Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү 

Улсын яллагч Л.С

Хохирогчийн өмгөөлөгч Э.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

Хохирогч Б.Б

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, С аймгийн Е суманд төрсөн, ... настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Б ХХК-д тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, Б овогт М.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 09 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтын 2-ын хаалт руу өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а, 12.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөний улмаас улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн ард зогсож байсан Б.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 02 сард өөрийн эхнэр М.Л-н үеэл ах Ү-с улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашиныг 3,300,000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд уг автомашинаар хааяа нэг Эрээн гарч хүн ба ачаа тээвэрлэдэг байсан. 09 сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашиныг жолоодоод БНХАУ-ын Эрээн хот руу гарахаар явсан. Ингээд 3-ын хаалт дээрээс 4 хүнийг машиндаа суулгаад цааш чөлөөт бүсээр 2-ын хаалт руу явсан. намайг 3-ын хаалт дээр очерлож байхад миний машины тоормоз зүгээр хэвийн ажиллагаатай байсан. Цааш 2-ын хаалт руу явж байхад 2 удаа замын эргэлт таарч эргэхэд тоормоз мөн л хэвийн ажиллагаатай байсан. Ингээд 2-ын хаалт руу дөхөж ирэхэд дөрвөн замын уулзвар дээр УАЗ-31512 маркийн автомашны ард талд нэг эрэгтэй хүн зогсож байсан. Тэр хүн машиныхаа ард талыг онгойлгож байгаа харагдсан. Би тэр хүнийг хараад араагаа салгаж, тоормозоо гишгэтэл тоормоз ажиллахгүй байсан. Ингээд урд зогсож байсан эрэгтэй хүнийг мөргөсөн. Тухайн үед их ойрхон ирсэн байсан тул машинаа өөр тийш дарах боломжгүй байсан. Тэр хүн миний машиныг ирж байгааг харж амжаагүй мөргүүлсэн. Машин мөргөлдсөний дараа руль талын машин урагш, миний машин арагш өнхөрч салсан. Энэ үед нөгөө эрэгтэй хүн газарт унасан. Намайг машинаас буухад мөргүүлсэн ахын зүүн хөл хугараад эргэчихсэн, маш их цус гарсан байсан. Удалгүй эмнэлгийн түргэн тусламж ирж тэр ахыг авч явсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэжээ. /1-р хх-ийн 146-148/   

Гэрч Г.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 онд уг автомашиныг Дархан-Уул аймагт оршин суудаг Б гэх хүнээс 4,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ингээд уг автомашинаар 2 жилийн хугацаанд Замын-Үүд сум БНАХУ-ын Эрээн хотын хооронд хүн ба ачаа тээвэрлэдэг байсан. 2019 оны 02 сард өөрийн үеэл дүү болох Л-н нөхөр Б-д 3,300,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Би Б-д өгөхдөө мөнгийг 100 хувь бэлнээр авсан. Одоо бидний хооронд автомашины өр төлбөрийн асуудал байхгүй, автомашин Б-н эзэмшлийнх болсон. Би өөрөө өдөр бүр Эрээн гардаг, Б ачаа шилжүүлэн ачих ангид ажилладаг тул бид хоёр өдрийн цагаар уулзах боломжгүй байдаг учраас автомашины нэр шилжүүлж амжаагүй. Б “удахгүй ажлаас гарч Эрээн хот руу тууштай явдаг болно” гэж ярьж байсан болохоор тэр үед нь нэр шилжүүлье гэж бодож явсаар өнөөдрийг хүрсэн гэжээ. /1-р хх-ийн 23-24/

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 09 сарын 07-нд Замын-Үүд сумын 0108-р ангийн 3-ын хаалтаар өөрийн эзэмшлийн улсын дугаартай УАЗ-469 маркийн машинаар БНХАУ-ын Эрээн хот орох гээд машиндаа 4-н хүнтэй 3-ын хаалтын аман дээрээс чөлөөт бүсийн хашаа руу хөдөлгөөнд оролцоод явж байгаад хилийн цэргийн 2-ын хаалтанд дээр  цуваа болоод зогсож байсан тээврийн хэрэгсэлийн араас оочерлоод зогссон. Тэгээд машинаасаа буугаад зам руу харахад нэг хар өнгийн жип явж байсан. Тэгээд миний машинд сууж явсан зорчигч нар их халуун байна салхи оруул гээд байхаар нь машиныхаа арын жижиг цонхтой бардакыг нээгээд багаажаа түгжээд машинаа тойроод гарах гэтэл араас ямар ч дуу чимээ сонсогдоогүй нэг мэдэхэд хүчтэй чимээ гарч тэгээд би газарт унаснаа мэдсэн. Тэгээд хартал саарал өнгийн УАЗ-469 маркийн машины жолооч гараа саваад амандаа юм хэлээд зогсож байсан. Тэгээд хилийн цэргийн ахлагч Р ирээд тэр намайг мөргөсөн жолоочийг “чи ядаж толгойг нь түшээч” гэж хэлж байсан. Миний 2 хөлнөөс маш их цус алдсан байсан. Тэгээд миний ам цангаад байсан. Хилийн цэргийн ахлагч Н ус авчирч миний аманд цутгаж байсан. Цус алдаад байсан учир миний 2 хөлийг уяагаар Цгэж урагшаа гардаг жолооч цус тогтоох арга хэмжээ авч өгсөн. Тэгтэл түргэний эмч ирж намайг аваад явсан. Миний биеийн байдал маш муу дандаа өвчин намдаах тариа, эм ууж байна. Одоо надаа эрүүл мэндээ бодох шаардлагатай бүх эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэжээ. /1-р хх-ийн 132-135/       

Хохирогч Б.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэргийн улмаас миний биед хүнд гэмтэл учирсан. Олон удаа хагалгаанд орсон. Цаашид хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Нийт эмчилгээний болон замын зардал, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, зээл нийлээд 10,786,308 төгрөг гарсан байгаа үүнээс шүүгдэгчийн өгсөн 2,600,000 төгрөгийг хасч тооцон 8,186,308 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ хүүхдийн хувийн байдлыг харгалзаад хорихоос өөр ял оноож өгнө үү гэв. 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Ослын дараа Замын-Үүд суманд хагалгаанд орж, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж анхны тусламжаа авсан. Тэгээд эмч нар цавь руугаа хавдалт өгөөд байна, Улаанбаатар хот руу авч яв гэсний дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан. Тус эмнэлэгт очоод яс, үений 3 дугаар тасагт хэвтэн эмчлүүлж шарх цэвэрлэх хагалгаанд орсон. Өөрөөр хэлбэл ослын үеийн бохирдлоос болж цавь руугаа хавдсан. Түүнийг нь зүсэж цэвэрлэсэн. Тухайн үед эмч нар ахын маань хөлийг дахин нэмж тайрна гэж хэлж байсан. Хэрэв дахин тайруулвал хиймэл хөл буюу протез хийх боломжгүй болох байсан тул бид эмч нараас “хөлийг нь дахин тайрахгүйгээр сайн цэвэрлээд үзээж” гэж гуйсны дагуу цэвэрлэх хагалгаанд оруулсан. Эмч нар хагалгааны өмнө амь насанд ч аюултай байж болзошгүй гэж хэлээд биднээр гомдолгүй  гэсэн гарын үсэг зуруулж авсан. Ах маань эмнэлгээс гараад 14 хоногийн хугацаанд гэртээ байсан. Тэгээд 11 дүгээр сарын 04-ний өдрөөс дахин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нөхөн сэргээх тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоо шинжилгээний хариуг харж байж тухайн тасагтаа цэвэрлэх болон арьс нөхөх гэсэн хагалгаанд орох гээд байж байна. Эмч нарын хэлж байгаагаар одоо 2 удаа төлөвлөгөөт хагалгаа хийнэ. Эхлээд дээр хэлсэнчлэн арьс нөхөх хагалгаа, дараа нь махны түрэлт удаашралтай байвал дунд чөмөгний яснаас тайрах хагалгаа хийнэ гэсэн. ...Одоогийн байдлаар бидэд нийт 9,447,597 төгрөгийн хохирол учирчихаад байна. Бид хүнсний зүйл, хоолыг хохирогчийг асарч байгаа сахиурт авч өгсөн байгаа. Харин шатахууны зардал гэдэг нь эмнэлэг, гэр, шинжилгээ өгөх гэх мэтэд машинаар явах шаардлага гардаг. Энэ үед ашигласан шатахууны зардлууд байгаа гэжээ. /1-р хх-ийн 137-139, 151-152/    

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 04/011 дугаартай дүгнэлт: 1.Б.Б-н биед зүүн дунд чөмөг ясны бяцарсан ил хугарал, гуяны дээд 1/3 хэсгийн их хэмжээний булчин, шөрмөс, мэдрэл, судасны урагдал, тасарал, баруун гуяны дээд хэсгийн урагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүдийн зүүн дунд чөмөг ясны бяцарсан ил хугарал, гуяны дээд 1/3 хэсгийн их хэмжээний булчих, шөрмөс, мэдрэл, судасны урагдал, тасарал “Гэмтлийн зэрэг тогоох журам”-ын 3.1.20 болон 3.5.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун гуяны дээд хэсгийн урагдсан шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарана. 5.Шинээр илэрсэн зүйлгүй болно.     /1-р хх-ийн 31-32/

А ХХК-ны улсын дугаартай  тээврийн хэрэгсэлийн техникийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 75-76/

 “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 01 дугаартай дүгнэлт: 1.дугаартай тээврийн хэрэгсэл Баруун гар талын толь сууриараа тахийсан, улсын дугаарын гэрлийн чийдэн асахгүй, баруун урд их гэрэл хагархай /осолын үед хагарсан/ иж бүрэн байхгүй, зүүн хойд талын тэнхлэгт өөр хээтэй дугуй тависан, тоормозны систем бүхэлд хөөн шалгасан систем засвар хийсэн ул мөртэй шингэн алдаагүй тоормозны дээд аппарат засвар хийсэн бөгөөд шингэний 2 бортого 1 нь /урд/ шингэнтэй, хойд 1 бортого хоосон шингэнгүй байсан бөгөөд тоормозны дөрөөнд гишгэхэд тоормозны систем аль нэг хэсэгтээ ба бүрэн ажиллагаагүй байсан болно. 2.Ослын үед баруун гар талын толь сууриараа тахийсэн, баруун урд их гэрэл хагархай /осолын үед хагарсан/ ослоос өмнө тоормозны систем ажиллахгүй шингэнгүй байсан байж болно. 3.2019 оны 03 сарын 19-ний өдөр АТҮТ Замын-Үүд салбарт техникийн хяналтын үзлэгт орсон байсан бөгөөд тухайн үед тоормозны болон техникийн хяналтын үзлэгийн хангаж байсан ТЭНЦЭВ үнэлгээтэй байна. 4.жолооны механизмд үзлэг хийхэд хөндлөн болон дагуу татуургууд байх ёстой сул явалтын зай хэвийн бөгөөд залуурдахад хүндрэлтэй эргэж байсан болно. 5.явах эд ангид үзлэг хийхэд хөдөлгүүр хүч дамжуулах анги хэвийн, авцалдуулах холбоос хэвийн, урд болон хойд тэнхлэг хумайлтын өнцөг хэвийн, жолооны механизм хөндлөн болон дагуу татуургууд хэвийн боловч залуурдахад хүндрэлтэй /механик залууртай/ бөгөөд сул эргэлтийн зай хэвийн байсан болно. 6. тоормозны систем шингэн дамжуулган ажиллагаатай ба систем шингэн алдсан ул мөргүй ослоос өмнө засвар хийгдсэн ул мөртэй байсан бөгөөд шингэний бортого /сав/ 2 байдаг бөгөөд хойд талын шингэний бортого /сав/ хоосон шингэнгүй байсан тоормозны систем удаашралтгүй болон бүхэлдээ ажиллагаагүй байна. 7.Шинжилгээний явцад өөр зүйл илрээгүй гэжээ. /1-р хх-ийн 54-64/

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 02 дугаартай дүгнэлт: 1.тээврийн хэрэгсэлийн хойд оворын болон тоормозны, анхааруулах дохио, ухрах арааны гэрлүүд асахгүй, бүхээгт гэмтэлтэй хойд багажны таг хаагдахгүй эвдрэлтэй /ослын үед/, урд хаалганууд хаагдахгүй гажилттай, хойд төмөр бампер эвдэрсэн /ослын үед/, дугуй урд нэг тэнхлэгт өөр хээтэй дугуй тавьсан зөрчилтэй, иж бүрдэл байхгүй болно. 2.Бүхээгт гэмтэлтэй хойд багажны таг хаагдахгүй эвдрэлтэй /ослын үед/, урд хаалганууд хаагдахгүй гажилттай, хойд төмөр бампер эвдэрсэн /ослын үед/. 3.тээврийн хэрэгсэл нь 2019.04.16 АТҮТ-н Замын-Үүд салбарт бага зэрэг гэмтэлтэй ТЭНЦЭВ үнэлгээтэй ТХҮ-т хамрагдсан байна. 4.жолооны механизм хэвийн ажиллагаатай. 5.явах эд ангид үзлэг хийхэд тос гоожоогүй, эвдрэлгүй  байна /түр саатуулах хашаанд асаах боломжгүй тавьсан байсан/. 6.тоормоз гэмтэлгүй хэвийн ажиллагаатай. 7.Шинжилгээний явцад өөр зүйл илрээгүй гэжээ. /1-р хх-ийн 89-91/

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч С.Б шинжээчийн 16 дугаартай дүгнэлт: 1.Жолооч М.Б нь УАЗ-31512 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  4 дүгээр хавсралт /Жолооч дараах үүргийг хүлээнэ/-ын 3.4а-д заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж явна. Тээврийн хэрэгслийн ажлын тоормозны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй  нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн /Тээврийн хэрэгслийн хурд/-ын 12.3-д зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй  тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Оролцогч нарын мэдүүлэг, ослын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг шинжээчийн дүгнэлт зэргийг харахад жолооч М.Б нь УАЗ-31512 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад аюул саад тулгарсан үед хурдаа хасаж зогсоох арга хэмжээ аваагүй байх үндэслэлтэй байна. 3.Б.Б нь УАЗ-31512 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. 4.Жолооч М.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох ангилалын ... дугаартай жолооны үнэмлэх хүчинтэй үнэмлэхтэй байна. жолооч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох ВС ангиллын ... дугаартай. 5.УАЗ-31512 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан М.Б нь тээврийн хэрэгсэлийн эвдрэл, гэмтэл, техникийн бүрэн бүтэн байдлыг жолооч хангаж явна. Иймд жолооч М.Б нь Замын Хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт /Жолооч дараах үүргийг хүлээнэ/-ын 3.4а-д заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж явна. Тээврийн хэрэгслийн ажлын тоормозны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй  нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн /Тээврийн хэрэгслийн хурд/-ын 12.3-д зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй  тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 6.УАЗ-31512 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан М.Б-г тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явсаныг тодорхойлох боломжгүй байна. 7.УАЗ-31512 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан М.Б нь Замын Хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт /Жолооч дараах үүргийг хүлээнэ/-ын 3.4а-д заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж явна. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй  нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн /Тээврийн хэрэгслийн хурд/-ын 12.3-д зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй  тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гэжээ. /1-р хх-ийн 96-98/

Шинжээчийн 04/12 /нэмэлт/ дүгнэлт: 1.Б.Б-н биед зүүн дунд чөмөг ясны бяцарсан ил хугарал, гуяны дээд 1/3 хэсгийн их хэмжээний булчин, шөрмөс, мэдрэл, судасны урагдал, тасарал, баруун гуяны дээд хэсгийн урагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүдийн зүүн дунд чөмөг ясны бяцарсан ил хугарал, гуяны дээд 1/3 хэсгийн их хэмжээний булчин, шөрмөс, мэдрэл, судасны урагдал, тасарал “Гэмтлийн хэрэг тогоох журам”-ын 3.1.20 болон 3.5.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун гуяны дээд хэсгийн урагдсан шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарана. 5.Урьд гаргасан 2019 оны 09 сарын 19-ны өдрийн 04/011 дугаартай дүгнэлтэнд заагдсан гэмтлийн зэрэгт өөрчлөлт ороогүй болно. 6.Шинээр илэрсэн зүйлгүй болно. /1-р хх-ийн 128/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 03/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /1-р хх-ийн 04-11/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 12-16/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, жолоочийн үнэмлэх, хил орчим зорчих үнэмлэх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Замын-Үүд сумын 3-р багийн ажлын албаны тодорхойлот /1-р хх-ийн 157-163/

Шүүгдэгчээс хохиролд төлсөн баримтууд  /1-р хх-ийн 179/

Хохирлын баримтууд /1-р хх-ийн 214-250, 2-р хх-ийн 01-44/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хх-ийн 49-50/

 Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл  /2-р хх-ийн 53-54/

Шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохирлын баримтууд /2-р хх-ийн /

Шүүгдэгчийн хохирлын төлөхөө илэрхийлсэн баримт /2-р хх-ийн / зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 09 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтын 2-ын хаалт руу өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а, 12.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөний улмаас ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн ард зогсож байсан Б.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөг ясны бяцарсан ил хугарал, гуяны дээд 1/3 хэсгийн их хэмжээний булчин, шөрмөс, мэдрэл, судасны урагдал, тасарал бүхий хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь хохирогч Б.Б-н “...Тэгээд миний машинд сууж явсан зорчигч нар их халуун байна салхи оруул гээд байхаар нь машиныхаа арын жижиг цонхтой бардакыг нээгээд багаажаа түгжээд машинаа тойроод гарах гэтэл араас ямар ч дуу чимээ сонсогдоогүй нэг мэдэхэд хүчтэй чимээ гарч тэгээд би газарт унаснаа мэдсэн. Тэгээд хартал саарал өнгийн УАЗ-469 маркийн машины жолооч гараа саваад амандаа юм хэлээд зогсож байсан. Тэгээд хилийн цэргийн ахлагч Р ирээд тэр намайг мөргөсөн жолоочийг “чи ядаж толгойг нь түшээч” гэж хэлж байсан. Миний 2 хөлнөөс маш их цус алдсан байсан.” гэх мэдүүлэг, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 01 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 54-64/, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч С.Б-н шинжээчийн 16 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 96-98/, шинжээчийн 04/12 /нэмэлт/ дүгнэлт /1-р хх-ийн 128/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч М.Б нь Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт /Жолооч дараах үүргийг хүлээнэ/-ын 3.4а-д заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж явна. Тээврийн хэрэгслийн ажлын тоормозны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй  нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн /Тээврийн хэрэгслийн хурд/-ын 12.3-д зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй  тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Б.Б-н биед хүнд гэмтэл учирсан нь шүүгдэгчийн үйлдлээс шууд хамааралтай юм. Шүүгдэгчийн дээрх үйлдэлд Замын-Үүд сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 Хохирлын хувьд:

Хохирогч Б.Б нь эмчилгээний зардалд нийт 10,786,308 төгрөг гарснаас шүүгдэгч М.Б-н төлсөн 2,600,000 төгрөгийг хасч үлдэх 8,186,308 төгрөгийг нэхэмжилдэг. Шүүгдэгч М.Б-н хувьд дээрх хохирлын тооцон дээр маргаагүй, хохирогч Б.Б-тэй тохиролцож сар бүрийн 20-ноос 25-ны хооронд 500,000 төгрөгөөр төлөхөө илэрхийлж гэрээг шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн өмнө байгуулсан болохыг дурдах нь зүйтэй юм. Иймд  шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж байгаа, цаашид төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй болно. 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж байгаа, төлөхөө илэрхийлж хохирогч Б.Б-тэй гэрээ байгуулсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.  Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцлаж, тээврийн хэрэгслийг эзэмшигч М.Б-д олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажилаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгаж, дээрх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Б-с 8,186,308 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцлаж, эзэмшигч М.Б-д буцаан олгосугай.  

6. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Э.Б