Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 28

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                Б.Батзориг

                      Шүүгчид                               Л.Амарсанаа

                                                                  Г.Давааренчин

   Оролцогчид:

              Нэхэмжлэгч Д.Мөнхтөр

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 210 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор Д.Мөнхтөрийн нэхэмжлэлтэй Д.Оюунцэцэгт холбогдох “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.600.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг  2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхтөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Д.Мөнхтөр миний бие 2015 оны 06 сарын 22-ны өдөр Д.Оюунцэцэгтэй харилцан тохиролцооны үндсэн дээр 8.000.000 сая төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “Сайхан бужир” ХХК-ний эзэмшлийн Сэлэнгэ аймаг Сайхан суманд байрлах 000313343 тоот дугаартай 1050 мк2  биеийн тамирын талбайн зориулалттай газар, Сэлэнгэ аймаг Сайхан суманд байрлах 0120327 тоот дугаартай 4 га хүүхдийн зуслан, амралтын газар, мөн компанийн өмчлөлийн Ү-1310001409 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р багийн нутагт орших “Эрдмийн ундраа” лицей сургуулийн зүүн талд байршилтай, үйлчилгээний зориулалт бүхий 56 мк2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан юм. Гэвч Д.Оюунцэцэг нь зээлж авсан 8.000.000 сая төгрөгийг зээлийн гэрээний хугацаа 2015 оны 08 сарын 21-нд дуусахад эргүүлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрээд байгаа тул Д.Оюунцэцэгт зээлдүүлсэн 8.000.000 сая төгрөг болон зээлийн хүү 1.600.000 төгрөг бүгд 9.600.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Мөнхтөр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний мөнгийг аваад жил гаран болсны дараа 1.600.000 төгрөгийг авахад надад харамсалтай байна. Гэрээн дээр заасан заалтанд баригдаж байгаа болохоос биш энэ хүний ээж, энэ хүүхэд сүүлдээ олдохоо байгаад ээж нь над руу яриад битгий санаа зовоо чиний мөнгийг тоо ёсоор нь өгнө, хаана хаанаа хэцүү байна, мөнгө төгрөг орж ирэхгүй байна гээд ярьсан бичлэг миний утсанд байгаа. Би хуульд зааснаар 2 сарынхаа хүүг нэхэмжилж байна. Тэрнээс биш энэ хүүхдээс болж машинаа ломбарданд тавиад мөнгийг нь төлж явж байгаа мөнгийг нэхэмжлэх эрх надад байгаа гэж бодож байна. Надад тавиагүй юм гэж бараг байхгүй. Хэрэв энэ бүгдийг дахиад нэхэмжлээд гаргаад ирье гэвэл энэ хүүхдээс дахиад 3.000.000 төгрөг нэхэмжлэх байсан. Харин тэгээгүй энэ нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний 9.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хүүхдийн барьцаа хөрөнгө байгаа. Миний мөнгийг гаргаад өгчихвөл барьцаа хөрөнгийг нь буцаагаад өгнө... Америкаас ирээд жил гаран болж байхад энэ хүнтэй танилцаад намайг хүнд мөнгө зээлүүлдэг ажилд оруулсан хүн нь энэ хүн. Оюунцэцэг надад тусладаг байсан юм. Цалин мөнгөний асуудал дээр тохирсон юм байхгүй. Оюунцэцэг нь мөнгө зээлэх хүн олж надад зуучилдаг байсан юм...” гэжээ.

Хариуцагч Д.Оюунцэцэг хариу тайлбар болон анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...2015 оны 06-р сарын 13-ны өдрөөс 2015 оны 10-р сарын 30-ны өдөр хүртэл энэ хүний дор ажиллахдаа авсан мөнгөнийхөө хүүг цалингаараа төлж явж байсан. Тухайн үед би зээлийн хүүгээ яаж хийсэн тухайгаа энэ хүнд тайлбарлаж өгч байсан. Одоо би энэ хүнээс цалингаа нэхэмжлэх юм бол 7.300.000 төгрөг нэхэмжлэх боломжтой юм байна лээ. Тэгэхээр би энэ мөнгийг цалингаараа төлсөн байх үндэслэл байгаа. Би энэ хүнд нэг хүний мөнгө гаргаж өгөөгүй байгаа тэрийг хасаад 5.000.000 төгрөгийн цалин өгсөн. Тийм болохоор би 9.600.000 төгрөгөөс 5.000.000 төгрөг хасуулж байж энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө. Үүнийг батлахын тулд нотариатчины бичиг баримт шүүхийн бичиг зэрэг байхад нотлох боломжтой...Би энэ хүнд зүгээр туслаагүй бид хоёр олсон ашгийнхаа 3/1 хувийг авна гэж тохирсон. Би энэ хүнд цэвэр 9.600.000 төгрөг өгөх ёсгүй. Яагаад гэхээр миний цалин гэдэг зүйлээр надаас 5.000.000 төгрөгийг зүгээр авсан. Одоо болохоор намайг хуурсан, мэхэлсэн гэж байна. Харин миний авах ёстой мөнгө хаашаа ороод байсан бэ? гэдгийг би ойлгохгүй байгаа. Энэ 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг бид хоёр хийсэн нь үнэн. Би 8.000.000 төгрөгийг авсан. Гэхдээ би хүлээн зөвшөөрөхгүй байна. Цалингаасаа хасуулж байж би хүлээн зөвшөөрнө. Би хүн олж өгч энэ хүн мөнгө хүүлдэг байсан. Би энэ хоёр хүнээс яагаад мөнгө авсан гэхээр энэ хүн надад ямар ч мөнгө өгөөгүй учраас би авсан. Би 5.000.000 төгрөгийн цалинг саяны хоёр гэрээ баталж байна... Мөнхтөртэй олсон ашгийнхаа 3/1 хувийг авна гэж тохиролцсон талаарх ямар ч баримт байхгүй. Хүн мэдээж зүгээр ажиллана гэж байхгүй. Олсон ашгийнхаа 3/1 хувийг чи аваа гэж хэлсэн би за гэж л хэлсэн. Энэ хүн бүх оролцоог хийгээд намайг амьдралгүй болгосон, тэгээд дээрээс нь надаас мөнгө нэхэмжилж байна. Би энэ хүнд нэг ч төгрөг өгөхгүй давж заалдана. Яагаад намайг доромжлох ёстой юм. Манай ээжийг хүртэл элдэвээр хэлсэн байсан. Гэхдээ би энэ хүний талаар ганц ч байгууллагад хандаагүй. Яагаад гэхээр жоохон ч гэсэн уужуу сэтгэл гаргах болов уу?, миний өгч байгаа мөнгөнөөс хасах болов уу?, ямар нэгэн байдлаар хандах болов уу? гэж бодсон. Энэ хүн намайг байнга дарамталдаг. Дарамттай болохоор нь би эвлэрүүлэн зуучлахаар ороогүй. Цалингийн хувьд бол тухайн үедээ бид хоёр аман гэрээ хийгээд өнгөрсөн. Би энэ хүний төлөө зүтгэсэн нь миний хийсэн алдаа байх. Одоо бол би цаашаа заргалдана нэр төрөө олж авна...” гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 210 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Д.Оюунцэцэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.600.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мөнхтөрд олгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 168.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунцэцэгээс 168.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

-Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар хариуцагч Д.Оюунцэцэг шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох Сайхан бужир ХХК-ийн эзэмшлийн 000083279 тоот Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутагт орших Эрдмийн ундраа лицей сургуулийн зүүн урд талд үйлчилгээний зориулалттай 56м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Сайхан Бужир ХХК-ийн эзэмшлийн 0120327 тоот Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт орших хүүхдийн зуслан, амралтын газрын зориулалттай, 4 га газар, Сайхан бужир ХХК-ийн эзэмшлийн 000313343 тоот Сэлэнгэ аймгийн Сайхан суманд орших Эрдмийн ундраа лицей сургуулийн зүүн залгаа биеийн тамирын талбайн зориулалттай 1050м2 үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  

“...Миний бие нь 2015.08.22-нд мөнгөө төлж чадаагүй учир цалингаараа төлье гэж аман гэрээ хийсэн. Би Мөнхтөртэй 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хамтран ажиллахдаа Мөнхтөрөөс нэг ч удаа цалин гэж авч байгаагүй бөгөөд цалингаараа төлөөд явж байна гэж ойлгож байсан. Учир нь Мөнхтөр нь мөнгө хүүлдэг, мөнгө хүүлэх хүмүүсийг би өөрөө олж, зуучилдаг байсан. Би тэр үед Мөнхтөртэй олсон ашгийнхаа 3/1 хувийг авна гэж тохиролцсон ба түүнд итгэж ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Би цалингаасаа суутгуулж байна гэсэн ойлголттой өдийг хүрсэн. Мөнхтөр ч өөрөө тийм ойлголттой байсан. Тийм ч учраас надаас мөнгө төгрөг авъя гэж нэхэмжилж байгаагүй юм. Гэтэл бидний хоорондын өчүүхэн маргаанаас болж, надад өш санаж, ажлын гэрээ байгуулаагүй, хууль мэдэхгүйг минь далимдуулж байгааг ойлгохгүй байна. Надад одоогоор мөнгө төлөх боломж байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн 210 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Хариуцагчийн миний талаар гаргаад байгаа гомдол нь зээлийн гэрээтэй хамаагүй асуудал юм. Би хариуцагчтай байгуулсан барьцааны гэрээгээ нотариатаар батлуулсан,

улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэв.

Үндэслэх нь:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас эрх зүйн маргаан үүссэн гэж үзэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болгон шийдвэрлэсэн нь зөв боловч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Учир нь: Хэргийн материалыг судлан үзэхэд хариуцагч Д.Оюунцэцэг нь нэхэмжлэгч Д.Мөнхтөрөөс  2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 8.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд  “Сайхан бужир” ХХК-ны үйлчилгээний зориулалттай 56мкв талбай бүхий  барилга, 4 хүүхдийн зуслангийн зориулалт бүхий 4 га газар, сургуулийн биеийн тамирын зориулалт бүхий 1050м2 талбай бүхий газар зэргийг тус тус  барьцаалуулжээ.

Хэргийн зохигчид 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр барьцааны гэрээ   байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн боловч уг барьцааны гэрээг улсын бүртгэлд  бүртгүүлээгүй  байна.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1., 156.2.-д  зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй бол мөн хуулийн 156 дугаар зүйлийн  156.3-т  барьцааны  гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж зааснаас дүгнэхэд зохигчид зээлийн гэрээний үүргийг хангуулахаар байгуулсан барьцааны  гэрээгээ  улсын бүртгэлд бүртгүүлэх  хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул тэдгээрийн хооронд байгуулсан барьцааны  гэрээ нь  хүчин төгөлдөр бус бөгөөд  нэхэмжлэгч Д.Мөнхтөрд барьцаагаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрх үүсэхгүй юм.

Хэдийгээр зохигчид барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй боловч шүүх эрх зүйн хувьд  талуудын хооронд байгуулсан гэрээ нь  хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийх үүрэгтэй.

Гэтэл шүүх зохигчид маргаагүй гэсэн үндэслэлээр талуудын хооронд байгуулсан гэрээнд эрх зүйн дүгнэлт огт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн,  нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаарлагаас хальж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг  хариуцагчийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь  хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар дээрх алдааг залруулах боломжтой байна гэж үзлээ.

Хариуцагч Д.Оюунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Д.Мөнхтөрийн мөнгө зээлэх ажилд туслаж хамтран ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэсэн ажлынхаа 3/1 хувийг авч байхаар тохиролцож, 3 сарын хугацааны ашиг 5.000.000 төгрөгийг түүнээс авсан зээлийн төлбөрт суутгуулах ёстой байсан гэж тайлбарладаг боловч энэхүү татгалзлаа нотлоогүй, хамтран ажиллах тухай болон хөлсөөр ажиллах тухай хэлцэл  хийсэн эсэх, ажлын хөлсөө хэрхэн тооцохоор тохирсон талаар шүүхэд нотлох баримт ирүүлээгүй  тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.–т заасан “…нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үйгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж, түүний давж заалдах шатны шүүхэд  гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Сайхан  сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 сарын 24-ний өдрийн 210 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг

“Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 -т зааснаар хариуцагч Д.Оюунцэцэгээс 9.600.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мөнхтөрд олгосугай.” гэж өөрчлөн,

3 дахь заалтыг  хүчингүй болгож,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                  Г.ДАВААРЕНЧИН