Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 03

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Цэнд даргалж,  тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийж

Гомдол гаргагч: Мо-О х н Уб Т з нн гомдлоор

         Хариуцагч: Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр хяналтын улсын байцаагч /Д.Б/-д холбогдуулан үүсгэсэн

         Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Бгийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11-06-040/10 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: гомдол гаргагч М-О х н Уб Т з н итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, С.Ц, хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдол болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

   Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б нь ХНН “УБТЗ”-ын салбар нэгж болох Дохиолол холбооны 3 дугаар анги дээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн байна. Улсын байцаагч нь энэхүү шалгалтаар Дохиолол холбооны 3 дугаар ангийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 10.16.1 дэх заалтад “Хуульд заасны дагуу ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй асхүл одой хүнийг ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ..., хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр нөхөн төлбөрт 12096000 төгрөгийг гаргуулах, 1500 нэгжээр торгох шийтгэлийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11-06-040/10 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан байна. Энэхүү 11-06-040/10 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль зөрчсөн захиргааны акт гэж үзэж хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

   Нэг. Зөрчлийн  тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 10.16.1 дэх заалтад “...ажилуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, ... хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. М-О х н “Убтз” нийгэмлэгийн харьяа салбар нэгжүүд нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй, улсын бүртгэлд бүртгэлгүй, бие даан хуулийн хариуцлага хүлээх чадамжгүй этгээд юм.

  Зөрчлийн тухай хуулиар дээр дурдсан зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллага буюу хуулийн этгээдийг торгох шийтгэл ногдуулахыг тодорхой зохицуулсан байхад улсын байцаагч нь Дохиолол холбооны 3 дугаар ангийг бие даасан аж ахуйн нэгж, байгууллага буюу хуулийн этгээд гэж үзэж торгууль ногдуулсан нь хууль зөрчиж байна.

  Хоёр. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдын тоо, төлбөрийн нийт хэмжээнээс хамааран Засгийн газар тогтооно” гэж заасан байна. Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №26 дугаар тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүйн орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлж байхаар журамласан байна.

  Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь УБТЗ-ын салбар нэгж болох Дохиолол холбооны 3 дугаар ангийн 2015, 2016 оны байдлаар шалгалт хийхдээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №07 тоот тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192000 төгрөг/ баримтлах ёстой байсан. Гэтэл улсын байцаагч нь Дохиолол холбооны 3 дугаар ангийн 2015-2016 онд хөгжлийн бэрхшээлтэй эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүйн нөхөн төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №04 тоот тогтоолоор тогтоосон /240000 төгрөг/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон байна.

   Гурав. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйл /Мэргэжлийн хяналтын байгууллага, түүний бүрэх эрх/-ийн 9.3.1-д Мэргэжлийн хяналтын төв байгууллага нь хуульд заасны дагуу хууль тогоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавина гэж Мэргэжлийн хяналтын байгууллагын хэм хэмжээг тогтоож өгсөн байна.

   Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийхдээ дээр дурдсан холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актыг зөрчсөн байна. Манай байгууллага нь энэхүү шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Дорноговь аймгийн Прокурорын газарт гомдол гаргасан ба аймгийн Прокурорын газраас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5/738 тоотоор Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэл ногдуулсан шийтгэлийг эс зөвшөөрсөн гомдлоо Захиргааны шүүхэд хандаж гаргана уу гэсэн хариу ирүүлсэн болно.

        Иймд дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлыг хянан үзэж Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Бгийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №11-06-040/10 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн ба шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: 

        Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Бгийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11-06-040/10  дугаар шийтгэлийн хуудсыг  хууль бус гэж үзэж байгаа гомдлын шаардлагын нэг үндэслэл бол улсын байцаагч нь  Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн салбар нэгж болох Дохиолол холбооны 3-р ангид хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу шалгалт хийгээд энэ шалгалтаараа Дохиолол холбооны 3-р ангийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Хуульд заасны дагуу ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл одой хүнийг ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэж 12096000 төгрөгийг нөхөн төлбөр гаргуулахаар, мөн 1500 нэгжээр буюу 1500000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдулсан. 

         Дээрх хуулийн заалтад хуулийн этгээдийг торгоно гэж заасан байхад улсын байцаагч нь Улаанбаатар төмөр замын салбар нэгж болох Дохиолол холбооны 3-р анги буюу хуулийн этгээдийн эрхгүй, бие даасан шийдвэр гаргадаггүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хуулийн хариуцлага хүлээх чадамжгүй этгээдэд хариуцлага хүлээлгэж торгууль ногдуулсан байгаа нь илт хууль бус юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3  дахь зүйлд зааснаар Энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тоо, төлбөрийн нийт хэмжээнээс хамааран Засгийн газраас тогтооно гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар тогтоолоор аж ахуй нэгж байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн, одой хүнийг ажиллуулаагүй бол орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцохоор журамласан байдаг. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 14-ний 07 тоот тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний хэмжээ 2015-2016 оны хооронд 192000 төгрөг байхаар байгаа гэтэл улсын байцаагч шийтгэлийн хуудсаа бичихдээ 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240000 төгрөгөөр тогтоосныг баримталсан байдаг. 

        Тэгэхээр энэ нь нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн улсын байцаагч 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шалгалтаа хийсэн байсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд зааснаар улсын байцаагч удирдамж, хяналтын хуудасгүйгээр шалгалт хийх эрхгүй бөгөөд шалгалт хийхдээ удирдамж, хяналтын хуудсаа тухайн байгууллагын эрх бүхий этгээдэд танилцуулах үүрэгтэй. Гэтэл улсын байцаагч шалгалт хийхдээ Утр з  төлөөлөх эрхтэй Жд удирдамж, хяналтын хуудсаа танилцуулахгүйгээр буюу удирдамжгүйгээр шалгалтыг хийсэн. Яагаад удирдамжгүйгээр хийсэн гэж үзэж байна гэвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын баталсан удирдамж нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан байсан. Гэтэл 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шалгалтаа хийсэн байдаг. Хийхдээ 2015, 2016 оны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой шалгалтыг  2017 оны 10  дугаар сард хийсэн. Гэтэл Зөрчлийн тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр өмнө нь хэрэглэгдэж байсан хуулийн дагуу зохицуулагдах байсан. 

         Улсын байцаагч акт тавихдаа Зөрчлийн тухай хуультай холбогдуулж акт тавьсан. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэж заасан байгаа, мөн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дугаар зүйлд зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл,албадлагын арга хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ, мөн 4 дүгээр зүйлд  хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж болно гэсэн хуулийн зохицуулалтуудтай. Нөгөө талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд ч зөрчлийг үйлдсэн этгээдэд шийтгэл ногдуулах, тухайн хуулийн этгээдэд шийтгэл ногдуулна гэсэн заалттай бөгөөд иймд манай гомдлын шаардлагын үндэслэл болгож байгаа нь салбар нэгжид шийтгэл ногдуулсныг хууль зөрчсөн гэж үзэж байгаа гол шаардлага юм. Мөн үүнээс гадна зөрчил шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацааг  анхаарч харж үзнэ үү гэв

    Хариуцагчаас шүүхэд бичгээр анх гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

    Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр зам” нийгэмлэгийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б миний бие Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/28 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж илэрсэн зөрчилд 11-06-040/09 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй болно.

          Нэг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт /хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн обьектын эрсдэлийн ангилалыг үндэслэх/ заасныг үндэслэн хяналт шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага нь хэд хэдэн обьектоос бүрдэж байвал зөвхөн эрсдэлийн шалгуурт үндэслэн тухайн обьектыг төлөвлөн хяналт шалгалт хийдэг. Дохиолол холбооны 3 дугаар ангид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд хяналт шалгалт хийхдээ 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллагыг төлөвлөн хяналт шалгалтанд хамааруулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

         Дохиолол холбооны 3 дугаар анги нь УБТЗ-ын харьяа салбар нэгж хэдий боловч эрх бүхий албан тушаалтантай, эрх бүхий албан тушаалтан нь ажилчид албан хаагчидтайгаа Дохиолол холбооны 3 дугаар анги дотоод журамд зааснаар хамтын гэрээ буюу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил албан тушаалд томилж, ажлаас чөлөөлж, хариуцлага алдсан албан хаагчиддаа сахилгын шийтгэл оногдуулж, дээд байгууллагаасаа төсөвлөгдөж ирсэн хөрөнгө санхүүг бие даан захиран зарцуулж байдаг нь хяналт шалгатаар тогтоогдож байсан. Энэ талаар шүүхэд нотлох баримтаар тухайн байгууллагаас гаргуулж хавсаргуулах хүсэлтээ МХГ-ын албан бичгээр гаргасан болно.

         Хоёр. Дохиолол холбооны 3 дугаар ангийн 2015, 2016, 2017 онуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах, ажиллуулаагүй бол тухайн сар бүр Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 40%, 51 дээш ажилчидтай бол 50%, харин бусад аймагт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 30%-иар тооцож төлбөр төлөх ёстойг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

   Дохиолол холбооны 3 дугаар анги Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, 111.4 дэх хэсгийг биелүүлж ажиллаагүй байдал нь Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбоотой тул зөрчил илэрсэн үеийн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож /240000/ нөхөн төлбөр тавьсан. Харин эрх зүйн байдлыг дээрдүүлэх тохиолдолд хуулийг буцаан хэрэглэх тохиолдолд 192000 /нэг зуун ерэн хоёр мянган төгрөг/ тооцоолж болно. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд тухайн байгууллагын ажлын байрны сар бүр төлөх төлбөрийг жишээ болгож тооцоолол оруулсан.

   Тухайн зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчилд ногдох шийтгэлийг 11-06-040/09 тоот шийтгэлийн хуудсаар арга хэмжээ тооцож нөхөн төлбөр тавих үед 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байсан ба тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 /хоёр зуун дөчин мянга/ байсан. Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: /Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно/ гэснийг үндэслэн улсын байцаагч зөрчлийг илрүүлэх үзд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 240000 /хоёр зуун дөчин мянган төгрөг/ байснаар нөхөн төлбөрийг тооцож тавьсан.

    Дохиолол холбооны 3 дугаар ангийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн ажлын байрны нөхөн төлбөр 2017 онд Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тооцвол 43200000 /дөчин гурван сая хоёр зуун мянга/ төгрөг байна.

    Өмнөх хоёр шүүх хуралд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гэсэн үндэслэлээр улсын байцаагчийн тавьсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь Дохиолол холбооны 3 дугаар ангид МХЕГ-ын даргын баталсан 01/28 тоот удирдамжаар хяналт шалгалтыг 2017 оны 10 дугаар сард хийж зөрчлийг илрүүлсэн бөгөөд 2015, 2016 онуудад хяналт шалгалт хийгдээгүй ба хөөн хэлэлцэх хугацаа нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс тооцож тоолох ёстой байсан. Зөрчил илэрснээс хойш 3 сарын хугацаанд тоолох ёстой.

    Гурав. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Мэргэжлийн хяналтын төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж /9.3.1-9.3.7/ заасан нь Мэргэжлийн хяналтын төл байгууллага буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бүрэн эрхийг тусгасан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ /10.9.1-10.9.13/ гэсэн нь улсын байцаагчийн бүрэн эрхийг тусгасан байдаг гэсэн тайлбарыг бичгээр гаргасан ба тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

    Миний бие нь Дохиолол холбооны 3-р ангид Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийсэн. Илэрсэн зөрчилд нь 11-06-040/10 дугаартай шийтгэлийн хуудсаар арга хэмжээ тооцсон. Бие даасан хуулийн этгээд биш учраас Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Жигжиднямаа даргад тухайн удирдамжийг танилцуулж байж хяналт шалгалтыг хийнэ гэж гомдол гаргагчийн зүгээс ярьж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн объектын эрсдэлийн ангиллыг үндэслэнэ  гэж заасан. Энэ нь юу вэ гэхээр тухайн аж ахуй нэгж хэд хэдэн объектоос бүрдэж болно. Эрсдэлийн шалгуур үзүүлэлт аль нь өндөр байна гэдгээр нь сонгож хяналт шалгалтаа төлөвлөдөг юм. 

    Дохиолол холбооны 3-р анги 200 ажилтантай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд хяналт шалгалт хийх тухай удирдамж нь 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллагыг төлөвлөн хяналт шалгалтандаа хамруулах юм. Энэ бол хуулийн үндэслэлтэй. Салбар нэгж гэдэг ухагдахуунаар үзвэл Дохиолол холбооны 3 дугаар ангийг удирдах эрх бүхий албан тушаалтан нь Улаанбаатар төмөр замын Жигжиднямаа даргын тушаалаар томилогдсон албан тушаалтан байгаа. Нөгөө талаар тухайн байгууллага нь жилийнхээ төсвийг эндээ боловсруулаад дээд газраараа батлуулаад, ажилтан, албан хаагч нэмж авах уу, хасах уу, шагнал олгох уу гэдгийг өөрсдөө дотооддоо шийдээд, дотоод журмаа боловсруулаад явдаг бүтэц бүрэлдэхүүн байгаа. Иймд үүнийг бие даасан байгууллага гэж миний хувьд үзэж байна. 

    Мөн Дохиолол холбооны 3-р ангитай адил Төрийн банк байна. Гэтэл Төрийн банк дээрээ нэг удирдлагатай, нэг гэрчилгээтэй байдаг. Засгийн газрын 2009 оны 26 дугаар тогтоолыг ярьж байна. 26 дугаар тогтоолд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцно гэсэн нэг ч үг үсэг байдаггүй юм. Үүнд юу гэж заасан бэ гэхээр Улаанбаатар, Дархан, Орхон аймагт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 40%, 21-ээс дээш ажилтантай бол 50 хувиас тооцно, харин хөдөө орон нутагт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 30 хувиар тооцож төлбөр төлөх ёстой л гэсэн байдаг. Хяналт шалгалтыг хийхдээ 09 дүгээр сарын 20-ны үед энэ байгууллагад мэдэгдээд 10 дугаар сарын 10-нд хяналт шалгалт хийсэн. Хугацаа хэтэрсэн талаар ярьлаа. Хугацаа хэтрээгүй, би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч Баяраагаас хэд хэдэн байгууллага дээр хяналт шалгалтаа хийгээд дуусаагүй байна яах вэ гэхэд 11 дүгээр сарын 01-ний дотор хяналт шалгалтаа хийгээд тайлан мэдээгээ өгөөрэй гэснээр хугацаа сунгагдаж хяналт шалгалт хийгдсэн. 

   Ингээд хяналт шалгалтаа хийж дуусгасан. Дээд газраасаа зөвшөөрөл авч хийсэн шалгалт учраас хугацаандаа хийсэн гэж үзэж байна. Тайлан мэдээг гаргаж явуулах хугацааг энэ удирдамжид заасан болохоос биш тэдний дотор хий, тэрнээс цааш хяналт шалгалт хийж болохгүй шүү гэсэн үг үсэг байхгүй. Зөрчил хялбаршуулсан журмаар хийсэн материалд Мэргэжлийн хяналтын газрын даргаар батлуулсан удирдамж байгаа. Шийтгэлийн хуудсыг хууль зөрчсөн гэж байна, миний хувьд 2017 оны 10 дугаар сарын 10-нд энэ зөрчлийг илрүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулинд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй бол нөхөн төлбөр сар бүр төлөх ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар нөхөн төлбөрийг гаргуулж, аж ахуй нэгжийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно, Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд улсын байцаагчийн акт тогтооно гэж заасан байгаа. Нөхөн төлбөрийн актыг улсын байцаагч тогтоохдоо Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирамжинд тусгагдсан 2014, 2015, 2016 оны үеийн байдлаар сар бүр төлбөрөө төлж байсан уу гэдэг дээр үндэслэгдэж хяналт шалгалтыг хийнэ. Хэрэв төлөөгүй байх юм бол төлөөгүй байгаа дээр нь акт тавихаар байгаа. 

    Гэтэл уг зөрчил нь 2017 оны 10 дугаар сарын 10-нд илэрсэн, мөн зөрчил нь үргэлжлээд яваад байсан иймд түүнээс хойш  хугацаа тоолоход Захиргааны хариуцлагын тухай хуучин хуулиар тооцохоор байгаа 3 сарын дотор ч арга хэмжээ тооцож болохоор байгаа юм. 

    Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны явцад гаргасан тооцооллын нэг алдаа байгаа. Энэ нь улсын байцаагчийн хяналт шалгалт хийж байх үед 2017 оны 10 дугаар сарын 17-ны үеийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөг байсан. Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан байгаа. Тухайн зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэж дууссан,таслан зогсоогдсон үеийг тооцно гэж, үүнийг үндэслээд 240000 төгрөгөөр тооцоолсон юм. Тооцооллын хуудсан дээр 2015, 2016 гээд алдаатай бичигдсэнийг улсын байцаагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Прокурор он, сар, өдрөө засаарай гэж байсан. Гэхдээ уг байгууллагад бодсон 2015, 2016 оны нөхөн төлбөрийг авчихлаа гэхэд 2017 онд чөлөөлөгдөхөөр байсан,  гэхдээ 2018 онд нөхөн төлөх болно. Гэтэл эднийх тийм байгаагүй, харин 2017 ондоо төлсөн байсан бол 2018 ондоо чөлөөлөгдөөд явж болохоор байсан. 

    Улсын байцаагчийн хувьд би процессын алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Буцаагаад нөхөн төлбөрийг 192000 төгрөгөөр ногдуулж болохоор байгаа. Мөн 2017 оны 10 дугаар сар хүртэл тооцох юм бол 240000 төгрөгөөр тооцож болохоор байгаа. Тухайн байгууллага 2017 онд бүтэн төлсөн бол  2018 онд чөлөөлөгдөхөөр байгаа юм. Тийм учраас 240000 төгрөгөөр 2017 ондоо төлөхөөр, харин 192000 төгрөгөөр 2016 оныхыг  тогтоолгож болно. 

    Гэхдээ гомдол гаргагч нь шийтгэлийн хуудсыг илтэд нь хууль зөрчсөн гэсэн гомдол гаргасан байна. Би хууль зөрчөөгүй гэдгээ үүгээр тайлбарлаж байна. Хөөн хэлэлцэх хугацаа гэдгийг хуулийг буцаан хэрэглэх гэдэг дээр харлаа. Тухайн зөрчилд 2015, 2016 онд хяналт шалгалт огт хийгдээгүй учраас 2017 онд мөн үйлдэгдээд л яваад байсан. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 10-нд энэ зөрчлийг илрүүлсэн. Илрүүлсэн үедээ улсын байцаагчийн зүгээс хяналт шалгалтыг хийж байх үед дагаж мөрдөж эхэлсэн байсан хуулийн дагуу хариуцлага ногдуулж нөхөн төлбөрийн актыг тавьсан юм. Гэхдээ он, сарын хувьд алдаатай бичсэн байгаа нь үнэн. 2016 онд илрүүлсэн зөрчил дээр 2017 онд шийтгэл тооцохгүй шүү дээ. Иймд би 2017 оны 10 дугаар сарын 10-нд илрүүлсэн зөрчилдөө акт тавьсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн заалтыг удирдлага болгоод 240000 төгрөгөөр торгох акт тавьсан.

    Монгол Улсын Засгийн газраас сар бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүйн төлөө төлбөр төлөх ёстой гэсэн тогтоол байдаг. Үүнийг ямарваа нэгэн байдлаар төрийн болон хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай бүх аж ахуйн нэгж, байгууллагууд дагаж мөрдөх ёстой.

    Хууль шинээр баталсантай холбогдуулаад маргаан явагдаж байна. Шинээр хууль батлагдаагүй байхад эдний байгууллагад улсын байцаагчийн акт тавигдаад 380 шахам сая төгрөгийн нөхөн төлбөр төлөх график гаргаад төлж байсан гэж хэлж байсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар улсын байцаагчийн акт тавьдаг, Зөрчлийн хууль шинээр батлагдсантай холбогдуулаад зөрчлийн хуулинд хамрагдсан бол заавал зөрчлийн дагуу арга хэмжээ тооц гэсэн чиглэлийг Прокуророос өгөөд байдаг. Бид Зөрчлийн хуулинд орсон зөрчлийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар шийдэхгүй. Тийм учраас Зөрчлийн шинэ хуулиар арга хэмжээ тооцсон байгаа юм. Энэ удирдамж жил болгон батлагддаггүй. Цаашид энэ байгууллага уг төлбөрийг төлөхгүй байх магадлал өндөр байна. Энэ нь зөрчил цаашид үйлдэгдээд явах нөхцөлийг бүрдүүлнэ. Иймд мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь хууль тогтоомжийг биелүүлж байгаад болон түүний  хэрэгжилтэнд хяналт шалгалт хийгээд дагаж мөрдөөгүй байгаа дээр нь арга хэмжээ авч, албадлагын арга хэмжээ авч байх үүрэгтэй болов уу гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

         Шүүх гомдол гаргагчийн гомдлоор хуульд заасан журмын дагуу захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүхэд гаргасан гомдол гаргагчийн гомдол, түүнийг эс зөвшөөрч хариуцагчаас бичгээр ирүүлсэн хариу тайлбар, тэдгээрт хавсаргасан болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд авагдсан нотлох баримтууд, мөн шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нараас гаргасан тайлбар зэрэгт үндэслэн дараахь үндэслэлээр гомдлыг бүрэн хангаж шийдвэрлэв.

         Гомдол гаргагч М-О х нн Н Уб Т Знь шүүхэд Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын Газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч /Д.Б/-ийн тус аймаг дахь Уб Т З Дохиолол холбооны 3 дугаар ангийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 10.16.1-д “Хуульд заасны дагуу ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл одой хүнийг ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй ...” гэсэн үндэслэлээр тогтоосон зөрчилд мөн зүйл дэх “...учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу тухайн зөрчилд хоёр жилийн буюу 2015, 2016 онуудын ажлын байрны нөхөн төлбөр болох нийт 12096000 /арван хоёр сая ерэн зургаан мянга/ төгрөгийн төлбөрийг, 1500 /нэг мянга таван зуун/ нэгж буюу 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн шийтгэлийн хамт оногдуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №01 тоот хавсралт бүхий №11-06-040/10 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргасан байх ба тэрээр уг гомдлын шаардлагын үндэслэлээ;

         1. М-О х н Н Уб Т з харьяа салбар нэгжүүд нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй, улсын бүртгэлд бүртгэлгүй, бие даан хуулийн хариуцлага хүлээх чадамжгүй этгээд  ба Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 10.16.1-д “... ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үзүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, ...хуулийн этгээдийг ...торгоно” гэж заасан байгаагаар дээр дурдсан зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллага буюу хуулийн этгээдийг торгох шийтгэл оногдуулахаар тодорхой зохицуулсан байхад Дохиолол холбооны 3 дугаар ангийг бие даасан аж ахуйн нэгж, байгууллага буюу хуулийн этгээд гэж үзэж торгууль ногдуулсан нь хууль зөрчиж байна,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг аж ахуйн нэгж байгууллагын ажиллагчдын тоо, төлбөрийн нийт хэмжээнээс хамааран Засгийн газар тогтооно” гэж заасан ба Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №26 дугаар тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүйн орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлж байхаар журамласан бөгөөд гэтэл улсын байцаагч нь Улаанбаатар Төмөр замын салбар нэгж болох Дохиолол холбооны 3 дугаар ангид  2015, 2016 оны байдлаар шалгалт хийж, хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл одой хүнийг ажиллуулаагүйн нөхөн төлбөрийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №07 тоот тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192000 төгрөгөөр тогтоосныг баримтлах ёстой байтал тус Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №04 тоот тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240000 төгрөгөөр тооцож нөхөн төлбөрийг ногдуулж хууль тогтоомж, эрх зүйн актыг зөрчсөн байна гэсэн үндэслэлүүдээр тус тус тайлбарлажэ

Шүүх гомдол гаргагчийн зүгээс хариуцагчийн гаргасан шийтгэлийн хуудсыг дээрх хоёр үндэслэлээр хүчингүй болгуулахаар гаргаж буй гомдлын шаардлагын хүрээнд хянаж үзвэл дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

Нэг: Дорноговь аймаг дахь У Т з Дохиолол холбооны 3 дугаар ангийг бие даасан аж ахуйн нэгж, байгууллага буюу хуулийн этгээд гэж үзэж торгууль ногдуулсан нь хууль зөрчиж байна гэх гомдлын шаардлагын тухайд:

Гомдолд дурдагдаж буй Улсын байцаагчийн №11-06-040/10 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дүгээр заалтаар Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1-д заасны дагуу М-Ох н Н У Т з Дохиолол холбооны 3 дугаар ангийг 1500 /нэг мянга таван зуун/ нэгжээр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан хариуцлагыг хүлээлгэжээ.

          Улмаар хариуцагчийн зүгээс гомдлын шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Дохиолол холбооны 3 дугаар ангийг  М-О х нн   Т з харьяа салбар нэгж хэдий боловч байгууллагыг толгойлж буй эрх бүхий албан тушаалтантай, уг албан тушаалтан нь ажилчид, албан хаагчидтайгаа өөрийн дотоод журамд зааснаар хамтын болон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил, албан тушаалд томилж, ажлаас чөлөөлж, харицлага алдсан албан хаагчиддаа сахилгын шийтгэл оногдуулж, дээд байгууллагаасаа төсөвлөгдөж ирсэн хөрөнгө санхүүг бие даан захиран зарцуулж байдаг нь хяналт шалгалтаар тогтоогдож байсан нь хуулийн этгээд гэж үзэх үндэслэлтэй, нөгөө талаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн обьектын эрсдэлийн ангилалыг үндэслэх”-ээр заасны дагуу хяналт шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага нь хэд хэдэн обьектоос бүрдэж байвал зөвхөн эрсдэлийн шалгуурт үндэслэн тухайн обьектыг төлөвлөн хийдэг бөгөөд энэ дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд хийх хяналт шалгалтыг  Дохиолол холбооны 3 дугаар анги нь нийт 200-гаад ажилтан, албан хаагчидтай болохын хувьд 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллагыг төлөвлөж шалгалтад хамааруулахаар заасны дагуу торгуулийн шийтгэлийг тус ангид оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болох талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээрх тайлбараараа гаргаж байна. 

           Гомдол гаргагч болон хариуцагчаас дээрх байдлаар маргаж буй үндэслэлд хамаарах асуудал нь холбогдох хуулиудад хэрхэн зохицуулагдсан байгааг хянаж үзвэл Зөрчлийн тухай хуульд заасан  “Хууль ёсны зарчим”-ын 1.2  дугаар зүйлийн 5-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан зарчимын хүрээнд  мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна” гэж байгаагаар үйлдэгдсэн гэх зөрчлийг тодорхойлсон уг хуулийн тусгай ангийн 10.16 дугаар зүйлийн 1-д “Хуульд заасны дагуу ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл одой хүнийг ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол ... хуулийн этгээдийг ... торгоно” гэж заасан байгаа бөгөөд уг хуульд заасан “хуулийн этгээд” гэдгийг Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж, түүнчлэн 26 дугаар зүйлийн 26.1-д “хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно”, 29.2-т “Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ”, 29.6-д “хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж тус тус заажээ.

         Гэтэл гомдол гаргагчаас гомдолдоо хавсарган ирүүлсэн М-О х н н Уб Т з даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх тухай” А-71 тоот тушаал, түүний хавсралтууд,  Уб Т з Дохиолол холбооны 3 дугаар анги нь улсын бүртгэлд бүртгэлгүй болох тухай тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн лавлагаа зэрэг баримтуудаар Дорноговь аймаг дахь У Т з Дохиолол холбооны 3 дугаар анги нь М-О х н Уб Т з харьяа салбар нэгж болох нь огтоогдож байгаагаар У т з Дохиолол холбооны 3 дугаар анги нь дээр дурдсан Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан хуулийн этгээдийн шаардлагыг хангахгүй байх ба харин нөгөө талаар уг байгууллага нь гомдол гаргагч М-О х н н Уб Т  салбар нэгж болохын хувьд Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасантай нийцэж, улмаар мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д зааснаар хуулийн этгээдийн эрхгүй болох нь тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч нь тухайн хариуцлагыг оногдуулахдаа зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан нотлох баримт болох М-О х н нУб Т зУлсын бүртгэлийн 9019009041 дугаарт бүртгэснийг баталгаажуулсан 2076675 тоот регистрийн дугаар бүхий 2006 оны 03 сарын 21-ний өдрийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээтэй байгаагаар М-О хн н Уб Т з нь хуульд заасан эрх зүйн чадвар бүхий хуулийн этгээд болохыг, мөн  улсын байцаагчийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад асуусан гэрч Дохиолол холбооны 3 дугаар ангийн дарга /Д.Х/-ын “...байцаагчийн гаргасан нөхөн төлбөр тавьсан акт, торгуулийн арга хэмжээ зэргийг би дээд шатны байгууллагадаа хүргэж, санхүү нягтлан бодох бүртгэлийн албанд болон хуулийнхаа албанд танилцуулья ...”, мөн тус ангийн хүний нөөцийн менежер /Х.Б/-ийн “...Манай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй буюу одой иргэн ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлдөггүй, учир нь М-Ох н нУбТ З удирдах газар нэгдсэн журмаар төлдөг байх учиртай...” гэж тус тус мэдүүлж байгаагаар уг байгууллага нь М-О х н н Уб Т З харьяа салбар нэгж буюу хуулийн этгээдийн эрхгүй болох нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүйгээр хариуцлага оногдуулах этгээдийг зөв тодорхойлолгүй шийтгэл хүлээлгэсэн нь дээр дурдсан Зөрчлийн тухай хуулийн 1.2  дугаар зүйлийн 5, 3.2 дугаар зүйлийн 2, 10.16 дугаар зүйлийн 1 дэх зүйлүүдэд заасан байгаа хуулийн этгээдэд хамаарах зөрчлийн  хувьд хариуцлагыг зөрчил гаргагч этгээд буюу “хуулийн этгээд”-д оногдуулж байх хууль ёсны зарчим, шаардлагад нийцэхгүй байна.

Хоёр: 2015, 2016 оны байдлаар шалгалт хийж нөхөн төлбөрийг ногдуулахдаа тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны №07 тоот тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /192000 төгрөг/-г баримтлалгүй, тус хорооны 2016 оны №04 тоот тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /240000 төгрөг/-гээр тогтоосон нь хууль тогтоомж, эрх зүйн актыг зөрчсөн гэх гомдлын шаардлагын тухайд:

Хариуцагч улсын байцаагчийн №11-06-040/10 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дүгээр заалтаар Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн М-О х н Н Уб Т з Дохиолол холбооны 3 дугаар ангид хоёр жилийн нөхөн төлбөр нийт 12096000 /арван хоёр сая ерэн зургаан мянга/ төгрөгийн нөхөн төлбөр төлөх хариуцлагыг мөн оногдуулжээ.

Гомдол гаргагч нь хариуцагчаас дээрх хариуцлагыг оногдуулахдаа нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хэм хэмжээний актыг баримтлаагүй гэж байгаагаар хууль бус гэж үзэж байгаа ба тухайн гомдолд хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа “...Дохиолол холбооны 3 дугаар ангийн гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор зөрчил илэрсэн үеийн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 240 000 төгрөгөөр тогтоосон тогтоолыг үндэслэн нөхөн төлбөрийг тавьсан боловч эрх зүйн байдлыг дээрдүүлж хуулийг буцаан хэрэглэх тохиолдолд 2015, 2016 оны нөхөн төлбөрийг тухайн үед мөрдөж байсан тогтоолын дагуу 192000 мянган төгрөгөөр тооцоолж болно” гэж байгаагаар гомдлын шаардлагын тухайн үндэслэлийг зөвшөөрч байх ба энэ нь улсын байцаагчийн зүгээс нөхөн төлбөрийг тооцож оногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тоо, төлбөрийн нийт хэмжээнээс хамааран Засгийн газар тогтооно” гэж зааснаар Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №26 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээ”-г тогтооход баримтлах  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2015, 2016 онд үйлдэгдсэн гэх зөрчилд тухайн онуудад хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 тоот тогтоолоор 192 000 төгрөг байхаар тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бус, тус Үндэсний хорооноос 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор 240 000 төгрөгөөр тогтоож, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөхөөр заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон буруутай болохыг нотолж байна.

Мөн хариуцагчийн зүгээс дээрх нөхөн төлбөртэй холбогдуулан шийтгэлийн хуудсаар оногдуулсан хоёр жилийн нөхөн төлбөр нь 2016, 2017 онуудад гаргасан зөрчилд хамаарч байгаа ба үүнд бичиглэлийн алдаа гарсан талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч улсын байцаагчийн тухайн үед үйлдэж гаргасан  №11-06-040/10 дугаартай шийтгэлийн хуудасны хавсралт болох “Дохиолол холбооны 3 дугаар ангийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллуулаагүйн ажлын байрны төлбөрийн тооцоо”-ноос үзэхэд 2015, 2016 онуудад хамааруулж нөхөн төлбөрийг оногдуулсан нь тогтоогдож байна.

Гурав: Дээрх байдлуудаар гомдол гаргагчийн зүгээс гаргаж буй гомдлын шаардлагууд үндэслэлтэй болох нь тогтоогдож байгаагаас гадна 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль дахь “Зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдол”-ыг зохицуулсан 1.9 дүгээр зүйлийн 1.2-т “Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй байхаар зохицуулсан байх ба гэтэл хариуцагчийн хяналт шалгалтдаа хамруулсан 2015, 2016 онуудад Дохиолол холбооны 3 дугаар ангийн гаргасан гэх зөрчлийн үед Захиргааны хариуцлагын тухай хууль /1992 оны/ хүчин төгөлдөр үйлчилж, уг хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно” гэж заажээ.

Хариуцагч нь хяналт шалгалтынхаа явцад илрүүлсэн гэх уг зөрчилд тухайн үед хэдийгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн ...6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж заасны дагуу мөн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар тухайн зөрчлийг шалган шийдвэрлэсэн хэдий ч дээр дурдсанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтын агуулгаас үзвэл зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдсон боловч уг зөрчлийн улмаас зөрчил гаргасан этгээдийг хариуцлагад татах хуульд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд түүнд зөрчлийн хэрэг нээхгүй байх зарчимыг агуулж байгаагаас гадна өөрөөр хэлбэл нэгэнт хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд зөрчил гаргасан этгээдийг хариуцлагад татахгүй байх үндсэн зарчимыг илэрхийлж байна.

           Гэтэл улсын байцаагч нь хэдийгээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” хяналт, шалгалтын удирдамжийг үндэслэж тухайн шалгалтыг явуулсан гэж тайлбарлаж байгаа боловч дээр дурдснаар тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 3 сарын дотор зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагад татаж болох, харин түүнээс дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд хариуцлагад татаж болохгүй байхаар заасан байхад  Дохиолол холбооны 3 дугаар ангийн 2015, 2016 онуудад гаргасан гэх зөрчилд 2017 оны 10 дугаар сард явуулсан хяналт шалгалтаар тухайн байгууллагад холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хариуцлага оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан зарчимд нийцэхгүй байгаа нь зөрчил шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

          Мөн нөгөө талаар Зөрчлийн тухай хууль дахь “Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа“-г зохицуулсан 1.4 дүгээр зүйлийн 3-д “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байгаагаар Зөрчлийн тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө хариуцагчийн зүгээс хяналт шалгалтаар тогтоосон гэх тухайн зөрчил буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлнө” гэж заасныг зөрчсөн зөрчилд аж ахуйн нэгж, байгууллагад мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.5-д “энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүгч торгох” шийтгэл оногдуулахаар заажээ.

          Гэтэл хариуцагч улсын байцаагч нь торгуулийн шийтгэлийг оногдуулахдаа тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан дээрх хуульд заасны дагуу шийдвэрлэлгүй Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж зөрчил гаргасан этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байгаа нь дээр дурдсан “Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа“-г зохицуулсан 1.4 дүгээр зүйлийн 3 дахь зүйлд хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэхээр заасан шаардлагад нийцэхгүй байна.     

          Иймд дээр тогтоогдож буй байдлуудаар хариуцагчийн зүгээс тухайн үед хяналт шалгалтыг хэрэгжүүлж, шийдвэр гаргасан үйл ажиллагаа нь холбогдох хууль, журамд нийцэхгүй  байгаагаар түүний 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11-06-040/10 дугаар шийтгэлийн хуудсаар М-О х н н У Т з Дорноговь аймаг дахь Дохиолол холбооны 3 дугаар ангид оногдуулсан шийтгэл нь мөн Зөрчлийн тухай хууль дахь “Шийтгэл оногдуулах үндэслэл”-ийг зохицуулсан 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн ... хуулийн этгээдэд ... энэ хуульд заасан үндэслэл, журмын  дагуу шийтгэл оногдуулна” гэж заасан болон мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль дахь “Шийтгэл оногдуулах” тухай асуудлыг зохицуулсан 7.1 дүгээр зүйлийн 1.3-д “тухайн үйлдэл нь ...Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтны зүгээс шийтгэл оногдуулахдаа тогтоосон байхыг заасан хуулийн шаардлагуудыг хангахгүй байх тул гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр, хяналтын улсын байцаагч /Д.Б/-ийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11-06-040/10 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

         Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                            ТОГТООХ нь:

         1.Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 5, 1.4 дүгээр зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 2, 10.16 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2, 111.3, 141 дүгээр зүйлийн 141.1.5, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.6, Захиргааны хариуцлагын тухай хууль /1992 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  1.9 дүгээр зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1.3 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүрэн хангаж хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр, хяналтын улсын байцаагч /Д.Бг/-ийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11-06-040/10 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай. 

 

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн бүгд 208 486  төгрөгөөс илүү төлсөн 138 286 төгрөгийг улсын орлогоос, харин үлдэх 70 200 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж гомдол гаргагчид буцаан олгосугай.

 

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЦЭНД