Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: М.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тэргүүн тайж овогт Мундгарын Доржрагчаад холбогдох 1935003810193 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 19-нд Увс аймгийн З суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн З суманд оршин суух, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Т т овогт М.Д.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч М.Д нь согтуугаар Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар багийн нутагт 2019 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө хохирогч Ц.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч М.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч М.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар багийн нутагт 2019 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө хохирогч Ц.Д-ыг зодсон болох нь:

Хохирогч Ц.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 20-нд би нөхрийн хамт сумын төв рүү хувийн ажлаар орсон. Гэтэл Д архи уугаад хаана байгаа нь мэдэгдэхгүй болохоор нь би хүү Д-тайгаа цуг гэртээ ирээд унтаж байтал шөнө 03 цагийн үед байх гэрт хүн орж ирсэн. Юун хүн бэ гээд гар чийдэнгийн гэрэл тусгаж тэр хүнийг харах гэтэл миний нөхөр Д байсан бөгөөд надад “юундаа гэрэл тусгаад байгаа юм бэ” гэж хэлээд миний нүүр лүү гараараа цохисон чинь толгой эргээд манарч, хамраас цус гарсан, миний үснээс үсдэж бариад автал хажуугаас миний хоёр хүүхэд Д-г барьж надаас салгаж холдуулсан. Д-г 2 хүүхэд маань аваад надаас холдуулаад байж байхад нь би гэрээс зугтаж гараад хамраас гарсан цусаа цэвэрлэж байж байгаад буцаж гэрт орсон чинь Д агсам согтуу тавьж олон зүйл ярьж байгаад үүр цайж байхад буюу 04 цаг өнгөрч байхад унтаж амарсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө гэртээ унтаж байтал аав шөнийн 3 цагийн үед согтуу гэрт орж ирээд ээжийг ална гэж орилоод байсан. Ээж гэрэл асаахад аав ээжийг гутлаараа цохиж байсан. Тэгээд дүү бид хоёр салгах гээд хүч хүрээгүй. Тэгж байгаад аав ээж хоёр унтсан. Маргааш нь тэр хоёр сумын төв явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагийн үед ээжийг гэрт нь хүргэж ирээд сууж байтал миний төрсөн дүү Ц.Д, нөхөр М.Д-гийн хамт ирсэн бөгөөд дүүгээ харахад миний дүү Ц.Д-ын нүүр нүд нь хавдаж, хөхөрсөн байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад М.Д шөнийн 4 цагт согтуу ирэхээр нь гэрэл тусгасан бөгөөд гэрэл тусгалаа гээд намайг үгийн зөрүүгүй шууд нүүр нүдгүй зодож, үснээс зулгааж татсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

Шүүгдэгч М.Д-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сумын төв орж хувийн ажлаа амжуулчихаад айлд орж нэг шил архи уучихаад нэлээн орой хөдөө гэр рүүгээ явсан. Тэгээд гэрт ирэхэд манайхан бүгдээрээ унтаж байсан ба унтах гээд зогсож байтал эхнэр миний нүд руу гэрэл тусгаад байсан. Наад гэрлээ цаашаа ав гэхэд авахгүй тусгаад байхаар нь согтуу байсан болохоор уур хүрч эхнэрийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон нь үнэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ уураа барьж чадалгүй өөрийн эхнэр Ц.Д-ыг зодож, ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 667 дугаартай “Иргэн Ц.Д-ын биед тархины доргилт, хамар ясны хугарал, таславчны муруйлт, 2 нүдний зовхи хар хөхөрсөн, зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг тодорхой хугацаанд сарниулах учир Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28-р тал/-ээр хохирогч Ц.Д-ын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Д нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хохирогч руу сандал шидсэн үйлдэл нь хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд зодож байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.Д-ын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Д-ын мөрдөн байцаалтын шатанд хохирол, гомдолгүй талаар тодорхойлолт /хх-ийн 53-р тал/ гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч М.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч М.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч М.Ц-н өгсөн: “Би М.Д-гийн төрсөн ах нь бөгөөд миний М.Д нь бага боловсролтой, цэрэгт яваагүй, мал маллаж амьдардаг. Ер нь бол их төлөв даруухан ааштай, хүнд муу юм санадаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/, Гэрч У.П-н өгсөн: “...Би М.Д-г манай багийн иргэн гэдгээр нь танина. Намайг багийн даргын ажил авснаас хойш М.Д-гийн хувьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Зан байдлын хувьд нэг их юм ярьдаггүй, даруухан, дуу цөөтэй хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/ -үүд хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т т овогт М-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин  мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ