| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0119/Э |
| Дугаар | 0146 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 0146
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,
улсын яллагч М.Сүхчулуун,
шүүгдэгч Ц...., түүний өмгөөлөгч Ц.Амар /ШТЭД-2563/,
шүүгдэгч П..., түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ШТЭД-2260/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сүхчулуунаас П..., Ц.... нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Ц....ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0377 1283 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Шархошуу овогт ...гийн ... /РД:.../,
2. Монгол улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян Уулын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Цахар овогт ...ын ... /РД:.../,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч П..., Ц.... нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо ...тоотод оршин суух П....ийн хашаан дотор байсан дөл загварын төслийн зуухыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч бусдад 240.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.... нь Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо ...тоотод оршин суух П....ийн насанд хүрээгүй охин А....ийн “самсунг эс-2” загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч бусдад 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч П....ийн мэдүүлэг /хх13-14/, гэрч Ц....ы мэдүүлэг /хх31-32/, насанд хүрээгүй гэрч А....ийн мэдүүлэг /хх52-53/, насанд хүрээгүй гэрч А....ий мэдүүлэг /хх55-56/, “мастер үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх82-83/, насанд хүрээгүй хохирогч А....ийн мэдүүлэг /хх161-162/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П....ийн мэдүүлэг /хх165/, насанд хүрээгүй гэрч Б....ын мэдүүлэг /хх170-171/,
Шүүгдэгч Ц....ын иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх94/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх104/,
Шүүгдэгч П...ын иргэний үнэмлэхний зурагт лавалгаа /хх98/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх103/, зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Ц...., П... нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч П....ийн “... 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр би ажилдаа яваад орой 16 цагийн үед дүүгийндээ орж ирсэн. Тэгтэл манай дүугийн охин ... надад хандаж, ... ах, ... нар гэрт хүрч ирээд ... эгч зуух ав гэж хэлсэн гэж хэлсэн. Тэгтэл манай дүүгийн охин ... ... эгчээс асуугаад хэлье гэтэл ... залгах гэж байсан утас болон төслийн зуухыг авч явсан байсан. Намайг ... гэж дууддаг. ... надад хэлэхдээ ... ах, ... ах согтуу байсан. Тань руу битгий залга гээд миний утсыг аваад явсан. ...од зуух захиран зарцуулах эрх байхгүй, авч явлаа гэж хэлэлгүйгээр авч яваад хүнд зарчихсан байсан. Төслийн зуух авна гэсэн газраас олж авсан. Хүүхдийн утсыг алга болгосон гэж хэлж байсан П... утасны 100.000 төгрөг өгсөн...Миний охин ...ийн самсунг эс-2 маркийн гар утсыг ... авсан гэж манай охин ..., ...э болон манай дүүгийн хүүхэд ... нар хэлсэн...” гэх мэдүүлэг/хх13-14, 17/
2. Гэрч Ц....ы ... 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн “Т.Раун” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж байсан. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 124 дүгээр сургуулийн урд танил ... нэг танихгүй залуутай хамт гараа өргөж байхаар нь зогсож эгчийн хашаанаас Дөл зуух авах гэсэн юм. Та хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд ...тоот хашаанд ... танихгүй залуутай хамт орж ирсэн. Тэгээд бид 2 дийлэхгүй байна гээд би гарсан. Хашаа руу орж дөл зуухыг өргөж машины багаж руу ачсан. Тэгээд Сонгинохайрхан дүүгийн 7 дугаар хороонд автобусны буудал дээр цагаан өнгийн пробокс маркийн машинд ачиж өгсөн. Тэр дөл зуухыг 65.000 төгрөгөөр авсан. Би таксины мөнгө 5000 төгрөг авсан. Би хулгайн эд зүйл авч явснаа мэдээгүй ...” гэх мэдүүлэг/хх31-32/
3. Насанд хүрээгүй хохирогч А.... “...... ах, ... ах бас машины жолооч ах гээд 3-лаа хашаан дотор ирсэн төслийн зуух авах гээд зогсож байсан. ... эгч наад зуухаараа яах гээд байгаа юм бэ өгч явуулахгүй гэсэн чинь ...аа ах “... эгчид хэлсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа гаргаж ирээд “ээж рүү яриад асууя” гэсэн чинь ... ах би ээжтэй чинь яръя гээд миний утсыг авсан. Тэгээд ... ах миний утсаар хүн рүү залгаад байгаа бололтой байсан. Би ээжтэй ярьж байгаан байх гэж бодсон. Хашаан дотор байсан зуухыг ... ах болон ... ах жолооч ах 3 өргөөд жижиг суудлын тэрэгний багажинд хийгээд аваад явсан. Удалгүй ээж ирэхээр нь манай зуухыг ... ах ...аа ах 2 аваад явлаа гэсэн чинь ээж “юу яриад байгаан юм” гээд ... аниа бид 2-ыг загнаад цагдаад дуудлага өгсөн. ... ах миний Самсунг галакси эс-2 гар утсыг авсан. Би ээжтэйгээ ярих гэсэн чинь ах нь ээжтэй нь яръя гээд миний утсыг аваад хүнтэй ярьж байгаа бололтой байсан. ... ах яг хүнтэй ярьсан уу эсвэл худлаа ярьсан уу гэдгийг нь би мэдээгүй. Тэгээд би ... ахаас утсаа авахаа мартчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх161-162/, А.... гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Тэгэхээр нь би ээжээс асууя гэж хэлээд ээж рүү залгах гэтэл ... ах ээжтэй чинь ярья гээд надаас утас аваад ээжтэй ярилгүй худлаа ээжтэй ярьж байгаа дүр үзүүлээд намайг хуураад зуух аваад явчихсан байсан...миний гар утсыг авч байхыг эгч ..., дүү ...э нар харж байсан...” гэх мэдүүлэг/хх52-53/
4. Насанд хүрээгүй гэрч А....ий “...Би өдрөө сайн мэдэхгүй байна. ...... ах, ... ах бас нэг машины жолоочтой гурвуулаа манай хашаанд орж ирсэн. Жолооч нь машин руугаа зуухаа хийсэн. Манай зуух хашаан дотор байсан юм. ... эгээгийн утсыг ... ах авч явсан. Утсаар нь ээжтэй ярьна гээд утсыг нь аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх55-56/,
5. “Мастер үнэлгээ” ХХК-ий 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 19/183 дугаартай эд зүйлийн үнэлгээний “дөл зуух 240.000 төгрөг гэсэн тайлан /хх83/,
6. Насанд хүрээгүй гэрч Б....ын “...2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр би Сонгинохайрхан дүүрэг 24-р хороо, Зээлийн ...тоот хашаанд ... би дүү нартайгаа гэртээ байж байтал 16 цагийн үед манай хашааны хаалга дугарахаар гараад хартал гадаа гудамжнаас манай хашаа руу 2 хүн ороод ирсэн нэг нь ... ах, ... гэж дууддаг миний зүс таних хүнтэй хамт явж байсан тэр хоёр согтуу байсан... хашаан дотор байсан Дөл төслийн зуухыг авч явах гэхээр нь би та яах гэж байгаа юм бэ өгөхгүй гэтэл ... ах ... /.../ эгч чинь аваад ир гэсэн тэгэхээр нь итгээд дуугүй өгөөд явуулсан. Уул нь өгөхгүй гэж нэлээн юм болсон. А....ийн утсыг авч явсан зүйл болоогүй, анх удаа сонсож байна...” гэсэн мэдүүлэг /хх170-171/,
7. П...ын яллагдагчаар өгсөн “... 2019 оны 6 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд ... ах манайд ирчихсэн байсан. Тэгээд ... ахтай 1 шил архи авч өгөөд 2-уулаа уг архийг хувааж ууж юм ярьж байгаад хоносон. Маргааш нь буюу 20-ны өглөө ... ах 0.33 литрийн “Хараа” архи авч уусан би уг архинаас уугаагүй. Тэгээд бид 2 өдөр манайхаас гараад манай хүргэн ...ийнд 15-16 цагийн үед очсон. ... ахынд очих замдаа такси барьсан байсан. ... ахын хашаанд байсан зуухыг ... ах бид 2 өргөөд гарах гэтэл манай хүргэний охин ..., ... нар гарч ирээд “та нар наад зуухаараа яах гэж байгаа юм, ... эгчийн зуухаар яах гэж байгаа юм” гэхээр нь “ах нь ... эгчид хэлчихсэн, худалдаж авч байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд зуухыг таксинд өргөж тавиад төслийн зуух авна гэсэн хаягийн дагуу 7 дугаар хороонд аваачиж 65.000 төгрөгөөр зарсан. 5000 төгрөгийг таксины жолоочид өгөөд үлдсэн мөнгөөр нь нисэхэд байдаг төрлийндөө очоод архи аваад ... ах бид хоёр у учихсан...” гэсэн мэдүүлэг /хх71/,
8. Ц....ын яллагдагчаар өгсөн “...Маргааш буюу 20-ны өглөө 0,33 литрийн “Хараа” нэртэй архи уусан. Тэгээд 13-14 цагийн орчим ...ынхоос гарсан. ... миний төслийн зуух байгаа 2-лаа тэрийг борлуулъя гэж хэлсэн. Тэгээд ... бид хоёр замаас нэг жижиг суудлын тэрэг таксидаж аваад нэг айлын хашаанд очсон. ... манай хамаатны хашаа байгаа юм гэж хэлсэн. Уг айлын хашаан дотор 1 дөл зуух байхаар нь уг зуухыг ачаад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд төслийн зуух худалдаж авдаг зараар аваачиж зуухаа 65.000 төгрөгөөр зарсан. Зуухыг ачих үед жаахан сургуулийн охид байсан. Наад зуух чинь эгчийн зуух ачуулахгүй эзнээс нь асуусан юм уу гэж хэлээд дургүйцээд байсан. ... ах нь эгчээсээ авсан юм гэж хэлээд аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх177-178/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ц...., П... нар нь:
Шүүгдэгч П..., түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Шүүгдэгч Ц...., түүний өмгөөлөгч нь насанд хүрээгүй хохирогч А....ийн гар утсыг авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах, шүүгдэгч П...той бүлэглэн зуух авсан үйлдэлд гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаас дүгнэн үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд,
2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч П..., Ц.... нар нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо ...тоотод оршин суух төрөл садны харилцаатай П....ийн хашаан дотор байсан дөл загварын төслийн зуухыг очиж аван, бусдад зарсан болох нь хохирогч П....ийн мэдүүлэг, гэрч Ц...., насанд хүрээгүй гэрч А...., А....э, Б....ын нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Ийнхүү зуухыг авахдаа шүүгдэгч нь хохирогч П....аас зөвшөөрөл аваагүй, гэрт байсан насанд хүрээгүй гэрч нарыг өгч явуулахгүй гэж хэлэхэд ээжид /П..../ нь хэлсэн гэж төөрөгдүүлэн авч явсан нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь хохирогчийн “...манай дүугийн охин ... надад хандаж, ... ах, ... нар гэрт хүрч ирээд ... эгч зуух ав гэж хэлсэн гэж хэлсэн. ...Намайг ... гэж дууддаг. ... надад хэлэхдээ ... ах, ... ах согтуу байсан. .....од зуух захиран зарцуулах эрх байхгүй, авч явлаа гэж хэлэлгүйгээр авч яваад хүнд зарчихсан байсан. Төслийн зуух авна гэсэн газраас олж авсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б....ын “...хашаан дотор байсан Дөл төслийн зуухыг авч явах гэхээр нь би та яах гэж байгаа юм бэ өгөхгүй гэтэл ... ах ... /.../ эгч чинь аваад ир гэсэн тэгэхээр нь итгээд дуугүй өгөөд явуулсан. Уул нь өгөхгүй гэж нэлээн юм болсон...” гэх мэдүүлэг, мөн насанд хүрээгүй гэрч А...., А....э нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Шүүгдэгч П..., Ц.... нар нь дээрх үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нар нь урд өдөр нь хамтдаа архи уусан, хэрэг учрал болдог өдөр хохирогч П....ийн хашаанаас зөвшөөрөлгүй уг зуухыг авч буйгаа мэдэж байсан, уг зуухыг зарж архи авч уух зорилготой байжээ. Мөн шүүгдэгч Ц.... нь шүүгдэгч П...ыг бусдын хашаанаас эд зүйл авч байгаа, бага насны хүүхдүүд эсэргүүцэж байсан зэргийг үл тоон зуухыг хамтдаа авч явсан үйлдэл нь түүнийг нөхцөл байдлыг мэдээгүй гэж үзэх боломжгүй гэж дүгнэв.
Улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч нар нь өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй буюу хохирогч П.... нь тэдэнд итгэн сайн дурын үндсэн дээр эд хөрөнгөө шилжүүлсэн нөхцөл байдалгүй байх тул залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэв.
Мөн насанд хүрээгүй гэрч нарт нөхцөл байдлын талаар буруу ойлголт төрүүлж, зуухыг авч явсан нь залилах гэмт хэргийн шинжтэй бус харин хүч хэрэглээгүй дээрэмдэх гэмт хэргийн шинжид хамаарахаар байна.
Иймд шүүгдэгч П..., Ц.... нар нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй шунахайн сэдэлтэйгээр үйлдлээ хэрэгжүүлж бусдад 240.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна.
Харин хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Ц.... нь насанд хүрээгүй хохирогч А....ийн “самсунг эс-2” загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан нь нотлогдон тогтоогдоогүй гэж дүгнэв.
Тодруулбал, Насанд хүрээгүй хохирогч А...., насанд хүрээгүй гэрч А....э нар хэдийгээр “...гар утсыг шүүгдэгч Ц....ыг авч явсан, энэ асуудлыг гэрч Б.... мэднэ...” гэсэн агуулгаар мэдүүлсэн боловч хохирогч П.... “...... надад хэлэхдээ ... ах, ... ах согтуу байсан. Тань руу битгий залга гээд миний утсыг аваад явсан. ...Хүүхдийн утсыг алга болгосон гэж хэлж байсан П... утасны 100.000 төгрөг өгсөн...Миний охин ...ийн самсунг эс-2 маркийн гар утсыг ... авсан гэж манай охин ..., ...э болон манай дүүгийн хүүхэд ... нар хэлсэн...” гэж үйл баримтыг зөрүүтэй мэдүүлсэн, насанд хүрээгүй гэрч Б.... “...А....ийн утсыг авч явсан зүйл болоогүй, анх удаа сонсож байна...” гэж мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэгт дурдсан үйл баримтын зөрүүг гаргаагүй, насанд хүрээгүй хохирогч ямар дугаартай утас ашиглаж байсан, ярианы лавлагааг шалгаагүй болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн насанд хүрээгүй хохирогчийн гар утас авсан нь хангалттай нотлогдоогүй гэх үндэслэлийг улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ үгүйсгээгүй болохыг дурдаж байна.
Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай шаардлагатай нотлох баримтыг шалгасан ч шүүгдэгч Ц....ын гэм бурууг эргэлзээгүй байдлаар нотлоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Ц....ын насанд хүрээгүй хохирогч А....ийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:
Хохирогч П....т эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн нь түүний мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Мөн хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П...од 9 сарын хугацаагаар, шүүгдэгч Ц....ад 8 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.
Өмгөөлөгч нар нь шүүгдэгч нар гэм буруугийн тал дээр маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч П..., Ц.... нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин шүүгдэгч нарын үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч П..., Ц.... нарт холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хамаарах бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь үйлдсэн гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан тэдгээрийг нийгмээс тусгаарлан хорих ял эдлүүлэх шаардлагагүй байх тул мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц....ыг насанд хүрээгүй хохирогч А....ийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ...гийн ..., ...ын ... нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П..., Ц.... нарт хорих ял оногдуулахгүйгээр, тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгч нарт хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П..., Ц.... нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтооолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР