Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгч Т.А-н өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

Шүүгдэгч М.Д-н өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: М.Д, Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт М-н Д, З овогт Т-ны А нарт холбогдох 1935004670031 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 10-нд Увс аймгийн Ц суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Ц суманд оршин суух, урьд 2016 онд Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 5 сар баривчлах ялаа шийтгэгдэж байсан, З овогт М.Д,

Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 26-нд Увс аймгийн Ц суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Ц суманд оршин суух, 2015 онд Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан З овогт Т.А.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Д, Т.А нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 04-05-ны хооронд Увс аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг “Бага хашаат” гэх газраас хохирогч Н.Б-н нэг тооны адууг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

I. Шүүгдэгч М.Д, Т.А нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Д, Т.А нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 04-05-ны хооронд Увс аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг “Бага хашаат” гэх газраас хохирогч Н.Б-н нэг тооны адууг болох нь:

Хохирогч Н.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт мал маллаж амьдардаг бөгөөд 110 адуу, 800 гаруй хонь, ямаатай юм. Манай намаржаа Цагаанхайрхан сумын Хулж багийн нутаг Бага хашаат гэх газарт байдаг бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тухайн намаржаа дээрээ бүх адуугаа хураасан бөгөөд миний адуу бүрэн байсан. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр миний адуунууд дотроос 5 настай нэг тооны улаан хээр зүсмийн адуу алга болсон ба тухайн адуунууд байсан газарт мотоциклын мөр, адууны туурайны мөр зэрэг байсан ба хулгайч аваад явсан гэж харагдахаар байсан. Би Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. М.Д нь миний адуу, малыг хариулдаг зүйл байхгүй. М.Д нь миний хааяа миний адуунуудыг цуглуулж өгч, 5-6 уналгын морь сургаж өгсөн. Би М.Д-д 2019 оны 9 дүгээр сард нэг тооны шүдлэн байцыг бэлэглэсэн ба боломжтой бол миний адуу малыг харалцаж байгаарай гэж хэлэхэд тэрээр бодож байгаад болъё гэсэн боловч таг болсон. Надад уг нь М.Д-р адуугаа харуулах бодол байсан. Гэвч тэрээр миний адууг хулгайлсан тул түүнтэй дахиж харилцаагүй. М.Д, Т.А нар нийлээд миний 1.250.000 төгрөгийг хохирол төлбөр төлсөн бөгөөд одоо надад нэхэмжлэх хохирол, төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р тал/,

Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний бие 2019 оны 11 дүгээр сарын эхээр мал хариулаад явж байхдаа Цагаанхайрхан сумын Хулж багийн иргэн М.Д гэдэг залуутай тааралдаж худалдах морь байна уу гэхэд М.Д надад зарах морь байна. Та авахгүй юу, би унах морь олж өгье гэж хэлсэн. Түүнээс хойш 2, 3 хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой М.Д над руу Юнителийн дугаараас залгаад морь авах хэвээрээ байгаа бол ирээд авчих гэхээр нь би дүүгийнхээ морийг унаад Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн нутагт Улаан толгойн ам гэх нэртэй газар очсон. Тухайн үед өглөөний 7 цаг болж байсан ба М.Д, Т.А гэх залуугийн хамт ирж надад улаан хээр зүсмийн адууг өгсөн бөгөөд мөнгийг нь ноолуурын үеэр өгье гэхэд за тэгээрэй гэж хэлсэн. Дараа нь би тухайн адууг алдсан ба одоо хүртэл морио олж чадахгүй байгаа бөгөөд  хайж явах зав чөлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,

Гэрч Г.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2019 оны 05-ны өдөр найзуудын хамт Ж-н Хайлукс маркийн автомашинтай Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багийн нутаг Оройн отог, Бага хашаат нэртэй газруудаар чоно үргээх ажлаар явж байсан. Бид нар Цагаанхайрхан сумын төвөөс 5 километрийн зайд өглөө 7 цагийн үед шар хээр морь унаж явсан хүн явж байхаар нь чоно, нохой хэр байна гэж асуухаар дуудахад Хулж багийн иргэн М.Д гэдэг малчин залуу байсан бөгөөд юу хийж яваа талаар нь асуухад нэг үрээ алдчихаад хайж явна гэж хариулсан. Бага хашаатын эхний оройгоос нэг бараан зүсмийн морь хөтөлсөн хүн цаашаа Хяргас сумын нутаг руу чиглээд явж байгаа харагдсан ба бид нар тэр хүнтэй тулж уулзаагүй. Тэгээд Баруунтуруун явах замын цаад талд Хулж багийн малчин залуу Т.А-тай тааралдаж зүгээр мэнд асуугаад чоно, нохой хэр байна гэж асуухад тайван байна, юм мэдэгдэхгүй байна гэж хариулсан. Юу хийж яваа талаар нь асуухад чөдөртэй морио аваад явж байна гэж хариулсан. Т.А тухайн үед нэг хээр морийг унаад нэг алаг морь, нэг хээр зүсмийн морийг хөтлөөд явж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

Гэрч С.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Д, Т.А нар Н.Б-н гэрт ирж Н.Б-с уучлалт гуйж харагдсан. Тухайн үед Н.Б миний адууны үнийг та хоёр хувааж төл, 1.500.000 төгрөг төлвөл хохирлоо барагдуулсан гэж үзье гэхэд тэр хоёр цагдаа, шүүхэд битгий гомдол гаргаач, бид хоёр хохирлыг барагдуулж өгнө гэж хэлээд явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,

Шүүгдэгч М.Д-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Т.А бид хоёр Н.Б-н адуунаас нэг тооны адуу барьж авсан. Би барьж авах хугацаандаа Т.А-д хулгайн адуу гэж хэлээгүй байсан. Тэгээд явж байгаад замдаа хулгайн адуу гэдгийг хэлсэн. Бид хоёр адууг Б.Н-д өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би сүүлийн 2 жилийн хугацаанд айлын мал маллаж байгаа. Би Т.А-г адуу барилцаад өгөөч гээд гуйж аваад явсан ба өдөр нь Н.Б-тэй утсаар ярихад Н.Б намайг морь бариад ав гэж хэлсэн. Бид хоёрыг яриаг Т.А сонсоод сууж байсан. Н.Б-н адуу барьж цааш нь зарсан нь өвлийн идэшний цаг болоод мөнгөний хэрэг гарсан шалтгааны улмаас ийм үйлдэл гаргасан. Энэ хэрэг үйлдсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Т.А-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед бид хоёр хонь хариулж явсан юм. Гэтэл М.Д би Н.Б-тэй ярьсан. Түүний адуунаас нэг морь барьж авмаар байна гэсэн. Би орой нь гэртээ ирээд байж байтал М.Д ирээд морь барилцаад өг гэсэн. Би өдөр нь М.Д-г Н.Б-тэй ярьж байгааг сонссон. Мөн Н.Б-н адууг М.Д хариулдаг болохоор очиж морийг барьж өгсөн. Тэгээд явж байтал М.Д надад Б.Нямсамбуу надад идэшний морь өг гэсэн энэ морийг хүргэж өгөөд 800.000 төгрөг авах гэж байна. Хоёулаа хүргэж өгөөд авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь миний мотоциклоор бид хоёр явахдаа тухайн морийг нь аваачиж өгсөн. Энэ асуудал надад хамаагүй, чи ярьсан хэлснээрээ мөнгө төгрөгөө аваарай гэж би түүнд хэлсэн. Ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. ” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

            Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 414 дугаартай “Увс аймгийн Цагаанхайрхан суманд нас гүйцсэн морины зах зээлийн дундаж үнэ 2019 оны 11 дүгээр сарын байдлаар 1.000.000 төгрөг болохыг тодорхойлов" гэх дүгнэлт /хх-ийн 46-р тал/-ээр М.Д, Т.А нарын хулгайлсан адуу нь 1.000.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч М.Д, Т.А нар нь хохирогч Н.Б-н 1 тооны адууг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчээрээс авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч М.Д, Т.А нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Д, Т.А нар нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Н.Б-н мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч М.Д, Т.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Д, Т.А нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хасаж өөрчлөлт оруулсан нь 2020 оны 2 дугаар сарын 24-нд хүчин төгөлдөр болсон байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах хөнгөн төрлийн ялыг хассан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т  заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн...” гэдэгт хамаарах тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Д нь урьд 2016 онд Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 5 сарын баривчлах ял шийтгэгдэж байсан,

шүүгдэгч Т.А нь урьд 2015 онд Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолуудын хуулбар, эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108-150-р тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгч М.Д-н хувийн зан байдлын талаар: Гэрч Б.У-н өгсөн: “М.Д нь миний хүү бөгөөд эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Зан байдлын хувьд хүний үгэнд оромтгой, сургуульд сураагүй болохоор хүнд бусдын үгнээс гардаггүй, хүнтэй зөв боловсон харилцдаг, аав, ээж, ах, дүү нарынхаа өөдөөс догшин ширүүн харилцсан удаа байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/, гэрч Х.А-н өгсөн: “М.Д нь эелдэг даруу, зантай, гэр бүл, үр хүүхдүүддээ халамжтай, түргэн ууртай боловч уураа надад болон хүүхдүүддээ гаргасан удаа гаргасан удаа байхгүй. Хүний үгэнд оромтгой, сургуульд сураагүй болохоор ямарваа нэгэн зүйлийн буруу зөвийг ялгаж мэддэггүй. Уг нь манайх хулгай хийж амьдрахаар айл биш бөгөөд 280 гаруй бог малтай, 5 тооны адуутай.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/ -үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Т.А-н хувийн зан байдлын талаар: Гэрч Т.А-н өгсөн: “ нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт эхнэр 2 хүүхдийн хамт мал маллан амьдардаг. Зан байдлын хувьд хүнээс юм харамладаггүй, өгөөмөр зантай, бага зэрэг онгироо болохоор хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, хүнд тусархүү, хүний үгнээс гардаггүй, хүний үгэнд оромтгой, аймхай зантай.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/, гэрч П.Д-н өгсөн: “...Миний нөхөр Т.А нь хүнээс юм харамладаггүй, өгөөмөр зантай, бага зэрэг онгироо болохоор хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, хүнд тусархүү, хүний үгнээс гардаггүй бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд архи их уудаг болсон. Энэ байдлыг нь хүмүүс далимдуулж, архи авч ирж өгөөд үнэгүй мал авдаг болсон. Ингэж болохгүй гэж нөхөртөө хэлэхээр уурлаж, чамд хамаагүй, миний аав ээжийн надад өгсөн мал гэж надтай хэрэлддэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч М.Д, Т.А нар бүлэглэн хохирогч Н.Б-н 1 тооны адуу хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан тээврийн хэрэгсэл болох 412.500 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклыг хурааж тус тус улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Д, Т.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч З овогт М.Д, З овогт Т.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д, Т.А нарт тус бүрт нь 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч М.Д, Т.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 412.500 төгрөгийн үнэ бүхий мустанг загварын мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.ГАНСҮХ