| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01458/И |
| Дугаар | 01422 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 01422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7-5 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ИЦ 65113012/, Хулууд овгийн Чойгоогийн Баттогтоход холбогдох
63,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016-10-11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Прокурор Э.Улаанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:Тус Цагдаагийн газрын баривчлах байранд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 10 хоног баривчлагдсан байр хоолны зардал 45,000 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Баттогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Баттогтох нь 2016 оны 03 дугаар сарын 23-нд тус аймгийн Цагдаагийн газрын ЭББ-нд 14 хоносон нь үнэн. Түүний зардал 63,000 төгрөг гарсан байна. тэр баривчлагдах өдөр Д.Х Оргодолхүүтэй маргалдсан гэж гавалчихаад баруун гуя руу удаа дараа өшиглөснөөс болж гуяны мах тасарч мэдрэлийн судас гэмтсэнээс болж суга таяганд орж суугаа доголон болсон. Өдийг хүртэл эмчлүүлсэн дахиад ч эмчилгээ шаардлагатай байгаа. Ийм учир төлбөрийг төлж чадахгүй гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Ч.Баттогтоход холбогдуулан Баривчлах байрны зардал 63,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.Баттогтох нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй тухай тайлбараа шүүхэд ирүүлсэн ч тайлбар татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 4 550 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ч.Баттогтохоос 63,000 төгрөг гаргуулан Орхон аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 4550 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН