Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөнхөө,

Шүүгдэгч: И.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт И.Н-д холбогдох 1935002040140 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн У суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом суманд оршин суух, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овогт И.Н.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Яллагдагч И.Н нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зохиомол байдал зориудаар бий болгож буй өөрийгөө Тэс сумын мянгат малчин Гантөмөр гэж итгүүлэн хуурч хохирогч Л.Б-ээс 1.000.000 /нэг сая/ төгрөг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч И.Н-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч И.Н нь 2019 оны 5 дугаар сарын 17-нд өөрийгөө Тэс сумын мянгат малчин Гантөмөр гэж итгүүлэн хохирогч Л.Б-гээс 1.000.000 /нэг сая/ төгрөг авсан болох нь:

1. Хохирогч Л.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Ховд аймгийн Жаргалант суманд мал, махны ченжийн ажил эрхэлдэг. Би аймагтаа байтал над руу манай найз О залгаад их хэмжээний мал Увс аймгийн Тэс суманд худалдаална гэнэ. Та авах уу гэж асуухаар нь би тухайн зарж борлуулах хүнтэй өөртэй нь ярья гэж хэлсэн. Гэтэл над руу 8055-2715 гэх дугаартай утаснаас залгаж Д гэдэг хүн байна. Та их хэмжээний мал худалдаж авна гэсэн үү? Би таны дугаарыг О гэдэг найзаасаа авлаа гэж хэлсэн. Тэгээд тэр Д гэх хүн та мал худалдаалах хүнтэй ярина уу гээд намайг нэг залуутай яриулсан. Тухайн хүнтэй яриад хаана байдаг, хэдэн тооны мал вэ гэж асуухад Тэс суманд байгаа бөгөөд 100 тооны хонь, 10 тооны үхэр худалдана. Нэг хонийг 170.000 төгрөг, нэг үхрийг 1.200.000 төгрөгөөр худалдана гэхээр нь би болж байна гэж очоод үзэж хараад авъя харин та нар худал, үнэн  хэлэв, би эндээс машин тэрэг хөлслөөд очно шүү гэхэд малын эзэн гэх хүн найдвартай, би таныг аймгийн төв дээр хүлээгээд байж байя, та хурдан наашаа гараарай гэж хэлсэн. Би юмыг яаж мэдэх вэ гээд хэсэг тээнгэлзэхэд малын эзэн над руу өдөр шөнөгүй залгаад байсан. Надтай хамт малын ченж хийдэг А гэдэг залуутай ярилцаж байгаад 2019 оны 5 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед том оврын машин хөлслөөд жолооч болон туслах жолооч нарын хамт М гээд нийт тавуулаа Улаангом сум руу явсан. Маргааш өглөө үүрээр эрт Улаангом суманд ирсэн Д гэх залуу бид нарыг тосож аваад Д-гийн гэрт очиж цай хоол идэж уусан. Тэгтэл Д малын эзэн гэх хүнтэйгээ холбогдоод одоо энд хүрээд ирнэ гэнээ гэж хэлсэн. Удалгүй мал худалдах гэж байгаа хүн гээд нэг залуу ирсэн. Тэр залуу нэрээ хэлэхдээ Гантөмөр гэж хэлсэн. Гантөмөр надад хэлэхдээ “Би эндээс хэдэн эмээлийн мод, хаалга зэрэг эд зүйл авах гэсэн юм. Та надад түр 1.000.000 төгрөг өгчих би эдгээр эд зүйлээ машинд тавиад араас чинь гарлаа. Та машинтайгаа Тэс сум руу явах зам руу явж бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад байсан мөнгөнөөс бэлэн 1.000.000 төгрөг тоолж Гантөмөр гэх залууд өгсөн. Тэгээд Гантөмөр гэх залуу явсан ба түүнээс хойш утас нь холбогдохоо больсон. Би Д-г гэгчээс Гантөмөр буюу Н-ыг яаж таньдаг талаар асуухад би танихгүй, би хэн гэдгийг нь мэдэхгүй, манай Тэс сумын нутгийн хүн гээд өөрөө хэлээд байсан гэж хэлсэн. Би өөрт учирсан 1 сая төгрөгийн хохирлыг барагдуулж авмаар байна. Хохирлыг төлж барагдуулахгүй бол гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38-р тал/,

 

2. Гэрч Ж.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 14-ний орой гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байж байтал гаднаас нэг залуу орж ирээд эхнэр бид хоёрт мэнд мэдээд над руу хараад ах та намайг танихгүй байна уу гэж хэлсэн. Би түүнийг танихгүй байна, хэн билээ гэж асуухад Тэс сумын Гантөмөр гэж өөрийгөө танилцуулаад нэг шил Улаанбаатар нэртэй архи задалж, бид хоёр тухайн архийг хувааж уугаад ярилцаж байхад Гантөмөр гэж танилцуулсан залуу “Би Тэс сумаас 25 эр хонь авч ирлээ. Тухайн малаа зах дээр нэгийг нь 180.000 төгрөгөөр худалдаалсан гэж хэлсэн ба надад зарах 100 эр хонь 10 эр үхэр байна эдгээр малуудыг зармаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад мал худалдаж авах нэг найз байгаа гээд Ховд аймагт байдаг О гэх найзтайгаа ярьтал махны ченж хийдэг Л.Б гэдэг хүний дугаар өгсөн бөгөөд түүний дугаар руу залгаад Гантөмөртэй яриулсан. Тэр хоёр хоорондоо яриад Б Ховд аймгаас ирж мал авахаар болсон. Тэр өдөр Гантөмөр гэж өөрийгөө танилцуулсан залуу манайд хоносон. Маргааш нь буюу 2019 оны 5 дугаар сарын 15-ны өглөө Гантөмөр Б-рүү яриад та хэзээ ирж малаа авах вэ? Би танд малаа худалдаалчихаад Тэс сумруу явмаар байна гэж хэлсэн. Тэгтэл Гантөмөр гэдэг хүн гадуур ажил амжуулаад ирье гээд өглөө гараад үдээс хойш ирэхдээ хоёр шил архи, нэг эр хонь бариад орж ирсэн. Тэгээд бид өнөөдөр дахиад хонож аваад маргааш Ховд аймгаас ирэх хүмүүстэй уулзана гэсэн. Тэгээд бид хоёр түүний авч ирсэн хоёр шил архийг хувааж уугаад манайд хоносон. Маргааш өглөө нь Гантөмөр би эхнэртэйгээ утсаар яриад Тэс сум руу явахаар болчихлоо. Ховд аймгаас ирэх хүмүүсийг дагуулаад миний араас Тэс суманд хүрээд ир гэж надад хэлсэн. Би Б рүү яриад та нар хэзээ ирэх гэж байна гэж асуухад өнөө орой гараад маргааш үүрээр Улаангомд очсон байх болно гэж хэлсэн. Дараа нь Гантөмөр рүү залгаад энэ байдлыг хэлэхэд “ Тэс сум руу явж амжсангүй ээ. Улаангомоос хаалга, хөлдөөгч худалдаж аваад багтсангүй Ховд аймгаас ирэх хүмүүсийн машинд ачиж Тэс сум руу явахаас гэж хэлсэн. 2019 оны 5 дугаар сарын 17-ны үүрээр 05 цагт Баатархүү гэх Ховд аймгаас ирсэн хүнийг тосож аваад гэртээ дагуулж ирээд хоол, цай өгөөд Гантөмөр рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Удалгүй 08 цагийн үед Гантөмөр утсаа аваад би одоо танайд гэрт яваад очлоо гэж хэлээд ирж Б-тэй уулзаад ярилцаж байгаад 1.000.000 төгрөгийг бэлнээр тоолж Б-ээс авсан. Тэгээд Гантөмөр та нар түрүүлээд гарч бай, би араас чинь машинаараа гарна гэж хэлсэн. Тэгээд би Баатархүү гэх хүний машинд суугаад Улаангом сумаас гардаг самбартай хөтөл дээр очоод Гантөмөрийг 2, 3 цаг хүлээсэн. Тэгээд Гантөмөр рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд бид нар тухайн хүнд залилуулснаа мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,

                         

3. Гэрч Ш.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Тэс сумаас 20 гаруй эр хонь авч ирлээ. Тухайн малаа зах дээр нэгийг нь 180.000 төгрөгөөр худалдаалсан. Одоо зарагдаагүй нэг хонь үлдсэн гэж хэлсэн ба надад зарах 100 эр хонь 10 эр үхэр байна эдгээр малуудыг зармаар байна гэж хэлээд нэг шил архи гаргаж ирээд манай нөхөртэй уух гэтэл манай нөхрийн утас дуугараад хүнтэй уулзахаар гараад явсан ба би тухайн үед эмээлийн гөлөм оёж байсан болохоор тухайн залуу надад та нэг гөлөм оёж өгөөч, харин би хариуд нь танд нэг эр хонь дээр 100.000 төгрөг өгье гэж эхлсэн. Тэгээд тэр залуу ганцаараа архи уугаад сууж байтал манай нөхөр Д гаднаас орж ирсэн. Тэгээд тэр хоёр ярилцаад архи хувааж уусан. Тэр хоёрын яриаг сонсоод сууж байтал тэр залуу Тэнгэр бөөний төв ажиллуулдаг хүн миний эгч, хуучин байраа надад зараад өөрөө Элит-45 байранд шинэ байр худалдаж аваад орж байгаа. Би бага хоёр хүүхдэдээ байр авч өгөх гээд мал зараад байгаа. Танд мал худалдаж авах таних хүн байхгүй биз гэхэд манай нөхөр Ховд аймагт байдаг манай найз О гэдэг хүн мал худалдаж авдаг. Ярих уу? гэхэд Гантөмөр залгаад өг гээд манай нөхрийн утсаар нэг хүнтэй ярьсан. Тухайн хүнтэй 100 эр хонь, 10 эр үхэр зарна гэсэн утгатай зүйл яриад байсан. Маргааш нь буюу 2019 оны 5 дугаар сарын 15-ны өглөө Гантөмөр Б-рүү яриад та хэзээ ирж малаа авах вэ? Би танд малаа худалдаалчихаад Тэс сумруу явмаар байна гэж хэлчихээд Гантөмөр гэдэг хүн гадуур ажил амжуулаад ирье гээд өглөө гараад үдээс хойш ирэхдээ хоёр шил архи, нэг эр хонь бариад орж ирсэн. Тэгээд тухайн малыг тэр өдрөө гаргаад бид нар хоол хийж, Гантөмөр дахиад манайд хоноод маргааш Ховд аймгаас ирэх хүмүүстэй уулзана гэсэн. Маргааш өглөө нь Гантөмөр би эхнэртэйгээ утсаар ярьсан чинь эхнэр, хүүхдүүд уурлаж байна, би Тэс сум руу явахаар болчихлоо. Ховд аймгаас ирэх хүмүүсийг дагуулаад миний араас Тэс суманд хүрээд ир гэж манай нөхөрт хэлсэн. Тухайн өдөр Гантөмөр Тэс сум руу явж чадаагүй ба 2019 оны 5 дугаар сарын 17-ны үүрээр 04 цагт манай нөхөр Б гэх Ховд аймгаас ирсэн хүнийг тосож аваад гэртээ дагуулж ирээд хоол, цай өгөөд Гантөмөр рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Удалгүй 08 цагийн үед Гантөмөр утсаа аваад би одоо танайд гэрт яваад очлоо гэж хэлээд ирж Баатархүүтэй уулзаад “би эхнэрийнхээ захисан зүйлээс зарим зүйлийг нь үрчихсэн. Зах орж бага сага зүйл худалдаж авах гэсэн юм. Та надад 1.000.000 төгрөг түр өгч бай, угаасаа мал дээрээс тооцоо хийх юм чинь гээд” хэлсэн чинь Б гэдэг хүн 1.000.000 төгрөг бэлнээр тоолоод Гантөмөр гэх хүнд өгсөн. Гантөмөр “та нар түрүүлээд Тэс сум руу явах зам руу явж бай, би араас чинь машинаараа гарна” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Д, Б гэх хүний машинд суугаад тэд нарыг дагуулаад гараад явсан бөгөөд 14 цагийн үед манай нөхөр нөгөө хүмүүсээ дагуулаад гэрт ирсэн. Гантөмөр гэх залууд мөнгө залилууллаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,

4. Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Ховд аймгийн Жаргалант суманд махны ченж хийдэг бөгөөд 2019 оны 5 дугаар сарын дундуур мөн мал мах авдаг ажил хийдэг Л.Б гэгч нь надад Увс аймагт мал зарах хүн байна, хамт явах уу гэхээр нь би хэдэн тооны мал байгаа талаар нь асуухад 100 эр хонь, 10 үхэр байна гэж хэлсэн. Тэгээд бид нар хамт явахаар болоод Ховд аймгаас том оврын автомашин хөлслөөд Улаангом суманд 2019 оны 5 дугаар сарын 17-ны үүрээр Улаангомд ирэхэд Д гэгч нь ганцаараа бид нарыг тосож, гэртээ дагуулж очсон. 08 цагийн үед Гантөмөр гэх хүн ирсэн бөгөөд тэрээр Л.Б-ээс та надад 1.000.000 төгрөг өгч байгаач гэхэд нь Л.Б 1.000.000 төгрөгийг бэлнээр тоолоод тоолж Гантөмөрт өгсөн. Тэгээд Гантөмөр Д ах та энэ хүмүүсийг аваад түрүүлээд гарч бай, араас чинь яваад очъё гэсэн. Тэгээд бид нар 2 цаг орчим хүлээгээд ирэхгүй, гар утсаа унтраачихсан байсан болохоор нь Цагдаагийн байгууллагад хандах болсон. Б Гантөмөрт 1 сая төгрөг бэлнээр тоолж байх тэр үед Д эхнэрийнхээ хамтаар, А, Гантөмөр нар байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 11-р тал/,

 

Шүүгдэгч И.Н-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өөрийн бага насны түлэгдэлттэй хүүхдээ эмчлүүлэх шаардлагатай болоод мөнгө олдохгүй болохоор нь яаралтай мөнгө олох зорилгоор Л.Б-ээс худал хэлж мөнгө авсан юм. Л.Б-ээс авсан мөнгөөр гэртээ 1 ширхэг хөлдөөгч, өөрийн хүүхдүүдэд хувцас, хичээлийн хэрэгсэл авч өгсөн. Үлдсэн мөнгөөр нь мал, мах авсан. Би гэм буруугаа хүлээж байна. Би архи дарс уухаа больсон. Одоо дахин ийм хэрэгт холбогдохгүй. Надад бага ял өгч, цаашид би ажил хөдөлмөр хийж, засаг төрд хөдөлмөр хөлсөө үнэлүүлж амьдрахыг хүсэж байна бодож байна гэх” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч И.Н өөрийгөө Тэс сумын мянгат малчин Гантөмөр гэж хохирогч Л.Б-д итгүүлсэн нь зохиомол байдал зориудаар бий болгож буй үйлдэл юм.

Зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж, түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг нь өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг залилах гэмт хэрэг гэнэ.

 

Залилан авах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд шүүгдэгч И.Н хохирогч Л.Б-ээс 1.000.000 төгрөг авснаар энэ гэмт хэрэг төгссөн байна.

 

Иймд шүүгдэгч И.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч И.Н гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.

 

Хохирол болон шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар:

Шүүгдэгч И.Н нь хохирогч Л.Б-д 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Түүнээс 500.000 төгрөгөөр хөлдөөгч авсан гэж мэдүүлсэн бөгөөд тухайн хөлдөөгч нь /хх-ийн 61-р талд авагдсан шинжээчийн 316 дугаартай дүгнэлтээр/ 484.400 төгрөгөөр үнэлэгдсэн. Серене загварын хөлдөөгчийг прокурорын тогтоолоор битүүмжилж, хадгалах, хамгаалах үүргийг иргэн Ц.Д-д хариуцуулсан бөгөөд тухайн хөлдөөгчийг дүгнэлтээр тогтоогдсон 484.400 төгрөгөөр хохиролд тооцон хохирогч Л.Б-д олгож, үлдэх хохирол 515.600 төгрөгийг шүүгдэгч И.Н-аас гаргуулж хохирогч Л.Б-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Н нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагт товлоглогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЗ/430 дугаартай захирамжаар түүнийг албадан ирүүлэхийг Увс аймаг дахь Цагдаагийн газарт даалгасан боловч хаана байгаа нь тогтоогдохгүй байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч И.Н-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан гэж үзэж Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/528 дугаартай шүүгдэгчийг эрэн сурвалжлах тухай шүүгчийн захирамжийн дагуу Цагдаагийн газрын эрэн сурвалжлах ажиллагаанд зарцуулсан зардал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 87.700 төгрөгийг гаргуулж Увс аймаг дахь Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.

2. Шүүгдэгч И.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч И.Н нь залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар түүний төрсөн ах И.М-ий гэрчээр өгсөн “Миний дүү И.Н нь эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Цовоо сэргэлэн зан ааштай, яриасаг, эелдэг зөөлөн зан ааштай, хүний үгэнд сайн ордог, ажилсаг тусархуу, хүнтэй зөв боловсон харилцдаг” гэх мэдүүлэг, Улаангом сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 629 дугаартай “И.Н нь ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт тус багийн 358 тоотод оршин суудаг” гэх тодорхойлолтууд хэрэгт авагджээ.

Шүүгдэгч И.Н нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах/ дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1/бусдын эд хөрөнгө хулгайлах/ дэх хэсэгт зааснаар 250 албадан ажил хийлгэх ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 /залилан мэхлэх/ дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 /залилах/ дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байжээ.

Шүүгдэгч И.Н урьд 5 удаа гэмт хэрэгт ял шийтгүүлсний сүүлийн 3 нь залилах гэмт хэрэг байх бөгөөд тухайн бүрт нь шүүхээс түүнийг нийгэмшүүлэх зорилгоор хорихоос өөр төрлийн ял оногдуулж, сүүлд 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сар хорих оногдуулсан боловч нийгэмшиж, гэмт зан үйлээ засаагүй байгаа тул эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцүүлэн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, учруулсан хохирлыг барагдуулаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 1 /нэг/ жил хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч И.Н нь энэ хэрэгт 12 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Прокурорын тогтоолоор битүүмжилсэн хөрөнгө болох Серене загварын хөлдөөгчийг прокурорын тогтоолоор битүүмжилж, хадгалах, хамгаалах үүргийг иргэн Ц.Д-д хариуцуулсан бөгөөд тухайн хөрөнгийг хохирогч Л.Б-д олгож, үлдэх хохирол 515.600 төгрөгийг шүүгдэгч И.Н-аас гаргуулж хохирогч Л.Б-д олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт И-н Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н-д 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгч И.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч И.Н-ын цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан “serene” загварын 484.400 төгрөгийн үнэ бүхий хөлдөөөгчийг хохиролд тооцон хохирогчид олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1-т тус тус зааснаар шүүгдэгч И.Н-аас 515.600  /таван зуун арван таван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж хохирогч Л.Б-т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч И.Н-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 87.700 төгрөгийг гаргуулж Увс аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч И.Н-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.ГАНСҮХ