Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 01423

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн би 

Нэхэмжлэгч: “Хөх тэнгэрийн заяа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн толгодын 21-17 тоотод оршин суух,  /Регистрийн дугаар: АР89042018/, Одон овгийн Мижиддоржийн Ууганбаярт холбогдох

675,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Хөх тэнгэрийн заяа ХХК-аас Ууганбаяр нь барьцаат зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийг зээл авснаас хойш өдөрт 10,000 төгрөгөөр төлж барагдуулахаар гэрээгээр тохиролцсон боловч 15 өдрийн зээлийн төлөлт 150,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл үндсэн зээл зээлийн хүү болох 450,000 төгрөгийг төлөлгүй хохироож байна. Барьцаат зээлийн гэрээний 10-т зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги бодохоор тохиролцсон байх тул гэрээг 2015-09-28-наас 2015-11-27-ны хооронд байгуулсан ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл 276 хоног, өдрийн алданги 2250 төгрөг нийт 621,000 төгрөг болж байна. Гэвч иргэний хуулийн 232.4-т заасныг удирдлага болгон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 увь буюу 450,000 төгрөгийн 50 хувь болох 225,000 төгрөг болгон алдангийг тооцлоо. Иймд Ууганбаяраас зээлийн үндсэн үүрэг 450,000 төгрөг, алданги 225,000 төгрөг нийт 675,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Ууганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.Ууганбаяр нь “Хөх тэнгэрийн заяа” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үнийн дүн болох 675,000 төгрөгийг төлөхөөс татгалзах зүйлгүй болно. Энэ мөнгийг авч байгууллагын хэрэгцээнд ашигласан боловч эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан ажил зогсож энэ оны 7 дугаар сараас эргэж ажилласан билээ. Тиймээс нэхэмжлэлийн төлбөрийг дараах графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хүлээн авч бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү. 2016 оны 09 дүгээр сарын 30-нд 100,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 10-нд 200,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 175,000 төгрөгийг тус тус төлнө. Дээрхи хуваарь нь манай зүгээс өөрсдийн боломжинд тулгуурлан гаргасан хугацаа бөгөөд санхүүгийн байдал сайжрах, ажил урагшлах хандлага ажиглагдаж байгаа тул хугацааг наашлуулах тал дээр анхаарах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК нь хариуцагч М.Ууганбаярт  холбогдуулан “675,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК-ийн нэхэмжилсэн 675,000 төгрөгийг хариуцагч М.Ууганбаяр нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

              1. “Хөх тэнгэрийн заяа” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 675,000 төгрөгийг хариуцагч М.Ууганбаяр нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016-09-28-ны өдөр төлсөн 20,750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Ууганбаяраас 10,375 төгрөг, төрийн сангаас 10,375 төгрөгийг тус тус  гаргуулан “Хөх тэнгэрийн заяа” ХХК-д олгосугай.

            3. Хариуцагч М.Ууганбаяр нь 675,000 төгрөгийг сайн дураараа эс төлбөл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

             4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.БЯМБАСҮРЭН