| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0128/Э |
| Дугаар | 0128 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 0128
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгч/хохирогч Э....г, түүний өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч/хохирогч Б...., түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э....г, Б.... нарт яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 00259 0653 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа гоо сайханч ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Сур овогт ...ы ...г /РД:.../,
2. Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймаг, Баянгол суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...үйлчлэгч ажилтай, ам бүл 3 ,нөхөр хүүхдийн хамт , Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо дэнжийн ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Боржигон овогтой ...ы ... /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Э....г нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинхайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “...” дэлгүүрийн хажууд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б....гийн толгой хэсэг рүү нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсэг, баруун гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,
- Б.... нь 20119 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинхайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “...” дэлгүүрийн хажууд хувийн таарамжгүй харьцааны улмаас Э....гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхинд шарх, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Э....гийн мэдүүлэг /хх12-13/, хохирогч Б....гийн мэдүүлэг /хх16-17/, хохирогч Б....гийн биед хийсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1189 дугаартай дүгнэлт /хх40/, хохирогч Э....гийн биед хийсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1176 дугаартай дүгнэлт /хх38/, Э....гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх55/, Б....гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх50/,
-шүүгдэгч Б....гийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх57/, цагдаагийн асап сангийн бүртгэлийн лавлагаа /хх85-89/, Голомт банкны дансны хуулга /хх68-70/, авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх71/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх76/,
-шүүгдэгч Э....гийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх58/, цагдаагийн асап сангийн бүртгэлийн лавлагаа /хх90-93/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх67/,
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Нэг. Шүүгдэгч Э....г, Б.... нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Э....гийн “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед би хотын төвөөс гэрлүү харих гэж байгаад Сонгинхайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хүнсний дэлгүүр орох гээд явж байтал манай нөхөр тус дэлгүүрийн үүдэн дээр танихгүй эрэгтэй хүн манай нөхрийг зодож байсан.Тэгээд би нөхрөө хараад очиж салгах гээд очтол хажууд талд нь манай нөхрийг зодож байсан залуугийн эхнэр нь миний үснээс зулгааж газар унагахаар нь би босоод зугтаасан юм. Намайг босоод зугтаасан чинь нөгөө эмэгтэй миний араас ирээд намайг барьж аваад замын боржуур мөргүүлж намайг газар хүчтэй толгой руу цохисон юм. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх12-13/,
2. Хохирогч Б.... “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед Сонгинхайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хүнсний дэлгүүрийн хажууд байрлах нийтийн караокед нөхөр ...ийн хамт орсон...Тэгээд гадаа гаргачихаад манай нөхөр нөгөө гурван залуутай хамт барилцаж аваад хоорондоо нэгнээ цохиод байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгах гээд байж байсан чинь манай нөхөртэй зууралцаж байсан залуу намайг түлхээд байсан. Тэгээд гэнэт замын цаанаас нэг хүүхэн гарч ирсэнээ манай нөхөрийн хувцаснаас татаал зуураад байсан. Тэгээд би чи ямар хаашаа юм бэ наад хоёр чинь зодолдож барьсан юм байхгүй байхад нөгөө эмэгтэй чи юу юм бэ гээд миний зүүн нүдрүү гараараа цохисон. ...Тэгэхээр нь би цагдаа дээр яваад очье угаасаа танай найз намайг зодсон юм чинь гээд цагдаа дээр очсон чинь нөгөө танихгүй эмэгтэй цагдаагийн цаанаас нь гарч ирээд дахиж миний баруун нүд рүү гараараа цохисон. Тэгсэн хажууд байсан цагдаа чи яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд бид нар хамтдаа цагдаагийн хэлтэсрүү орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх16-17/,
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1176 дугаартай “...Э....гийн биед зүүн нүдний доод зовхинд шарх, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн зэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх38/,
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1189 дугаартай “... Б....гийн биед баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсэг, баруун гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэш бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...”гэсэн дүгнэлт /хх40/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Э....г, Б.... нар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э....г, Б.... нь нар гэм буруугийн талаар маргаагүй, тэдгээрийн өмгөөлөгч нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбарт дүгнэлт хийн үзэхэд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй дэлгүүрийн хажууд Э....г, Б.... нар нь хоорондоо үл ойлголцлоос болон маргалдаж харилцан бие биенийгээ цохиж, зодсон болох нь тэдгээрийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э....гийн үйлдлийн улмаас хохирогч Б....гийн эрүүл мэндэд “...баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсэг, баруун гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэгт зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1189 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б....гийн үйлдлийн улмаас хохирогч Э....гийн эрүүл мэндэд “...зүүн нүдний доод зовхинд шарх, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 1176 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э....г, Б.... нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хэн хэнийхээ эрүүл мэндэд хохирол учруулж буйгаа ухамсарлаж хүсч үйлдсэн гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э....г, Б.... нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч нар нь харилцан бие биений эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд шүүх хуралдаанд эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул тэдгээрийн бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзан шүүгдэгч Э....г, Б.... нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 270 хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гарсан байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон яллах дүгнэлтэд дурдсанаар 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрчээ.
Шүүгдэгч Э....г, Б.... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд тус зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын хувьд “...нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “...эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөр дуусгавар болжээ.
Иймд шүүгдэгч Э....г, Б.... нар нь дахин гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн нийгмийн хор аюул арилсан буюу эрүүгийн хариуцлагад татах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зөв байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...гын ..., ...ы ...г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б...., Э....г нарт холбогдох хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР