Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ж.Г-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 03 сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, ... оны ... сарын ...-ны өдрийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх, С овогт Ж.Г,     

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ж.Г нь 2019 оны 11 сарын 07-ны орой 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ганзам дэлгүүрийн гадна талын зогсоол дээр байрлуулсан иргэн М.Э-н эзэмшлийн ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг үйлддэг өдөр компьютер тоглохоор Ганзам дэлгүүрийн хажуу талын Уужмын 2 давхарт байдаг компьютер тоглоомын газарт очиж PUBG тоглож 18 цаг 30 минутын үед дууссан. Компьютер тоглож байгаа хүмүүсийг харж зогсож байсан чинь миний урд талын эгнээний захын компьютерт суугаад тоглож байсан 2 залуугын сандалны ард талд өлгөсөн байсан хар өнгийн куртикны баруун талын халаасанд юу байгааг нь үзэх гээд ойртож зүүн гараа хийж тэмтэрч үзсэн чинь миний гарт ямар нэгэн жижиг зүйл гарт баригдахаар нь түүнийг аваад компьютер тоглоомын газраас шууд гарсан. Тэгээд хулгайлж авсан зүйлээ хартал приус  машины түлхүүр байхаар нь онгойлгодог товчлуурыг нь дарахад Ганзам дэлгүүрийн хажууд зогсож байсан саарал өнгийн приус 20 маркийн автомашины гэрэл ассан. Уг машиныг жолоодож үзмээр санагдаад ойр орчимдоо хүн харж байгаад тухайн машинд сууж түлхүүрийг нь хийтэл таарч байсан. Тэгээд асаагаад төмөр замын гүүр лүү явсан. Төмөр замын гүүр ороод эргэж төв рүү явж байсан чинь замд цагдаагийн машин зөрөхөд нь баригдах нь дээ гэж бодоод айгаад гэр хорооллын гудамжинд машиныг орхиж зугтсан. “...куртикны халаасанд мөнгө байж магадгүй гэж бодож гараа халаасанд нь хийсэн юм. Машин жолоодох сонирхол төрөөд жаахан унаж байгаад буцааж байранд нь байрлуулахаар бодож байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм муухай хэрэг үйлдэхгүй гэжээ. /хх-ийн 41-42/     

Хохирогч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 сарын 07-ны орой 18 цаг 50 минутын орчимд Ганзам дэлгүүрийн урд талын зогсоол дээр улсын дугаартай Тоёота Приус-20 саркийн саарал өнгийн автомашинаа байрлуулан тавиад Уужим дэлгүүрийн 2 давхарт байдаг компьютер тоглоомын газар найз Б-н хамт тоглохоор орсон. Уужим дэлгүүрийн 2 давхарт компьютер тоглоомын газар найз Б-н хамт тоглож байгаад 20 цаг 10 минутын орчим дуусаад сандалныхаа ард өлгөж тавьсан байсан өөрийнхөө куртикыг өмсөөд халаасандаа гараа хийсэн чинь улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины түлхүүр болон хамт нэг оосорт хийсэн байсан манай гэрийн түлхүүр байхгүй болсон байсан. Б утсаар яриад түрүүлээд гараад явсан байсан болохоор нь араас нь гарч түүнээс “миний машины түлхүүр байна уу” гэж асуусан чинь “байхгүй” гэж хэлсэн. Би эргэж компьютер тоглоомын газар орж өөрийнхөө сууж байсан компьютерын ойр орчмоор нь машины түлхүүрээ болон гэрийн түлхүүрээ хайсан боловч олдоогүй. Тухайн үед надтай хамт явсан найз Б гаднаас орж ирээд Ганзам дэлгүүрийн урд талын зогсоол дээр байрлуулсан байсан миний ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг байхгүй байна гэж хэлж орж ирэхээр нь би гарч Ганзам дэлгүүрийн зогсоол орж өөрийнхөө ... улсын дугаартай автомашинаа харсан чинь миний машин байхгүй байхаар нь цагдаагийн байгуулагад биеэр ирж мэдэгдсэн гэжээ. /хх-ийн 10-11/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Уужим дэлгүүрийн хажуу талд байдаг Ганзам дэлгүүрийн зогсоол дээр манай найз Э ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинаа байрлуулж тавиад Э бид хоёр Уужим дэлгүүрийн 2 давхарт байдаг компьютер тоглоомын газар орж зэрэгцээ 2 эгнээний ертөнцийн зүгээр зүүн талын эгнээний баруун талд хойд талын захын компьютерт Э сууж, би Э-с нэг компьютерын зайтай сууж тоглосон. Бид хоёр 20 цаг 10 минутын орчим тоглож дуусаад гарах гэж байсан чинь миний ... дугаарын гар утас руу манай найз Т залгахаар нь би тогтоомын газраас гарч утсаар ярьсан. Манай найз Э араас гарч ирээд машины түлхүүр байхгүй байна гэж хэлээд эргээд тоглоомын газар луу орсон. Э-г тоглоомын газарлуу орсны дараа түлхүүрээ олоод гараад ирэх байх гэж бодоод машинаа тавьсан газар луу очсон чинь автомашин нь байхгүй байсан.  Би компьютер тоглоомын газар луу орох гээд явж байсан чинь Э өөдөөс гарч ирэхээр нь би Э машин чинь байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд хамт цагдаагийн байгуулагад биеэр ирж мэдэгдсэн гэжээ. /хх-ийн 7-8/       

Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 05 сарын 31-нд Улаанбаатар хотоос зарын дагуу 7,600,000 төгрөгөөр анх худалдаж авч байсан юм. 2019 оны 06 сарын эхээр өөрийн төрсөн дүү М.Э-д 5 сая төгрөгөөр зарсан. Түүнээс хойш дүүгийн нэр дээр шилжүүлж амжаагүй байсан юм. Тэгтэл 2019 оны 11 сарын 07-ны орой Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс ярьж байна гэсэн. Тэгтэл “улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь таны өмчлөлийн тээврийн хэрэгсэл мөн үү” гэж асуухаар нь “үгүй ээ би төрсөн дүүдээ зарсан тээврийн хэрэгсэл” гэж хэлсэн юм. Тэгээд М.Э-с асуухад “тийм ээ би машинаа алдсан тэгээд бүрэн бүтэн олж авсан” гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 47-48/   

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/

А ХХК-ны үнэгээний тайлан /хх-ийн 13-17, 27/

... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 18/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/

Дорноговь аымгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 32-36/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 39-40/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, цахим иргэний үнэмлэх /хх-ийн 45-46/

Шүүгдэгчийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх тухай лавлагаа /хх-ийн 51-52/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 56/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугын хувьд:

Шүүгдэгч Ж.Г нь 2019 оны 11 сарын 07-ны орой 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ганзам дэлгүүрийн гадна талын зогсоол дээр байрлуулсан иргэн М.Э-н эзэмшлийн ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн  зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч М.Э “...Би эргэж компьютер тоглоомын газар орж өөрийнхөө сууж байсан компьютерын ойр орчмоор нь машины түлхүүрээ болон гэрийн түлхүүрээ хайсан боловч олдоогүй. Тухайн үед надтай хамт явсан найз Б гаднаас орж ирээд Ганзам дэлгүүрийн урд талын зогсоол дээр байрлуулсан байсан миний ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг байхгүй байна гэж хэлж орж ирэхээр нь би гарч Ганзам дэлгүүрийн зогсоол орж өөрийнхөө ... улсын дугаартай автомашинаа харсан чинь миний машин байхгүй байсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.Б “...Манай найз Э араас гарч ирээд машины түлхүүр байхгүй байна гэж хэлээд эргээд тоглоомын газар луу орсон. Э-г тоглоомын газарлуу орсны дараа түлхүүрээ олоод гараад ирэх байх гэж бодоод машинаа тавьсан газар луу очсон чинь автомашин нь байхгүй байсан. Би компьютер тоглоомын газар луу орох гээд явж байсан чинь Э өөдөөс гарч ирэхээр нь би Э-д машин чинь байхгүй байна гэж хэлсэн.”А ХХК-ны үнэгээний тайлан /хх-ийн 13-17, 27/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 18/ нь М.Н нэр дээр байх боловч уг тээврийн хэрэгслийг М.Н нь төрсөн дүү М.Э-д 2019 оны 06 сард худалдсан болох нь гэрч М.Н-н мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаан дээр өгсөн мэдүүлэгээр тогтоосон тул ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хохирогч М.Э-г гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ж.Г-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан гэж үзлээ. Учир нь ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, түүнчлэн хохирогч М.Э-н зөвшөөрөлгүйгээр авч явсан нь тэдний өгсөн мэдүүлгээр нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Г-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч Ж.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Э нь шүүгдэгч Ж.Г-с нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэснийг, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Ж.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-г 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Э.Б