Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 48

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн Ш овогт Л.Д-д холбогдох 1935001070014 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 17-нд Увс аймгийн Т суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, “Хурд” ХХК-д шаварчин ажилтай, ам бүл 7, эцэг, эх, 4 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом суманд оршин суух Ш овогт Л-н Д.

                   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Л.Д нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүслэн” нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байхдаа тус буудлын 10 тоот өрөөнөөс 2019 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө иргэн Б.Б-н 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс-6” загварын гар утас, бэлэн 200.000 төгрөг хулгайлж, нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Л.Д-ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүслэн” нэртэй зочид буудлаас 2019 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө иргэн Б.Б-н 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс-6” загварын гар утас, 200.000 төгрөг алдагдасан үйл баримт тогтоогдсон байна.

1. Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 19-ний орой Л.Д, П.Б бид гурав Хүслэн гэх зочид буудлын 10 тоот өрөөнд ороод пиво уугаад сууж байтал гаднаас Ж, Х гэх хүмүүс манай өрөөнд орж ирэхээр нь бид нар худалдаж авсан пивоо хувааж уух зуураа 13 хөзрийн покер тоглоод шөнийн 03 цагт тус өрөөндөө унтахдаа улаан өнгийн куртикаа тайлаад дотор талын халаасанд хар саарал өнгийн түрийвчинд 200.000 төгрөг бэлнээр, Самсунг Эс-6 маркийн шаргал өнгийн гар утсаа хийгээд орны толгой, хана хоёрын завсраар хийгээд унтсан. Тэгээд өглөө босоод хартал миний куртикны халаасанд байсан гар утас болон 200.000 төгрөг байхгүй байсан. Өглөө босоход Л.Д байхгүй байсан болохоор түүний гэрт очоод миний халаасанд байсан гар утас болон мөнгө яасан бэ? гэж асуухад таны гар утас зочид буудлын өрөөний шалан дээр унасан байхаар нь авсан. Харин мөнгөний талаар мэдэхгүй гэж хэлээд миний гар утсыг гаргаж өгсөн. ... Би улаан өнгий куртикны гүнзгий халаасанд гар утасны хамт 200.000 төгрөгтэй түрийвчээ хийгээд унтаж байсан орны толгой болон хананы завсар тавьсан болохоор миний гар утас шалан дээр унах боломжгүй. Би тухайн үед тийм ч их согтуу байгаагүй. Хийсэн үйлдлээ мэдэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 24-29-р талд/,

2. Гэрч Х.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...үүрээр Л.Д манай өрөөний хүмүүст хандан би Б руу залгаад 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи аваад ирэх үү надад мөнгө байна гэж хэлсэн. Анх Л.Д Б-руу залгаад 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи аваад ирэхэд нь мөнгийг нь өгнө гэж хэлээд авахуулсан. Тэгээд Хүслэн зочид буудалд Л.Д-ыг байхад нь архийг нь өгөөд мөнгөө авъя гэж Б.Б асуухад нь Л.Д байж бай гэж хэлээд өгөлгүй байж байгаад дахин Б.Б асуухад Л.Д надад архины мөнгө байхгүй би хажуу талын өрөө рүү ороод мөнгө аваад ирнэ гэж хэлээд хажуу талын өрөө рүү ороод 20.000 төгрөгийн дэсгэрт 1 ширхгийг Б.Б-д өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р талд/,

3. Гэрч Д.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 19-ний 05 цагийн үед үүрээр Л.Д манай өрөөнд согтуу ор жирээд амарсан. Өглөө босоод Л.Д-н гэр рүү явж ажлын хувцас болон хөнжлийг нь аваад хашаан хаалгаар гарч явтал машинтай залуу ирээд Л.Д-ыг дагуулаад явсан. Тэрнээс хойш Л.Д-тай холбогдоогүй. Тэгээд орой нь миний дүү Д.Т надад хандаж 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Л.Д манай гэрт хажуудаа нэг залуутай орж ирээд коридорт байдаг бор тумбочикний шургуулганаас нэг гар утас гаргаж ирээд хажуудаа явсан залууд өгсөн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р талд/,

4. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Л.Д надад нэг шил архи аваад ир. Ирээд мөнгийг нь ав гэхээр нь би 0.75 литриийн Соёрхол нэртэй архи өөрөөсөө 20.000 төгрөг гаргаад Л.Д-д хүргэж өгөөд мөнгөө авмаар байна гэж хэлэхэд Л.Д надад мөнгө байхгүй байна би хажуу талын өрөөнөөс зохицуулаад өгнө гэж хэлээд гарсан. Тэгээд би Л.Д-ыгаас архины мөнгө 20.000 төгрөг авсан гэдгээ муу санаж байна. Анх эрүүл байхдаа Л.Д-аас архи авч өгсөн мөнгөө асуухад надад ямар ч мөнгө байхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р талд/,

5. Шүүгдэгч Л.Д-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр найз Б.Б-тай хамт цэргийн баяр тэмдэглэхээр гарсан бөгөөд Б-тай бас утсаар яриад гурвуулаа Цэдэнбалын талбай дээр уулзаж, бид гурав Хүслэн гэх зочид буудал руу явсан. Замдаа дэлгүүрээс нэг сагс Нийслэл нэртэй пиво авч яваад Хүслэн зочид буудлын 10 тоот өрөөнд орж пивоо ууж, хөзөр тоглосон. Тэр орой тэнд цэргийн найзуудтайгаа бас таараад хамт архи уусан бөгөөд өрөө рүүгээ ороод Б.Б-ийн улаан өнгийн куртикны халааснаас тамхи авах гээд дотно талын халаас руу гараа оруулахад Б.Бямбаагийн Самсунг Эс-6 маркийн гар утас болон түрийвчтэй мөнгө байсан. Б.Б-г унтаж байсан болохоор нь тухайн гар утас, түрийвчинд байсан мөнгийг нь авчихаад өрөөнөөс гарсан. Би согтуу байсан болохоор ийм хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр хохирогч Б.Б-н 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс-6” загварын гар утас болон 200.000 төгрөгийг шүүгдэгч Л.Д хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан болох нь  нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.Д-ын нууц далд аргаар авсан хохирогч Б.Б-н “Самсунг Эс-6” загварын гар утас нь 200.000 төгрөгийн үнэтэй болох нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаартай дүгнэлт /хх-ийн 62-р тал/-ээр тогтоогдсон, бэлнээр 200.000 төгрөг хулгайлсан тул  энэ гэмт хэргийн улмаас нийт 400.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Д нь Б.Б-ийн 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс-6” загварын гар утас болон 200.000 төгрөг хулгайлж, нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан нь “бага хэмжээний хохирол”-оос илүү байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд “Надад учирсан хохирлыг Л.Д бүрэн төлж барагдуулсан бөгөөд миний гар утас, түрийвчинд байсан мөнгийг авсан үйлдэлдээ уучлалт гуйж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэдгээ хэлсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл, ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хх-ийн 29-р талд/ гэж мэдүүлсэн байгааг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Л.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Л.Д-ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

шүүгдэгч Л.Д-ын хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч Н.О-н “...Манай хүү Л.Д нь манай хамгийн том хүүхэд бөгөөд төлөв даруухан, илүү дутуу зан аашгүй, хүний үгнээс гардаггүй, хүнтэй эелдэг зөөлөн харилцдаг. 2016 онд цэргийн албанд явж 2017 онд халагдсан. Л.Д-ын хувьд болон манай гэр бүлийн хувьд амьдралын нөхцөл байдал боломжийн ямар нэгэн дутагдах гачигдах зүйл байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р тал/, гэрч М.Л-н “...Миний ууган хүү Л.Д нь даруу, төлөв зантай, хүний үгэнд оромтгой, хар бор ажилд сайн. 2014 онд Улаангом Политехник коллежийг токарчин мэргэжлээр төгссөн. 2017 онд цэргийн алба хааж ирээд одоо барилгын туслах ажил, хувиараа гар аргаар алт олборлох гэх мэт олдсон ажлыг хийчихдэг, хорт муу зуршил байхгүй. Аав ээждээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай харагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Л.Д-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.

Иймд шүүгдэгчийн хулгайлж авсан 400.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,  3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч Л.Д-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 400.000 төгрөгийг хурааж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Л Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-д 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Л.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Л.Д-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 400.000  төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөс хурааж  улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.ГАНСҮХ