Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 175

 

 

 

 

 

 

 

 

  2020           02           17                                        2020/ШЦТ/175

 

 

     

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Мөнхбат

шүүгдэгч О.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт О-ын Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005002680109 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр ....... хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... ХХК-д дамжлагын ажилтан ажилтай, ам бүл .., ............ дүүргийн ... дүгээр хороо ..... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, Х овогт О-ын Д-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч О.Д- нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Г.Э-ийг үснээс зулгааж чирэх, түлхэж унагаах, .. дүүргийн ... хороо ... байрны ...тоотод үснээс зулгаах, хоолойг нь боох зэргээр бие махбодид нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн гарын ядам, чигчий хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  О.Д- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч О.Д- нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Г.Э-ийг үснээс зулгааж чирэх, түлхэж унагаах, .. дүүргийн ... хороо ... байрны ...тоотод үснээс зулгаах, хоолойг нь боох зэргээр бие махбодид нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн гарын ядам, чигчий хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Г.Э-ийн “... 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн оройн 23 цагийн орчим би найз И-гийн гэрт байж байгаад Д-ыг дуудаад гэр бүлийн найзууд болох И-, И-гийн нөхөр Тэнгис, Ө- нартай уулзаад бид нар Сүхбаатарын талбайн хажуу талд байрлах I loft нэртэй бааранд орсон. Бид нар бааранд 1 шил 0.75 литрийн архи хувааж ууцгаасан. Би баар луу орохдоо хувцсаа өлгүүлээд би 1 түлхүүрийг нь Д-д өгсөн. Тэгээд бид нар бааранд сууж байгаад Тэнгис баарнаас түрүүлж явах гээд хувцасны түлхүүрийг Д-оос авъя гэхэд Д- “надад байхгүй ээ” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би Д-ын өмсөж явсан хувцасных нь халаас руу гараа хийгээд өлгүүрийн түлхүүрийг автал Д- гэнэт намайг шууд үсдсэн. Тэгэхээр нь би Д-ыг яагаад байгаа юм бэ гээд гарыг нь тавиулсан. Тэгээд манай эмэгтэй найз, нөгөө хоёр дээр оччихсон байхаар нь би өлгүүрийнх нь түлхүүрийг аваачиж өгсөн. Би өлгүүрийн түлхүүрийг өгчихөөд буцаад баар луу орсон. Тэр үед Д- ганцаараа өөр хүмүүстэй явсан. Тэгээд би бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Д- гэнэт ирээд шууд намайг үсдээд хувцасны өлгүүр рүү чирсэн. Тэгээд би гарыг нь тавиулж чадахгүй байж байтал манай найз ирээд Д-ыг салгасан. Тэгээд бид нар хувцсаа өмсөөд баарнаас гарцгаагаад Улаанбаатар Галлерейгийн урд явж байтал Д- гэнэт шууд намайг дахиад үсдээд дахиад чирээд миний ороолтоор намайг боогоод замын боржур луу түлхсэн. Тэгэхэд Ө- Д-ыг надаас салгаад бид нар хоорондоо хэрэлдэж байгаад бүгдээрээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-гийн ээжийнх нь гэр лүү явцгаасан. Бид нар гэрт нь ирээд Д-оос бусад гэр лүү нь орсон. Д- ганцаараа үлдсэн. Бид нар бүгдээрээ И-гийн ээжийнх нь гэрт ороод байж байхад Д- араас ганцаараа орж ирэхээр нь би И-гийн ээж нь Д-ыг загнаад маргааш эхнэрийгээ ирж ав гэж Д-д хэлтэл Д- “би эхнэрээ авч явна” гээд ээжтэй нь маргалдаад байхаар нь би өрөөнөөс гартал Д- намайг дахиж үсдээд хаалга руу чирж байгаад газар унагаачихсан. Тэгтэл би ухаан алдаад тэрнээс хойш юу болсныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дугаар хуудас/

 

            Гэрч И-гийн “... Баарнаас гадагшаа гараад би нөхөртэйгээ хүнтэй маргалдсан талаар нь ярилцаад байж байтал Д- Э-тэй маргалдаж байгаад гэнэт намайг үсдээд Ө- салгатал дахиад Д- Э-ийг зуурч байгаад Э-ийн зүүсэн байсан ороолтоор нь боогоод газар унагаасан. Э- унатал Д- дахиад үсдээд Э-ийн хувцас нь шороо болчихсон байсан.

            ... Удалгүй Д- бид нарын араас орж ирээд Э-ийг явъя гэхэд нь манай ээж Д-ыг миний хүү маргааш эрүүлдээ ирээд эхнэрээ ав гэтэл Д- би одоо заавал авч явна гээд дайраад байсан. Тэгтэл Д- Э-ийг авч гарна гээд манай ээжтэй зууралдаж байгаад манай ээжийг түлхээд нөгөө өрөөнөөс Э- гараад иртэл Д- шууд Э-ийг үсдээд чирээд хоолойг нь боогоод байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

            Гэрч Г.Ө-ийн “... бааранд Э-, Д- хоёр муудалцаад Д- Э-ийг үсдээд татаад бүжгийн талбай дээрээс буулгаад бид нар Д-ыг салгаад бүгдээрээ баарнаас гарсан. Тэгээд бид нар баарнаас гараад байж байтал Д- Э-ийг үсдээд байхаар нь би очиж салгасан. Тэгтэл Д- гэнэт Э-ийг ороолтоор боогоод газар унагаачихсан. Тэгээд бид нар тэрийг салгаад бүгдээрээ таксинд суугаад И-гийн ээжийн гэрт очсон. Бид нар бүгдээрээ ортол Д- ганцаараа үлдсэн. Удалгүй Д- орж ирээд И-гийн ээжтэй маргалдаад Э- Д-ыг яв гэтэл Д- Э-ийг үсдээд, хоолойг нь боосон. Э- ухаан алдчихсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1128 дугаартай:

            “1. 2. Г.Э-ийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн гарын ядам, чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            3.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

            4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

            6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

            О.Д-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Бид нар бүжгийн талбай дээр байж байгаад би Э-ийг дуудтал Э- намайг сонсохгүй байхаар нь би Э-ийн үснээс нь таттал Э- эргэж хараад намайг алгадсан. Тэгээд бид хоёр маргалдаад байж байгаад би баарнаас гарах гээд дахиад Э-ийг үсдээд чирээд баарнаас гараад байж байхад манай найзууд маргалдаад байхаар нь Э- бид хоёр тэд нарыг салгах гэж байгаад дахиад Э-ийг авч явах гээд дахиад үсдсэн. Тэгэхэд хамт байсан найзууд нь салгасан. Тэгээд Э- бид хоёрыг салгаад бүгдээрээ ярилцаж байгаад И-гийн  ээжийнх нь гэрт ирсэн. Тэд нар түрүүлж ороод би байрных нь гадаа таксиндаа сууж байгаад таксиных нь жолооч уурлаад байхаар нь би И-гийн ээжийнх нь гэр лүү ороод Э-ийг авч явъя гэхэд И-гийн ээж нь өгч явуулахгүй гээд маргалдсан. Би Э-ийг авч явах эрхтэй гээд ээжтэй нь ярилцаад байж байхад ээж нь намайг гэрээсээ хөөгөөд бид нар хоорондоо маргалдаад байж байтал Э- цаад талын өрөөнөөс гараад ирэхээр нь би Э-ийг явъя гээд цамцнаас нь татсан. И-гийн ээж нь уурлаад байхаар нь би Э-ийг явъя гээд зууртал Э- ухаан алдаад уначихсан. Тэгтэл удалгүй цагдаа нар ороод ирсэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул миний хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-30 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч О.Д-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Г.Э-ийн “... Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл үгүй тул хэргийг маань хурдан шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг, /хэргийн 31 дүгээр хуудас/ “Одоогоор хохирлын мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 39 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Д- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт О-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  О.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  О.Д- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Д- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.Д- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ