Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч Б.Д   

Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Г.Ц-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Ч суманд төрсөн, ... настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд оршин суух хаягтай, Ч овогт Г.Ц,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Г.Ц нь 2019 оны 10 сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн  хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн А.С эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй компанид 2019 оны 10 сарын 06-ны өдөр ажилд орсон. 2019 оны 10 сарын 07-ны өдөр Замын-Үүд суманд баригдах гэж байгаа барилгын зураг төслийг хийж байгаа компани дээр Энхсүлд дуудаж би очсон. Мөн зураг төсөл хийж байгаа компаны захирал болон Э бид гурав барилгын зураг төсөл талаар яхилцахад бариллгын өндөржилтын цэг нь зураг төсөл болон гиодезын компаны хийсэн цэг зөрсөн байсан учир Э намайг “та газар дээр нь очоод шалгаад ирэх үү” гэж хэлсэн. Тэгээд Э “М” компаны захирал С.А-тай утсаар яриад болсон зүйлийн талаар хэлээд намайг Замын-Үүд сум руу явуулахаар болсон. Би “гиодезийн инженер авч явах шаардлагатай” гэж хэлэхэд захирал “за” гэж хэлээд зөвшөөрч та Э-с томилолтын зардал гаргуулж аваад явах талаар ярьсан. Тэгээд 2019 оны 10 сарын 08-ны орой 19 цаг 12 минутанд Э-н гар утаснаас миний гар утас руу “цуг явах инженер С ...” гэсэн мессэж ирсэн. 2019 оны 10 сарын 09-ний өглөө 06 цагийн орчимд босоод цай ундаа ууж дуусаад өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг унаад хамт явах С гэх хүнийг гар утас руу залгахад гэрийн хаягыг нь заалгаж Зайсанд байдаг гэрээс нь аваад Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу гарсан. Тэгээд 13 цагийн орчимд Өргөн сум руу салдаг уулзвар өнгөрөөд явж байхад зүүрмэглэх үед машин засмал замын ертөнцийн зүгээр баруун гар тал руу гарч засмал замын хөвөөн дээгүүр  явах үед би машины рулийг зүүн тийш дарж машин засмал зам руу буцаж ороод засмал замын зүүн тал руу хөвөөн дээгүүр явж байгаад овоолсон шороо мөргөөд онхолдсон. Машин зүүн талын урд талаар овоолсон шороог мөргөөд 4 дугуй нь дээшээ хараад онхолдсон. Машин онхолдох үед урд талын 2 аюулгүй дэр гарч ирсэн байсан. Тухайн үед С хойд талын суудал дээр сууж явсан. Машин онхолдох үед би өөрийн талын хаалгыг нээж өөрөө буугаад дараа нь хамт явж байсан С-г машиаас буулгасан. Мөн замаар явж байсан хүмүүс ирж бид хоёрт туслаад хамгийн ойрхон байгаа эмнэлэг, цагдаагийн байгууллагад зам тээврийн осол гарсан талаар мэдэгдсэн. Машинаас буугаад ирэхэд миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй, хамт явж байсан С гэх хүнд гадна ил харагдах шарх сорив байхгүй эмнэлэгийн машинаар Сайншанд руу явсан. Гэм буруугаа ойлгож байна гэжээ. /хх-ийн 60-62/  

Шүүгдэгч Г.Ц шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 сарын 09-ний өдөр албан томилолтоор Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу явсан. Явахдаа С-г авч явсан. С машины ард суусан. Өргөн сумын нутаг дэвсгэрт явж байгаад гэнэт замын хажуу руу орсон. Тэгээд жолоогоо нөгөө тийшээ дараад эсрэг урсгал руу орж машин хөмөрсөн. Би хамгаалах бүс зүүж явсан учир ямар нэгэн гэмтэл аваагүй. Эхлээд би өөрөө машинаас гараад дараа нь С-г гаргасан. Үйлдвэрлэлийн осол гэж үзээд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Дараа нь даатгалын тэтгэмж С авах шаардлагатай болсон учир цагдаагийн байгууллагад хандсан юм. Машинаа жижиглээд зарж, Улаанбаатар хот руу ачиж явсан машины зардлыг төлсөн. С-тай байнга холбоотой байгаа. С хохирлыг компаниас барагдуулсан байгаа. Миний буруутай үйлдлээс болж энэ осол гарсан гэв.

Хохирогч А.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 сарын 09-ний өдөр өөрийн ажилд М компани захирал С.А-с өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд барилгын инженер Ц-н хамт албан томилолтоор явж байгаад зам тээврийн осолд орсон. Миний бие эрүүл мэндээрээ хохирсон нь үнэн гэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсаны улмаас үйлдвэрлэлийн осол болсон нь тогтоогдож миний эмчилгээний зардал болон бусад бүх зардал компаниас гарсан бөгөөд цаашид нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авахаар болсон. Г.Ц нь надад туслаж дэмжиж байгаа тул ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад учирсан хохирлыг даатгалын компани бүрэн барагдуулана гэсэн тул санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 11-1, 71/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/

Хохирогч А.С цагаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 03/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 04-07/

Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 08-10/

Шинжээчийн 04/03 дугаартай дүгнэлт: 1.А.С биед сээрний 4,11,12-р нугаламын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, савагдах, доргиход үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно. 4.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. /хх-ийн 27/

Шинжээчийн 02 дугаартай дүгнэлт: 1.Г.Ц нь ... улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-д “Тээврийн хэрэгсэлийн хурд”, 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2.Г.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь ЦЕГ-ын жолоочийн бүртгэлийн сангаас илэрсэн ба ... дугаартай “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 3.Тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч нар нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй болно. 4.Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Г.Ц нь МУ-ын ЗХД-ийн хариулт 1-д тусгагдсан холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл үүссэн байна гэж үзнэ. 5.Тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 40/

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /хх-ийн 44-45/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 58-59/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/

Шүүгдэгчийн оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний цахим үнэмлэхний хуулбар, жолооны ... дугаартай үнэмлэх, ... дугаартай тээврийн хэрэгслийн үнэмлэх, даатгалын гэрээ /хх-ийн 77-81/       

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 82-83/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Г.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн  хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн А.С эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч А.С “...Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд барилгын инженер Ц-н хамт албан томилолтоор явж байгаад зам тээврийн осолд орсон. Миний бие эрүүл мэндээрээ хохирсон нь үнэн” гэх мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 04-07/, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 08-10/, шинжээчийн 04/03 дугаартай дүгнэлт /хх-ийн 27/, шинжээчийн 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 40/ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч Г.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан нь Шинжээчийн 02 дугаартай дүгнэлтээр нотлогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж гэж үзнэ. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгчид зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-н хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч Г.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзээд торгуулын ял оногдуулав. Шүүгдэгчийн хувьд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.С нь шүүгдэгч Г.Ц-с нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэснийг, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч овогт Г.Ц нь Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Э.Б