| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2016/00288/И |
| Дугаар | 146/ШШ2016/00303 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 146/ШШ2016/00303
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар баг, Эрдэнэтолгой арцат 14-4в тоотод оршин суух, Даш овгийн Рэгжавийнн Энхтөрийн хүсэлттэй,
Төрсөн он тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Энхтөр, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Энхтөр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Рэгжав овогтой Энхтөр миний бие 1961 онд төрсөн. Тухайн үед бичиг баримт аваагүй байж байгаад 1962 он төрснөөр авсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл нас болоогүй гээд байна. Иймд намайг 1961 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү. 1961 онд Архангай аймгийн Их Тамир суманд Самбуугийн 3 дахь охин болон мэндэлсэн. Өргөж авсан ээж маань анх гэрчилгээ авахдаа 1962 онд төрсөн гэж гэрчилгээ авсан. Үүнийг өөрчилж 1961 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү гэж шүүхэд хандсан...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.Энхтөр нь “төрсөн он тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Р.Энхтөр нь 1961 онд төрсөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №00/011705 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ¹132 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Ж.Энхтөр, Б.Цэвээндорж нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Р.Энхтөр нь 1963 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дүгэржавийн Рэгжав, Цэнджавийн Доосмаа нарт үрчлэгдэж байсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт заасныг баримтлан Даш овгийн Рэгжавын Энхтөрийг 1961 онд төрсөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН