Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч  Б.Д

Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.Г-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 01 сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, эмэгтэй, ... настай, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт А.Г,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн Ц.Б, Н.Х нарыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 сарын 19-нд гэртээ хамтран амьдрагч Б, найз Х нарын хамт согтууруулах ундаа хэрэглэж хамтран амьдрагч Б-тэй маргалдсан. Тухайн үед Б, Х бид 3 тодорхой хэмжээнд согтсон байсан. Гэхдээ ухаанаа алдчихаагүй байсан. Б намайг найз нөхөдийн хажууд элдэв бусаар хэлж, харааж зүхээд сүүлдээ гэрээс хөөсөн. Өөдөөс нь эсэргүүцэж хэрэлдэхгүй бол намайг зоох шинжтэй болсон. Х Б-г боль гэж зөндөө хэлсэн ч Б агсан тавиад  байсан. Намайг түлхээд байхаар нь миний тэвчээр сүүлдээ барагдаж би ширээн дээр байсан ясан юм шиг загвартай, төө хэрийн урттай, хоол хийхдээ ашигладаг хутгыг аваад Б цээжний зүүн дээд талд 1 удаа зөөлхөн хатгасан. Айлгах, нөгөө талаар биеэ хамгаалсан юм. Хажуугаас Х босоод ирчихсэн миний гарыг татахаар нь би Б-тэй хэрүүл хийж байхдаа хутгаа ширээ рүү шидэх гэж гараа хүчтэй татсан. Тэгэхдээ хутгаар Х-н цээжний хэсэгт бас зүсчихсэн. Хутгаа ширээ рүү шидэх гэж байгаад л санамсаргүй зүсчихсэн. Тэрнээс би Х-тай маргаагүй. Би уур бухимдлаасаа болоод Б, Х хоёрын биед мэс хүргэж гэмтэл учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бага насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй тул хөнгөн ял оноож өгнө үү гэв.     

Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө би дэлгүүрээс 0.5 граммын 1 шил Х архи аваад гэртээ ирж найз Х-тай хувааж уусан. Х манайд оны өмнө ирээд надтай цуг машины мотор засах ажил хийж байгаа бөгөөд манайд хамт амьдарч байгаа. Х бид 2 архи хувааж ууж дуусгаад нилээн халамцсан. Хажууд эхнэр Г, манай 4 настай охин 2 байсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд өдөр ахынд очно шүү, ганц шил архи авчихаарай гэж эхнэртээ хэлчихээд би унтаад өгсөн. Жаахан унтаад 15 цаг болох гэж байхад сэрэхэд Г, Х 2 архи, пиво уугаад сууж байсан ба би нэгдэж уулцсан. Архи ууж байгаад Г бид 2 мөнгөнөөс болоод маргасан. Миний нүүрс авах гэж байсан мөнгө байсан газраа байгаагүй, өөр газар хийчихсэн байсан. Энийг ойлгохгүй жаахан маргасан. Машин зараад авсан мөнгө байсан юм. Дутсан 10000 төгрөгийг нь Г авсан байснаа гаргаж өгсөн. Үүнээс болоод бид 2 бага зэрэг хэрэлдсэн ба би Г-г элдвээр хэлж түлхэж холдуулаад зүүн орон дээрээ дээшээ хараад хэвттэл Г яасан их доромжилдог новш вэ, битгий эмэгтэй хүн болохоор нь дээрэлхээд байгаарай гээд хажууд сууж байхдаа миний цээжний зүүн дээд хэсэгт баруун гараараа 1 удаа цохиод авсан. Цохиулсан хэсэгт нойт оргиод цус шүүрээд эхэлсэн. Хартал Г-н баруун гарт нь манай гэрийн ясан юм шиг загвартай, төө хэрийн урттай хутга байсан. Тэгж л би хутгаар намайг хатгасныг мэдсэн. Би яаж байнаа чи гэтэл цаанаас баруун орон дээрээс Х хөөе болиорой гээд Г рүү ирсэн. Г-с хутгыг нь авах гэтэл Г Х-т хориулахгүй гараа савчиж байгаад Х-н бас цээжин хэсэгт хутгаараа хатгачихсан. Гэхдээ хутгалах гэж тэгээгүй, хутгаа өгөхгүй гэж байгаад л хатгасан юм. Г ч гэнэт ухаан орсон уу яасан яанаа гайгүйюу гээд хутгаа зүүн орны хажууд газар шидчихээд Х бид 2-ын фудболкыг тайлж шүүрч байсан цусыг арчсан. Х бид 2 ч гайгүй юм шиг байна, зүгээр биз гэж хэлээд цээжний цусаа жаахан цэвэрлэчихээд хэвтээд өгсөн. Зүүрмэглээд байж байтал гэнэт гаднаас цагдаа, эмнэлэгийнхэн орж ирээд Г, Х бид гурвыг аваад явсан. Эхлээд эмнэлэгт очиж оёдол тавьсан. Дараа нь бид гурвыг гурвууланг нь эрүүлжүүлэхэд хийсэн. Тухайн үед бид гурвын согтолт тийм ч их байгаагүй, учир байдлаа ойлгохоор байсан. Намайг элдэвээр хэлээд байхаар нь Г-н тэвчээр нь барагдсан байх. Би Г-г хулгайч түүлэгчин, янхан, гичий гээд доромжлоогүй үг байхгүй. Тэрэнд тэвчээр нь барагдаад ширээн дээр байсан мах идэж байсан хутгыг аваад хатгачихсан. Миний цээжний зүүн дээд хэсэгт зүсэгдсэн 1 шарх л байгаа. 2 оёдол тавсан. Бие зүгээрээ, өвдөх нь гайгүй л юм байна. Надад эхнэр А.Г-т гаргах гомдол байхгүй. Ямар намайг зүгээр байхад санаатай хутгаар хатгасан биш, миний л бас болчимгүй хүний хор шар малтсан үйлдлээс болоод надад мэс хүргэсэн гэжээ. /хх-ийн 19-20/

Хохирогч Н.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би он гарахаас өмнө 12 сарын 28-нд Улаанбаатар хотоос Замын-Үүд суманд ирсэн. Урьд нь Замын-Үүд суманд ажиллаж амьдардаг байсан л даа. Замын-Үүдэд ирээд найз Б-д байж түүнтэй цуг машины мотор засах ажил хийсэн. Ингээд ажил дуусч 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр вагоноор хот явах болсон. Намайг явж байгаа гээд Г, Б нар гэртээ бага зэрэг дайлсан. Эхлээд өглөө 10 цагийн орчим 0.5 граммын 1 шил Хараа архи Б авч ирээд бид 2 хувааж уусан. Өдөр нь 0.5 граммын Ерөөл архи 1 шилийг Г авч ирээд тэрийг нь гуравуулаа нийлж уусан. Архи дуусч байхад нэг эмэгтэй ирээд Г-р толгойгоо бариулаад явсан. Бид 3 нилээн согтсон ба би вагоны цаг хүртэл жаахан унтах санаатай баруун орон дээр хэвтсэн. Зүүн талд байдаг ор болдог буйдангийн хажууд Б, Г 2 мөнгө авлаа, үрлээ, мөнгө яагаад дутчихав энэ тэр гээд маргаад байсан. Би учрыг нь сайн ойлгоогүй, унтах гээд юун тэр хоёрын хэрүүл маргааныг сонсох, унтчих гээд л хэвтээд байсан. Угаасаа нойр аймаар хүрээд байсан. Сүүлдээ Б, Г хоёрын хэрүүл ширүүсээд Б орилж чарлаад агсам тавих маягтай болоод явчихаар нь би та 2 боль л доо гэж орон дээрээсээ хэлсэн. Намайг тоогоогүй. Б орон дээрээ хэвттэл Г ширээн дээр байсан жижиг хутгаа аваад Б рүү дайрсан. Тэгэхээр нь би сандараад босоод очсон чинь Б-н зүүн хөхний дээд талд хатгачихсан цус шүүрч байсан. Г аймаар уурлачихсан байсан болохоор би Г-с хутгыг нь авах гэж гуйсан ч өгөхгүй орилоод уйлаад байсан. Би хувцаснаас нь татаад хутгыг нь авах гэтэл Г гараа хажуу тийш нь савж татахдаа хутгаараа миний зүүн хөхний доод талд зүсчихсэн. Чи намайг бас зүсчихлээ ш дээ гэсэн чинь Г яанаа гээд сандраад явчихсан. Тэгээд цамцаа сөхөөд хартал бага зэрэг цус гарсан байсныг би гараараа дарсан. Б-н цээжнээс гарч байсан цусыг Г фудболкоор нь арчаад байх шиг байсан. Миний гараараа дарсан шархны цус нь гарахгүй тогтчихсон. Тэгэхээр нь би зүгээр зүгээр гэж хэлчихээд унтахаар баруун орон дээр хэвтсэн. Удаагүй гаднаас толгойгоо Г-р бариулаад байсан хүүхэн орж ирсэнээ юу болов, яав, ийв болоод л явчихсан. Зүгээрээ гээд байхад эмнэлэгт үзүүлсэн нь дээр гээд дуудчихсан. Тэгээд Б бид хоёрыг эмнэлэг дээр аваачиж шарханд оёдол тавиулаад дараа нь эрүүлжүүлэхэд хүлээлгэн өгсөн. Г-г бас эрүүлжүүлэхэд хийсэн. Ямар нэг шалтгаан байхгүй, хутгыг нь авах санаатай хутгатай гарыг нь би барьчихсан байсан, гараа надаас тавиулах гэж татахдаа намайг санамсаргүй зүсчихсэн. Миний цээжний зүүн доор хөхний доод талд зүсэгдсэн. Эмнэлэг 3 оёдол тавьсан. Биеийн байдал зүгээр хэвийн байгаа. Миний зүгээс А.Г-т гаргах гомдол байхгүй. Түүнээс хохиролдоо нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 24-25/

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цаг 10 минутын орчимд тус сумын 3-р багт оршин суух хаягтай Б гэх нэртэй айлд орж эхнэр Г гэж дууддаг эмэгтэй хүнээр толгойгоо бариулах гээд орсон. Тухайн үед гэрт нь ороход нөхөр Б нь зүүн талын орон дээр унтаж, харин баруун талын орон дээр танихгүй нэг залуутай эхнэр нь архи уугаад сууж байсан. Тэгээд толгойгоо бариулж дуусаад гэрээс гарах гэж байхад эхнэр Г буцаад хүрээд ирээрэй айлаас юм авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би 15 цаг 30 минутанд Б гэх айлд буцаж очоод гэрт нь ороход зүүн талын орон дээр Б дээшээ хараад хэвтэж байсан ба цээжин хэсэг болон нүүрэн хэсэг нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, харин баруун талын орон дээр нөгөө танихгүй залуу цээжний зүүн талдаа шархтай цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, гэрийн голд эхнэр Г нь би энэ хоёрыг хутгалчихлаа гээд зогсож байсан. Тэгээд би шарх цэвэрлэх материал авч ирнэ гэж хэлээд гараад явсан. Тэгээд би Нарны зам дэлгүүрээс хуруу лент, нойтон сальфтик аваад буцаад гэрт нь очиход Б цус нь тогтоогүй байхаар нь гэрээс гараад цагдаа болон эмнэлгийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн. Тэгээд цагдаа эмнэлгийн хүмүүсийг ирэхээс өмнө цуснуудыг нь цэвэрлэсэн гэжээ. /хх-ийн 28-29/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/

Хэргийн хазрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-10/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 11-14/

Эд мөрийн баримтыг хураан авч, хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-ийн 16-17/

Шижээчийн  04/22 дугаартай дүгнэлт: 1.Н.Х-н хэвлийн зүүн дээд талд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 33-34/ 

Шинжээчийн 04/23 дугаартай дүгнэлт: 1.Ц.Б-н биед цээжний зүүн дээд талд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 38-39/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, Замын-Үүд сумын 3 дугаар багийн Засаг даргын ажлын албаны 46 тоот албан тоот, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-53, 59/

Шүүгдэгчийн хувийн байдал, хүүхдийн эрүүл мэндийн байдлын талаархи баримт /хх-ийн 66-69/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 74-76/

Хуульд заасан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн яллагдагчид ял оногдуулах прокурорын санал /хх-ийн 82/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч А.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн Ц.Б, Н.Х нарыг хутгалж, Н.Х-н хэвлийн зүүн дээд талд шарх гэмтэл, Ц.Б-н биед цээжний зүүн дээд талд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Б “...Үүнээс болоод бид 2 бага зэрэг хэрэлдсэн ба би Г-г түлхэж холдуулаад зүүн орон дээрээ дээшээ хараад хэвттэл Г яасан их доромжилдог новш вэ, битгий эмэгтэй хүн болохоор нь дээрэлхээд байгаарай гээд хажууд сууж байхдаа миний цээжний зүүн дээд хэсэгт баруун гараараа 1 удаа цохиод авсан. Цохиулсан хэсэгт нойт оргиод цус шүүрээд эхэлсэн. Хартал Г-н баруун гарт нь манай гэрийн ясан юм шиг загвартай, төө хэрийн урттай хутга байсан.” гэх мэдүүлэг, хохирогч Н.Х-н “...Б орон дээрээ хэвттэл Г ширээн дээр байсан жижиг хутгаа аваад Б рүү дайрсан. Тэгэхээр нь би сандараад босоод очсон чинь Б-н зүүн хөхний дээд талд хатгачихсан цус шүүрч байсан. Г аймаар уурлачихсан байсан болохоор би Г-с хутгыг нь авах гэж гуйсан ч өгөхгүй орилоод уйлаад байсан. Би хувцаснаас нь татаад хутгыг нь авах гэтэл Г гараа хажуу тийш нь савж татахдаа хутгаараа миний зүүн хөхний доод талд зүсчихсэн. Чи намайг бас зүсчихлээ ш дээ гэсэн чинь Г яанаа гээд сандраад явчихсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.М-н “...Тэгээд би 15 цаг 30 минутанд Б гэх айлд буцаж очоод гэрт нь ороход зүүн талын орон дээр Б дээшээ хараад хэвтэж байсан ба цээжин хэсэг болон нүүрэн хэсэг нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, харин баруун талын орон дээр нөгөө танихгүй залуу цээжний зүүн талдаа шархтай цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, гэрийн голд эхнэр Г нь би энэ хоёрыг хутгалчихлаа гээд зогсож байсан. Тэгээд би шарх цэвэрлэх материал авч ирнэ гэж хэлээд гараад явсан. Тэгээд би Нарны зам дэлгүүрээс хуруу лент, нойтон сальфтик аваад буцаад гэрт нь очиход Б цус нь тогтоогүй байхаар нь гэрээс гараад цагдаа болон эмнэлгийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн.” гэх мэдүүлэг, хохирогч нарын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 04/22, 04/23 дугаартай дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Г-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрч Б.М “...Тухайн үед гэрт нь ороход нөхөр Б нь зүүн талын орон дээр унтаж, харин баруун талын орон дээр танихгүй нэг залуутай эхнэр нь архи уугаад сууж байсан.” гэх мэдүүлэг, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 51/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд торгуулийн ялыг оногдуулав. Оногдуулсан торгуулийн ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч А.Г нь оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13 см урт, 1.8 см өндөр ажлын хэсэгтэй, бариулын урд хэсэг мөнгөлөг төмрөөр бүрсэн, хойд хэсэг ясан хийцийн мэт эрээн гадаргуутай 2 ширхэг тав хадаасаар  их бие тогтоосон 9.5 см урт бариултай, ажлын хэсгийн хажууд Хортиция гэсэн бичиглэлтэй, гадаргуу нь улаан хүрэн зүйлээр бохирлогдсон нийт 22.5 см урттай хуучин хутга 1 ширхэг, энгэртээ цулгай, ар талдаа нуруу дагасан шулуун  оёдолтой, захны дотор хэсэгт бичиггүй шошготой, энгэрийн зүүн дээд хэсэгт ир бүхий хурц зүйлээр  хатгаж цоолсон 1 нүхтэй нүхний орчим хүрэн улаан зүйлээр бохирлогдсон, цайвар ногоон өнгийн хуучин майк 1 ширхэг, сорочкин захтай зүүн энгэртээ халаастай, захыг 3 товчоор товчилдог, зах болон халаасан дээр BELLBUNISH гэсэн бичиглэл бүхий шошготой, энгэрийн зүүн хэсэгт ир бүхий хурц зүйлээр хатгаж цоолсон 1 нүхтэй энгэр хэсэг хүрэн улаан зүйлээр бохирлогдсон, хормой нь 2 талдаа оноо бүхий цагаан өнгийн  “М” размерын хуучин фудволка 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Э.Б