| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0413/Э |
| Дугаар | 422 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 422
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,
улсын яллагч Г.Ганчимэг,
шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт М-н С-т холбогдох 1910010790000 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг Орхон суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч механикч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 0 дүгээр гудамж 000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
Урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 11 сар 8 хоногийн хорих ял нь Өршөөлийн тухай хуулиар өршөөн суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тоготоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 000 дугаартай Шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 23 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт М-н С /РД:0000000/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.С нь согтуугаар 2019 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, малчины 0 тоот хашааны гадаа хамтран амьдрагч Ж.Д-эй “гэртээ харина” гэж маргалдан нүүр болон толгойн тус газар цохиж, өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун хөмсөг, зүүн тохой, нуруу, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт, зүүн шуу, зүүн дал, баруун өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч М.С аас: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг гаргахгүй. Эмэгтэй хүний биед гар хүрсэндээ маш их харамсаж байна. Хохирогчтой эвлэрч, уучлалт гуйсан. Одоо хамт амьдарч байгаа...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Ж.Д : “...Хэрэг болох өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би хамтран амьдрагч М.С ын хамт өөрийн нагац ах Ц ахын гэр буюу Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биод 18 цагийн орчим очсон. Тухайн үед Ц ахын гэр нүүх гэж байгаа тул гэртээ нутгийн хүмүүсийг дайлж цайлаад байсан. Тэгээд сууж байгаад орой 22 цагийн орчим Ц ах, Т эгч, С бид дөрөв 750 граммын савалгаатай архи хувааж ууцгаасан. Тэгээд унтах гээд хэвтэж байсан чинь С гаднаас орж ирээд гэртээ харимаар байна гээд байхаар нь би согтуу байна маргааш явья гэж хэлсэн. Тэгээд бие засахаар гарсан чинь С гэртээ харья гээд гарнаас татахаар нь би газар унаад өгсөн. С намайг газар чирсэн тэгэхээр нь болиоч гэсэн чинь больсон. Тэгээд миний тохой хэсэгт нэг удаа өшиглөөд, нүүр рүү нэг удаа цохисон өөр зодсон асуудал байхгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг тэр өдөр С намайг зодож учруулсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Д.Б-ын: “...С бид хоёр нэгнээ хүүхэд байх үеээс таньдаг. С нь хүнд тусархуу, ажилд сайн, нөхөрсөг сайн залуу...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүээр сарын 27-ны өдрийн шинжээчийн №0000 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд Шүүгдэгч М.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Зээлийн 000 тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суудаг. Өчигдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 11 цагийн орчим манай эхнэрийн нагац ах бид хоёр руу залгаад “...манай гэрт хүрээд ир...” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Ц ахын гэрт очсон. Тухайн үед Ц ахынх “Шар хоолой” гэх газар руу нүүх гэж байгаа гээд хүмүүсийг дайлж байсан. Тухайн үед би хүмүүсийг машинаараа хүргэж өгөөд байж байсан чинь нилээд орой болж байсан би сайн цагийг нь мэдэхгүй байна би Ц ах, эхнэр Т , би манай эхнэр Д бид 4 архи ууцгаасан. Тэгээд би нилээд согтоод эхнэр Д тэй маргалдаад гэрээс гаргаад тохой, хөл рүү нь хэдэн удаа өшиглөсөн шиг санагдаж байна. Цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Ц ах “Шар хоолой” гэх газар руу нүүсэн. Яг хаана нутаглаж байгаа эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотойгоор гаргах санал хүсэлт байхгүй. Би тухайн үед нилээд согтуу байсан. Бид хоёр гэрээс гараад би Д гийн тохой, хөл рүү нь хэдэн удаа өшиглөсөн шиг санагдаж байна. Би урьд өмнө нь гар хүрч байгаагүй. Тухайн үед согтуу байсан болохоор маргалдаад гар хүрсэн юм шиг байсан. Түүнээс биш зодож, цохиж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/,
-Гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/,
-Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 39-56 дугаар хуудас/,
-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 58-66 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж М.С-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч М.С нь согтуугаар 2019 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, малчины 00 тоот хашааны гадаа хамтран амьдрагч Ж.Д-эй “гэртээ харина” гэж маргалдан нүүр болон толгойн тус газар цохиж, өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун хөмсөг, зүүн тохой, нуруу, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт, зүүн шуу, зүүн дал, баруун өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Д мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн №000 дугаартай
1.Ж.Д биед тархи доргилт, дух, баруун хөмсөг, зүүн тохой, нуруу, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт, зүүн шуу, зүүн дал, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.
Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч М.С , хохирогч Ж.Д нар нь гэр бүлийн баталгаатай /хх-ийн 33 дугаар хуудас/, гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь хохирогч Ж.Д мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон, хуульд заасны дагуу тэд гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна.
Энэ хэргийн шүүгдэгч М.С нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 131 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтээс шүүгдэгч М.С гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн авч, түүнийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Энэ хэргийн шүүгдэгч М.С нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн хохирогч Ж.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдав.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч М.С нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт М-н С ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.С ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.С ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.С-т мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл М.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР