| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2016/00282/И |
| Дугаар | 146/ШШ2016/00302 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 146/ШШ2016/00302
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг Өл 21-2 тоотод оршин суух Бүрэн овгийн Гүрсэдийн Норлохсүрэн /РД:ЙР65093004/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт холбогдох
“Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 45 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Норлохсүрэн, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Норлохсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: “Г.Норлохсүрэн миний бие нь Хархорин дахь Сум дундын шүүхэд 1996 оны 07 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэл 20 жил бичиг хүргэгчээр ажилласан. Тус шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбат нь шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/50 дугаартай албан бичгийн дагуу 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төлөвлөсөн мэдэгдлийг 2016 оны 05 дугаар сарын 31-нд надад өгсөн. Би цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ тамгын даргад бичиж өгсөн боловч надад амаар хариу өгөхдөө та хүсэлтээ өгч тэтгэвэртээ гар, эсхүл таныг цомхотголд оруулж ажлаас чөлөөлнө. Цаашид орон тоо батлагдвал таныг эгүүлэн ажилд авч болно гэсэн хариу өгсөн. Миний нас 50 хүрч, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн нь ажлаас чөлөөлөгдөх шалтгаан болж байна. Ер нь 50 нас хүртэл тухайн хүн нь өөрөө хүсвэл тэтгэвэрт гарах эрх нь үүсэх байтал албадан 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 45 тоот тамгын газрын даргын тушаалыг 2016 оны 07 дугаар сарын 05-нд хүлээн авсан. Манай шүүхэд 9 төрийн үйлчилгээний албан хаагчдаас намайг цомхотголд оруулж ажлаас чөлөөлж бичиг хүргэгчгүй шүүх боллоо. Шүүхийн бичиг хүргэгч нь шүүхийн нүүр царай болон шүүн таслах үйл ажиллагааны гол хөшүүрэг баймаар санагдах юм. Орон тооны цомхотгол нь зөвхөн тухайн хүнийг ажлаас нь чөлөөлөх биш тэр албан тушаал, цалин нь ч гэсэн цомхотгогдож байхгүй болмоор санагдах юм. Би хөдөлмөрийн гэрээг цуцлагдсаны дараа 2016 оны 07 дугаар сарын 20-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд гомдол гаргасан. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03/899 тоот албан бичгээр ирсэн гомдлын хариуг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шуудангаас гардан авсан. Тэгээд Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаж, захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гардан аваад 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хархорин сум дахь Сум дундын шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргасан. Тус шүүхэд бичиг хүргэгчээр 20 жил ажиллахдаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж, ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байсангүй. Ажлаас халагдснаас болоод миний амьдрал их доройтсон цалингийн зээлээ төлж чадахаа больсон. Мөн миний нэр хүнд хүртэл маш их унасан. Иймд миний тэтгэвэрийн нас болоогүй байхад ажлаас минь цомхотголоор халсанд би маш их гомдолтой байна. Иймд Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 45 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат миний бие тус шүүхэд бичиг хүргэгчээр ажиллаж байсан Г.Норлохсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжпэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч Г.Норлохсүрэн нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт холбогдуулан “Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр татгалзаж байна. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №45 дугаартай” тушаалаар Г.Норлохсүрэнгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилагаар цуцалж, үүрэгт ажпаас нь чөлөөлсөн. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/50 дугаартай “Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын 2016 оны төсвийн хуваарь, бүтэц, орон тооны тухай” албан бичгийг анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга нарт хүргүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны төсөв УИХ-аар батлагдахдаа цалин, НДШ болон бусад зардал 2015 оны төвшнээс буурч батлагдсан. Төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал, шүүхийн төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх, зардлын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын 2016 оны урсгал төсвийн хуваарь, 2016 оны бүтэц, орон тооны дээд хязгаар буюу төрийн үйлчилгээний албан хаагчийн орон тоог 8 хүртэл тогтоож 1, 2 дугаар хавсралтаар тус тус баталсан.
Үүнд: Тамгын газрын дарга 1, шүүгчийн туслах 4, мэдээлэл технологийн мэргэжилтэн 1, шүүх хуралдааны нарын бичгийн дарга 2, төрийн үйлчилгээний албан хаагч 8, нийт 21 орон тоо баталж, тус шүүхийн 2015 оны нийт цалингийн зардлын төсвөөс 25,3%-иар бууруулж 21 хүний цалингийн төсвөөр баталсан бөгөөд жилийн төсөв нь 4-н шүүгчийн цалинд 145.727.600 төгрөг төрийн захиргааны 9-н ажилчдад 74,939,155 төгрөг, төрийн үйлчилгээний 8-н ажилчдад 53.104,845 төгрөг, нийт 273,771,600 төгрөгийн цалингийн сан баталсан байна. Төрийн үйлчилгээний албан хаагчийг цалингийн сандаа багтаан тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй, хавсралтаар хүргүүлсэн төсвийн хуваарь, бүтэц, орон тооны хязгаарыг баримтал гэсэн чиглэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээрх албан бичгээр өгсөн. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлагдсан бүтэц, орон тооны дагуу Тамгын газрын дарга Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйл, Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 9 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд бүтэц орон: тоог нягтруулах замаар төрийн үйлчилгээний албан хаагчийн 9 орон тооноос 1 /бичиг хүргэгч/ орон тоо хассан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар үндэслэлээр Г.Норлохсүрэнгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, үүрэгт ажлаас нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухайгаа Г.Норлохсүрэнд сарын өмнө буюу 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын усэг зуруулж баталгаажуулсан. Г.Норлохсүрэн нь 2016 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 645,854 төгрөг, 2016 оны 03 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэл ажиллахдаа нийт 2,902,177 төгрөгийн цалин, болон ээлжийн амралт, бодогдож шимтгэл суутгалыг хасаад цэвэр цалин 1,983,402 төгрөг нийт 2629256 төгрөг гар дээр авч байсан. Харин ч Г.Норлохсүрэнд 2016 оны 03 дугаар сараас 2016 оны 07 дугаар саруудын цалинг илүү олгож, бичиг хүргэгчээр ажлуулсан. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №45 дугаартай тушаалаар Г.Норлохсүрэнд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажлаас халагдсаны 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж буюу 563,580 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Г.Норлохсүрэн удаа дараа дээрх тэтгэмжийг авах талаар тус шүүхийн Тамгын газрын нягтлан бодогч болон шүүхийн ерөнхий зөвлөлд бичгээр хандсан байдаг. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал үндэслэлтэй тул Г.Норлохсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Г.Норлохсүрэнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаартай тушаалыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гардуулан өгсөн бөгөөд Г.Норлохсүрэн нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гомдлоо гаргасан байна. Нэхэмжлэгч Г.Норлохсүрэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжуулсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” заасныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хугацааг зөрчсөн байна. Тус шүүхийн тамгын газрын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөсөн байгаа. Энэ албан бичигт юуг үндэслэж баталсан юм бэ гэвэл төсөв санхүүгийн байдалтай холбогдуулаад энэ журмыг баталсан байна. Төсвийн хуваарь шүүхийн шүүн таслах ажиллагааны урсгал төсвийн хуваарь үүнийг үндэслэж тушаал гаргасан. Энэ батлагдсан төсөв санхүүгийн хүрээнд тамгын газар цомхотгол хийсэн. Таны хувийн байдал аж амьдрал зэргийг харж үзээд таныг би 7 сар ажиллуулсан. 45 дугаартай тушаалыг эсэргүүцэж 3 сараас 7 сар хүртэл ажиллуулж байхад шүүхийн ерөнхий зөвлөлөөс төсөв батлагдснаас илүү цалин олгоод байна гэж шаардлага тавьсан учраас тушаал гаргаж таныг ажлаас халсан байгаа. Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан бичиг манайд ирээгүй. Тэр бас эргэлзээтэй юм. Манай цалингийн сан 13 хүнд батлагдсан бол би аваад ажиллуулж болж байна. Дахиад цалингийн сангаас хассан учраас баталсан төсвийн хүрээнд таныг ажлаас чөлөөлсөн байгаа гэж ойлгож болно. Ажлаас чөлөөлсөн 45 дугаартай тушаалыг Норлохсүрэнд 07 дугаар сарын 05-ны өдөр гардуулж өгсөн байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл рүү гомдол гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэж байна. Дээрхи хугацааг сэргээн тогтоосон тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Норлохсүрэнгийн шүүхэд хандсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс энэ гаргаад байгаа нэхэмжлэлээ хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсч байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Норлохсүрэн нь “Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 45 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч намайг ажлаас чөлөөлөхдөө Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийг үндэслэж тэр орон тоог цомхотго гэж ирээгүй байхад нийтлэг журмыг үндэслэж тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/50 тоот албан бичгийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлтэй гэж маргаж байна.
Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.Норлохсүрэн нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд бичиг хүргэгчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №45 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт зааснаар бичиг хүргэгч Г.Норлохсүрэнгийн хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгожээ.
Г.Норлохсүрэнг ажлаас чөлөөлөхдөө “орон тоо хасагдсан” гэх үндэслэл зааж Монгол улсын шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.11, 3 дугаар зүйлийн 3.5, 3.15, Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/50 дугаартай албан албан бичгийн 1, 2 дугаар хавсралт, Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 9 дүгээр зүйлийн 9.2.8, 9.6-д заасныг тус тус баримталсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажил олгогч нь аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо нь хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх нийтлэг үндэслэлүүдээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалдаг.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №03/50 тоот “анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын 2016 оны төсвийн хуваарь, бүтэц, орон тооны тухай” албан бичгийг 1, 2 дугаар хавсралтаар тус тус баталж тус шүүхийн тамгын газрын даргад ирүүлж байжээ. /хх 29-32 тал/
Ажил олгогчийн зүгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №03/50 тоот албан бичгийн 1, 2 дугаар хавсралтаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын 2016 оны төсвийн хуваарь, бүтэц, орон тооны дээд хязгаар буюу төрийн үйлчилгээний албан хаагчийн орон тоог 8 хүртэл тогтоож ирүүлснийг үндэслэж төрийн үйлчилгээний албан хаагчийн 9 орон тоотой ажиллаж байснаас 1 орон тоо буюу бичиг хүргэгчийг орон тоог хасч нэхэмжлэгч Г.Норлохсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №39 тоот “Шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тогтоолоор төрийн үйлчилгээний албан хаагчийн орон тоог 13 буюу бичиг хүргэгчийн орон тоо 1 гэж баталсан /хх 59-60 тал/ бөгөөд тус шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугар сарын 21-ний өдрийн №45 тоот тушаал нь энэ тогтоол гарснаас хойш гарсан байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болжээ.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Хариуцагч дээрх тушаалынхаа үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар “... орон тоо хасагдсан...” үндэслэлээр ажлаас халсан бол тухайн байгууллагад ажиллах бичиг хүргэгчийн орон тоог хасах болсон шалтгаан болон ямар зарчим, шалгуураар хассан болохыг нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Хариуцагч шүүх хуралдаанд “нэхэмжлэгч Г.Норлохсүрэн нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан ба шүүхэд нэхэмжлэлээ 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, дээрхи хугацааг сэргээн тогтоосон тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарладаг бөгөөд тушаалын хувийг нэхэмжлэгч албан ёсоор 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан /хх 22 тал/, тэр талаар маргадаггүй, харин уг тушаалтай холбогдуулж Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдлоо 2016 оны 07 дугаар сарын 20-нд гаргасан байдаг ба гомдлын хариуг нь 2016 оны 08 дугаар сарын 29-нд шуудан хүргэгчээс гардан авсан баримт /хх 77 тал/, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гардан авсан талаар баримт /хх 78 тал/, нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд гаргасан байдаг ба нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх талаар зохих шатны байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлж байсныг буруутгах боломжгүй юм. Энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан байна гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор гомдлоо гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Норлохсүрэн нь “ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тэрээр цалин хөлстэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Г.Норлохсүрэнг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүхийн бичиг хүргэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч Г.Норлохсүрэнг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан боловч ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсэхгүй тул тус шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №45 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч Г.Норлохсүрэнгийн гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Бүрэн овгийн Гүрсэдийн Норлохсүрэнг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн бичиг хүргэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Г.Норлохсүрэнгийн “ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН