| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0350/Э |
| Дугаар | 375 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 375
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Эад холбогдох эрүүгийн 18100 2480 0321 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Энхмэнд, шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, нүүрсний уурхайд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г-ын Э /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Роял Моунтэйн” ресторанд хамт ажилладаг Н.Б-ээс “шинэ байранд орсон тавилга авна” гэж хуурч, 1.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед хохирогчид худал хэлж мөнгө зээлсэн нь миний буруу. Би цаашид дахин алдаа гаргахгүй, засарч хүмүүжиж зөв амьдарна. Би хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. ” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 2480 0321 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-ийн хохирогчоор өгсөн:
“... Би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс “Роял моунтэйн” ресторанд Г.Э-тай хамт ажилладаг байсан. 2018 оны 3 дугаар сарын дундуур Э нь ажлаас гарсан юм. Тухайн үед Э бармен хийдэг байсан ба би өөрөө нягтлан бодогч хийдэг байсан. 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Э нь надад “манайх шинэ байранд орж байгаа, гэртээ гэрийн тавилга авах гэсэн юм, 4 сарын хугацаатай 5% хүүтэй 1.0 сая төгрөг зээлээч, төлөлтийг нь график төлөвлөлтийн дагуу 1 сард 282.118 төгрөгийг өгнө” гээд надад өөрийнхөө цалингийн картыг өгсөн.
Гэтэл Э мөнгө зээлсэнээс хойш 1 сарын дараа “Цахилгаан станцид ажилд орно” гээд ажлаас гарсан. Миний өрийг яах гэж байгаа юм бэ гэхэд “ажилд орхоороо цалингаасаа өгчихнө” гэж хэлээд 3 сарын хугацаанд 200.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш огт мөнгө өгөөгүй. Ажлаас гарсанаас нь хойш 1 сар болгон төлөлтийн хугацаанд нь ярихад “Өмнөговь руу өрмийн компанид ажилд орохоор явж байна, ажлаасаа ирээд өгнө, цалин буухгүй байна, хүнээс асууж сураглаад хайж байна” гэсээр байгаад нэг жил болох гэж байна. Саяхан сарын өмнө “мөнгөө өгөөч” гэж хэлэхэд уурлангуй “би мөнгийг чинь төлж чадахгүй, шүүхэд өгвөл өг” гэж хэлээд сүүлийн 2 сар гар утсаа авахгүй, фейсбүүкэндээ блок хийсэн, ээж, эхнэр нь утсаа авахгүй байгаа.
Би Эын гэрт нь очиж үзээгүй, яг хаана байдаг талаар мэдэхгүй байна. Үнэхээр шинэ байр худалдан авах нь авсан, зээлээр авсан юм шиг байна лээ. Миний Эад өгсөн мөнгө бол миний өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулах гэж байсан мөнгө байгаа юм. Тухайн үед Роял моунтэйн рестораны 3 давхарт бэлнээр тоолж өгсөн. Би одоо Эаас 800.000 төгрөг нэхэмжилж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Нарангэрэлийн гэрчээр өгсөн:
“...Г.Э нь манай 3 дахь хүүхэд юм. Бага насаа цэцэрлэг, гэрээр хүмүүжиж байгаад тус дүүргийн 15 дугаар сургуулийг 2009 онд төгсөж, Батлан хамгаалах их сургуурьд сурч байгаад сургуулиасаа гарчихсан. Одоо эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг. 2018 оны өвлөөс Өмнөговь аймагт машины жолооч хийж байгаа. Рояал моунтэйн ресторанд текэн дээр зогсдог байсан гэсэн. 2018 оны 10 дугаар сард байх, цагдаагийн байгууллагаас дуудсан ба бас нэг эмэгтэй над руу залгаад “Э 1.0 сая төгрөгийн өртэй” гэж утсаар ярьсан. Энэ тухай өөрт нь хэлэхэд “танд хамаагүй” гэж ойшоохгүй байсан. Энэ 1.0 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан юмаа гэж надад хэлсэн юм. Уг нь манай хүү хүнээс мөнгө зээлсэн бол буцаагаад өгөх ёстой, яагаад ийм зүйл болсон юм бол гэж гайхаж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Мандухайгийн гэрчээр өгсөн:
“...Би Этай ханилаад 2 жил болж байгаа ба бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй бөгөөд манай охин одоо 1 ой 2 сартай. Э бид хоёр манай аав, ээжийнд, эсвэл Эын аав, ээжийн гэрт ирэн очин амьдардаг, тусдаа гараагүй байгаа юм. Э нь худлаа яриад байдаггүй, даруу төлөв, тууштай зантай хүн.
Роял моунтэйн ресторанд 2017 оны 8 сараас 2018 оны 3 сар хүртэл бармен ажил хийсэн бөгөөд 2018 оны 2 сарын сүүлээр би төрөх гэж байсан тул Э “ажлынхаа хүнээс 1.0 сая төгрөг байрандаа тавилга авах гэж байгаа юм гэж хэлээд зээлчихлээ” гээд мөнгө авчирч байсан. Бид хоёр уг мөнгийг төрөх зүйл бэлтгэхэд хэрэглэсэн.
Үүнээс хойш мөнгийг нь өгч чадахгүй байсаар өдий хүрсэн байна. Батцэцэг гэх хүн над руу яриад “танай нөхөр чинь надаас мөнгө зээлчихээд өгөхгүй байна” гэхээр нь “боломжгүй байна” гэж хэлээд утсаа салгасан. Э мөнгө зээлэх үед бид хоёр манай аав, ээжийн гэрт амьдардаг байсан. Гэртээ тавилга аваагүй, энэ мөнгийг намайг төрөхөд хэрэгтэй зүйлд хэрэглэсэн. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Эын гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Би Батцэцэг гэх хүнийг танина. Би 2017 оны 8 сараас 2018 оны 3 сар хүртэл тус дүүрэгт байдаг “Роял моунтэйн” ресторанд ажиллаж байх үед Батцэцэг нягтлан бодогч хийдэг байсан. 2018 оны 02 сарын 18-ны өдөр надад хувийн хэрэгцээнд мөнгө хэрэг болоод Батцэцэгт хандан “шинэ байранд орсон юм, гэртээ шинэ тавилга авах гэсэн” гэж худлаа хэлээд 1.0 сая төгрөг зээлсэн. Буцаагаад өгөхдөө цалин болгон дээрээсээ 250.000 төгрөг өгөхөөр тохирсон. Ингээд би 3 дугаар сарын сүүлээр ажлаасаа гарахаар болж Батцэцэгт мөнгийг нь өгөх тухайгаа хэлээд гарсан. Уг нь тухайн үед машинаа зараад өгье гэж хэлсэн боловч машин осолд ороод зарахааргүй болсон. Би 1.0 сая төгрөгийг Батцэцэгээс бэлнээр тоолж авсан. Би хадмындаа амьдардаг бөгөөд тухайн үед хувийн хэрэгцээнд мөнгө хэрэг болсон тул шинэ байранд орсон, тавилга авах гэсэн юм гэж худал хэлсэн. Тухайн үед манай эхнэр төрөх гээд мөнгө хэрэг болсон учир худлаа хэлээд мөнгө авсан үнэн. ...Би үлдэгдэл 800.000 төгрөгийг 2019 оны 4 сарын 25-ны өдөр төлөөд барагдуулна. Би өөрийн гэм бурууг ойлгож байна, хохирогчийн хохирлыг барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х, 39-40х/ болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 18х/, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 46х/, Э овогтой Есүйгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 48х/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 49х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 50х/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2014 оны 02 сарын 05-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 56-67х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.
Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Эын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Роял Моунтэйн” ресторанд хамт ажилладаг Н.Б-ээс “шинэ байранд орсон, тавилга авна” гэж хуурч, 1.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн
- хохирогч Н.Б-ийн: “... Би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс Роял моунтэйн ресторанд Г.Э-тай хамт ажилладаг байж байгаад 2018 оны 3 дугаар сарын дундуур Э нь ажлаас гарсан. Тухайн үед Э бармен хийдэг байсан ба би өөрөө нягтлан бодогч хийдэг байсан юм. 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Э нь надад “манайх шинэ байранд орж байгаа юм, гэртээ гэрийн тавилга авах гэсэн юм. 4 сарын хугацаатай 5% хүүтэй 1.0 сая төгрөг зээлээч, төлөлтийг нь график төлөвлөлтийн дагуу 1 сард 282.118 төгрөгийг өгнө” гээд надад өөрийнхөө цалингийн картыг өгсөн. Гэтэл Э мөнгө зээлсэнээс хойш 1 сарын дараа цахилгаан станцид ажилд орно гээд ажлаас гарсан. Миний өрийг яах гэж байгаа юм бэ гэхэд ажилд орохоор цалингаасаа өгчихнө гэж хэлээд 3 сарын хугацаанд 200.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш огт мөнгө өгөөгүй. Ажлаас гарсанаас нь хойш 1 сар болгон төлөлтийн хугацаанд нь ярихад Өмнөговь руу өрмийн компанид ажилд орохоор явж байна, ажлаасаа ирээд өгнө, цалин буухгүй байна, хүнээс асууж сураглаад хайж байна” гэсээр байгаад нэг жил болох гэж байна. Саяхан сарын өмнө “мөнгөө өгөөч” гэж хэлэхэд уурлангуй “би мөнгийг чинь төлж чадахгүй, шүүхэд өгвөл өг” гэж хэлээд сүүлийн 2 сар гаруй утсаа авахгүй, фейсбүүкэндээ блок хийсэн, ээж, эхнэр нь утсаа авахгүй байгаа. Би Роял моунтэйн рестораны 3 давхарт бэлнээр тоолж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09х/,
- гэрч Ө.Нарангэрэлийн: “...Рояал моунтэйн ресторанд текэн дээр зогсдог байсан гэсэн. 2018 оны 10 дугаар сард байх, цагдаагийн байгууллагаас дуудсан ба бас нэг эмэгтэй над руу залгаад “Э 1.0 сая төгрөгийн өртэй” гэж утсаар ярьсан. Энэ тухай өөрт нь хэлэхэд “танд хамаагүй” гэж ойшоохгүй байсан. “Энэ 1.0 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан юмаа” гэж надад хэлсэн юм...”гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,
- гэрч Ж.Мандухайгийн: “...Э бид хоёр манай аав, ээж асвэл Эын аав, ээжийн гэрт ирж очин амьдардаг, тусдаа гараагүй байгаа юм. Э худлаа яриад байдаггүй, даруу төлөв, тууштай зантай хүн. Роял моунтэйн ресторанд 2017 оны 8 сараас 2018 оны 3 сар хүртэл бармен ажил хийсэн бөгөөд 2018 оны 2 сарын сүүлээр би төрөх гэж байсан тул Э “ажлынхаа хүнээс 1.0 сая төгрөг байрандаа тавилга авах гэж байгаа юм гэж хэлээд зээлчихлээ” гээд мөнгө авчирч байсан. Бид хоёр уг мөнгийг төрөх зүйл бэлтгэхэд хэрэглэсэн. Үүнээс хойш мөнгийг нь өгч чадахгүй байсаар одоог хүрсэн байна. Батцэцэг гэх хүн над руу яриад “танай нөхөр чинь надаас мөнгө зээлчихээд өгөхгүй байна” гэхээр нь “боломжгүй байна” гэж хэлээд утсаа салгасан. Э мөнгө зээлэх үел бид хоёр манай аав, ээжийн гэрт амьдардаг байсан. Гэртээ тавилга аваагүй, энэ мөнгийг намайг төрөхөд хэрэгтэй зүйлд хэрэглэсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44х/ болон шүүгдэгч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд хуульчилан тогтоосон.
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Роял Моунтэйн” ресторанд Н.Б-ээс “шинэ байранд орсон, тавилга авах гэж байгаа юм” худал хэлэн түүнээс 1.000.000 төгрөг авч, өөрийн хувийн хэрэгцээнд захиарн зарцуулсан үйлдэл нь зээлийн гэрээний эрх зүйн харилцааг ашиглан, хуурч бусдын эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй байна.
Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон ба шүүгдэгч Г.Э нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Г.Эыг хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-ийн эд хөрөнгөд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон ба шүүгдэгч Г.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 1.000.000 төгрөгийг хохирогч Н.Б-т нөхөн төлсөн нь хохирогч Н.Б-ээс хэрэгт бичгээр гаргасан “...Ганбат овогтой Э нь 800.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан тул хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт, Хаан банкны орлогын мэдүүлэг /хэргийн 84-85х/ баримтаар тогтоогдсон.
Шүүгдэгч Г.Э нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 50х/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 сарын 05-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 56-67х/ тус тус авагдсан ба “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсаныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт Г.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Б- нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Г-ын Эыг хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан эд хөрөнгийн хохиролд Г.Э нь хохирогч Н.Б-т 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус тэмдэглэсүгэй.
5. Энэ хэрэгт Г.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД