Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Ц.У-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х аймгийн Ү суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 15 хороонд оршин суух, ... оны ... сарын ...-ний ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, Н овогт Ц.У,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.У нь нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2017 оны 08 сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн иргэн С.А-н эзэмшлийн ... улсын дугаартай Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэлийг залилан мэхэлж, авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2017 оны 08 сард өөрийн танил С.А-н ... улсын дугаартай  Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэлийг түр хугацаагаар унаж байя гэж хэлээд авч яван Улаанбаатар хотод бусдад өрөндөө өгсөн. Хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 09 сард С.А-д 2,000,000 төгрөгийг өгч хохирлоос тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан байгаа. Үлдсэн 1,500,000 төгрөгийг нөхөн төлж хохирогчийг хохиролгүй болгоно гэжээ.  /хх-ийн 200-201/     

Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Ц.У нь надаас анх машин авч явахдаа 2 хоног Замын-Үүд сум дотор унаж байя, түр өгөөч гэж хэлээд авсан юм. Улаанбаатар хот руу авч явна гэж яриагүй сүүлд нь араас нь ярьж байж Улаанбаатар хотод очсон талаар нь мэдсэн юм. Ц.У нь эхлэж цагдаад баригдаж ирчихээд машиныг чинь төлье, хэдэн төгрөг юм бэ гэхээр нь би 3,500,000 төгрөг гэж хэлсэн. Түүнээс хойш ямар ч төгрөг өгөхгүй алга болчихсон, эргээд 2019 оны 09 сард байх гэрийн гадаа ирчихээд дахиад цагдаад баригдаад ирсэн бололтой надад 2,000,000 төгрөг банкаар хийчихээд яваад өгсөн. Түүнээс хойш уулзаагүй байгаа. Одоо түүнээс 1,500,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. /хх-ийн 204-205/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгсэлээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай 1100-000513 дугаартай тэмдэглэл /хх-ийн 2/

Шинжээчийн 37 дугаартай дүгнэлт /хх-ийн 9/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 193/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 198-199/

Хохирогч С.А-н Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 206/

2017 оны 01 сарын 04-ны өдрийн 04 дугаартай Шийтгэх тогтоол /хх-ийн 209-212/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 215-216/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Ц.У нь нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2017 оны 08 сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн иргэн С.А-н эзэмшлийн ... улсын дугаартай Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэлийг залилан мэхэлж, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч С.А “...надаас анх машин авч явахдаа 2 хоног Замын-Үүд сум дотор унаж байя, түр өгөөч гэж хэлээд авсан юм. Улаанбаатар хот руу авч явна гэж яриагүй сүүлд нь араас нь ярьж байж Улаанбаатар хотод очсон талаар нь мэдсэн юм.” гэх мэдүүлэг, шинжээчийн 37 дугаартай дүгнэлт /хх-ийн 9/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч С.А нь шүүгдэгчтэй машин янзлуулдаг байж байгаад танилцаж байснаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ мэдүүлдэг. Иймээс шүүгдэгч Ц.У-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийн эзэмшлийн ... улсын дугаартай Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэлийг залилан мэхэлж, авсан гэж үзэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. ... улсын дугаартай Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэл нь хохирогч С.А-н эзэмшлийнх болох нь гэрч Д.М-н “2017 оны 01 сарын орчим С.А гэх хүнд 4 сая төгрөгөөр худалдсан. Тухайн үедээ мөнгийг нь бэлнээр авсан би тээврийн хэрэгслийн нэрийг нь шилжүүлж өгч амжаагүй байж байгаад тушаал гарч Эрүүгийн цагдаагийн алба руу шилжин ажиллах болсон. Төлбөр тооцоо дууссан учраас одоо С.А-н эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм” гэх мэдүүлэгээр тогтоогдсон болно.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.У-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч Ц.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийн заримыг барагдуулсан талаарх Х банкны хуулга /хх-ийн 206/, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ц.У нь хохирлоо бүрэн төлж барагдуулагүй, өрхийн орлого тодорхойгүй, хаана ямар ажил хийдэг нь тодорхойгүй, нийгмийн даатгал, хүн амын орлогын татвар төлсөн баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн хохирогчтой хохирол төлөхөө илэрхийлж тохиролцсон баримт хэрэгт алга. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд түүнийг хохиролыг төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй юм. Иймд түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Ц.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийн эзэмшлийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-г 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-т оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.У-с 1,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.А-д олгосугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Э.Б