Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч Б.Д

Өмгөөлөгч С.Э

Орчуулагч Х.А

Шүүгдэгч Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: БНХАУ-ын иргэн, БНХАУ-ын Бүтиан мужид төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт БНХАУ-ын Фу шен шон фитиэн хот, Шиу үй хороололд оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг Ш,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Ш нь 2019 оны 01 сарын сүүлээр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б худалдааны төвийн орчимоос Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон халиун бугын 0,293 гр цусан эврийг зохих зөвшөөрөлгүй худалдан авч, 2019 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн байрандаа хадгалсан,

Мөн 2019 оны 01 сарын 31-ний өдрөөс 2019 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотоос Монгол улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд өргөн төмөр замын боомт хүртэл галт тэргээр биедээ тээвэрлэсэн,

2019 оны 02 сарын 01-ний өдөр Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон халиун бугын 0,293 гр цусан эврийг Дорноговь аймгийн Замын-Үүд өргөн төмөр замын боомтоор, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсад орж ирсний дараа 2019 оны 01 сарын сүүлээр Б худалдааны төвийн хажуу талд ганцаараа хүнсний ногоо авах гээд явж байхад танихгүй хүн хүрч ирээд ямар нэгэн зүйл “авах уу” гэхээр нь “үгүй ээ” гэж хэлээд цаашаа явж байхад араас дахин хүрч ирээд “чи аваа” гэсэн үйлдэл үзүүлээд миний халаасанд хийсэн. Би тэр зүйлийг өөрийн халаасанд байсан 150,000 төгрөгөөр авсан. Тэр надад зарсан хүн хятад хэлээр “сайн энэ тэр” гээд, гарын эрхий хуруугаа гозойлгоод, хүзүүн дээр дарж үзүүлээд “сайн” гэж хэлээд байсан. Би тэр ууттай зүйлийн аваад гэртээ очоод халааснаасаа ч гаргалгүй яваад байсан. 2019 оны 01 сарын 31-ний орой Хятад улс руу явахаар вагонд суусан бөгөөд нөгөө худалдаж авсан зүйл халаасанд явж байсан. 02 дугаар сарын 01-ний өдөр Замын-Үүдийн боомтоор гарах гэж байхдаа өлгүүрэн дээр хувцасаа тайлаад өлгөсөн байхад гаалийн байцаагч үзээд намайг галт тэрэгнээс буулгасан. Тухайн үед би буруутай зүйл хийсэн гэдгээ мэдээгүй ээ одоо хуулийн байгууллага дээр ирээд буруутай зүйл хийсэн гэдгээ ухаарч байна. Би гэмшиж байна. Хөнгөн ял шийтэл оноож өгнө үү гэв.       

Гэрч Б.Ц мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд дэх гаалийн газар улсын байцаагч ажилтай. 2019 оны 02 сарын 01-ний өдөр өргөн төмөр замын Гаалийн хяналтын бүсэд экспорт талд үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу тухайн өглөөний 09-10 цагийн хооронд галт тэргэнд шалгалтыг хийх явцад 22 дугаар галт тэрэгний 1 дүгээр вагоны ... дугаар тасалгаанд ороход ... орчим насны БНХАУ-ын Ш гэх хүн байсан. Ачаа барааг нь болон ачаа тээшийг нь үзэхэд түүний ачаа бараанд нь ямар нэгэн хориглосон хязгааралсан зүйл байгаагүй. Тайлаад вагоны суудал дээр тавьсан байсан хар өнгийн куртканы халаасыг шалгаж үзэхэд гялгар уутанд боосон амьтны гаралтай /эвэр/ эд зүйл байсан. Энэ зүйлийг авч явж болохгүй тодруулж шалгах ёстой гэж үзээд түр хураан авсан юм. Тухайн хүнээс өөрийнх нь авч явсан эд зүйлийг ямар учиртай эд зүйл болох талаар асууж орчуулагчаар дамжуулан тодруулахад “энэ зүйлийг уухаар биед сайн гэсэн, эмийн журмаар авч явж байгаа монгол хүнээс худалдаж авсан" талаар мэдүүлж байсан. Тухайн хүн ямар нэгэн байдлаар шалгуулахаар зайлсхийсэн нуусан хаасан үйлдэл гаргаагүй зохих журмын дагуу шалгуулсан. Бараа эд зүйлээ мэдүүлээгүй тухайн хүн гаалийн мэдүүлэг деклараци бөглөөгүй, ямар нэгэн зөвшөөрөл болон холбогдох бичиг баримт байгаагүй гэжээ. /хх-ийн 27-28/

Иргэний нэхэмжлэгч, хохирогч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Шинжээчийн дүгнэлт байцаалтаар халиун бугын 1 бодгалийн цусан эвэр болох нь тодорхойлогдсон байна. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 сарын 11-ны өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтны жагсаалтыг гаргаж баталсан байдаг, шинжээчийн дүгнэлтээр 2011 оны 01 сарын 25-ны өдрийн Засгийн газрын 23 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан үүнд эр бодгалийн үнэ нь 6,600,000 төгрөгөөр тогтоогдсон байна. Үүнийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т экологи эдийн засгийн үнэлгээг нөхөх төлүүлэхдээ 2 дахин нэмж өсгөж тооцохоор заасан байдаг. Мөн тэдгээрийн гаралтай түүхий эдийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар “тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан байдаг. Халиун бугын цусан эвэр тэдгээрийн гаралтай түүхий эдийг авч явсан бол агнасантай адилтгаж экологи эдийн засгийн үнэлгээг хуулиараа тооцож төлүүлнэ. Энэ хэрэгт төрийн өмнөөс төлөөлөн оролцож байгаагийн хувьд гэм буруутай этгээдээр хохирлыг улсад бүрэн төлүүлж авах хүсэлтэй байна. Амьтны аймагт учирсан 6,600,000 төгрөгний хохиролыг 2 дахин өсгөж буюу 13,200,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Цусан эвэр гэдэг нь тухайн амьтныг агнаж байж авдаг эвэр байгаа юм. Харин ясан эвэр бол улирал нь ирэхээр байгалийн жамаар унадаг. Халиун буга цусан эвэр мөн бөгөөд тус лабориаторийн хөхтний цуглуулгын санд хадгалагдаж буй бугын эвэртэй морфологи байдлыг харьцуулж тодорхойлсон байна лээ. ...Манай орны хэмжээнд буюу бүс нутгийн үнэлгээгээр “Устаж байгаа” гэж үнэлэгдсэн байдаг. Экологи, эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд бичигдсэнээр буга буюу эр бодгаль 6,600,000 төгрөг, согоо буюу эм бодгаль 7,500,000 төгрөг тус тус үнэлэгдэнэ гэж заасан байгаа гэжээ.  /хх-ийн 46-48, 153-155/

Шинжээч Б.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 02 сарын 02-ны өдрийн 01/19 дугаартай дүгнэлтэд нэмж ярих зүйл гэвэл цусан эвэр зөвхөн эр бодгальд ургана. Халиун булгын эм бодгаль буюу согоонд эвэр ургадаггүй. Эвэр байгаа бол экологи эдийн засгийн үнэлгээг эр бодгалиар авч үзнэ. Эр бодгалийн эвэр хавар 4-с 5 сард унадаг. Унасны дараа цусан эвэр ургаж эхлэдэг ба намар тухайн эвэр ясжиж дараа хавар болтол эр бодгальдаа байдаг. Иймд цусан эвэр өөрөө унана гэсэн ойлголт байхгүй. Цусан эвэр ойн бусад туурайтан болох бор гөрөөс, хандгай, цаа буга зэрэг амьтдад бас ургадаг боловч дээрх шинжилгээ хийсэн цусан эвэр нь халиун бугын эр бодгалийнх болно. Уг цусан эвэрнүүдийг нийлүүлж үзэхэд 1 бодгалийн эвэр байна гэжээ. /хх-ийн 50-51/      

Гэрч Б.Жн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Гаалийн тухай хуулийн 3.1.9 дэх хэсэгт “Гаалийн хилээр нэвтрүлэх” гэж бараа, тээврийн хэрэгсэлийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжин өнгөрүүлэх, гаргахыг хэлнэ. Гаалийн нутаг дэвсгэр буюу хил гэдэг нь Монгол улсын Гаалийн хяналтын бүсээр зарлагдсан талбай түүний хил болон зарлагдаагүй талбайд хяналт шалгалт хийх үед тогтоосон шугамыг гаалийн хяналтын бүс гэж хэлнэ. Мэдүүлэгч гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан байдаг. Мөн Гаалийн тухай хуулийн 57.2.1 дэх хэсэгт “мэдүүлэгч гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцана” гэж заасан байгаа. Гэтэл БНХАУ-ын иргэн Ш нь 2019 оны 02 сарын 01-ний өдрийн Улаанбаатар-Эрээн чиглэлийн Замын-Үүд дэх Гаалийн газрын харьяа өргөн төмөр замын Гаалийн хяналтын бүсээр зарлагдсан бүсэд нэвтэрсэн байна. Энэ хүн нь Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу авч яваа бараагаа гаалийн байгууллагад мэдүүлэх үүрэгтэй, ингэхдээ дараах хэлбэрээр мэдүүлж болно. Үүнд бичгээр, мэдээллийн сүлжээгээр, зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ тухай амаар мэдүүлж болно гэж заасан байгаа. Тэгэхээр БНХАУ-ын иргэн Ш нь гаалийн мэдүүлэг огт мэдүүлээгүй байсан бөгөөд гаалийн улсын байцаагч хяналт шалгалтаар илрүүлсэн хэрэг байсан. Гаалийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд Монгол улсын нутаг дэвсгэрийг Гаалийн нутаг дэвсгэр гэж үзнэ гэж заасан. Гэхдээ гаалийн хяналт шалгалт явуулж байгаа Гаалийн хяналтын бүсийн шугам нь Гаалийн хилд тооцоогдоно. Иймд БНХАУ-ын Ш гаргасан үйлдэл нь Гаалийн хил нэвтэрсэн буюу Улсын хилийг нэвтэрсэнд тооцон үзнэ гэжээ. /хх-ийн 145-146/          

Шинжээчийн дүгнэлт: 1.Тухайн хэрэгт хамаарах амьтны эвэр нь Халиун буга /Cervus elaphus/ цусан эвэр мөн бөгөөд тус лабораторийн хөхтний цуглуулгын санд хадгалагдаж буй бугын эвэртэй морфологи байдлыг харьцуулж тодорхойлов. 2.Халиун буга нь ховор зүйл бөгөөд Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан данс /IUCH Red List/-ны үнэлгээгээр олон улсад “Анхааралд өртөхөөргүй” гэж үнэлэгдсэн байдаг. Манай орны хэмжээнд буюу бүс нутгийн үнэлгээгээр “Устаж байгаа” хэмээн үнэлсэн. Халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан Амьтны Экологи-Эдийн Засгийн Үнэлгээ”-нд бичигдсэнээр буга буюу эр бодгаль 6,600,000 төгрөг, согоо буюу эм бодгаль 7,500,000 төгрөг байна гэжээ. /хх-ийн 17/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/

Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/

Эд зүйл, баримт бичиг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 05-06/

Хил хамгаалах Ерөнхий газрын 2-5а/2348 дугаартай албан тоот, албан тоотын хавсралт /хх-ийн 58-59/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийг 60/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 77, 78/

Хохирол төлсөн баримт /хх-ийн 86, 96/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 99-101, 159-161

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 141-143/

Гаалийн Ерөнхий газрын 2017 оны А/163 дугаартай Гаалийн хяналтын бүсийн хугацааг сунгах тухай тушаал, тушаалын хавсралт /хх-ийн 151-152/

С ХХК-ны 2019 оны 19/03 дугаартай албан тоот /хх-ийн 158/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Ш нь 2019 оны 01 сарын сүүлээр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б худалдааны төвийн орчимоос Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон халиун бугын 0,293 гр цусан эврийг зохих зөвшөөрөлгүй худалдан авсан,

2019 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн байрандаа хадгалсан,

2019 оны 01 сарын 31-ний өдрөөс 2019 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотоос Монгол улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд өргөн төмөр замын боомт хүртэл галт тэргээр биедээ тээвэрлэсэн,

2019 оны 02 сарын 01-ний өдөр Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон халиун бугын 0,293 гр цусан эврийг Дорноговь аймгийн Замын-Үүд өргөн төмөр замын боомтоор, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутай болох нь гэрч Б.Ц-н “Ачаа барааг нь болон ачаа тээшийг нь үзэхэд түүний ачаа бараанд нь ямар нэгэн хориглосон хязгааралсан зүйл байгаагүй. Тайлаад вагоны суудал дээр тавьсан байсан хар өнгийн куртканы халаасыг шалгаж үзэхэд гялгар уутанд боосон амьтны гаралтай /эвэр/ эд зүйл байсан. Энэ зүйлийг авч явж болохгүй тодруулж шалгах ёстой гэж үзээд түр хураан авсан юм.” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Ц-н “Амьтны аймагт учирсан 6,600,000 төгрөгний хохиролыг 2 дахин өсгөж буюу 13,200,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Цусан эвэр гэдэг нь тухайн амьтныг агнаж байж авдаг эвэр байгаа юм.” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Халиун буга нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 сарын 11-ны өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтны жагсаалтанд орсон, түүнчлэн Халиун буга нь ховор зүйл бөгөөд Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан данс /IUCH Red List/-ны үнэлгээгээр олон улсад “Анхааралд өртөхөөргүй” гэж үнэлэгдсэн байдаг. Манай орны хэмжээнд буюу бүс нутгийн үнэлгээгээр “Устаж байгаа” хэмээн үнэлсэн байх тул шүүгдэгчийг ховор амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэн Нийслэлийн прокурорын газрын прокуророос шүүгдэгч Шү Жиэн Жун /Xu Jian Zhong/-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч  Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо төлсөн болох нь баримтаар /хх-ийн 86, 96/ нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн хувьд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдсонгүй.

Эд мөрийн баримтаар хураагдсан Халиун бугын эд зүйл болох 0,293 гр цусан эвэр нь өмхийрж муудсан байх тул устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч  Ш-ны ... дугартай гадаад паспортыг Гадаадийн иргэн харьяатын газрын Дорноговь аймаг дахь газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулиар хориглосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ховор амьтны эд зүйлийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650.000 төгрөгийн торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 6,650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,650,000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-нд оногдуулсан 6,650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,650,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Халиун бугын эд зүйл болох 0,293 гр цусан эврийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шүүгдэгчийн эзэмшлийн ... дугаартай гадаад паспортыг Гадаадын иргэн харьяатын газарын Дорноговь аймаг дахь газарт шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Э.Б