Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч О.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.У-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 01 сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр багт оршин суух, Б овогт О.У,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч О.У нь 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 133 дугаар байрны гадна талын зогсоол дээр байсан Б ХХК-ний эзэмшлийн ... улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын хаалгыг хөлөөрөө өшиглөж, гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.У мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хотоос ирсэн найзтайгаа хамт караоке орж архи ууж байгаад шөнийн 01 цаг өнгөрч байхад манай найз надаас салаад явсан. Тэгээд би гэртээ харих гээд 133-р байрны гадаа ирэхэд ... улсын дугаартай улаан хүрэн өнгийн машин орцны хаалга бараг таглах шахуу тавьсан байсан болохоор нь уг машины жолоочийн эсрэг талын хаалгыг хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгтэл нээх удаагүй машинтай цагдаа нар ирж цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд орсон. Би О.А гэх жолоочид хохирол мөнгө төлөөгүй. Маргааш нь машины эзэн хонхойсон хаалгаа цаанаас нь түлхээд янзалсан байсан. О.А гэх жолооч нь санал гомдол байхгүй надад нэхэмжлэх зүйл байхгүй бид хоёр хоорондоо тохиролцсон юм гэв.     

Хохирогч О.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б ХХК-ний Замын-Үүд сум дэх салбарт ажилладаг. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... оршин суудаг. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны орой 21 цаг орчим ажлаасаа буугаад гэртээ ирж амарсан. Ажлаасаа буугаад гэртээ ирэхдээ манай байрны гадаа байдаг автомашины зогсоол дүүрсэн байхаар нь манай байрны өөдөөс харсан 133 дугаар байрны гадна талын зогсоол дээр би ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашинаа байрлуулан тавьсан. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний 02 цаг 30 минутын орчим гэртээ унтаж байсан чинь “... машины жолооч гараад ир” гээд нэг эрэгтэй хүн орилоод байхаар би цонхоороо харсан чинь үл таних согтуу эрэгтэй хүн миний жолооддог ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200маркийн бор өнгийн автомашины зүүн талд орилоод зогсож байсан. Тэгээд 133 дугаар байрны орцноос ээж нь бололтой эмэгтэй хүн гарч ирээд миний машины хажууд зогсож байсан согтуу залууг “боль” гэж хориход тэр согтуу залуу орцноос гарч ирсэн эмэгтэй хүний өөдөөс эсэргүүцэл үзүүлээд байж байхад нь 133 дугаар байрны орцноос аав нь бололтой эрэгтэй хүн гарч ирээд тэр согтуу залууг хориход миний машины жолоочийн хаалгыг 1 удаа өшиглөсөн. Тэр согтуу залуу миний машины жолоочийн хаалыг өшиглөхөөр нь би Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэсрүү дуудлага өгсөн. ... улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 маркийн бор өнгийн автомашин миний ажилладаг Б ХХК-ний эзэмшилд байдаг. Би ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн бор өнгийн автомашиныг албан хэрэгцээндээ хэрэглэдэг. Миний жолооддог ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн бор өнгийн автомашины жолооч талын хаалгыг өшиглөж гэмтээсэн согтуу залууг танихгүй. ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн бор өнгийн автомашины жолооч талын хаалгыг М ХХК-иар дамжуулан Япон улс руу захиалсан. Хаалга захиалга өгөхөд бүх тээврийн зардал, ажлын хөлс нийлээд 2,530,198 төгрөг болсон. Энэ бүх зардлыг байгууллагаас гаргасан. А ХХК-ний гаргасан үнэлгээтэй танилцлаа. Энэ үнэлгээ засварын газрын үнэлгээгээр гаргасан байх шиг байна. Үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хохирлоо нэхэмжилнэ” гэжээ. /хх-ийн 19-20/

Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: О.У бол миний том хүү бөгөөд Замын-Үүд сумын 1 дүгээр багт ганцаараа амьдардаг. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 00 цаг өнгөрч байхад манай эхнэр Э-н даралт ихсээд байхаар нь би хүү У-н ... дугаарын гар утас руу залгаж ээжийнх нь даралт ихсэж байгаа талаар хэлсэн. Том хүү О.У-тай гар утсаар нь холбогдон ярьж дуусаад 10 орчим минутын дараа түргэн дуудаж эхнэр Э-н биеийг үзүүлье гээд байж байсан чинь миний том хүү О.У ирсэн. О.У манай гэрт орж ирэхээсээ өмнө байрны гадаа нэг машины дугаарыг хэлээд “жолооч нь байна уу” гэж зөндөө хашгирч байсан. Тэгээд гэрт орж ирэхдээ “орцны чинь үүдэнд машин тавьсан байна” гэж хэлж байсан ба удалгүй араас нь цагдаа нар орж ирээд миний хүү О.У-г авч явсан. Тухайн үед манай хүү О.У орж ирэхдээ жаахан халамцуу байсан. Миний том хүү О.У нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 00 цаг өнгөрч байхад манай байрны үүдэнд байсан машины хаалгыг хонхойлгосон хэрэгт шалгагдаж байгаа гэж хэлж байсан гэжээ. /хх-ийн 35-36/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/

А ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 05-06/

Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл /хх-ийн 14/

Б Трейд ХХК-ны 2019 оны 38а/2-503 дугаартай хууль ёсны төлөөлөгч томилсон албан тоот, хохирогч байгууллагын Улсын бүртгэлийн 00051527 дугаартай гэрчилгээ /хх-ийн 15, 31-32/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 37, 49/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 41/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 52-53/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч О.У нь 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 133 дугаар байрны гадна талын зогсоол дээр байсан Б ХХК-ний эзэмшлийн ... улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын хаалгыг хөлөөрөө өшиглөж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 998,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч О.А “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний 02 цаг 30 минутын орчим гэртээ унтаж байсан чинь ... машины жолооч гараад ир гээд нэг эрэгтэй хүн орилоод байхаар би цонхоороо харсан чинь үл таних согтуу эрэгтэй хүн миний жолооддог ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн бор өнгийн автомашины зүүн талд орилоод зогсож байсан. Тэгээд 133 дугаар байрны орцноос ээж нь бололтой эмэгтэй хүн гарч ирээд миний машины хажууд зогсож байсан согтуу залууг боль гэж хориход тэр согтуу залуу орцноос гарч ирсэн эмэгтэй хүний өөдөөс эсэргүүцэл үзүүлээд байж байхад нь 133 дугаар байрны орцноос аав нь бололтой эрэгтэй хүн гарч ирээд тэр согтуу залууг хориход миний машины жолоочийн хаалгыг 1 удаа өшиглөсөн. Хохирлоо нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, гэрч Ц.О “...Тухайн үед манай хүү О.У орж ирэхдээ жаахан халамцуу байсан. Миний том хүү О.У нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 00 цаг өнгөрч байхад манай байрны үүдэнд байсан машины хаалгыг хонхойлгосон хэрэгт шалгагдаж байгаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, А ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ автомашин техникийн үнэлгээний тайлангаар 998,000 төгрөгөөр үнэлэгдсэн зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.У-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрч Ц.О “...Тэгээд гэрт орж ирэхдээ орцны чинь үүдэнд машин тавьсан байна гэж хэлж байсан ба удалгүй араас нь цагдаа нар орж ирээд миний хүү О.У-г авч явсан. Тухайн үед манай хүү О.У орж ирэхдээ жаахан халамцуу байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болгон авч үзлээ.

Шүүгдэгч О.У нь хохирол төлөөгүй, өрхийн орлого тодорхойгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг цагаан сарын дараа төлнө гэх боловч хаана ямар ажил хийдэг нь тодорхойгүй, нийгмийн даатгал, хүн амын орлогын татвар төлсөн баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн хохирогч байгууллагтай хохирол төлөхөө илэрхийлж тохиролцсон баримт хэрэгт алга. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд түүнийг хохиролыг төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй юм. Иймд түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 998,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.У-с 998,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б ХХК-нд олгосугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        Э.Б