| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0197/э |
| Дугаар | 255 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
Улсын яллагч Л.Мажигсүрэн,
Хохирогч Э.Жавхлан,
Шүүгдэгч П.С, түүний өмгөөлөгч Б.Дамба нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвийнхэн овогт Паламдоржийн Ст холбогдох эрүүгийн 2009000260151 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, “Юнител” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд 104-6 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Пүрэвийнхэн овогт Паламдоржийн С, /РД: КЛ97080439/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч П.С нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шангри-Ла” зочид буудал дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Жавхлантай маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь цохиж эрүү ясны салаанд агт арааны орчмоос эрүүний өнцөг дайрсан зөрүүгүй ташуу хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Үүнд:
Шүүгдэгч П.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ” гэв.
Хохирогч Э.Жавхлан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Сын эхнэрийг би мөрлөөгүй. Сыг өмөөрч найз нь мэдүүлэг өгөхдөө мөрлөсөн гэсэн байна лээ. Шүүгдэгч бол хүнтэй андуураад цохисон гэсэн. Тэгээд дараа нь би учраа олох гээд уулзсан чинь дахиад нэг удаа алгадсан” гэв.
2009000260151 тоот хэргээс:
Шүүгдэгч П.С нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 21-ны 17 цагаас Шангрилла зочид буудалд манай ажлын шинэ жил болсон. Тэгээд хүнтэй ярилцаад зогсож байхад хар өнгийн хослолтой нэг залуу хажуу талаас талбай дээр гарч ирээд пиджакаа тайлаад шидээд байхаар нь би тэр залууг гараараа нэг удаа толгой хэсэгт нь цохисон тэгээд би гараад ажлын хамт олон дээрээ очоод хувцасаа сольчихоод найз охин Базаррагчаагийнд очсон. Би Жавхлан гэх хүнийг танихгүй тухайн үед би анх удаа харсан. Намайг хүнтэй юм яриад зогсож байхад гэнэт хажуу талаас гарч ирээд
түлхэсэн би жаахан уусан байсан болохоор уурандаа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Жавхлан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 12 дугаар сарын 21-ний 23 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангри-Ла зочид буудалд ажпын шинэ жилдээ орчихоод тарах гээд нэг давхарт ажлын хүмүүс болох Айболат, Энхжавхлан нарын хамт зогсож байхад манай Юнителийн ажилтан Сумъяа гэх залуу ирээд үгийн зөрүүгүй шууд ирээд миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиж гэмтээсэн тэгээд би эвээр уулзаад намайг андуурсан байхаа гээд очиж уулзахад ахиад нэг удаа гараараа алгадсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Гэрч Т.Мөнгөншагай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай шинэ жил Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангри-Ла зочид буудлын 1 давхарт болсон. Тэгээд арга хэмжээ тарах үеэр хүмүүс гадуур хувцсаа авахаар энд тэнд явж байсан. Тэгсэн С эхнэрийн хамт дээшээ гараад буцаад буугаад лифтнээс гараад ирэхэд нь Жавхлан гэх залуу найзуудын хамт явж байхдаа Сын эхнэрийг мөрлөөд өнгөрөхөд Жавхаа гэх залуутай С 2 маргалдсан. Тэгээд тэр Жавхаа эхнэрийг нь хэл амаар доромжилсон байхаар нь бид нар 2 тийш болгон салгасан. Тэгээд би Сын эхнэртэй хамт гадуур хувцас авах гээд зогсож байхад С эргэж очоод Жавхланг цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹597 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...файл гарч ирсэн ба зүүн дээд буланд 12-22-2019 гэсэн бичигтэй байх ба баруун дээд буланд 175 гэсэн бичигтэй байх ба уг бичлэгийг тоглуулахад сандал дээр 3 эрэгтэй хүн сууж байх ба өөдөөс хараад цагаан өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй хар өнгийн гуталтай эрэгтэй хүн зогсож байх ба хажуугаар нь хүмүүс нааш цааш явж байх ба сууж байсан 3 хүний голд сууж байсан эрэгтэй хүн босоод явах ба 00:01:57 хар өнгийн куртектэй эрэгтэй хүн зогсож байсан цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүнийг өөдөөс нь очоод шууд баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиход цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн цохиулаад газарт унах ба Шангрила зочид буудлын хамгаалагч нар болон хажууд нь байсан хмүүс салгаад аваад явж байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийг дуусгав...” гэжээ / хх-ийн 19 дүгээр хуудас / Шүүх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.С нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шангри-Ла” зочид буудал дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Жавхлантай маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь цохиж эрүү ясны салаанд агт арааны орчмоос эрүүний өнцөг дайрсан зөрүүгүй ташуу хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч П. Сын мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн хохирогч Э.Жавхлангийн “ .... Юнителийн ажилтан Сумъяа гэх залуу ирээд үгийн зөрүүгүй шууд миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиж гэмтээсэн тэгээд би эвээр уулзаад намайг андуурсан байхаа гээд очиж уулзахад ахиад нэг удаа гараараа алгадсан” гэх мэдүүлэг, гэрч Т. Мөнгөншагайн “...Тэгээд би Сын эхнэртэй хамт гадуур хувцас авах гээд зогсож байхад С эргэж очоод Жавхланг цохисон...” гэх мэдүүлэг, ”Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №597 дугаартай дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Сын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул П.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч П. Сын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ. Хохирогч Э. Жавхлан нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс нийт 13.883.000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба үүнээс эмчилгээний зардалд 1.161.000 төгрөг, эрүүний хагалгаанд орсонтой холбогдуулан эрүүнд суулгасан төмөр авахад гарах зардалд 1000.000 төгрөг, эмнэлэг цагдаагийн байгууллага руу машинаар явсан бензин шатахууны зардалд 220.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 6.973.000 төгрөг, ажиллах хугацааны улирлын урамшуулал 750.000 төгрөг, ипотекийн зээлээр авсан байрны зээлийн төлбөр, автомашины зээлийн төлбөр зэргийг нэхэмжилжээ. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд тус тус зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Шүүх хохирогч Э. Жавхлангаас нэхэмжилсэн хохирлыг түүний гаргаж ирүүлсэн нотлох баримтын хүрээнд дараах байдлаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П. С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Жавхлангийн эмчилгээний зардалд 798.651 / долоон зуун ерин найман мянга зургаан зуун тавин нэгэн/ төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Э. Жавхлангийн нэхэмжлэлээс шинжилгээ, эмчилгээтэй холбоотой 164.880[1] / нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун наян/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож , чих хамар хоолойн эмчийн үзлэгт хамрагдаж эмчилгээ хийлгэсэн 197.100 төгрөгт холбогдох хэсгийг тухайн гэмтэл шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалаагүй тул хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч П.Сыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”[2] -аар тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд П.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн шүүхээс оногдуулсан хохиролыг төлөх боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биенээ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Пүрэвийнхэн овогт Паламдоржийн Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 / найман зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 / хоёр/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.С нь хохирогч Э.Жавхлангийн эмчилгээний зардалд 798.651 / долоон зуун ерин найман мянга зургаан зуун тавин нэгэн/ төгрөг төлсөн болохыг дурьдаж, шүүгдэгчээс 164.880 / нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун наян/ төгрөгийг гаргуулж хохирогч Э. Жавхланд олгохоор шийдвэрлэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хохирогч Э. Жавхлангаас нэхэмжилсэн 197100 / нэг зуун ерэн долоон мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Э. Жавхлан нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10 . Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН
[1] ХХ-ийн 22 дугаар хуудас
[2] ХХ-ийн 34 дүгээр хуудас