| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 148/2016/00346/И |
| Дугаар | 29 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 29
*******гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Хэргийн индекс: *********
******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Б.Батзориг
Шүүгчид Л.Амарсанаа
Г.Давааренчин
Оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцож,
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* газрын даргад холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай 1 хавтас иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...******* миний бие нь Алтанбулагийн чөлөөт бүсэд харуулын цагдаагаар ажиллаж байсан юм. Би 2015 оны 02-р сард амралтын цагаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад Захиргааны хариуцлагын тухай хуулиар шийтгэгдсэн юм. Гэтэл ******* ******* газрын дарга ******* намайг ажил албаны талаар ямар ч дутагдал гаргаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 26.1.3, ******* албан хаагчийн сахилгын дүрмийн 12.10-р заалтыг үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаагаар эргэн орох эрхгүйгээр ажлаас халлаа гэж амаар мэдэгдээд, цол хувцсыг хураан авч, албан ёсны тушаал шийдвэр өгөөгүй. Ингэж 1 зөрчилд 2 шийтгэл ногдууллаа. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
…Манай хүү ******* нь 2015 оны 02 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн үндэслэлээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авагдсан. Энэ талаар бол миний хувьд зүй ёсны асуудал гэж бодож энэ хуулийн зүйл заалттай маргахгүй.
…Манай хүү ******* нь 2016 оны 02 дугаар 27-нд ажлаас халах тухай тушаалаа гардан авсан. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэсэн заалтыг цагдаагийн байгууллага зөрчсөн байна. Иймд миний хүү *******г ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан авах хүсэлтэй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
…******* нь 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ******* ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дугаартай тушаалаар батлагдсан “******* алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасан заалтыг ноцтой зөрчсөн нь албаны шалгалтаар тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ******* аймаг дахь ******* газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тушаалаар албанаас халсан.
******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан “…нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн заалтыг зөрчсөн байх тул *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаартай шийдвэрээр:
-Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай хүү ******* ******* ******* ажиллаж байхдаа амралтын үеэр согтууруулах ундаа хэрэглэж, машин барьж яваад захиргааны хариуцлага хүлээсэн. Гэтэл албан газраас нь давхардуулан шийтгэл оногдуулсан. Миний хүү ажилдаа огт зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл давхардуулж арга хэмжээ авсанд гомдолтой байна. Энэ арга хэмжээ олон хуулийн заалт зөрчсөн гэж би үзэж байна. Үүнд:
1. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх заалтыг зөрчсөн. Учир нь ******* байгууллага давхар арга хэмжээ авсан.
2. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн. Манай хүүг ******* дарга ажлаас нь халсан.
3. Миний хүүд сахилгын зөрчил оногдуулчихаад давхар шийтгэл оногдуулсан. Төрийн албан тухай хуульд албан хаагчийг халахдаа сахилгын зөрчил удаа дараа гаргасан байдлыг харгалзана гэж заасан. Гэтэл манай хүү урьд зөрчил гаргаж байгаагүй.
Би цагдаагийн албаны дотоод журмыг үзсэн. ******* хууль болон бусад хуультай нийцүүлнэ гэж заасан байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан болон ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасан. Гэтэл ******* байгууллага миний хүүг халсан тушаалаа жилийн дараа өгсөн. Гэхдээ уг тушаалыг 2015 оны 12 дугаар сарын 27-ны амаар мэдэгдсэн. Би хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.
Би энэ халсан тушаалд 1 сарын дотор гомдол гаргадаг гэж мэдээгүй. Хүүгээ халсан даруй ******* дарга н.Энхбаяр дээр 2-3 хоногийн дотор очиж уулзаж байсан. Тухайн үед намайг улсын баяр өнгөрөөгөөд өргөдлөө бичээд хүрээд ир гэсэн, хэлсэн хугацаанд нь очиход 9 сар гээд хүрээд ир гэсэн. Ингээд очиход амралтаа авсан байсан. Ийм учраас огт уулзаж чадаагүй. Би энэ асуудлыг хөөцөлдөж яваагүй биш, явсан гэв.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ******* *******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай гомдлыг шүүхэд гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд уг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзвэл: ******* аймаг дахь ******* газрын даргын 2015 оны 02 сарын 27-ны өдрийн “Албанаас халах тухай” 39 дугаартай тушаалаар нэхэмжлэгч *******г Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлснийг эс зөвшөөрч энэ тухай гомдлоо шүүхэд гаргасныг иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг зөрчиж хүлээн авсан гэх үндэслэлтэй байна.
Учир нь: ******* ******* Засаг даргын дэргэдэх ******* газрын даргын 2014 оны 03 сарын 26-ны өдрийн 44 дугаартай “харуулын цагдаа албан тушаалд томилж, цагдаагийн цол олгох тухай” тушаалаар нэхэмжлэгч *******г тус ******* газрын “Обьект хамгаалах гэрээт хэсэг”-т “Харуулын цагдаа”-ийн албан тушаалд томилж “цагдаагийн дэд ахлагч” цол олгосон байна.
Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар “зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн” нь Төрийн тусгай албан тушаалд хамаарахаар заасан тул *******г төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхээр байна.
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.-т зааснаар ******* нь ажлаас халагдсан тухай гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргаж шийдвэрлүүлэх, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэснийг тус тус зөрчин Иргэний ерөнхий харьяаллын шүүхэд гомдлоо гаргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчдын ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаантай хэргийг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх бөгөөд ердийн харьяаллын шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг харьяаллын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхээр заасан.
Анхан шатны шүүх *******гийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн хярьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т зааснаар гомдлыг хүлээн авахаас татгалзах, энэ байдал нь шүүх хуралдааны үед тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох байтал хуульд заасан хэргийн харьяаллыг зөрчин гомдлыг хүлээн авч, улмаар иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх хуульд заасан хэргийн харьяалал зөрчин хэргийг хянан шийдвэрлэсэн тул хэргийн шийдэл болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.
Түүнчлэн ******* нь ажлаас халагдсан тухай гомдлоо хуульд заасны дагуу төрийн албаны салбар зөвлөл болон харьяаллын шүүхэд гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 он 08 сарын 31-ний өдрийн 460 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан *******гийн нэхэмжлэлтэй ******* ******* ******* *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
Г.ДАВААРЕНЧИН