Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч  Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д.Т-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механик мэргэжилтэй, “Т” ХХК-нд шалгагч, механик ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 3-р хороонд оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Д.Т,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээр 80 шуудай бүхий нийт 2000 кг жинтэй Натрийн гидроксид нэртэй Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаартай  хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан химийн хорт, аюултай бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ирж Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот хооронд тээвэр хийх зорилготой Эрээн хот руу орж ачаа ачих гэж орсон. Тэгээд Эрээнээс Замын-Үүд хоёрын хооронд хүн тээвэр хийж байсан. Заримдаа ачаа олдвол ачаад гардаг байсан. Ачаа нь БНХАУ-ын Эрээн хотоосоо ачаа олддог байсан. Монгол талаасаа хүн тээвэр хийдэг байсан. Гэтэл 2019 оны 04 сарын 20-ны өдөр Замын-Үүд сумаасаа БНХАУ-ын Эрээн хот руу хүн ачаад өдрийн 12 цагийн үед хил нэвтэрч орсон. Тэгээд Эрээн хот руу орчоод зээл захын ойролцоо машинтайгаа хүн хайгаад буцаад хил гарах гээд зогсож байтал туранхай өндөр, харааны нүдний шилтэй  40 гаруй насны эрэгтэй хүн над дээр ирээд Монгол руу ачаа ачих уу гэж асуусан. Тэгэхээр нь би юу ачуулах юм гэж асуусан чинь хүнсний сод байгаа юм аа гэхээр нь ачъя гэж хэлсэн. Тэгээд машинаа Эрээн хотын чөлөөт бүс яваад ортол нөгөө Өвөрмонгол хүн хятад улсын дугаартай цагаан өнгийн Жинби нэртэй автомашинтай орж ирээд тэр машинаасаа 80 шуудай буюу 2000 кг хүнсний сод нэртэй цагаан өнгийн шуудайтай, шуудайн дээрээ Сода гэсэн бичигтэй байсан. Тэгээд тэр өдрөө БНАХУ-ын хилээр гарахад машинд байгаа зүйлийг онгойлгож үзээд шалгаад явуулсан. Тэгээд Монголын хил дээр очоод хорио цээрийн улсын байцаагч машинд ачсан шуудайтай зүйлийг үзээд буулгаж үзээд буцааж ачуулаад түр саатуулах хашааруу машинтай тавиулаад орхьсон. ...М-тай уулзсан чинь чиний ачиж явсан бараанд ямар нэгэн зөвшөөрөл байгаа юу гэж асууж байсан. Надад улсын байцаагч М хэлэхдээ “Натрийн гидроксид” нэртэй химийн хорт аюултай бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтрүүлсэн, тээвэрлэсэн байна гээд харъяаллын дагуу зөрчлийн хэрэг нээнэ гэж хэлж байсан гэжээ. /хх-ийн 94-99/

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Гэрч С.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хилийн импортын хяналтын хэсэгт үүрэг гүйцэтгэж байхад 18 цагийн үед ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг шалгахад машины дотор талаас хамгийн түрүүнд хайрцагтай хүнсний бүтээгдэхүүн гарч ирээд дараа нь цагаан өнгийн 25 кг шуудайтай 80 ширхэг 2000 кг натрийн гидроксид  нэртэй химийн бодис гарч ирсэн дээр нь зөрчлийн материал бүрдүүлээд прокурорын байгууллагад шилжүүлсэн. Тухайн хүний тээвэрлэж явж байсан химийн бодисыг нэртэй Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамнаас тусгай зөвшөөрөл авч аж ахуй нэгж байгууллагад импортлох эрхтэй байдаг. Тухайн хүн хүнсний бүтээгдэхүүн сод гэж байсан. Харин дүгнэлт гаргуулсан чинь химийн бодис болсон гэжээ. /хх-ийн18-19/    

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 01 сард Х аймгийн Б сумын иргэн Б.Х гэдэг хүнд 7,300,000 төгрөгөөр зарсан юм. Би хөдөө мал дээрээ байдаг юм. Тэр худалдаж авсан Х гэгч хүн миний бичиг баримтын зураг дарж аваад өөрөө шилжүүлээд авна гээд явсан. Уг машинаа зарсанаас хойш тэр хүнтэй дахин уулзаагүй. Би мөнгийг нь бүрэн авсан, үлдэгдэл байхгүй гэжээ. /хх-ийн 22-23/

Шинжээч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би химийн бодист шинжилгээ хийж ажиллахад тухайн химийн бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаартай хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтанд багтсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад орсон “Натрийн гидроксид” /0,709/ дугаартай байсан. Тухайн химийн бодис нь Барааг тодорхойлох кодлох уялдуулсан системын код-2815.11.00-д хамаарах натрийн гидроксид  байсан. Тухайн “Натрийн гидроксид” гэх химийн хорт аюултай бодисыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамнаас тусгай зөвшөөрөл авч байж улсын хилээр импортлох  зөвшөөрөл авч байж нэвтрүүлдэг гэжээ. /хх-ийн 31-32/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/

Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/

Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт /хх-ийн 12/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 24/

Улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүгдэгч Д.Т-н иргэний үнэмлэх  /хх-ийн 27/

Замын-Үүд дэх гаалийн газар салбар лабориаторийн сорилын дүн /хх-ийн 30/

Хөрөнгийн үнэлгээний Б ХХК, С ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 35-40, 42-46/

Хил хамгаалах ерөнхий газрын улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-ийн 60-64/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 66, 71, 107/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 116/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээр 80 шуудай бүхий нийт 2000 кг жинтэй Натрийн гидроксид нэртэй Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаартай  хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэм буруутай болох нь гэрч С.М-н улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг шалгахад машины дотор талаас хамгийн түрүүнд хайрцагтай хүнсний бүтээгдэхүүн гарч ирээд дараа нь цагаан өнгийн 25 кг шуудайтай 80 ширхэг 2000 кг натрийн гидроксид  нэртэй химийн бодис гарч ирсэн дээр нь зөрчлийн материал бүрдүүлээд прокурорын байгууллагад шилжүүлсэн.” гэх мэдүүлэг, шинжээч Б.Г-н “химийн  бодист шинжилгээ хийж ажиллахад тухайн химийн бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаартай хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтанд багтсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад орсон “Натрийн гидроксид” /0,709/ дугаартай байсан. Тухайн химийн бодис нь Барааг тодорхойлох кодлох уялдуулсан системын код-2815.11.00-д хамаарах натрийн гидроксид байсан.” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Энэхүү натрийн гидроксид нэртэй химийн бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 тоот хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтад багтсан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон байх тул шүүгдэгч Д.Т-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна гэж үзлээ.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Т-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн хувьд:

Хэргийн материалд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт байхгүй тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Эд мөрийн баримтаар хураагдсан натрийн гидроксид нэртэй химийн бодис нь шинжээч Б.Г-н “...тухайн бодисыг зориулалтын газар хадгалах ёстой, чийг авсан тохиолдолд чанар нь муудаж ашиглах боломжгүй болдог” /хх-ийн 181-182/ гэх мэдүүлэгээр цаашид ашиглах боломжгүй болох нь тогтоогдож байх тул эд мөрийн баримтыг устах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болох 25 кг шуудайтай 80 ширхэг 2000 кг жинтэй Натрийн гидроксид нэртэй химийн хорт, аюултай бодисыг зохих байгууллагаар устгуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй юм.

Шүүгдэгч Д.Т-т нь өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж тээврийн хэрэгсэлийн ар талын багаж хэсэгт ил ачиж улсын хилээр нэвтрүүлсэн болох нь гэрч С.М-н мэдүүлэгээр нотлогддог. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхдээ уг тээврийн хэрэгсэлийг зориудаар тоноглосон, уг тээврийн хэрэгсэлд химийн хорт, аюултай бодисыг нуусан байдал тогтоогдоогүй учир ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх боломжгүй юм. Иймд шүүгдэгчээс тээврийн хэрэгсэлийн үнийг гаргуулах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ. Шүүгдэгчийн эзэмшлийн ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлийг хэрэгт битүүмжлээгүй боловч шүүгдэгч Д.Т-т буцааж олгоогүй, эд мөрийн баримтын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн журмын хашаанд байгаа нь шүүгдэгчийн тайлбар болон эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн баримтуудаар тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй юм.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй байхын дээр түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна гэж үзлээ. Мөн шүүгдэгч Д.Т нь хувийн компанид  хөдөлмөр эрхэлдэг гэх боловч өрхийн орлого тодорхойгүй байгаа нөхцлөөс хамаарч торгох ял шийтгэх нь тохиромжгүй учир дээрх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугааар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Т-г 1 жилийн хугацаанд оршин суух газараа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан 2019 оны 12 сарын 05-ны 246, А/80 дугаартай захирамж, тушаалын нэгдүгээр хавсралтын 11.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25 кг шуудайтай 80 ширхэг 2000 кг жинтэй Натрийн гидроксид нэртэй химийн хорт, аюултай бодисыг зохих байгууллагаар устгуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлийг эзэмшигч Д.Т-т буцаан олгосугай.

7.Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Э.Б