Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 53

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

Шүүгдэгч: О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Хундаганууд овогт Отгонбаярын Аюурзанад холбогдох 2035000080026 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 28-нд Увс аймгийн У суманд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа үсчин хийдэг, ам бүл 5, нөхөр, гурван хүүхдийн хамт, Увс аймгийн Улаангом суманд оршин суух Х овогт О.А.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч О.А нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт Сайнсанаагийн гэрт 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө иргэн Л.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч О.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч О.А нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт С-н гэрт 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө иргэн Л.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодсон болох нь:

Хохирогч Л.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр Ц.Н, манай хороололд амьдардаг хөрш С, түүний эхнэр А, манай бэр О.А бид тав Бөхийн өргөөнд болсон багийн шинэ жилд орчихоод тэндээсээ Тамир нэртэй караоке орж дуулахаар болсон. Тэнд байсан зөөгч эмэгтэй бидний өрөөнд орж ирээд хамт дуулж, архи дарс уугаад байсан болохоор би түүнд үйлчлүүлэгчийнхээ өрөөнд орж ирээд ажлын байр дээрээ архи ууж болдог юм уу гэхэд О.А энэ охин манай нагац эгчийн охин гэж түүнийг өмөөрч надтай маргалдаж муудалцсан. Тухайн караокед бид нар 0,75 литрийн хэмжээтэй хар өнгийн Экспорт гэх хоёрр шил архи уусан байсан. Бид хоёрыг муудалцаж байх үед С эхнэрийнхээ хамт гэр рүүгээ явсан байсан. Харин манай нөхөр тэнд С гэх танил ахтайгаа таараад гадагшаа гарч тамхи татахаар гарч явсан юм. Нөхөр орж ирээд бид хоёрыг машинд суулгаад өөрөө машин бариад явсан ба тухайн үед уусан архинаасаа болоод болсон үйл явдлыг мэдэхгүй байна. Бид нар нэг мэдэхэд манай хөрш Сайнсанаагийн гэрт ирээд О.А над руу аяга авч шидсэн бөгөөд тухайн аяга намайг оноогүй бөгөөд тэр үед би ухаан орсон юм. Дараа нь цай хийж өгөх гэж байсан аягыг авч над руу шидэхэд намайг оноогүй бөгөөд Сайнсанаагийн том хүү С.Т-г хальт оносон. Тэгээд бэр О.А үсрэн босож ирээд намайг түлхэж газарт унагаагаад тэдний гэрийн хоймор хэсэгт миний дээр гарч сууж байгаад намайг үсдэж, миний нүүрийг олон удаа маажсан. Би түүний зөрүүлээд түүний үснээс барихад миний гарын шуу хэсэгт нэг удаа хазсан. Тэр үед С-н гэрт тэдний том хүү С.Т байсан бөгөөд бид хоёрыг салгах гээд дийлээгүй. Манай нөхөр орж ирж бид хоёрыг салгасан. О.А миний үснээс зулгааж, миний нүүр хэсгийг маажиж, гарын шуу хэсгээс хазсанаас болоод миний толгой хүзүү, нүүрэнд үүссэн шарх хорсож өвдөөд хэцүү байна. Би түүнд гомдолтой, эвлэрээгүй байсан боловч одоо О.А-с нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол саналгүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06, 71-72-р тал/,

Насанд хүрээгүй гэрч С.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ байж байтал манай хөрш Л.А гэдэг эгч хажуудаа өндөр бор царайтай танихгүй эгчтэй хоорондоо маргалдсан байдалтай манай гэрт орж ирсэн. Манай гэрт Л.А эгчийн хүүхэд нь байсан юм. Тэгээд би цай хийж өгөхөөр аяга бариад очиж байтал О.А гэдэг эгч манай ширээн дээр байсан аяганаас нэг аяга аваад Л.А эгч рүү шидэхэд би хажууд нь байсан учраас гараараа аяга шидэж байсан гэрийг нь түлхэтэл аяга газарт унагаж хагараагүй юм. Тэгээд Л.А эгч чи над руу аяга шидлээ гэхэд О.А гэдэг эгч өмнөөс үсдэж бариад тэр хоёр нэгнийгээ үсдээд О.А  Л.А эгчийг манай гэрийн баруун талд газарт унагаасан юм. Би тэр үед О.А эгчийн араас нь очоод салгах гээд цамцнаас нь татсан боловч салахгүй байсан. Тэр үед О.А эгч Л.А эгчийн нүүрийн хэсэг рүү хоёр гараараа ээлжлэн самарч маажсан. Би тэр хоёрыг салгах гэж хичээсэн боловч чадахгүй байсан ба тэр үед гаднаас Ц.Н ах орж ирээд О.А эгчийг гараараа татаж салгасан. Тэр үед Л.А-н нүүрний зүүн талын хэсэгт олон газар маажигдсан байдалтай, улайссан, цус нэвчсэн байдалтай болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 07-р тал/,

Гэрч Н.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн үед нөхөр бид хоёр Ц.Н, Л.А, О.А нартай хамт багийн шинэ жилд орчихоод хамт караоке орж дуулж байтал манай нагац эгч дуудахаар нь нөхөр бид хоёр түрүүлээд явчихсан юм. Нөхөр бид хоёр шөнө 01 цагийн үед гэртээ ирэхэд хэвийн байдалтай байсан бөгөөд манай хүү С.Т надад Л.А эгч, хажуудаа нэг бор царайтай эгчтэй хамт манайд согтуу орж ирээд хоорондоо муудалцаж, О.А гэх эгч Л.А эгч рүү аяга авч шидсэн. Дараа нь О.А Л.Аийг дарж унагаагаад хоорондоо зодолдож байхдаа нүүрийг нь маажсан гэж надад хэлсэн”.... гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

Шүүгдэгч О.А-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байсан. Багийн шинэ жил болж манай машинаар явсан. Эгчийн нүүрийг маажъя гэж бодоогүй. Үсээ салгаж авах явцдаа би тийм гэмтэл учруулсан байсан. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаартай “Иргэн Л.А-н биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, хацар, хамар, нүүрний хэсэгт үүссэн дээрх хэмжээтэй зулгаралт, зурагдалт, баруун шууны хэсэгт дээрх хэмжээтэй зөөлөн эдийн цус хуралт, няцралт зэрэг гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтэл учраас Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн Л.А-н биед үүссэн баруун гарын шуу болон нүүрэнд үүссэн гэмтэл нь Алганы дүрмээр биеийн нийт гадаргууны 1,5 хувь орчим талбайг хамарч байна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдалтад нөлөөлөхгүй гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 33-р тал/,

Шинжээч эмч О.П-н нэмэлт мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...мэргэжлийн эмч нарт үзүүлсэн шинжилгээнүүдийг үндэслэж тархи доргилт гэмтэл үүссэн байсныг би дүгнэлтэд тусгаж дүгнэлт гаргасан. Л.А-н хацар, нүүр, духны хэсэгт учирсан зулгаралт, зурагдалт, баруун шууны хэсэгт дээрх хэмжээтэй зөөлөн эдийн цус хуралт, няцралт зэрэг гэмтлүүд нь Алганы дүрмээр биеийн нийт гадаргууны 1,5 хувь орчим талбайг хамарсан учраас энэ нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтэл юм. Иймд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87-р тал/-үүдээр хохирогч Л.Аийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна

Шүүгдэгч О.А нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн нүүрийг хэд хэдэн удаа маажсан, үснээс нь татаж зулгаасан үйлдэл нь хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд хийсэн санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Л.А-н биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Л.А мөрдөн байцаалтын шатанд “Би О.А-с одоо нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р тал/-ийг өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч О.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч О.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ш.Х-н өгсөн: “...Миний хамгийн бага охин болох О.А нь 2011 онд Ц.Х гэдэг залуутай гэр бүл болсон бөгөөд 3 хүүхэдтэй айл юм. О.А нь хүний үгээр байдаг, ямар нэгэн ажлыг дуусгаж байж санаа нь амардаг, их уян зөөлөн сэтгэлтэй, багаасаа спортоор хичээллэдэг, сагсан бөмбөгийн спортоор аймгийн шигшээ багт тоглож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/, Гэрч М.Ө-н өгсөн: “...О.А нь миний төрсөн аав Ш.М-ын төрсөн эгч Ш.Х-н хүүхэд юм. О.А нь энгийн үед эелдэг зөөлөн зантай, байнгын инээж явдаг, шударга, шулуун зантай, хэлье гэсэн үгээ түс тас шууд хэлчихдэг хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/ -үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн толгойн рентген зураг бүхий дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт О-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зураг бүхий дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ГАНСҮХ