| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0029/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга О.Ү
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.А-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, БНХАУ-ын Хөх хот Багшийн Их Сургуулийн Хот төлөвлөлтийн ... курсийн оюутан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 3-р хороонд оршин суух хаягтай, Б овогт Б.А,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 12 сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Өргөн төмөр замын Гаалийн хяналтын бүсээр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын 34 дүгээр галт тэрэгний 447 дугаартай вагоны ... дугаар купенд зорчиж явахдаа Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 216,1 кг хөлдөөсөн түүхий малын махыг хар өнгийн 59 ширхэг уутанд хийж савлан галт тэрэгний дээд талын люкны хэсэгт нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбартаа: Би өөрийн авч явсан малын махыг гаалийн мэдүүлэгийн хуудаст мэдүүлээгүй. Хилээр нэг хүнд 5 кг-аас дээш мах авч болдоггүй гэхээр нь мэдүүлээгүй юм. Уг малын махыг манай ээж Ц намайг галт тэргээр 2019 оны 12 сарын 20-ны өдөр ирэхэд 20 кг жинтэй хонины мах өгсөн. Мөн Хөх хотод сурдаг А, Т, таньдаг эгч Э нарын захисан 100 кг орчим махыг гэрээсээ аваад явсан. БНХАУ-ын Хөх хотод эхнэр болон 3 хүүхдийн хамт сурч амьдарч байгаа, 2020 оны 07 сар хүртэл тэнд амьдрах болохоор өөрийн хэрэглээнд малын мах авч явсан. Энэ үйлдэлдээ гэмшиж байгаа гэжээ. /хх-ийн 52-54/
Шүүгдэгч Б.А шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Миний хийсэн хэрэг үнэн учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбартаа: Би томилогдсон хувиарийн дагуу 2019 оны 12 сарын 21-ний өдөр Улаанбаатар-Хөх хотын 477 дугаар суудлын вагонд Гаалийн хяналт шалгалт хийсэн. Вагон руу ороход тус вагоны 2 үйлчлэгч бүх зорчигчдод Гаалийн товч мэдүүлэг буюу деклараци тарааж өгсөн байсан. Би гаалийн хяналт шалгалт хийхдээ зорчигч тус бүрээс гаалийн товч мэдүүлэг авч шалгахад хориглосон хязгаарласан бараагүй гэж мэдүүлсэн. Шалгах зорчигчийн гар цүнх болон тээшинд хориглосон хязгаарласан бараа байхгүй байсан. Ингээд Тагнуул болон Хилийн цэргийн ажилтнуудтай хамт вагоны эд ангийг шалгахад эд ангиудыг лацадсан байсан. Онгойлгон шалгахад люкны дээд талаас жижиг уут, гар цүнхэнд савласан үхэр болон хонины махнууд гарч ирсэнийг хойшлуулашгүй ажиллагаа явуулан эд зүйлийг хураан авч тэмдэглэл хөтлөн уг махыг авч явсан ... дугаар купены зорчигч Б.А гэдэг хүнээс мэдүүлэг авсан гэжээ. /хх-ийн 34/
Нийслэлийн мал эмнэлгийн газрын шинжээчийн дүгнэлт: 1.Хураагдаж ирсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Манай лабориаторын итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу мэдрэхүйн эрхтэний шинжилгээ, чанах сорилоор шинжилгээ хийхэд Хонины мах гэдэг зүйл нь Хонины мах, Үхрийн мах гэдэг зүйл нь Үхрийн мах болохыг тодорхойллоо. 3.Дээрхи дээжинд МЭАЦМШ-г MNS 1161:2002, 4373:96 MNS ISO 2917:2000 стандартаар шинжилгээ хийхэд стандартын шаардлага хангаж байна. Шинжилгээний дүнг хавсралт 1-д хавсаргав /хх-ийн 37-38/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-26/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 27/
А ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 42-44/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 50-51/
Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-67/
Галт тэрэгний 34-р вагонд зорчигчдын лавлагаа, мэдээний хуудас, зорчигчийн гаалийн мэдүүлэг /хх-ийн 80-83/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 86/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 2020 оны 12 дугаартай тогтоол /хх-ийн 90/
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 13 дугаартай санал /хх-ийн 95/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 12 сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Өргөн төмөр замын Гаалийн хяналтын бүсээр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын 34 дүгээр галт тэрэгний 447 дугаартай вагоны ... дугаар купенд зорчиж явахдаа Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хуулиар хязгаарласан бараа болох 216,1 кг хөлдөөсөн түүхий малын махыг хар өнгийн 59 ширхэг уутанд хийж савлан галт тэрэгний дээд талын люкны хэсэгт нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Наранцацралтын “Би гаалийн хяналт шалгалт хийхдээ зорчигч тус бүрээс гаалийн товч мэдүүлэг авч шалгахад хориглосон хязгаарласан бараагүй гэж мэдүүлсэн. Шалгах зорчигчийн гар цүнх болон тээшинд хориглосон хязгаарласан бараа байхгүй байсан. Ингээд Тагнуул болон Хилийн цэргийн ажилтнуудтай хамт вагоны эд ангийг шалгахад эд ангиудыг лацадсан байсан. Онгойлгон шалгахад люкны дээд талаас жижиг уут, гар цүнхэнд савласан үхэр болон хонины махнууд гарч ирсэнийг хойшлуулашгүй ажиллагаа явуулан эд зүйлийг хураан авч тэмдэглэл хөтлөн уг махыг авч явсан 7 дугаар купены зорчигч Б.А гэдэг хүнээс мэдүүлэг авсан” гэх мэдүүлэг, Нийслэлийн мал эмнэлгийн газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-26/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 27/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсийг зөвхөн Монгол улсын бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэж заасан бөгөөд Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зочирчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.2.3-д мал амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдийг зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй гэж заасан. Иймд шүүгдэгч Б.А-н авч явсан 216,1 кг хөлдөөсөн түүхий малын мах нь улсын хилээр нэвтрүүлэхийг хуулиар хязгаарласан бараа болох нь тогтоогдож байна.
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.А-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол, төлбөргүй болно. Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн хувьд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдсонгүй.
Эд мөрийн баримтаар хураагдсан 216,1 кг хөлдөөсөн түүхий малын мах нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын шинжээчийн дүгнэлтээр хонь болон үхрийн мах болох нь тодорхойлогдсон, түүнчлэн МЭАЦМШ-г MNS 1161:2002, 4373:96 MNS ISO 2917:2000 стандартаар шинжилгээ хийхэд стандартын шаардлага хангана гэжээ. Иймд А ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 42-44/-гаар 1,165,000 төгрөгөөр үнэлэгдсэн 163 кг хонины ястай мах, 50 кг үхрийн ястай хөлдөөсөн махыг улсын орлого болгох нь зүйтэй юм. Эд мөрийн баримт нь Төмөр зам дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд /хөлдөөгчид/ хадаглагдаж байгааг, шинжилгээнд дээж болгон хонь, үхрийн тус бүр 1 кг мах авсан болохыг дурьдав.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б.А-г хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1,165,000 төгрөгний үнэ бүхий 163 кг хонины ястай мах, 50 кг үхрийн ястай хөлдөөсөн махыг улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б