| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0033/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга О.Ү
Улсын яллагч Ө.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Г-д холбогдох эрүүгийн .. тоот хэргийг 2020 оны 02 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үлээвэр хөгжимчин, мужаан сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 11 хороонд оршин суух, урьд нь Нийслэлийн шүүхийн ... оны ... сарын сарын ...-ний өдрийн ... дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 220 дугаар зүйлд зааснаар 5 жилийн хорих ял, Баянзүрх дүүргийн шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж 7 жил 9 сар 18 хоног хорих ял, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим хэсэг болох 6 сарын хорих ялыг нэмж 2 жилийн хорих ял, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 126 дугаар зүйлийн 126.2.6, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгний эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулж, 14 жил хорих ял шийтгүүлсэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 сарын 24-ний 94 дугаартай магадлалаар ялыг 7 жил 3 сар 13 хоногоор өөрчлөн тогтоож, 2019 оны 03 сарын 01-ний өдөр ялаа бүрэн эдэлж дуусаад суллагдсан, Б овогт Д.Г,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р багт оршин суух иргэн Ц.М-н байшинд цонхоор нь нэвтрэн орж эд зүйл хулгайлж 24,690,064 төгрөгний хохирол,
2019 оны 10 сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт оршин суух иргэн У.А-н байшинд цонхоор нь нэвтэрч эд зүйл хулгайлж 580,000 төгрөгийн хохирол,
2019 оны 10 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт оршин суух иргэн Ш.Ш-н байшинд цонхоор нь нэвтэрч эд зүйл хулгайлж 790,000 төгрөгийн хохирол,
2019 оны 10 сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт оршин суух иргэн Н.У-н байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 900,000 төгрөгийн хохирол,
2019 оны 10 сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт оршин суух иргэн Г.Н-н байшингийн цонхоор нь нэвтэрч эд зүйл хулгайлж 1,468,500 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 сарын 06-ны 15 цагийн үед надад Т “эхнэр байн байн залгаад бие нь өвдөөд эм тариа, бас бус зүйлийн мөнгөгүй болчихоод байна гэнээ, яах вэ, би мөнгө олмоор байна, хулгай хийж л мөнгө олохгүй бол тэнд нэг хүн өвчиндөө шаналаад хэцүү байна, та надад туслаад өгөөч” гэж гуйхаар нь би эргэлзэж байгаад зөвшөөрсөн. Тэгээд 17 цагийн үед манай дүү ганцаараа гарлаа гээд гараад явчихсан. Тэгэхээр нь би араас нь гарах гэж байтал Я надаас “хаа хүрэх гэж байгаа юм” гэж асуухаар нь “ойрхон айлд очиж цонхийг нь янзалж өгчихөөд ирье” гэж хэлээд гарсан. ...Төв саадны сандал дээр харахнуй болохыг хүлээж байгаад 18 цаг өнгөрөөгөөд баруун тийшээ явцгааж гэр хороололын дундуур явж байгаад гэрэлгүй урт цагаан байшин байхаар нь явж очоод бид 2 хашааг нь хаалган талаар нь давж ороод байшин дээр очоод цонхоор нь хартал хүн байгаа шинж байхгүй болохоор нь цонхийг нь манай дүү хөлөөрөө жийж онгойлгоод дотогш орсон ба ороод өлгүүрт байсан хар өнгийн богино ледринэн курткийг би авсан, цаад талын өрөөнд байсан модон хайрцгийг би онгойлготол хүрэн өнгийн их биетэй, улаан шар толгойтой хөөрөг 1 ширхэг байхаар нь тэрийг нь авсан. Өөрөөр тэр айлаас юу ч аваагүй.
2019 оны 10 сарын 07-ны орой 17 цагийн үед дүүгийн хамт дахиад гадагш гараад нэг уулын ард талд байх гэр хороолол дундуур явж байгаад гадуураа банзан хашаатай, хашаан дотроо 1 давхар цагаан саарал өнгийн гэрэлгүй байшин олсон. Тэр байшингийн хойд талд нь залгаа нэг айл байсан ба тэр айлын хашааны хаалгаар өнгийж хартал уг гэрэлгүй байшингийн цонх нь хойшоо харсан байсан. Явж очоод вакум цонхийг манай дүү хөлөөрөө жийж онгойлгоод дотогш манай дүү ганцаараа орсон. Харин би байшингийнх нь урд талын цонхон дээр очоод хүлээгээд байж байтал тэр цонхоор манай дүү мөнгө цуглуулдаг жижиг авдар өгөөд “энэ дотор байгаа мөнгийг нь авчих” гэхээр нь би онгойлгоод дотор байсан 50,100,500,1000 төгрөгний дэвсгэртүүд нийлээд нийт 28,000 төгрөг болж байсан. Харин дүү гарч ирэхдээ ташаагаар татсан богино, хар өнгийн 2 ширхэг товчгүй савхин куртка 1 ширхэг, 1 хос улаавтар өнгийн ээмэг зэргийг аваад гарч ирсэн. Өөр зүйл авсан талаараа надад хэлээгүй. Тэгээд шууд Я-н гэрт очсон.
2019 оны 10 сарын 08-ны орой 17 цагийн үед Я-т мөн л барилгын засвар хийнэ гэж хэлээд дүү бид 2 гарч явсан. урьд шөнө нь явсан газраараа явж байгаад мөн л гадуураа төмөр хашаатай, гэрэлгүй байшин олсон ба хашааны хаалга нь онгорхой 1 нохой байхаар нь бид 2 цаагуур нь буюу нохойгүй талаар нь хашааг нь давж орсон. Тэгээд уг байшинг ойртож очоод хартал гражтайгаа заргаа байшин байгаа харагдсан. Би харанхуй хэсэгт нь дүүг хүлээлгэж байсан. Харин манай дүү гражийн арын цонхны төмөр хаалтыг нь гараараа татаж салгаад вакум цонхийг нь хөлөөрөө өшиглөөд орсон. Тэгээд нээх удалгүй 5-10 минутын дараа гарч ирээд бид 2 тэндээс холдож байгаад авсан зүйлийг нь харахад 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг жижиг даавуун дайлантай ногоон хүрэн өнгийн, сүүлийн үеийн хятад хийцтэй хөөрөг 1 ширхэг, хоорондоо орооцолдчихсон гоёлын хуванцар, сувдан гинжнүүд зэргийг авсан байсан. Эдгээр эд зүйлүүдээс хэрэггүй юм байна гээд тэр гинжнүүдийг хаячихсан. Учир нь үнэ хүрэхээргүй хүүхдийн гэмээр гинжнүүд байсан. Мөн хөөрөгний давуун дайланг хаячихсан. Үлдсэн 2 мөнгөн аяга, 1 хөөрөг зэргийг аваад явсан.
Тэгээд баруун тийш явж байтал гурвалжин дээвэртэй 2 давхар улбар шар өнгийн гэрэлгүй байшинтай таарсан. Уг байшин нь гаднаа ямар нэг хашаагүй байсан. Тэгээд урдуур нь тойроод хартал ямар нэг хүн байгаа шинжгүй болохоор нь манай дүү хойд талын цонхыг нь мөн хөлөөрөө жийж онгойлгоод би дотогш ороод “хүн байхгүй байна” гэж хэлтэл дүү араас орж ирээд цонхон дээр хүн хараад үлдсэн. Би гал тоггоны тавиур дээр ил байсан 2 ширхэг мөнгөн аягыг авчихаад цонхон дээр очиход дүү зөрж яваад 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг ногоон өнгийн дайлантай, шар ногоон өнгийн судалтай хөөрөг зэргийг авсан. Тэгээд бид 2 гадагш гараад хэсэг явж байгаад 5 ширхэг мөнгөн яагаа эвдэж байгаад мөнгийг нь салгаж аваад тагшнуудыг тэндээ хаясан. Тэгээд харих гээд явж байтал цагдаа нар хүрээд ирсэн. Би гүйж байгаад бүдэрч унаад цагдаад баригдсан. Харин дүү маань зугтаагаад явчихсан гэжээ. /1-р хх-ийн 58-64/
2019 оны 09 сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос хөлсний унаанд суугаад Сайншанд суманд М, Б нарын хамт ирсэн. Тэгээд өдөр нь Б, М хоёрын хамтаар Номин дэлгүүрийн баруун талд байх дэлгүүрийн гадна талбай дээр архи ууцгаасан. Тэгж байгаад 17 цагийн үед тарцгаах гэтэл Б “мөнгөний ажил байнаа хамт явах уу” гэж асуухаар нь зөвшөөрөөд бид гурав хоёрдугаар сургуулийн хойгуур явж байгаад блокон шонтой төмөр сараалжин хашаатай, 2 давхар тоосгон улаан өнгийн гэрэлгүй байшин харагдахаар нь явж очоод урд талын баруун талын 1 давхарын цонхыг Б гараараа түлхэж онгойлгоод орсон. Би ч араас нь орсон. Харин М хүн хараад гадаа үлдсэн. Б дээшээ 2 давхар луу гараад би 1 давхараар явсан. Би 1 давхарын хөгшин настай хүн байдаг байж магадгүй гэмээр өрөөнөөс 1 хос годон гутал, модон авдарнаас жижгэвтэр хүрэн өнгийн улаавтар хөөрөг 1 ширхэг зэргийг авсан. Мөн тэр хавийн ганц нэг эд хогшлуудийг онгойлгож үзсэн. Тэгж байтал Б намайг дээд давхараас дуудсан. Тэгэхээр нь дээшээ гараад очтол бараан өнгийн жижиг төмөр сейфний хажууд зогсоод “энийг онгойлгоё” гэж хэлсэн. Тэгээд бид 2 тэр хавиар онгойлгочих юм хайж байгаад онгойлгосон. Тэгсэн Б хэсэг ухаж байгаад надад гаансны 2 толгой, 1 ширхэг гаансны соруул, 2 ширхэг хөөрөг зэргийг өгсөн. Мөн би 2 давхрын жижиг өрөөнөөс 1 ширхэг зургийн аппарад авсан. Тэгээд бид 2 буцаад гадагш гартал Б “юань, монгол мөнгө нийлсэн 1,300,000 төгрөг байна, энийг хуваая” гэж хэлээд бид 3 хуваасан. Надад тэрнээс дан монгол мөнгөөр 400,000 төгрөг өгсөн. Тэгээд үлдсэн байсан архиа бид 3 уунгаа нүүрс зардаг айлаас авсан куртка, хөөргийг нууж байсан газартаа зургийн аппарад, годон гутал хоёрыг нуусан гэжээ. /2-р хх-ийн 62-65/
Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний хийсэн хэрэг бүгд үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлөх гэж бусадтай бүлэглэж хулгай хийсэн гэж мэдүүлэг өгдөг байсан. Энэ бүх хулгайг би ганцаараа хийсэн. Хохирогч М-н гэрээс хулгай хийсэн эд зүйлээс 2 хөөрөгийг нь авч зарсан. Мөнгөнөөс нь 1,300,000 төгрөгийг авсан бусад эд зүйл, мөнгийг эзэнгүй хашаанд нуусан. Маргааш нь очиж авах гэтэл алга болсон байсан. М-с бусад хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. М-н хохирлыг төлж барагдуулна гэв.
Хохирогч Н.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 10 сарын 08-ны орой 20 цагийн үед гэртээ яваад очтол манай гэрт хулгай орчихсон байдалтай гадаа цонх нээлттэй байхаар нь гэрлүүгээ яваад ортол дотор байх тавилгануудын хаалганууд бүгд нээлттэй эмх замбраагүй байсан. 5/5-н хэмжээтэй 2 мөнгөн аяга, 140,000 төгрөгөөр ээж авч өгсөн 6/5-н хэмжээтэй том мөнгөн аяга, 2017 онд 390,000 төгрөгөөр Алтанговь худалдааны төвөөс авч байсан монетон бөгж 1 ширхэг, 40,000 төгрөгөөр авч байсан гоёлын ээмэг, зүүлт тус бүр 1 хос, 2018 онд манай аав БНХАУ-с монгол мөнгөөр 100,000 төгрөгөөр худалдаж авч байсан халтар манан хөөрөг 1 ширхэг, нийтдээ надад миний үнэлэж байгаагаар 800,000 төгрөгний хохирол учруулсан гэжээ. /1-р хх-21-23/
Хохиролд 900,000 төгрөгийг 2020 оны 02 сарын 10-нд авсан одоо санал гомдолгүй, хохирол бүрэн төлөгдсөн гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 120/
Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай гэр болох Дорноговь аймаг Сайншанд сум 6 дугаар багт байрлах манай байшингийн ертөнцийн зүгээр хойд талын цоожтой байсан вакум цонхыг хэн нэгэн хүн түлхэж онгойлгоод гэрийн гал тогооны шургууллагнаас шинэ цагийн 6-гийн хэмжээтэй ямар нэгэн хээгүй үйлдвэрийн хийцтэй мөнгөн аяга 2 ширхэг, 2008 онд манай нөхрийн өөрөө 3 лан мөнгө нэмүүлж хийлгэж байсан гар хийцний хээтэй 1 ширхэг 6-гийн хэмжээтэй хэрэглэж байсан мөнгөн аяга, том өрөөний зурагтны тавиур дээрээс гар аргаар зүү ороож хийсэн цэнхэр өнгийн улаан, ягаан хээтэй дайлантай байсан чац манан алтлаг судалтай 600,000 төгрөгөөр худалдан авч байсан шинэ цагийн дунд гарын хөөрөг мөн хөөрөгний дайлан дотор байсан 530 юань хамт хулгайлсан байсан. Нийт надад 1,494,050 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /1-р хх-ийн 81-82/
Хохирол 250,000 төгрөгийн үнэ бүхий дайлан, 600,000 төгрөгийн хөөргө, мөнгөн аяганы суурь 2 ширхэг, хуйлсан мөнгө 2 ширхэгийг цагдаагийн байгууллагаад хүлээн авсан. Үлдэгдэл хохиролд 2020 оны 02 сарын 10-нд 567,690 төгрөгийг бэлнээр авсан тул одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно гэжээ. /3-р хх-ийн 124/
Хохирогч Ш.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 сарын 07-ны өдрийн 16 цагийн үед эхнэрийнхээ ажил дээр очиж цай хүргэж өгөхөөр гэрээсээ гарч явсан юм. Тэндээсээ 18 цагийн үед гарч хүүгийндээ очиж ач нарыгаа харж байгаад оройн 21 цагийн үед гэртээ очсон. Тэгтэл манай байшингийн том өрөөний урд талын салхивч онгорхой байсан. Би гэртээ ороод гал тогооны өрөөрүү ороход мөн цонхоных нь салхивч онгорхой байсан. Би гэрийнхээ том өрөөрүүгээ орж үзэхэд эхнэрийн маань ээмэг бөгж гоёлын хэрэглэл хийдэг сав шалан дээр онгорхой хэвтэж байсан. Жижиг өрөөндөө орсон чинь өлгүүрт байсан хувцаснуудыг гаргаад тавьчихсан байсан. Би юмнуудаа бүртгэж үзэхэд эхнэрийн маань ягаан шигтгээтэй монетон бөгж нэг ширхэг, хосоороо алтан ээмэг, миний өмсдөг хар өнгийн савхин хүрэм болон задгай мөнгө хийж цуглуулдаг байсан хайрцагнаас 100, 50 дэвсгэрт голдуу бэлнээр 40,000 орчим мянган төгрөг байсан нь хулгайд алдагдсан байсан. Ягаан шигтгээтэй монетон бөгжийг манай эхнэрийн дүү Солонгос улсаас авч явуулсан байсан. А ХХК-аас гаргасан үнэлгээгээр нийт 750,000 төгрөгний хохирол учирсан гэжээ. /1-р хх-ийн 139-141/
2020 оны 02 сарын 19-нд бэлнээр үлдэгдэл 40,000 төгрөгийг авсан одоо нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэжээ. /3-р хх-ийн 137/
Хохирогч У.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 сарын 06-ны өдөр хувийн ажлаар Даланжаргалан сум руу яваад ирсэн юм. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй. 2017 оны 10 сарын 07-ны өглөө гэртээ ирсэн. Тэгтэл манай гэрт том өрөөний вакум цонх хагарчихсан байсан. Гэртээ орж үзээд манай гэрийн унтлагын өрөөнд хувцасны шкаф, хүүхдийн хувцас хийдэг тумбочка зэрэг тавилганууд онгорхой байсан. Мөн унталгын өрөөний маань зүүн талын ханыг дагуулж тавьсан байсан авдарны нугасыг хөшиж онгойлгосон байсан бөгөөд авдар дотор байсан 2 ширхэг хөөрөг, миний өмсдөг хар өнгийн хавар намрын савхин хүрэм алга болсон байсан. Би хоёр хөөрөгнийхөө нэгийг нь одоогоос гурван жилийн өмнө Улаанбаатар хотод Нарантуул захаас 100,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Энгийн хийцтэй зэс нуухтай хүрэн өнгийн гартааман хөөрөг байсан. Нөгөө хөөрөг нь эмэгтэй хүн барьдаг хүрэн өнгийн чулуун хөөрөг байсан. Савхин хүрмээ би гоёогийн нэрийн дэлгүүрээс 2 жилийн өмнө 250,000 төгрөгөөр худалдаж авсан. Би алдагдсан эд зүйлээ авсан үнээр нь үнэлнэ. Хулгай орохдоо вакум цонхыг маань хагалчихсан байсан. Хэрвээ хуулийн байгууллага манайд орсон хулгайчийг олж тогтоох юм бол вакум цонхоо бас төлүүлнэ гэжээ. /1-р хх-ийн 174-176/
Хохиролд 2020 оны 02 сарын 10-нд 580,000 төгрөгийг дансаараа алсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно. Хохирол бүрэн төлөгдсөн гэжээ. /3-р хх-ийн 122/
Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 09 сарын 25-ны 09 цагийн орчим над руу хадам ээж Д залган “манай гэрт хулгай орчихсон байна” гэж хэлсэн. Хадам ээжийг холбогдсны дараа би Хөвсгөл сумаас 10 цагийн орчим гарч Сайншандад 14 цагийн орчим ирэхэд цагдаа нар манай гэрт хэргийн газрын үзлэг хийж байна манайхаас алтан нуухтай, мөнгөн халбагатай бэсрэг манан хөөрөг, бөөрөн дээрээ хүний зурагтай алтан нуухтай оюу хавчуургатай даваа толгойтой, мөнгөн ултай, ам цагаан хулгана халбагатай мөнгөн гуурстай бэсрэг сүүжин болор хөөрөг, наамал шилэн даваа толгойтой, хууны жижиг шилэн хөөрөг, яст мэлхий хэлбэртэй мөнгөн хүрээтэй, ногоон оюу шигтгээтэй жижиг хөөрөг, том оюу шигтгээтэй, мөнгөн бугуйвч, бөгжний хослол, Сваровский шигтгээтэй ээмэг, бөгж, гинж кулон, улаан хүрэн өнгийн шигтгээтэй хуучны мөнгөн ээмэг, хуучны уламжлан ирсэн жижиг мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга, бэсрэг мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга, мэргэжлийн зургийн камер, байгалийн хаш чулуу /хагас өнгөлсөн/, шүрэн эрх, комендарский маркийн бугуйн цаг, рубин шигтгээтэй орос монетон бөгж, хүүхдийн мөнгөн шагай, энергийн шаргал өнгийн хар шигтгээтэй бөгж, хуучин цагийн гаансны соруул, цэнхэр өнгийн кулонтой мөнгөн гинж, хутга, цагаан өнгийн эмэгтэй хүний 36 размерийн годон гутал, БНХАУ-н 200 юань, бэлнээр 10,400,000 төгрөг, төмөр сейфийг эвдсэн байсан. Миний хувьд шинжээчийн дүгнэлттэй танилцсан уг дүгнэлтээр манай гэрээс хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ болох 14,215,000 төгрөг болсон байна. Бэлнээр 10,400,000 төгрөг алдагдсан түүнийг нэхэмжлэхээр 24,615,000 төгрөг болж байна. Мөн түүн дээр 200 юань алдагдсан тухайн үеийн ханшаар 398 төгрөг байсан гэж үзээд нийтдээ Монгол мөнгөөр 79,600 төгрөг болж байна. Тэгээд нийтдээ 24,694,600 төгрөгийн хохирол учирсан гэж ойлгож болно. Эдгээр хохирлоо би нэхэмжилнэ гэжээ. /1-р хх-ийн 216-218/
Гэрч З.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 сарын 08-ны өдөр Б бид хоёр С сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын сантехникийн ажлыг хийхээр өглөө гэрээсээ 08 цагийн орчимд гарч явсан. Тэгээд Б бид хоёр орой 23 цагийн орчимд ажлаа дуусгаад гэртээ иртэл гэрийн жижиг өрөөний цонх онгойчихсон, гал тогооны ком тавилгын хаалга үүдийг нээгээд дотор нь байсан эд зүйлсийг оролдоод эмх замбраагүй болгочихсон байсан. Том өрөөндөө ортол том өрөөний зурагтны ком тавилагны хаалга үүдийг онгойлгоод дотор нь байсан эд зүйлийг унагаагаад эмх замбраагүй болгочихсон байсан. Б тухайн үед гэрт байсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд гал тогооны шүүгэн дотор байсан 3 ширхэг мөнгөн аяга, зурагтны тавиур дээр байсан манан хөөрөг, дайлангийн хамт алдагдсан байна гэж байсан гэжээ. /1-р хх-ийн 86/
Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Сайншанд сумын 6 дугаар багт байдаг хашаанд наранцэцэг тарьсан юм. 2019 оны 09 сарын 25-ны өглөө 08 цаг 30 минутын үед ач хүү Б-г гэр рүү явуулахад буцаж ирэхдээ “манай гэрт хулгай орсон юм шиг байна” гээд хэлсэн. Тэгээд би өөрийн гэртээ очоод цагдаад мэдэгдсэн. 2019 оны 09 сарын 24-ний 14 цагт манай бэр М Хөвсгөл сум руу явсан. Мөн тус өдрийн 20 цагийн орчим манай ач охин Б ирж халуун сав авах гээд гэрт ирсэн. Түүнээс хойш хүнгүй байсан. Тэгээд өнөөдөр өглөө 08 цаг 30 минутад ирсэн. Манай гэрийн эд зүйлийг манай бэр М мэднэ гэжээ. /1-р хх-ийн 220/
Би 2016 оны 10 сарын 20-ноос мотоцикль, тос тосолгооны, авто сэлбэг гэсэн 3 нэр төрлөөр сэлбэгийн дэлгүүр нээж ажиллуулж өдийг хүртэл ажиллаж байна. Миний зээ охин С нь БНХАУ-руу суралцахаар явна гэхээр нь би өмнө цуглуулдаг байсан мөнгө өгнө гээд өөрийн сейфенд бэлэн мөнгөөр хадгалдаг байсан. Тухайн цуглуулсан мөнгө 10,000,000 төгрөг болсон байсан. Манай зээ охин БНХАУ-руу 2019 оны 08 дугаар сард сурахаар явсан тухайн үед нь С охины минь ээж, аав зардлыг өгөөд явуулсан би араас нь цуглуулсан мөнгө явуулна гэж ярилцаж байсан. Тэгээд л сейфендээ хадгалж байгаад хулгай ороход алдагдсан юм. Алдагдсан 10,000,000 төгрөг нь миний 3-4 жилийн хөдөлмөрөөсөө шимж цуглуулсан мөнгө юм. Би банкинд өөрийн мөнгө хийдэг юм тухайн хураасан мөнгө зээ охиндоо өгөх гэж байсан болохоор хадгалаад л байсан гэжээ. /3-р хх-ийн 75-76/
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай эхнэр М гэртээ очоод дотор нь байсан эд зүйлээ бүртгэж үзээд байшин дотор 2 давхарт байх том өрөөнд байсан хятад улсад үйлдвэрлэсэн хүрэн өнгийн төмөр сейфтэй байсан бэлнээр 10 сая төгрөг, мөн манай ааваас өвлөж ирсэн хаш соруул, 2 ширхэг чулуун хөөрөг, годон гутал 1 ширхэг, 4 ширхэг мөнгөн аяга, бас бус жижиг сажиг эд зүйл алга болсон байна гэж ярьж байсан. Сайншанд суманд миний өөрийн эзэмшлийн мотоциклийн сэлбэгийн дэлгүүр ажилладаг, тэр дэлгүүрийн орлогыг хуримтлуулж байсан юм. Миний өөрийн төрсөн эгчийн охин Н.С БНХАУ-ын Нанжин хотод сурч боловсордог, түүний сургалтын төлбөр болон бусад хэрэглээний зардалд өгөх гэж гэртээ сейфенд хадгалж, хуримтлуулж байсан юм гэжээ. /3-р хх-ийн/
Гэмт хэргийн талаарх амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 7, 73, 131, 164, 195/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 8-12, 74-78, 196-210/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 13-15/
А ХХК-ны үнэлгээний тайлан /1-р хх-ийн 32-34, 150-152, 245-249/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 01/144, 01/169, 01/161, 01/167, 01/02 дугаартай дүгнэлт /1-р хх 38-40, 43-45, 102-103, 239-240, 2-р хх-ийн 199-203/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол 1919003540182, 1919003600184, 1919003660207, 1919004100212, 1919003340003 дугаартай прокурорын тогтоол /1-р хх-ийн 55-56, 112-113, 156-157, 187-188, 2-р хх-ийн 58-60/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 65-68, 106-110, 124-126, 228-234/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 69, 127/
Х ХХК-ны хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 97, 183/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 117-123/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 132-135, 165-170/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5038, 01/133 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 5-7, 11-14/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 137/
Шүүгдэгчийн урьд шийтгүүлж байсан шүүхийн тогтоолууд /2-р хх-ийн 139-188/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 209/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 54, 85-90/
Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын 5/08, 5/09 дугаартай тогтоолууд /3-р хх-ийн 62-65/
Монгол банкны 2020 оны А/21 дугаартай албан тоот, Монгол банкнаас зарласан ханшийн хөдөлгөөн /3-р хх-ийн 78-81/
2019 оны 10 сарын мөнгө /металл, унци/-ийн ханшийн мэдээ /3-р хх-ийн 83/
Хохирол төлсөн баримтууд /3-р хх-ийн / зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р багт оршин суух иргэн Ц.М-н байшинд цонхоор нь нэвтрэн орж эд зүйл хулгайлж 24,690,064 төгрөгний хохирол,
2019 оны 10 сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт оршин суух иргэн У.А-н байшинд цонхоор нь нэвтэрч эд зүйл хулгайлж 580,000 төгрөгийн хохирол,
2019 оны 10 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт оршин суух иргэн Ш.Ш-н байшинд цонхоор нь нэвтэрч эд зүйл хулгайлж 790,000 төгрөгийн хохирол,
2019 оны 10 сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт оршин суух иргэн Н.У-н байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 900,000 төгрөгийн хохирол,
2019 оны 10 сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт оршин суух иргэн Г.Н-н байшингийн цонхоор нь нэвтэрч эд зүйл хулгайлж 1,468,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Ц.М, У.А, Ш.Ш, Н.У, Г.Н нарын мэдүүлэг, гэрч Л.Д, Б.С, З.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 8-12, 74-78, 196-210/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 13-15/, А ХХК-ны үнэлгээний тайлан /1-р хх-ийн 32-34, 150-152, 245-249/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 65-68, 106-110, 124-126, 228-234/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 69, 127/, Х ХХК-ны хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 97, 183/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 117-123/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 132-135, 165-170/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Г нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар буюу шөнийн цагаар цонхоор нэвтэрч эд зүйлийг хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Шүүгдэгч нь уг үйлдлийг хийхдээ гэм буруугын санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Г-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн хувьд:
Шүүгдэгч нь 2020 оны 02 сарын 10-ны өдөр хохирогч Н.У-т 900,000 төгрөг, У.А-д 580,000 төгрөг, Г.Н-д 567,690 төгрөг, Ш.Ш-т 790,000 төгрөгийн тус тус төлж барагдуулсан нь Х банкны орлогын мэдүүлэг, хохирогч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд түүнийг эдгээр хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Ц.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ өөрт учирсан 24,694,600 төгрөгийн хохирлоо нэхэмжилдэг. Гэмт хэрэг зүйлчлэгдэх үеийн юаны ханш нь Монголбанкны ханшийн хөдөлгөөнөөр /3-р хх-ийн 79/ нэг юань 375,32 төгрөгийн ханштай байсан болно. Иймд хохирогч Ц.М-н гэрээс алдагдсан 200 юаныг /200х375,32/ 75,064 төгрөгөөр тооцох нь зүйтэй болно. А ХХК-ны үнэлгээний тайлан /1-р хх-ийн 245-249/-гаар эд зүйлийн үнэлгээг 14,215,000 төгрөг, бэлэн мөнгө 10,400,000 төгрөг, 200 юань буюу 75,064 төгрөгийн нэмж нийт учирсан хохирлыг 24.690.064 төгрөгөөр тогтоосон. Иймээс хохирогч Ц.М-д учруулсан хохирол 24.690.064 төгрөгийг шүүгдэгч Д.Г-с гаргуулж Ц.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,536 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийн заримыг барагдуулсан, түүний хувийн байдал /эрүүл мэндийн байдал/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Д.Г нь 2019 оны 10 сарын 09-нөөс 2020 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэл нийт 134 хоног цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болох саарал өнгийн гэртэй цагаан өнгийн НӨҮТ-2 маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Г-д буцаан олгох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-н цагдан хоригдсон 134 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-с 24.690.064 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,536 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.У, У.А, Г.Н, Ш.Ш нарт төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн гэртэй цагаан өнгийн НӨҮТ-2 маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Г-д буцаан олгосугай.
7. Шүүхэд шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б