| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2017/1015/З |
| Дугаар | 977 |
| Огноо | 2017-12-22 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 977
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Г, Т.Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Зэвсэгт хүчний жанжин штабад холбогдох
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Төрийн тусгай албан тушаалтан, зэвсэгт хүчний хурандаа М.Г болон хошууч Т.Б нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулан ажилгүй байсан хугацааны цалин, дээд болон ахлах офицерийн цолны нэмэгдэл, удаан жил ажилласны нэмэгдэлд М.Г ын хувьд 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны мөнгө болох 39.655.080 төгрөг, Т.Баяржаргалын хувьд 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, удаан жилийн нэмэгдэл, цолны нэмэгдэл болох 29.989.632 төгрөгийг тус тус төрд хариуцуулан даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г , Т.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Мижидгомбо овогтой Г нь Монгол улсад дээд боловсрол, БНХАУ болон ХБНГУ-д академид боловсрол эзэмшээд улмаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын офицерийн бие бүрэлдэхүүнд шилжин 1987 оноос өнөөг цэргийн албанд 30 жил алба хаасан болно. Тэрээр 1987 оноос 2017 оны 05 дугаар сар хүртэл хуучин нэршлээр Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн тагнуулын газрын орлогч дарга мөн Т.Б нь тус байгууллагад ахлах ажилтан гэсэн албан тушаалыг тус тус хашиж байв.
Эдгээр 2 иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар төрийн тусгай албан тушаалтан болно. Авилгатай тэмцэх газраас 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 201525010103 тоот эрүүгийн хэрэг үүсгэн мөн өдрөөс эхлэн М.Г , Т.Б нарыг сэжигтнээр цагдан хорьсон. Эл хэрэг явдалтай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргад 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн мн/177 тоот, Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн тагнуулын газрын дарга бригадын генерал Д.Энхбаатар нь Авлигатай тэмцэх газрын даргад 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн н/83 тоотоор тус тус хүсэлт илгээсэн. Авлигатай тэмцэх газар, Дүүргийн 1 дүгээр Прокурорын газраас хурандаа Т.Г , хошууч Т.Б нарыг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоолыг 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн. Энэ тогтоолыг Авлигатай тэмцэх газрын дарга эрхэлсэн комиссар Ө.Энхтөр 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 06/2977 тоотоор Зэвсэгт хүчний жанжин штабын даргад хүргүүлсэн. Прокурорын тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь заалтыг хэрэгжүүлэхдээ тухайн үедээ албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоолоо тэдний өмгөөлөгч нарт танилцуулаагүйгээс сэжигтэн нарын эрх нь зөрчигдөж, төрийн тусгай албаны үйл ажиллагаа доголдож тодорхой хугацаагаар тасалдсан.
Ингээд арга буюу Зэвсэгт хүчний жанжин штабын дарга 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дугаар Б/146 тоот тушаал гаргаж хурандаа, хошууч нарыг албан үүргээ биелүүлэхийг нь түр түдгэлзүүлсэн. Эдгээр нь бүхэлдээ мөрдөн байцаагч ахлах комиссар, прокурор, засгийн газрын хэрэгжүүлэгч. агентлаг болох төрийн захиргааны албан тушаалтны гэм буруутай эс үйлдэхүйгээс шалтгаалсан хууль болон хүний эрх зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл болсон. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мн/16 дугаартай прокурорын тогтоол гарч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон М.Г , Т.Б нарт холбогдох эрүүгийн 20155010103 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хурандаа Т.Г нь 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 11 сар хүртэл 27 сар /албан тушаалын цалин ТТ-15 V 821016/, хошууч Т.Б нь 2015 оны 05 дугаар сараас 2017 оны12 дугаар сар хүртэл 32 сар /албан тушаалын цалин ТТ-12III650817/ ажилгүй, цалингүй байж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санаагаар маш их хохирсон. Энэ бүгдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 он/ 389.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1-д зааснаар мөрдөгч, прокурор, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан тул бүх хохирлыг төр хариуцан /Зэвсэгт хүчний жанжин штаб/ нөхөн төлөх үүрэг үүссэн. Хурандаа М.Г нь 39.655.080 төгрөгийг, хошууч Т.Б нь 29.989.632 төгрөгийг тус тус төрөөс буюу Зэвсэгт хүчний жанжин штабаас нэхэмжилсэн нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2. Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2- дахь заалт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388.1/ 2002 он / Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Улсын дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоол зэргийг тус тус удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Зэвсэгт хүчний жанжин штабад даалгасан шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч тал хоёр үндсэн шаардлага гаргажээ. Хурандаа М.Г болон хошууч Т.Б нар өөрсдийн алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах тухай хүсэл зорилгоо илэрхийлсэн байна. Энэ шаардлагыг нь бүрэн хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ тайлбарлан байсан шиг тэднийг хууль хяналтын байгууллагаас Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газраас хилс хэрэгт сэжигтнээр тооцож үндэслэлгүйгээр, удаан хугацааны турш шалгаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 оны/ 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны 16/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн хурандаа М.Г , хошууч Т.Б нарыг өдгөө албан тушаалд томилсон болно. Нэхэмжлэгч нарын хоёр дахь шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин, цолны нэмэгдэл, удаа жил ажилласны нэмэгдэлд хурандаа М.Г 39.655.080 төгрөг, хошууч Т.Б 29.989.632 төгрөгийн тус тус Зэвсэгт хүчний жанжин штабаас гаргуулахыг хариуцуулан даалгахыг хүсчээ.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, прокурор, төрийн захиргааны албан тушаалтны гэм буруутай эс үйлдэхүйгээс шалтгаалсан үйлдлээс болж хүний эрх зөрчигдсөн нь тодорхой юм. Энэ бүгдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 оны/ 389.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар Мөрдөгч, прокурор, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан тул бүх хохирлыг төр хариуцан нөхөн төлөх үүрэг үүсгэжээ. Эдгээр хохирлыг арилгахын тулд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэлийг Зэвсэгт хүчний жанжин штабын төсвийн багцаас шийдэх боломжтой...” гэжээ
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч талаас “...Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/146 дугаар тушаалаар нэхэмжлэгч нарыг ажил үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн боловч Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн мн/16 дугаар прокурорын тогтоолоор албан үүргээ түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг олгох ёстой...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, хариуцагч талаас “... хохирлыг арилгахын тулд шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг Зэвсэгт хүчний жанжин штабын төсвийн багцаас шийдэх боломжтой” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч М.Г нь Зэвсэгт хүчний жанжин штабын Удирдлага тусгай төлөвлөлтийн хэлтсийн даргаар, нэхэмжлэгч Т.Б нь Зэвсэгт хүчний жанжин штабын Удирдлага тусгай төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр тус тус ажилладаг байсан бөгөөд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа гэх үндэслэлээр Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор тэдгээрт албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар тус хэлтсийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06/2977 тоот албан бичгээр Зэвсэгт хүчний жанжин штабт хүргүүлсэн байна.
Уг албан бичиг болон холбогдох хуулийн заалтыг үндэслэн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/146 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Г , Т.Б нарыг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газраас Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нэхэмжлэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийн “албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх” тухай прокурорын тогтоолыг хүчингүй болсон талаар хариуцагч байгууллагад тус газрын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5/3828 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.
Уг албан бичгийг хүргүүлснээс хойш 4 сарын дараа хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нь Мижидгомбын Г ыг Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн захирагчаар, Түргэнбаярын Баяржаргалыг Зэвсэгт хүчний жанжин штабын Хүний нөөцийн хэлтэст Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд үйлчилгээ үзүүлэх албаны дарга-шагнал урамшуулал үйлчилгээний мэргэжилтнээр томилсон болох нь хэрэгт авагдсан тус штабын даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/953, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/985 дугаар тушаалуудаар тус тус тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1-д “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших хийгээд бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч М.Г , Т.Б нарт холбогдох эрүүгийн 201525010103 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болготол тэдгээрт албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь төрийн албаны хаагчийн цалин хөлс авч ажиллах нөхцөл баталгаагаар хангагдах эрхийг хөндөж хохирол учруулсан нь нэгэнт тогтоогдсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, прокурор, төрийн захиргааны албан тушаалтны гэм буруутай эс үйлдэхүйгээс шалтгаалсан үйлдлээс болж хүний эрх зөрчигдсөн нь тодорхой ... мөрдөгч, прокурор, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан тул бүх хохирлыг төр хариуцан нөхөн төлөх үүрэг үүсгэжээ. Эдгээр хохирлыг арилгахын тулд шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэлийг Зэвсэгт хүчний жанжин штабын төсвийн багцаас шийдэх боломжтой...” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч М.Г ын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний /нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд/ өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдийг, нэхэмжлэгч Т.Баяржаргалын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдийг тооцож, нэхэмжлэгч нарт олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т.Баяржаргалыг Зэвсэгт хүчний жанжин штабын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/985 дугаар тушаалаар 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн томилсон байтал нэхэмжлэгч Т.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 5 дах хэсэгт “Ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг сарын дундаж цалин хөлсийг тухайн байгууллага, аж ахуйн нэгжид мөрдөгдөж буй сарын ажлын цагийн дундаж тоонд хувааж нэг цагийн дундаж цалин хөлсийг тус тус тодорхойлно” гэж зааснаар нэхэмжлэгч М.Г ын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүд болох 39.655.072 төгрөг, нэхэмжлэгч Т.Баяржаргалын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүд болох 28.796.877 төгрөгийг тус тус нэхэмжлэгч нарт олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч М.Г ын хувьд үндсэн цалинг төрийн тусгай албаны 15-5 дугаар шатлалаар, цолны нэмэгдэл 36%, удаан жилийн нэмэгдэл 25%-аар тооцож 30 сар ажлын 2 хоногийн хохирол төлбөр, нэхэмжлэгч Т.Баяржаргалын хувьд төрийн тусгай албаны 12-3 дугаар шатлалаар тооцож цолны нэмэгдэл 32%, удаан жилийн жилийн нэмэгдэл 12%-аар тус тус тооцож, нийт 30 сар ажлын 16 хоногийн хохирол төлбөрийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.7, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Г , Т.Б нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган нэхэмжлэгч М.Г ын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл болох 39.655.072 төгрөгийг, нэхэмжлэгч Т.Баяржаргалын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл болох 28.796.877 төгрөгийг тус тус олгохыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабад даалгаж, нэхэмжлэгч Т.Баяржаргалын нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн
төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА