Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2021/0315

 

 

Г.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хосбаяр, цахимаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 687 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Г.А-ийн нэхэмжлэлтэй,Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 687 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А-ээс Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн “Б и” ХХК-ийн эзэмшил бүхий газрыг үндэслэлгүйгээр сунгасан уг захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг Газрын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нийтдээ 3 сар гаруй хугацааны дараа гаргасан шийдвэртээ нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагыг “...эс үйлдэхүй...” гэж буруугаар тодорхойлж түүндээ дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд Хан-Уул дүүргийн Засаг даргаас өгсөн “бусдын эзэмшил газартай давхцаж байгаа тул хүсэлтийг тань шийдвэрлэх боломжгүй” гэх хариу нь үндэслэлгүй татгалзал гэж шаардлагаа тодорхойлсон ба энэ нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж өгсөн 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн бичиг, хариуцагч, гуравдагчид гардуулсан баримт, шүүх хуралдааны тэмдэглэлээс маш тодорхой нотлогддог. Нэхэмжлэгч миний бие давхцал үүсээгүй газарт төслөө хэрэгжүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй, харин Хан-Уул дүүргийн Засаг даргын зүгээс хэрэв эзэмшүүлэхээр болох тохиолдолд төсөл сонгон шалгаруулах эсхүл дуудлага худалдаагаар эзэмшүүлэх зарчмыг баримтлах ёстой. Гэтэл энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийг зөрчсөнөөс үүдэж миний бие хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжгүйд хүрч хууль бус үндэслэлээр татгалзсан хариу авч байгаа нь энэхүү хуулийн заалттай нийцээгүй. Хан-Уул дүүргийн Засаг даргын зүгээс хүсэлтийг шийдэхээс татгалзсан татгалзал нь хууль бус болох тухай үндэслэл тайлбар, нотлох баримт, хуулийн заалтуудыг анхан шатны шүүхэд тайлбарласан байхад буруугаар тайлбарласан гэж үзэж байна. Нэхэмжлэгч төслийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн газрын кадастрын зургийг хавсарган өгсөн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэхэд тухайн газарт хэн нэгний газар эзэмших эрх байгаагүй нь нотлох баримтаар маш тодорхой нотлогддог. Мөн нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргаж болохгүй мэтээр хуулийг тайлбарлан дүгнэсэн, гэтэл шүүхийн үндэслэл болгон тайлбарлаад байгаа тус хуулийн 33.1.2-т болно гэж заасан байгаагаас үзэхэд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь нотлогдоно. Нотлох баримтын хувьд гуравдагч этгээдээр татагдсан “Б И” ХХК нь нэг ч төгрөг төлж дуудлага худалдааны журам, төсөл сонгон шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр 150 га газрыг олгож болж байсан баримт байгаа, 2012 оноос хойш нэг ч удаа зориулалтын дагуу газраа ашиглаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу газар эээмших эрхээ сунгуулах хүсэлтээ гаргаагүй, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасан үндэслэлээр газар эзэмших эрх нь дуусгавар болох хуулийн заалтуудыг илтэд зөрчин газар эзэмших эрхийг сунгасан нь хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчмуудыг маш ноцтой зөрчсөн байдлыг шүүхээс анхаарч үүнийг нотлож байгаа нотлох баримтуудыг буруу үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Г.А нь Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн “Б и” ХХК-ийн эзэмшил газрыг үндэслэлгүйгээр сунгасан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг Газрын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын “хүсэлт шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр”-тэй маргасныг анхааралгүй шүүхэд анх гаргасан “эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзлээ.

  Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.А нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Газрын албанд тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Түргэний голын эх Бугын аманд 5 га газар хүссэн хүсэлт гаргасан байх ба Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16/2283 дугаар албан бичгээр “Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/344 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгогдож улмаар 2018 оны А/1159 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан нэгж талбартай давхцаж байгаа тул боломжгүй” гэсэн хариу өгсөн, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “Б и” ХХК-д Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууц, амины орон сууцны хотхоны зориулалтаар 150.0 га газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгож,  Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжаар “Б и” ХХК-ийн 178041/0428 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан, энэхүү “Б и” ХХК-ийн эзэмшиж байсан газартай нэхэмжлэгч Г.А-ийн хүсэлт гаргасан газар нь бүхэлдээ давхцалтай үйл баримтууд тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр “Б и” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхацсан тул  маргаан бүхий энэ тохиолдолд түүнд уг газрыг эзэмшүүлэх хууль зүйн боломжгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.А нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан захиргааны үйл ажиллагаа буюу Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16/2283 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгснийг эс зөвшөөрч маргаж байх бөгөөд энэхүү татгалзсан хариу өгсөн тухайн цаг хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжаар “Б и” ХХК-ийн газар эзэмших эрх сунгагдсан, тухайн компани маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй байжээ.

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлийг хуульчилсан ч газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусмагц өөр этгээдэд тухайн газрыг эзэмших хүсэлт гаргах боломжийг шууд олгож буй зохицуулалт биш.

Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын “бусдын газартай давхцалтай” гэх үндэслэлээр татгалзсан хариу өгсөнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаар шүүхийн дүгнэлт зөв боловч энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тайлбарлаж хэрэглэх шаардлагагүй байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/693 дугаар захирамжаар хүчингүй болгосон байх бөгөөд дээрх захирамжийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан урьдач нөхцөл болох “нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол” хөндөгдөөгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 687 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А-ийн Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн “Б и” ХХК-ийн эзэмшил газрыг үндэслэлгүйгээр сунгасан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг Газрын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.Батбаатар      

      ШҮҮГЧ                                                                          А.Сарангэрэл

      ШҮҮГЧ                                                                           О.НОМУУЛИН