Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 213

 

 

 

 

 

 

 

 

   2020           03           03                                       2020/ШЦТ/213

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Ч.Н- түүний өмгөөлөгч С.Давааравдан,

хохирогч Д.Ц- түүний өмгөөлөгч Э.Батжаргал,

шинжээч М.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Ч-ын Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905046460079 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...- ны өдөр, ..........  аймаг ....... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага эмч сувилагч, бизнесийн менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... нөхөр, хүүхдүүдийн хамт ....... дүүргийн ..... дугаар хороо ....... гудамж ... дүгээр байр, .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  Б овогт Ч-ын Н-

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.Н- нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... төвийн 3 дугаар давхарт иргэн Д.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ч.Н- мэдүүлэхдээ: “Манайх .........гийн 345 дугаар лангууг өмчилж аваад 10 жил болж байгаа. Манай ар талын айл байнга орж гардаг. Айл гэдэг нь түрээслэгчийг хэлдэг. Бид нар удаа дараа шаардлагыг Ц-, нөхөр хоёрт манай нөхөр, манай ээж, манай худалдагч  би ч гэсэн удаа дараа шаардлага тавьж хэлдэг. Шаардлага хэлэхээр ерөөсөө хүлээж авдаггүй аягүй ухамсар дорой ийм айл. Тухайн үед тооллого хийх гээд лангуун дээрээ ирсэн байсан чинь том эрэгтэй хүний маникан манай цүнхний тасгийг хаагаад тавьсан байсан. Би шаардлага тавьсан. Тэгсэн энэ хүүхэд намайг доромжлоод байсан. Би энэ хүүхдийг ерөөсөө доромжлоогүй. Цагаа тулахаар би хүн доромжилж чадахгүй юм билээ. Муу авгай минь зайл лангуу руугаа ор, би энд орох ёстой, энэ чиний юу юм гээд доромжилсон. Манай нөхөр энэ цагаан зураасны наана манай лангуу, цаад талд танайх гэж тайлбарлах гээд чадаагүй. Ерөөсөө хүлээж аваагүй. Өөдөөс нөгөө эрэгтэй маниканаа бариад үсчээд байхаар нь би урдаас нь түлхсэн. Ер нь бол би тэр бэлэг эрхтэн хавьд нь цохиж цус гаргаагүй. Хэдхэн секунд л болсон. Өөрөө эхлээд намайг доромжилсон. Би өөрийг нь түлхсэн. Энэ намайг зөрүүлээд өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд өшиглөсөн. Тэр өшиглөлтөнд хөх няц болсон байна гэж ерөөсөө бодоогүй. Ц-г залуу хүүхэд өөрөөр хүлээж авах болов уу гэж бодож байсан. Хэдхэн секундын хугацаанд л болсон зүйл” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ц- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Н- гаднаас орж ирээл үг дуугүй манай маниканыг өөр газар аваачиж тавьсан. Би тэр үед нь юу ч хэлээгүй, дуугүй хараал зогсоод байсан. Энэ хүн өөрөө над руу орилж чарлаад байсан. Тэр үед би юу ч хэлээгүй. Би их гайхаад юу ч ойлгоогүй. Би энэ хүнийг хүндлээд хэрэлдэхгүйн тулд та одоо болио, одоо тасаг руугаа орчихоо гэж хэлсэн. Тэгсэн энэ хүн над руу дайраад манай маниканыг зөөгөөд нааш цааш нь болгоод байсан. Энэ маниканыг ингэж тавихаар танай  тасгыг хааж байна уу гээд тайлбарлаж өгөх гэтэл чи муу юу гээд байгаан гээд гартаа барьж байсан балаараа надын нүд рүү хатгах гээд чамайг ер нь яасан ч яадгийн гээд дайраад байсан. Тэрхэн хугацаанд би юу болоод байгаа юм бол гээд хэсэг хугацаанд манараад сонин болсон. Толгой руу цохисон, намайг ирээд өшиглөсөн. Өшиглөхдөө миний бэлэг эрхтэн хавьд өшиглөсөн. Энэ хүн намайг өшиглөхийн хувьд өшиглөсөн. Чам шиг худалдагчийг ер нь яасан ч яадгийн гээд орилж чарлаад балаа бариад над руу зоогоод урсан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалаад өшиглөсөн. Тэр үед нээх мэдэгдээгүй. Маргааш нь шүүх эмнэлэг явах гээд усанд орох үед миний биеийн энд тэндгүй хөхөрсөн байсан. Такси бариад суух гэтэл миний эмэгтэй бэлэг эрхтэн хавьд хөндүүр болсон байсан. Хэд хоногийн дараагаас хэвлий хэсгээр хөндүүрлэж хэдэн өдөр гэртээ хэвтсэн. Хүүхэд шөнөжингөө уйлаад толгой өвдөөд нойргүй хүртэл хоносон. Шүүх эмнэлэгт үзүүлсэн 2-3 хоногийн дараа бие дээр жижиг хөхрөлт гарсан байсан. Нэхэмжлэх зүйлийн тухайд толгойны зураг 130.000 төгрөг, бариачид бариулсан 280.000 төгрөг нийт 410.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн цаашдаа эмчилгээ хийлгэж эм тариа авч хэрэглэнэ. Цаашид гарах задлаа нэхэмжилнэ. Нэг удаа өвдөөд дараа нь зүйгээр болох асуудал биш” гэв.

 

Шүүгдэгч Ч.Н- нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... төвийн 3 дугаар давхарт иргэн Д.Ц-гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Д.Ц-гийн “2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би өөрийн ажил дээрээ болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо .........гийн 3 дугаар давхарын ...... тоот бэлэн хувцасны лангуун дээрээ байж байтал нөгөө талд лангуу түрээслэдэг Н- гэгч эмэгтэй манай лангуу руу орж ирээд л учир зүггүй намайг хэл амаар доромжлоод зарж байгаа хувцас авч шидээд  лангууны гадаа байрлуулсан байсан маникантай хувцас унагаагаад байсан. Тэгээд би тэр үед яасан юм бол гэж гайхаад өнгөрсөн. Тэгтэл Н- дахин манай лангуу руу орж ирээд намайг хэл амаар доромжлоод би яагаад ингээд байгааг нь ойлгоогүй болохоор хараад л зогсоод байсан. Энэ байдал нь бүр гурван удаа давтагдаад байсан. Тэгэхээр нь би одоо больчих, миний бараанд битгийн хүр, та өөрийнхөө лангуу руу ор гэтэл намайг элдэв бусаар доромжлоод чамайг яасан ч яадаг юм гээд над руу дайрч миний биед халдаж барьж явсан балаараа нүүр лүү цохиж гар хөл рүү өшиглөж салтаа руу өшиглөж зодсон. Н- намайг лангууныхаа гадна маникантай хувцсаа байрлуулсан байхыг хараад миний эзэмшлийн газарт өөрийнхөө барааг тавилаа гээд намайг хэл амаар доромжилж зодсон. Н- миний эрүү хэсэгт балаар цохиж шалбалсан. Баруун бугалга руу гараараа цохисон. Зүүн талын өвдөг рүү хөлөөрөө өшиглөсөн. Миний салтаа руу хөлөөрөө маш хүчтэй өшиглөж гэмтээсэн. Миний эрүүл шалбарч гарын бугалга, хүзүү хөлийн өвдөг хөхөрч хавдсан. Бэлгийн уруул бас хөхөрч хавдсан. Эмчид үзүүлэхэд миний бэлгийн их уруул зөөлөн эдийн гэмтэл авсан байна гэж байсан.

... Н- эгчид зодуулсандаа гомдолтой байна. Зүгээр ярилцаад асуудлыг шийдчихгүй орилж чаралж хэл амаар доромжилж гутаасанд маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 19-20 дугаар хуудас/

“Би Н-т зодуулсаныхаа дараа толгойн томографийн шинжилгээ 130.000 төгрөгөөр хийлгэсэн. Толгойны эм болон өвчин намдаах эмнүүд авч уусан. Н-т салтаа руугаа өшиглүүлээд уламжлалт бариа заслаар очиж 14 хоног өдрийн 20.000 төгрөгөөр саваа бариулсан. Энэ нь нийт 280.000 төгрөг болсон. Бас нүүрэндээ сорвины тос авч түрхсэн. Би зарим хохирлын баримтаа аваагүй байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

 

Гэрч Н.М-ын “Манайх .........гийн 3 давхарт лангуу ажиллуулдаг юм. Тухайн өдөр Н- Ц- рүү миний лангууны хажууд маниканаа тавьсан байна гээд орилж хашгираад байсан. Би хүнд бараагаа үзүүлчихээд юу болоод байна гээд маргаан болж байгаа газарт очиход Н- Ц-г өшиглөөд авсан. Би Н-ийг Ц-г яг өшиглөж байхыг харсан. Очоод салгаж аваад Ц-г лангуу руугаа аваачаад хартал Ц-гийн аль тал гэдгийг санахгүй байна, гуя нь хөхөрчихсөн, гарынх нь бугалганы  дотор тал нь хөхөрчихсөн, хацар нь маажуулсан сорвитой болчихсон байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/

 

Гэрч Л.О-ын “ ... Манай эхнэр миний хажуугаар орж ирээд нөгөө эмэгтэйг түлхэх шиг болсон. ... Ц-г Н- гараараа нэг удаа гарын бугалга хэсэг рүү нь түлхсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13447 дугаартай:

“1. Д.Ц-гийн биед, эрүү, баруун бугалганд  зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт, эрүү, бэлгийн их уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 34 дүгээр хуудас/

 

Дүрс бичлэг бүхий дискэнд үзлэг хийсэн “... Н- Ц-гийн цээж рүү гараараа нэг удаа цохитол Ц- Н-ийг буцааж цохиод  Н- буцаагаад Ц-гийн нүүрний зүүн талын хацар, шанаа эрүү орчим руу нь баруун гараараа цохиход О- болон хажууд байсан лангууны хүмүүс Ц-, Н- хоёрыг салгав. Зодооныг салгаж байхад Ц- Н-ийг хөлөөрөө нэг удаа өшиглөсөн ба маргаан үргэлжилж байхад Ц-г Н- баруун хөлөөрөө өшиглөв. Зодооныг О- болон хажуу лангууны эмэгтэй салгасан боловч маргаан дуусахгүй байсан ба хэсэг хугацааны дараа тус тусын лангуу руугаа орцгоов” гэсэн тэмдэглэл /хэргийн 48 дугаар хуудас/ зэрэг баримтууд нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Н- нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... төвийн 3 дугаар давхарт иргэн Д.Ц-г “лангуу хааж, маникан тавилаа” гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан эрүү, баруун бугалганд  зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт, эрүү, бэлгийн их уруулд зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Ц-, гэрч Н.М-, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13447 дугаартай дүгнэлт, бичлэг бүхий CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч Ч.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Ч.Н- уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэв.

 

Хавтас хэрэгт хохирогч Д.Ц-гийн Med trauma эмнэлэгт толгойн томографик үзүүлсэн 130.000 төгрөгийн баримт /хэргийн 40 дүгээр хуудас/ авагдсан байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Харин хохирогч Д.Ц- нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Н- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах зүйтэй.

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ч.Н-ийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Н-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ч.Н- нь торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Н- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, Ч.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ч.Н-ээс 130.000 төгрөг гаргуулж Д.Ц-д олгосугай.

 

7. Хохирогч Д.Ц- нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ