| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2016/01712/и |
| Дугаар | 1547 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 1547
2016 оны 12 сарын 14 өдөр Дугаар 181/ШШ2016/01547 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, холбогдох хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-785б тоотод оршин суух, Хурниад овогт Дашжамсрангийн Алтангэрэл /РД:ИМ76091701/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-785б тоотод оршин суух, Сартуул овогт Нацагдоржийн Нямдавчамба /РД:ИМ74060413/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Алтангэрэл миний бие нь 1999 онд Н.Нямдавчамбатай танилцаж, улмаар 2001 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтийн 138 тоот баталгаагаар бүртгүүлэн гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2000 оны 7 дугаар сарын 12-ны өдөр охин Н.Золбоо, 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүү Н.Тэмүүлэн нар төрсөн.
Амьдрах энэ хугацаанд нөхөр Н.Нямдавчамба нь архи ууж, зодон танхайрч, миний бие эрхтэнд удаа дараалан гэмтэл учруулж, 2001 оны 3 дугаар сард гэмтлийн эмнэлэгт тархи нурууны гэмтэлтэй, толгой хагарсан байдалтай хэвтэн эмчлүүлж байсан. Толгойн зүүн талд сорви нь байдаг. Мөн миний 2 гарыг мушгиж татсанаас 2 гар хүнд зүйл өргөж хийхэд шуугаар өвдөж хавддаг болсон. Толгой бол байнга өвдөж, өдөрт 2-3 удаа өвчин намдаах эм уудаг. Цагдаа дуудаж өгдөг боловч, улам өш санаж зан авир эвдэрсэн. Намайг нэг орой оршуулгын газар хүртэл аваачиж, чи ингээд үхээд өг гэж айлгаж сүрдүүлж, би амь гуйж арайхийн хамт явж байсан. Ер нь байнга л чамайг ална шүү, алчихаад би алаагүй гээд байж байна. Үхсэн хүний үгэнд итгэх үү, амьд хүний үгэнд итгэх үү гэж хэлдэг. Хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нөхөр урдаас нь үг зөрлөө гээд, намайг чирч хувцас урж айлган сүрдүүлсэн. Энэ өдрөөс хойш би 2 хүүхэдтэйгээ дүү болон эгчийндээ байгаа. Утсаар ярихдаа би чамайг ална аа за гэж хэлж байсан.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Алтангэрэл нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Дашжамсрангийн Алтангэрэл миний бие нэхэмжлэлээ татан авах хүсэлттэй байна. Учир нь том охин Н.Золбоо 12 дугаар ангиа энэ жил төгсөх тул хүүхдийн маань сэтгэл санаанд өөрчлөлт орж болзошгүй гэж үзэж татан авах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Алтангэрэл нь хариуцагч Н.Нямдавчамбад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдүүдийн сэтгэл санаанд өөрчлөлт орж болзошгүй үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авах замаар нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.Нямдавчамбад холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Д.Алтангэрэл татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн энэхүү захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын гомдол гаргах эрхгүй, зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.УЯНГА