| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0620/Э |
| Дугаар | 632 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 632
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-йн М, Д овогт Г-ийн Г нарт холбогдох эрүүгийн 19100 1613 0636 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, хххх түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 8 сарын 03-ны өдрийн 140 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэг, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэг, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 11 сарын 29-ний өдрийн 134 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-йн М /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх түр оршин суух гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 4 сарын 12-ны өдрийн 67 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 3 сарын 13-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн бүгд 3 жилийн хугацаагаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялын заримыг буюу 1 жилийг нэмж, биечлэн эдлэх ялыг бүгд 4 жилийн хугацаагаар хорих ял гэж тогтоосон,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 6 сарын 12-ны өдрийн 184 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 сарын 20-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн 12 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялын заримыг буюу 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг бүгд 12 жил 7 сарын хугацаагаар тогтоосон, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Г-ийн Г /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
1. Шүүгдэгч Б.М нь Г.Гтай бүлэглэн 2019 оны 6 сарын 30-ны өдөр Хххход оршин суух иргэн Ш.Цгийн гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 280.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Г.Г нь Б.Мтай бүлэглэн 2019 оны 6 сарын 30-ны өдөр Хххход оршин суух иргэн Ш.Цгийн гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Надад шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй. Зун Дтой хамт ажил хийж байхад Д надад 200.000 төгрөгийн өглөгтэй байсан. Гэхдээ мөнгөө өгөөгүй ба “манай зурагтыг аваарай” гэж хэлж байсан. Би Доржийн гэрт очихдоо “зурагтыг нь авна” гэж бодоогүй, мөнгөө авна” гэж бодоод очиход гэртээ байхгүй, эзгүй байсан юм.
Доржийн эхнэрийнх нь ажил гэрийнхээ ойролцоо байсан тул эхнэрийг нь хайсан боловч олдоогүй. Д өмнө нь надад “манай зурагтыг ав” гэж байсан тул би гэр рүү нь ороод зурагтыг нь авчихсан юм. Тухайн үед хохирогчийн гэрийн цоож нь цүүгээрээ мултарсан байсан. Надад энэ гэмт хэрэгт гэм буруу байгаа, гэм буруугийн талаар маргахгүй. Би Дгийн гэрийнх нь цоожийг татахад хаалга нь онгойчихсон юм. Харин хохирогчийн гэрээс зурагтыг Г авч гарсан. Би хэрэг гарахын өмнөх өдөр “Алтангагнуур” нэртэй архи уусан байсан. Би дараагаар нь ажил хийж байгаад зурагтыг нь зарсан газраасаа зурагтыг аваад хохирогчид буцааж өгсөн. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Г.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Анх хулгай хийх санаачлагыг Б.М гаргасан. Б.М “Д гэдэг найзынхаа гэр рүү очъё” гэхээр нь хамт очиход гэрт нь хүн байгаагүй. Тэгээд дэлгүүрт байж магадгүй гэж бодоод дэлгүүр рүү очтол бас байхгүй байсан. Тэгээд гэрт нь буцаж очоод “найз юм чинь цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй байх, зурагтыг нь авчихъя, би авлагатай юм” гэж хэлсэн. Тухайн үед хохирогчийн гэр цоожтой, цүү нь мултарсан байхаар нь Б.М цоожийг эвдсэн. Энэ хэрэгт миний гэм буруу байгаа, би хохирогчийн гэр рүү Мтай хамт орж, зурагтыг авсан.
Хохирогчийн гэрээс авсан зурагтыг Хархорин зах дээр хүнд зарсан. Дараа нь тэр зарсан хүнээсээ буцааж аваад хохирогчид хүлээлгэж өгсөн. Би тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Би өөрийн хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1613 0636 дугаартай хэргээс:
1. Хулгай орсон гэх Хххх тоотод үзлэг хийсэн тухай 2019 оны 01 сарын 23-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 08-09х, 10-11х/,
2. Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 12-р гудамжны хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 15-17х, 18х/,
3. Хохирогч Ш.Цгийн алдагдсан “ягаан өнгийн хүрээтэй, зүүн дээд буланд “Hi Fi” гэсэн бичигтэй, зүүн доод буланд “4к new vishion” гэсэн бичигтэй LG маркийн зурагтыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 8 сарын 05-ны өдрийн тэмдэглэл баримт /хэргийн 20-21х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Цгийн хохирогчоор өгсөн:
“...Би 2019 оны 6 сарын 30-ны өглөө 09 цагийн үед ажил дээрээ ирсэн. Орой 17 цагийн үед бороо орохоор нь хүү Ариунболдыг “бороо ороод байна, миний хүү өрхөө татаад ир” гээд явуулсан юм. Тэгэхэд манай хүү 95733240 дугаарын утсаар залгаад “ээж, манай хаалга эвдээд зурагт алга болсон байна” гэхээр нь очиход манай гэрийн хаалга онгорхой, гэрийн үүдэнд 10 метрийн наана гэрийн цоож эвдээд хаясан байсан. Тэгээд гэртээ ороход гэрийн зурагт байхгүй байхаар нь цагдаад хандсан юм. Уг зурагтыг Хар хорин захаас 2018 оны 10 сарын 15-ны өдөр 280.000 төгрөгөөр авч байсан, одоо үнэлгээг нь мэдэхгүй байна. Алдагдсан зурагт саарал өнгөтэй, хоёр талдаа цагаан төмөр хөлтэй, ямар нэгэн содон шинж байхгүй.
...Би алдсан зурагтаа бүрэн бүтэн буцаагаад авсан тул одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х, 24х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ё.Нямгэрэлийн гэрчээр өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 12-297 тоотод эхнэр, охин, дунд хүү, бага охин нар хамт амьдардаг. 2019 оны 6 сарын 30-ны өдөр 13 цаг 30 минутын үед Яармагийн 2 дугаар буудалд байрлах эхнэрийн ажил болох “Дээд бодь” хийд руу явах гээд гэрээсээ гарахад манай нохой баруун талын айл руу хуцаж байхаар нь харахад хашаан дотор дунд зэргийн нуруутай, нэг нүдээ гараараа алчуур маягийн зүйлээр дарсан саарал цамцтай, өмд нь саарал өнгөтэй үл таних хүн гэрийн баруун урд зогсож байсан.
Би өмнө нь харж байгаагүй хүн байсан, намайг өөр рүү нь харсныг мэдэнгүүтээ үүд рүү гарч явсан. Би хашаанаасаа гараад харахад ертөнцийн зүгээр баруун тийш алхаад явж байсан ба бага зэргийн гуйвсан байдалтай байсан. Тэгээд би 18 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай бага охин надад “өдөр 15 цагийн үед манай нохой баруун талын айл руу хараад их хуцаад байсан, гараад харахад хажуу хашааны айлын хаалга нь онгорхой, гэрийнх нь хаалга үл ялиг онгойсон байдалтай байсан” гэж хэлсэн ба цагдаа нар ирэхэд хулгай орсон талаар мэдсэн.
...Миний харсан хүн бор царайтай, дунд зэргийн нуруутай, өтгөн хөмсөгтэй, нүд нь бага зэргийн ширүүн эсвэл нүд рүүгээ цохиулсан юм шиг харагдсан. Саарал өмд, цамцтай, гуйвсан алхаатай байсан. Гудамжинд ямар нэгэн автомашин байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 05/277 дугаартай актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн №1, 2 гэж дугаарласан гарын мөрнүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.
2. Иймд цаашид нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй харьцуулан адилтгал хийх боломжгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 38-40х/,
7. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Х-235 дугаартай:
“...үнэлэгдэж буй LG 32 инчийн зурагтыг...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 7 сарын 20-ны өдрийн байдлаар үнэлж үнэлгээг 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг” гэж тогтоосон хохирогч Ш.Цгийн гэрээс алдагдагдсан эд зүйлсийг үнэлсэн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 45-47х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Мгийн яллагдагчаар өгсөн:
“...Надад ял сонсгож байгаа прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 6 сарын 30-ны өдөр мөнгөний хэрэг гараад урд нь хамт амьдарч байгаад салсан эмэгтэй болох Ч.Вансэмбэрүүгээс “автомашинаа өгөөч, эхнэр жирэмсэн мөнгөний хэрэг гараад байна. Би ажил хийх гэхээр хугархай хөл өвдөөд байна” гээд утсаар ярихад “ажил дээр ирээд машин авчих” гэсэн. Тэгээд гэрээсээ гараад явж байхдаа найз Г залгаж ...“чамд мөнгө байна уу, мөнгөний хэрэг гараад байна” гэхэд “байхгүй” гэхээр нь “би Вансэмбэрүүгээс машиныг нь авах гээд явж байна, халтуур хийхээс” гэхэд Г “тэгвэл, хамт явъя” гэсэн.
Тэгээд Гтай Драгон дээр уулзаад Вансэмбэрүүгийн ажил болох Тэнгис кино театрын хажууд байх оёдлын газар ирээд утсаар залгахад ... Вамсэмбэрүү гарч ирээд түлхүүрээ өгсөн. Г бид хоёр Бөмбөгөр худалдааны төв Яармаг явна гэсэн 4 хүн суулгаад Яармагийн шинэ эцэс дээр 4 хүнээ буулгаад 9.000 орчим төгрөг авсан.
Тэгэхэд Г “нэг жижиг архи авчих, шартаад байна” гэхээр нь нэг 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад Туул гол дээр очиж машинаа угааж, архиа хувааж уусан. Ууж байхдаа би Гт “мөнгөгүй, байрны түрээсийн мөнгө нэхэгдээд, хоолны ч мөнгөгүй байна” гэж хэлж байсан.
Тэгээд архиа дуусгаад “Дгийнд очих уу” гээд бид хоёр гэрт нь ирэхэд гэр нь цоожтой байсан ба Дг хайгаад гудамжаар явж байхдаа би “мөнгөний хэрэг гараад байна, Дгийн гэрт ороод зурагтыг нь авчихъя” гэхэд “тэгье” гээд, Г Дгийн хашаа руу ороод, би гудамжны үзүүрт машиндаа сууж байсан.
Тэгэхэд удалгүй Г ирээд “би гэрийнх нь хаалгыг онгойлгож дийлдэггүй, хамт очъё” гэхээр нь хамт очоод хаалгыг нь татахад цоож нь мултрахаар нь би “машин дээрээ очоод байж байя” гээд түрүүлээд гарсан. Миний араас Г зурагтыг нь сугандаа хавчуулаад хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр Хар хорин зах ороод “гар утас зарна, авна” гэсэн танихгүй хүнд 150.000 төгрөгөөр зараад Вамсэмбэрүүгийн машинд 20.000 төгрөгөөр бензин хийгээд, машиныг нь хүргэж өгөөд, Г бид хоёр Драгон дээр ирээд, хоолонд орсон.
Тэгж байхад орон нутгийн 2-3 залуучууд таараад, тэд нартай архи уугаад үлдэгдэл мөнгө 80.000 төгрөгийг бид хоёр хувааж аваад гэртээ харьсан. Би зурагт хулгайлна гэж бодоогүй, Дтой уулзах гэж очиход байхгүй байсан. Тэгээд надад мөнгөний хэрэг их байсан учир Гт “Дгийн гэрт ороод зурагтыг нь авчихъя” гээд л авсан.
...Би хийсэн үйлдэлдээ харамсаж, маш их гэмшиж байна. Миний буруу.” гэсэн мэдүүлэг /хэргийн 110-112х/ болон шүүгдэгч Б.Мгийн хувийн байдалтай холбоотой гэрч Ш.Оюунтуяа /хэргийн 33х/, гэрч Ч.Вансэмбэрүү /хэргийн 34-35х/ нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 53х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 65х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 72-74х, 97-100х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Гын яллагдагчаар өгсөн:
“...Надад ял сонсгож байгаа прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 6 сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна, гэртээ байж байхад манай найз М над руу утасдаад “хаана байна, Драгон дээр хүрээд ир, өнөөдөр мөнгөний хэрэг болоод, эхнэр төрөх гээд эмнэлэгт үзүүлэх хэрэг байна, хамт Вансэмбэрүүгээс машиныг нь гуйж аваад, халтуур хийе” гэхээр би Драгон дээр 09 цаг өнгөрч байхад очоод ... бид хоёр Тэнгис кино театрын баруун талд байдаг ажил дээр нь очоод машиныг нь авсан. Тэгээд Бөмбөгөр худалдааны төвөөс 4 хүн суулгаад Яармагт хүргэж өгөөд Туул гол орж машиныг нь угаая гэж явж байхдаа дэлгүүрээс 0.5 литрийн “Хараа” архи аваад, голд машинаа угаангаа архиа хувааж уусан. Тэгээд М “Яармагт байдаг найз Дгийнд очъё” гээд очиход хүн байхгүй байсан.
Тэгээд машиндаа суугаад гудамжаар Дг хайгаад хэсэг явж байгаад буцаад ирэхэд хүн байхгүй, гэр нь цоожтой байсан. Тэгэхэд М “гэрт нь хүн байхгүй байгаа юм чинь гэрт нь ороод зурагтыг нь авчихъя” гэхээр нь би “за, тэгвэл тэгье” гээд машинаа гудамжны үзүүрт тавиад, М намайг “чи хашаанд нь ороод хүн байна уу, үзээдэх” гэхээр нь би хашаанд ороод гэрийн хаалга нь цоожтой байхаар нь буцаж очоод “гэрт нь хүн байхгүй байна” гэхэд “тэгвэл гэрт ороод зурагтыг нь авъя” гээд бид хоёр хашаанд нь цуг ороод, М гэрийн хаалганы бариулнаас барьж байгаад мулт татахад хаалга онгойсон.
Гэрт нь ороод М гэрийн хойморт байсан зурагтны залгуурыг салгаад, надад зурагтыг нь өгөхөд би түрүүлээд гарсан. Би зурагтыг зүүн сугандаа бариад гарч машиндаа суугаад, Хар хорин захын наана байдаг, гар утас зардаг хүнд 150.000 төгрөгөөр зараад, ...20.000 төгрөгөөр нь машинд нь бензин хийгээд, Вансэмбэрүүгийн ажил дээр ирж, машиныг нь өгсөн. Тэгээд бид хоёр буцаж Драгон дээр ирж цайны газар хоолонд орсон. Гарч дэлгүүр ороод, архи аваад тэр орчмоор хүмүүстэй уусан. Тэгээд гэр гэртээ харьсан.
...Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Миний буруу.” гэсэн мэдүүлэг /хэргийн 119-120х/ болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Э.Уянгын мэдүүлэг /хэргийн 36х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 51х/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 52х/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 64х/ баримт, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 75-82х, 83-85х, 89-91х, 92-95х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М, Г.Г нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.М, Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 6 сарын 30-ны өдөр Хххход оршин суух иргэн Ш.Цгийн гэрт хууль бусаар нэвтэрч, 32 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 280.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар авч, өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Түүнчлэн хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааж хуульчилсан.
Хэргийн нөхцөлд шүүгдэгч Б.М, Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 6 сарын 30-ны өдөр Хххход оршин суух иргэн Ш.Цгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожны цүүг мултлан эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, гэрт нь байсан 32 инчийн LG зурагтыг хулгайлан авч, улмаар уг зурагтыг бусдад зарж борлуулан мөнгийг нь хуваан авч өөрсдийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашигласан болох нь тогтоогдсон ба тэдний гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг шинжийг бүрэн агуулсан байна.
Хэргийн шүүгдэгч Б.М, Г.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас нэр бүхий шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.М, Г.Г нарыг шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Цгийн эд хөрөнгөд нийт 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээчийн /хэргийн 45-47х/ үнэлгээний тайлан дүгнэлтээр тогтоогдсон, эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд нэр бүхий шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох хулгайлсан эд зүйл зурагтыг хохирогчид биет байдлаар нь буцаан өгч, учирсан хохирлыг арилгасан болох нь:
- хохирогч Ш.Цгийн алдагдсан “ягаан өнгийн хүрээтэй, зүүн дээд буланд “Hi Fi” гэсэн бичигтэй, зүүн доод буланд “4к new vishion” гэсэн бичигтэй LG маркийн зурагтыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 8 сарын 05-ны өдрийн тэмдэглэл баримт /хэргийн 20-21х/,
- мөн хохирогчийн: “...Би алдсан зурагтаа бүрэн бүтэн буцаагаад авсан тул одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х, 24х/ болон шүүгдэгч нарын мэдүүлэг баримтаар нотлогдсон тул шүүгдэгч Б.М, Г.Г нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзнэ.
Хэргийн шүүгдэгч Б.М, Г.Г нар нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 64-65х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 72-74х, 75-82х, 83-85х, 89-91х, 92-95х, 97-100х/ тус тус авагдсан ба нэр бүхий шүүгдэгч нарын урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Тодруулбал: “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, тэдгээр нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэв.
Шүүх, нэр бүхий шүүгдэгч нарт эрүүгийн харуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэрэгт эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.М, Г.Г нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Ц нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-йн М, Д овогт Г-ийн Г нарыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.М, Г.Г нарт тус бүрийг 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М, Г.Г нарт тус бүрд оногдуулсан 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт Б.М, Г.Г нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Ц нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.М, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.М, Г.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД