Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 0143

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б....д холбогдох эрүүгийн 1908 05694 0030 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, “...” гар утасны засварын төвд гар утасны засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Дархан овгийн ...ы ... /РД:.../

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр Ж....г “надтай барьцаж, хамт архи уулаа, аав, ээжийг минь хэл амаар доромжлолоо” гэх шалтгаанаар, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Ж....гийн мэдүүлэг /хх19-23, 85-88/, гэрч Б....гийн мэдүүлэг /хх32-35/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12985 дугаартай дүгнэлт /хх28-29/, шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг /хх92-94/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх41-49/, Б....ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх60/, ял шалгасан хуудас /хх84/, Б....ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх78-81/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Б....ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Ж....гийн “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бид хоёр найз ...гийн гэр очиж юм ярьж суунгаа архи хувааж уусан. Тухайн үед би маш их согтсон. Тэгээд ...ын төрсөн дүү ...ыг дуудаж машинаа бариулахаар болсон. Намайг хувцсаа өмсөж байхад ... гаднаас орж ирээд хурдан хувцсаа өмс гээд уурлаад байсан. Бид нар ...гийн гэрээс гараад машин руу алхаж ... надтай барьцаж архи уулаа гээд уурлаад байхаар нь яадаг юм, би нэг өдөр архи ууж болохгүй юу, буцаж ороод ...гийн эхнэртэй хамт гэртээ архи уулаа гэж хэлсэн. Бид хоёр маргалдаж явсаар байгаад гэртээ ирэхэд миний нүүр рүү гараараа 4 удаа цохиж, багалзуурдан зодсон... ... салгасан. Тэгтэл дахин түлхэж унагаагаад цохиод байсан...” гэх мэдүүлэг, /хх19-23, 85-88/

2. Гэрч Б....гийн “...... эгч, ... ах хоёр гэртээ орж ирээд маргалдаад ... эгч ахыг чи янханы хүүхэд, нохойн гөлөг гэх зэргээр хараагаад ах руу сандал шидсэн. Ах уурлаад зөрүүлээд нүүр хэсэгт нь 2-3 удаа алгадсан. Энэ үед ахыг боль гэж хэлээд очоод салгасан” гэх мэдүүлэг /хх32-35/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12985 дугаартай “Ж....гийн биед духны зүүн хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи болон баруун, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн хөхлөг сэртэнгийн хуйх, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцралт, цус хуралт, тархи доргилт, дээд уруулын дотор салстын дун хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүн урд дээд зүүн хэсэг, хүзүүний баруун урд доод хэсгүүдэд цус хуралт, цээжний зүүн дээд хэсэгт зулгаралт, зүүн бугалганы гадна дунд хэсэг, зүүн шууны гадна дээд хэсэг, баруун шууны дотор дунд хэсэг, бүсэлхий нурууны ар хэсэг, зүүн шилбэний дотор дээд хэсэг цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх28-29/

4. Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн: “...Ж....гийн биед учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Хохирогчийн биед учирсан духны зүүн хэсэг баруун нүдний дээд доод зовхи болон баруун, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зүүн хөхлөг сэртэнгийн хуйх, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцралт, цус хуралт, тархни доргилт, гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх92-94/

5. Б....ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нисэхэд гэр нь байдаг найз ...гийн гэрт эхнэр хүүхдүүдийн хамт очиж ...гийн эхнэрийн хамт 1 шил архи уусан. Тэгээд 23 цагийн үед ...г дуудаж машин бариад бид нарыг хүргээд өг гэсэн. Удалгүй дүү ирээд бид нар явах гэж байхад эхнэр ... согтоод найзуудад хандаж манай хадмууд ядуу хүмүүс байдаг гээд байсан. Би хүүхдүүдээ гаргаж машинд суулгаад ...тай хамт үлдээгээд эхнэр ...г гаргаж ирсэн. Тэгтэл замдаа ... чи намайг чөлөөтэй байлгасангүй нэг өдөр архи уулгуулсангүй гээд байсан. ...Бид нар гэртээ ирээд хүүхдүүдээ оруулаад байж байхад ... агсарсан хэвээр байхаар нь чи болиоч гээд уурласан. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад миний цээж, гар хэсгээр маажаад танай ээж чинь янхан гэхээр нь уур хүрээд зөрүүлээд нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон. Энэ үед дүү салгах гэхээр нь би дүүгээ загнаад ход гээд би ...тэй зууралдаж байгаад салсан” гэх мэдүүлэг /хх78-81/

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр Ж....г “надтай барьцаж, хамт архи уулаа, аав, ээжийг минь хэл амаар доромжлолоо” гэх шалтгаанаар, маргалдан зодсон болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б....ын үйлдлийн улмаас хохирогч Ж....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12985 дугаартай “Ж....гийн биед духны зүүн хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи болон баруун, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн хөхлөг сэртэнгийн хуйх, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцралт, цус хуралт, тархи доргилт, дээд уруулын дотор салстын дун хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүн урд дээд зүүн хэсэг, хүзүүний баруун урд доод хэсгүүдэд цус хуралт, цээжний зүүн дээд хэсэгт зулгаралт, зүүн бугалганы гадна дунд хэсэг, зүүн шууны гадна дээд хэсэг, баруун шууны дотор дунд хэсэг, бүсэлхий нурууны ар хэсэг, зүүн шилбэний дотор дээд хэсэг цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Мөн хохирогч Ж...., шүүгдэгч Б.... нар нь 2014 онд гэр бүл болсон дундаасаа 3 хүүхэдтэй бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, гэр бүл бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.... нь хохирогч Ж....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно. 

Хохирогч Ж.... нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сайн дураараа эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б....ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч Б....ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...ы ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б....д 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.... нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.МӨНХБААТАР