт, баруун өвдгөнд, зүүн өвдгөнд, баруун шилбэний дотор дээд тал цус хуралт гэмтлүүд нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар Гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 37-38/
Шинжээчийн 04/66 дугаартай дүгнэлт: 1. Г.М-н биед хамрын нурууны зүүн талд цус хуралт, дээд уруулын дотор салстанд шарх, доод уруулын дотор салстанд шарх, баруун гарын ар талд цус хуралт, зүүн хөхний дээд талд цус хуралт, зүүн бугалганы гадна доод талд цус хуралт, зүүн шууны гадна дээд талд цус хуралт, баруун гуяны дотор дээд талд цус хуралт, зулгаралт, баруун өвдгөнд, зүүн өвдгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шинэ буюу тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүдийн хамрын нурууны зүүн талд цус хуралт, дээд уруулын дотор салстанд шарх, доод уруулын дотор салстанд шарх, баруун гуяны дотор дээд талд цус хуралт, зулгаралт гэмтлүүд дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун гарын ар талд цус хуралт, зүүн хөхний дээд талд цус хуралт, зүүн бугалганы гадна доод талд цус хуралт, зүүн шууны гадна дээд талд цус хуралт, баруун өвдгөнд, зүүн өвдгөнд цус хуралт гэмтлүүд нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар Гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 45/
Шинжээчийн 04/65 дугаартай дүгнэлт: 1. Б.Н-н зүүн хацар орчмоор зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстанд шарх, зүүн гарын ар цус хуралт баруун шууны гадна дээд талд цус хуралт, зулгаралт, баруун шууны дотор доод талд цус хуралт, баруун гарын 3-р хурууны 3-р үений ар талд зулгаралт, хэвлийн зүүн доод талд цус хуралт, баруун хөлийн 1-р хурууны дээд талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ буюу тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүд дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6 д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам” ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба болно. 5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 51/
Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-12/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15-17/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /34-36, 43-44, 49-50/
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 80-92, 100-105/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 95-98/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 107-109/
Хуульд заасан хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 116/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Г.М, Б.Н нар нь бүлэглэн 2019 оны 11 сарын 30-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт иргэн Ц.М-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 11 сарын 30-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт хоёр буюу иргэн Г.М, Б.Н нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.М, Г.М, Б.Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, гэрч Ж.У “2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орой 20 цагийн үед ажлаасаа тараад гэртээ байж байтал манай хөрш ... тоотод хүмүүс маргаад зодолдоод байгаа бололтой түчигнээд шуугиад байсан. Хүүхэд нь ааваа боль гээд нилээн олон удаа уйлаад хашгирсан. Энэ шуугиан ойролцоогоор 20-30 орчим минут үргэлжилсэн. ... Тэгэхээр нь эхнэрийнхээ утсаар цагдаа руу залгаж манай хөрш ... тоотын хүмүүс хоорондоо маргаж, зодолдоод байх шиг байна гэж дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг, шинжээчийн 04/64 дугаартай дүгнэлтээр “Ц.М-н духны дунд хэсэгт язарсан шарх, зүүн хөмсөгний үзүүр хэсэгт шарх, дээд уруулын баруун талд цус хурсан, дотор салстанд шарх, доод уруулын дотор салстанд язарсан шарх, зүүн шууны дотор доод зулгаралт, зүүн тохойд цус хуралттай, хэвлийн зүүн урд талд зулгаралт, баруун буглага, шууны дотор талыг хамарсан зулгаралт, цээжний баруун дээд талд цус хуралт, баруун мөрний ар хэсэгт цус хуралт, хүзүүний ар хэсэгт баруун мөр лүү чиглэсэн цус хуралт, хүзүүний зүүн ар талд зулгаралт, цус хуралт, зүүн гарын ар талд цус хуралт, баруун гарын ар талд цус хуралт, баруун өвдгөнд, зүүн өвдгөнд, баруун шилбэний дотор дээд тал цус хуралт, хуйхангын доод хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүдийн духны дунд хэсэгт язарсан шарх, зүүн хөмсөгний үзүүр хэсэгт шарх, дээд уруулын баруун талд цус хурсан, дотор салстанд шарх, доод уруулын дотор салстанд язарсан шарх, , хуйхангын доод хэсэгт шарх гэмтлүүд дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн шууны дотор доод зулгаралт, зүүн тохойд цус хуралттай, хэвлийн зүүн урд талд зулгаралт, баруун буглага, шууны дотор талыг хамарсан зулгаралт, цээжний баруун дээд талд цус хуралт, баруун мөрний ар хэсэгт цус хуралт, хүзүүний ар хэсэгт баруун мөр лүү чиглэсэн цус хуралт, хүзүүний зүүн ар талд зулгаралт, цус хуралт, зүүн гарын ар талд цус хуралт, баруун гарын ар талд цус хуралт, баруун өвдгөнд, зүүн өвдгөнд, баруун шилбэний дотор дээд тал цус хуралт гэмтлүүд нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/, шинжээчийн 04/66 дугаартай дүгнэлтэд “Г.М-н биед хамрын нурууны зүүн талд цус хуралт, дээд уруулын дотор салстанд шарх, доод уруулын дотор салстанд шарх, баруун гарын ар талд цус хуралт, зүүн хөхний дээд талд цус хуралт, зүүн буглагны гадна доод талд цус хуралт, зүүн шууны гадна дээд талд цус хуралт, баруун гуяны дотор дээд талд цус хуралт, зулгаралт, баруун өвдгөнд, зүүн өвдгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүдийн хамрын нурууны зүүн талд цус хуралт, дээд уруулын дотор салстанд шарх, доод уруулын дотор салстанд шарх, баруун гуяны дотор дээд талд цус хуралт, зулгарал гэмтлүүд дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун гарын ар талд цус хуралт, зүүн хөхний дээд талд цус хуралт, зүүн буглагны гадна доод талд цус хуралт, зүүн шууны гадна дээд талд цус хуралт, баруун өвдгөнд, зүүн өвдгөнд цус хуралт гэмтлүүд нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 45/, шинжээчийн 04/65 доот дүгнэлтэд “Б.Н-н зүүн хацар орчмоор зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстанд шарх, зүүн гарын ар цус хуралт, баруун шууны гадна дээд талд цус хуралт, зулгаралт, баруун шууны дотор доод талд цус хуралт, баруун гарын 3-р хурууны 3-р үеийн ар талд зулгаралт, хэвлийн зүүн доод талд цус хуралт, баруун хөлний 1-р хурууны дээд талд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 51/-ээр нотлогдож байна.
Шүүгдэгч Г.М, Б.Н нар нь Ц.М-т хөнгөн хохирол учруулахдаа урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон болно.
Шүүгдэгч Ц.М нь 2 хүний, шүүгдэгч Г.М, Б.Н нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул шүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Г.М, Б.Н нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч Ц.М, Г.М, Б.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулав. Шүүгдэгч нарын хувьд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдсонгүй.
Эд мөрийн баримтаар хураагдсан гурлын илдүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй юм.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц.М-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч А овогт Г.М, А овогт Б.Н нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.М, Г.М, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Г.М, Б.Н нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурлын илдүүр 1 ширхэгийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М, Г.М, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б