| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2016/00235/И |
| Дугаар | 269 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, “Г” ХХК-ий нэхэмжлэлтэй,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн иргэн Р овгийн Ц Б холбогдох 5958560 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.У
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.С
Хариуцагч Ц.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д
Нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2015 оны 03 сарын 13-ны өдрийн 16 цагийн үед над руу утастаад машин болохоо байчихлаа гэж ярьсан. Тэгээд ерөнхий нягтлан руу ярьсан чинь шаардлагатай сэлбэг хэрэгслийг нь аваад наанаас нь оч гэсэн. Тухайн үед би *******гээс юу хэрэгтэй юм бэ? гэж асуухад моторын тосол, шинэ турбин аваад ир гэсэн. Тэгэхээр нь би 10 литр моторын тос, шинэ турбин, шатахуун түгээх станцаас 112 литр түлш аваад очиход ******* Өмнөговь аймгийн Жи-мобайлын антенаас 12 километрийн зайд шороон зам дээр зогсож байсан. Очоод юу болсон талаар асуухад машины турбин нь болохгүй байна, машин хүчгүй болчихлоо гэж байсан. Тэгвэл шинэ турбин авчирсан юм чинь шинэ турбинаа тавиад зүгээр болох юм уу? гэхэд тухайн үед ******* нь тэгнэ гэж хэлсэн. Шинэ турбинаа сольж тавиад хэсэг хугацааны дараа машиныг асаатал зөөлөн хоолой нь хугарсан байсан. Цагаан хоолойг нь Таван толгойгоос авчирч машинд тавьж, 10 литр тосолыг хийгээд машинаа хөдөлгөсөн. Тэгээд аймагт орж ирээд, ирснийхээ дараа ******* дахиад залгасан. Машины доор юм дуугараад байна хөдөлгүүр юм шиг байна гэхээр нь би нягтлантай ярихад чи хурдан оч гэж надад хэлсэн. Тэгээд би бэлтгэл хангахаар “*******” ХХК дээр ирэхэд ерөнхий нягтлан “жи пи эс”-ээр нь хараад сууж байсан. Тэгсэн *******г зогсож байсан газраасаа хөдлөөд явчихсан гэж хэлсэн. Бид нар буцаад очих гэсэн боловч орой болчихсон байсан учраас өнөөдөр очиж чадахгүй нь маргааш өглөө очъё гээд гэр гэртээ харьсан. Гэтэл хариуцагч шөнө залгаад 90 километрийн зайд зогсчихлоо. Бүүр явахаа больчихлоо гэсэн. Тэгээд бид нар аймгаас маргааш нь засварын багтайгаа ******* дээр очиход блок нь хагарчихсан зогсож байсан. Машин эвдэрсэн гол шалтгаан нь зогсож бай гэсэн командыг хүлээн зөвшөөрөхгүйгээр өөрөө дур мэдэж явснаас болж блок хагарсан гэж “*******” ХХК нь үзэж байгаа учраас хариуцагчаас 5958560 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би Таван толгой руу нүүрсэнд яваад нүүрс ачаад эргээд явж байтал машины турбин нь дуугараад жоохон тос хаяж байсан. Тэгээд Таван толгойгоос 25 километр яваад зогссоод компани руу турбин нь болохоо байчихлаа гэж ярьсан. Тэгсэн ******* инженер нэг жолооч, нэг туслахын хамт шинэ турбин авч ирсэн. Бид хэд шөнө хоночихоод өглөө шинэ турбинаа солиод Дундговь аймаг руу хөдөлсөн. Засмал замд оруулаад ******* инженер түрүүлээд явсан. Би туслах жолоочоо авч үлдээд бид хоёр араас нь явж байтал машины доод талд юм дуугараад байхаар нь Цогт-Овоо суман дээр зогсож байгаад удирдлага руугаа юм дуугараад байна гэж хэлсэн. Тэгсэн наанаа байж бай өнөөдөр очиж чадахгүй маргааш очно гэж хэлсэн. Хонох гэтэл машин паар байхгүй, цас шуураад хүйтэн байсан болохоор хотоос явж байсан том тэрэгтэй хүмүүсээс асуусан чинь хөдөлгүүрийн дуу байна, мотор чинь зүгээр байгаа учраас төв рүү явахад зүгээр, гадаа хүйтэн байна хөлдөж үхлээ эртхэн төв рүүгээ дөх гэж хэлсэн. Тэгээд төв бараадах гээд машинаа асаагаад явж байсан чинь Олдохын талд ирээд нэг юм тас гээд дуугарсан. Тэгтэл шатууных нь боолт тасраад унасан. Ус, тосолд ямар нэгэн өөрчлөлт байгаагүй хэвийн байсан. Тэгээд удирдлагад хэлсэн чинь маргааш нь компаний зүгээс хүмүүс ирээд машиныг чирч ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус компанид 2014 оны 03 сараас эхлэн жолоочоор ажилласан. Ажиллаж байх хугацаанд буюу миний мэдэж байгаагаар ойролцоогоор 5 сар эрсдлийн сан гэж сар бүр 100000 төгрөг цалин дээрээс хураадаг байсан. Би 5 сар хураалгасан. Мөн 2015 оны 03 сард бүтэн ажлаа хийж гүйцэтгэсэн ба 03 сарын сүүлээр миний машин эвдэрсэн гээд надад цалин олгоогүй. Энэ цалингаа мөн гаргуулмаар байна. Иймд миний нийгмийн даатгалын дэвтэр болон ажилласан хугацааны цалин 600000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас цалин гаргуулах болон эрсдлийн сангийн мөнгө 100000 төгрөгөөс татгалзаж байна. Учир нь би эрсдлийн санд яг хэдэн төгрөг хураалгаснаа мэдэхгүй байна гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Баярхүүгийн цалинг бүрэн бодож олгосон учир цалин нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрсдлийн санд нийт 400000 төгрөг хуримтлуулсан байсан. Түүнийг нийгмийн даатгалын дэвтрийн хамт С.Баярхүүд буцааж өгөхийг зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. 2015 оны 3 сарын 14-ний өдөр машин 2 удаа эвдэрсэн. Засварын баг очоод зассан боловч дахиад машин эвдэрсэн гэж утсаар ярихад нь наанаа байж бай маргааш очъё гэсэн команд өгсөн байхад үүнийг зөрчиж явсны улмаас компанид хохирол учруулсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд зааснаар компанид учруулсан хохирол болох 5958560 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү? гэсэн саналыг оруулж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн иргэний шүүх хуралдаанд хариуцагчийн хууль ёсны эрхийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн материалтай танилцахад хариуцагчийн буруутай үйлдлээс болж машин эвдрээгүй гэж би үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа 3 нөхцөлөөр тайлбарлая. Нэхэмжлэлийн шаардлагын үндэс нь зөвхөн битгий яваарай гэж хэлсэн командыг зөрчсөн учраас машин эвдэрсэн гэж яриад байна. Хөдөлмөрийн гэрээг 2014 онд байгуулсан байдаг. Хөдөлмөрийн тухайн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тохирно. Үүнд: 1.ажлын байрны буюу албан тушаалын нэр, 2. ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, 3. үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, 4.хөдөлмөрийн нөхцөл эдгээр 4 зүйлийг тохиролцсон байх ёстой. Гэтэл “*******” ХХК нь хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа цалингийн хэмжээг тохиролцоогүй байна. Тиймээс уг гэрээ нь хөдөлмөрийн гэрээг үндэслэж байгуулсан мөн хөдөлмөрийн гэрээ хуульд нийцсэн эсэх нь эргэлзээтэй байна. Ажилтны буруугаас болж машин эвдэрсэн бол компаний зүгээс комиссын акт гарах эсхүл тушаал гаргах ёстой.Дүгнэлтээр тухайн цав хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй гэж гаргасан байдаг. Нэхэмжлэгч тал буруу дүгнэлт гаргасан гэж байгаа боловч буруу дүгнэлт гаргасан гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийг баримтлан хариуцагчаас компанид учирсан хохирлыг төлүүлэх гэж хэлсэн. Шаардах эрх нь 03 сарын 14-нөөс эхэлж үүсэн гэж үзэж байна. Шаардах эрх үүссэнээс хойш 07 сарын дараа нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ гаргасан. Тиймээс хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэл гаргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн эрсдлийн санд хураалгасан мөнгө 400000 төгрөг, нийгмийн даатгалын дэвтэр гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь тус компанитай хөдөлмөрийн гэрээний /хх-ийн 6-7-рт/ үндсэн дээр жолоочоор ажиллаж байсан *******гээс эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу хариуцаж байсан автомашин нь түүний буруутай үйл ажиллагааны улмаас эвдэрсэн гэж үзэж уг эвдрэлийг засварласны үнэ 5958560 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт цугларсан бүх нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг батлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
1.Хэрэгт ирүүлсэн “Эд хөрөнгийн хариуцлагыг дангаар хүлээх гэрээ”-ний /хх-ийн 8-рт/ 1 дэх хэсгийн “д”-д зааснаар “Ажилтны буруугаас хүлээлгэн өгсөн эд зүйлс дутагдах, үгүй болох тохиолдолд компанид учруулсан хохирлыг комиссын акт, ажил олгогчийн тушаал гаргах журмаар нөхөн төлүүлнэ. Хэрэв комиссын акт, ажил олгогчийн тушаалаар ажилтны буруугүй нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэхгүй” гэжээ. Ажил олгогч нь ажилтантай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээнд эд хөрөнгийн хариуцлагыг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулж өгсөн атлаа гэрээнд заасны дагуу акт, ажил олгогчийн тушаал шийдвэрийг гаргаагүй байна. Мөн “эд зүйлс дутагдах, үгүй болох” тохиолдолд эд хөрөнгийн хариуцлага хүлээхээр заасан байгаа бөгөөд эд зүйлсэд эвдрэл гэмтэл учирсан тохиолдолд ажилтнаар нөхөн төлүүлэхээр заагаагүй байна.
2. Хэрэгт цугларсан бичгийн баримтаар нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл *******гийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгө /автомашин/ эвдэрч, байгууллагад хохирол учирсан болох нь нотлогдохгүй байна.
3. Талуудын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараар 2015 оны 3 сарын 14-өөс 15-нд шилжих шөнө уг гэмтэл автомашинд учирчээ. Гэтэл нэхэмжлэгч нь 2015 оны 11 сарын 6-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
4. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээс цалин 600000 төгрөг, эрсдлийн сангийн 100000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж байх ба нэхэмжлэгч ******* ХХК-ий төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас эрсдлийн сангийн 400000 төгрөгийг, *******гийн нийгмийн даатгалын дэвтрийн хамт *******д өгөхийг хүлээн зөвшөөрчээ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрснийг батлан шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс нэхэмжлэгч нь татгалзсан ба үлдэх хэсгийг хариуцагч нь зөвшөөрсөн тул тэр хэмжээгээр нэхэмжлэгч, хариуцагчид тус тус хариуцуулан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт зааснаар “*******” ХХК-ий, *******гээс 5958560 /таван сая есөн зуун тавин найман мянга таван зуун жаран/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн хариуцагч “*******” ХХК-ий, *******гийн нийгмийн даатгалын дэвтэр, 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийн хамт Р овгийн Ц Баярхүү //-д олгохыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг, *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30949 /гучин мянга есөн зуун дөчин есөн/ төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-аас 12650 /арван хоёр мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.У