Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 01426

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би 

Нэхэмжлэгч: Худалдаа хөгжил банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 34-2 тоотод оршин суух,  /Регистрийн дугаар: ФБ78050818/, Боржигон овгийн Шагдарын Эрдэнэсайхан

 Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 34-2 тоотод оршин суух,  /Регистрийн дугаар: ФБ77111061/, Бариач овгийн Жадамбын Бадамхатан нарт холбогдох

4,070,038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлйин банк Эрдэнэт салбар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 15 дугаар баг, Рашаант 34 гудамж 02 тоот хагят оршин суух Боригон овогт Шагдарын Эрдэнэсайхан нь тус банктай 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2014/028701/0793 тоот цалингийн гэрээ, 2014/028701/0793 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээг тус тус   байгуулж 6,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тус зээлд бариач овгийн Жадамбын Бадамхатан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2014/028701/2282 тоот цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээгээр үүрэг хүлээсэн. Зээлдэгч нь цалингийн барьцаат зээлийн гэрээг хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд ажил олгогч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлого, мөн худалдаа хөгжил банкны 407193489 тоот цалингийн картын дансны орлогыг барьцаалсан. Зээлдэгч Ш.Эрдэнэсайхан нь 2015 оны 10 дугаар сараас эхлэн зээлийг хугацаанд нь төлөөгүй тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн хуваарь зөрчигдөж зээл төлөгдөөгүй байна. Мөн зээлийн хувийн батлан даагч Ж.Бадамхатан зээл төлөгдөөгүй байгаа талаар биечлэн уулзаж мэдэгдсэн.

Зээлдэгч Ш.Эрдэнэсайхан нь цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 3,916,713.21 төгрөг, хүүгийн үлдэгдэл 150,410.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2,915.52 төгрөг нийт 4,070,038.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Эрдэнэсайхан нь 2014 оны 10 дугаар сарын 10-нд Худалдаа хөгжил банкнаас 6 сая төгрөгний цалингийн зээл авсан. Ора металл компанид ажиллаж байгаад 2015 оны 05 сард ажлаасаа халагдсан учир зээлээ төлж чадаагүй. Худалдаа хөгжил банкнаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч цаашид зээлээ төлнө. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 200,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг төлнө. Үүнээс хойш 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эхлэн сар бүр 220,000 төгрөгийг 2018 оны 04 сарын 22-ны өдрийг хүртэл зээлийг төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Худалдаа хөгжил банкны Орхон салбар нь хариуцагч Ш.Эрдэнэсайхан, Б.Бадамхатан нарт холбогдуулан “4,070,038 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Худалдаа хөгжил банкны Орхон салбарын  нэхэмжилсэн 4,070,038 төгрөгийг хариуцагч Ш.Эрдэнэсайхан, Б.Бадамхатан нар нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

              1. Худалдаа хөгжил банкны Орхон салбарын нэхэмжлэлийн шаардлага 4,070,038 төгрөгийг хариуцагч Ш.Эрдэнэсайхан, Б.Бадамхатан нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016-10-24-ний өдөр төлсөн 80,070 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Эрдэнэсайхан, Б.Бадамхатан нараас 40,035 төгрөг, төрийн сангаас 40,035 төгрөгийг тус тус гаргуулан Худалдаа хөгжил банкны Орхон салбарт олгосугай.

            3. Хариуцагч Ш.Эрдэнэсайхан, Б.Бадамхатан нараас 4,070,038  төгрөгийг сайн дураараа эс төлбөл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

             4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.БЯМБАСҮРЭН