Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 0315

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч М.... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М....ид холбогдох эрүүгийн 1908 04434 0164 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ...тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

Буурал овогт ...гийн ... /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.... нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны ...дүгээр гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “өөрийн хамтран амьдрагч Ү....ын хуучин нөхрийн талаар ярилаа” гэсэн шалтгааны улмаас иргэн Б....ыг нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Б....ын мэдүүлэг /хх19/,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №10369 дугаартай дүгнэлт /хх22-23/, шинжээч эмч О.Болороогийн мэдүүлэг /хх26-27/, шүүгдэгч М.... нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх39, 42/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх54-57/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч М....ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б....ын “...2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо,  Өндөр ээж нэртэй хүнсний дэлгүүрээс 2,5 литрийн боргио нэртэй пиво аваад зогсож байгаад найз ...ийн хуучин эхнэр ... гэх эмэгтэйтэй тааралдаж пиво уухаар болж нөхөр ... гэх залуутай танилцаж бид 3 ... микро автобус дотор дэлгүүрээс авсан пиво уусан, дахин нэг 2.5 литрийн пиво нэмж авч машинд нь уугаад байж байтал ... унтлаа гээд хэвтээд машины арын суудал дээр унтсан. Харин би түүний нөхөр гэх ... гэж залуутай пиво уугаад юм ярьж байгаад ...ын хуучин нөхөр ...ийг ярьж маргаан үүсгэсэн юм. ...Тэгээд ... бид хоёр машинаас бууж муудалцаад барилцаад авсан. Тэгтэл ... дундуур орж ирээд бид хоёрыг салгах гээд миний араас намайг боль гээд татаад түүний нөхөр ... миний нүүррүү 2 удаа цохихоор нь би барьж аваад тэвэрч газар унагаагаад ... дахин миний араас таттал нөхөр нь босч ирээд миний цамцнаас барьж намайг газар чирч машинаасаа холдуулчихаад машиндаа суугаад ... ... нар яваад өгөхөөр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх19/,       

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №10369 дугаартай “...Б....ын биед толгой, 2 тохойд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй болно..” гэсэн дүгнэлт /хх22/,

3. Шинжээч эмч О.Болороогийн “...дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Олон тооны зулгаралт нь үрэлцэх шүргэлцэх гэх мэт гадаргуутай гадаргуутай зүйлд үүсэх боломжтой. ...хайрга чулуутай газар үүсэх боломжтой гэмтэл юм. Зүүн дээд зовхинд тархмал хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон нэг удаагийн үйлчлэлээр  цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл юм...” гэсэн мэдүүлэг /хх26-27/,

4. Шүүгдэгч М....ийн яллагдагчаар өгснө “...эхнэр ...ыг янхан банзал, чи манай найзтай явж байсан биздээ, сууж байсан биздээ гэж агсам тавьсан... би уур хүрээд машинаасаа ...ыг чирч буулгаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж, унагаагаад чирсэн...” гэсэн мэдүүлэг  /хх36/

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүхийн хуралдаанд шүүгдэгч М.... нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч М.... нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны ...дүгээр гудамжинд хохирогч Б...., гэрч Ү....ын нарын хамтаар  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар “өөрийн хамтран амьдрагч Ү....ын хуучин нөхрийн талаар ярилаа” гэсэн шалтгааны улмаас хохирогчийг нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодсон болох нь хохирогчийн “...... нүүр рүү 2 удаа цохиж газар чирсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна байна.

Шүүгдэгч М....ийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б....ын биед “... толгой, 2 тохойд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №10369 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Хохирогч Б.... нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт гаргасан байх тул /хх66/ шүүгдэгч М....ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч М....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэггүй болон улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан шүүгдэгч М....ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...гийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М....ийг 270 /хоёр зуун дал/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР