| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 135/2017/00407/И |
| Дугаар | 001/ХТ2018/00079 |
| Огноо | 2018-01-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2018/00079
Э.С-ийннэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 724 дүгээр шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 115 дугаар магадлалтай,
Э.С-ийннэхэмжлэлтэй,
Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст холбогдох,
Хүний нөөцийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн Э.С-ийнгаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.С , хариуцагчийн төлөөлөгч Ж.Баярт-Од, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст 2014 оны 04 сарын 10-ны өдөр дотоод ажил хариуцсан ажилтнаар анх томилогдсон. 2015 оны 09 сараас хүний нөөцийн албан мэргэжилтэн албан тушаалд томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж хариуцлага хүлээж байгаагүй, ажлаа чин үнэнчээр гүйцэтгэдэг байсан. Гэтэл шинээр томилогдсон даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баярт-Од нь хууль бус үндэслэлээр ажлаас халж, хөдөлмөрлөх эрхийг минь зөрчиж байна. Ажлаас халсан 2017 оны Б/21 тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 заалтаар ажилтныг ажлаас чөлөөлж байгаа бол мөн хуулийн 40.5 дахь хэсэгт зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мөн бага хүү Г.Хосбаяр нь 2 нас 8 сартай байхад ажлаас чөлөөлсөн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг мөн зөрчсөн. Иймд Татварын хэлтсийн хүний нөөцийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Б/21 тушаалыг нэхэмжлэгчийг иргэний хэргийн шүүхэд хандахаас өмнө буюу 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/25 тушаалаар хүчингүй болгон Э.С т тухайн өдөр утсаар, 2017 оны 03 сарын 31-ний өдөр цахим хаягаар нь мэдэгдсэн. Уг тушаалын дагуу 2017 оны 1-р сарын 24-нд эмнэлгийн магадалгаагаар хүүхдээ асрах акт авсан боловч тухайн өдөр хурууны хээгээр ажлын цагаа бүртгүүлсэн тухай мэдээлэл цагийн бүртгэлийн цахим системд тэмдэглэгдсэн байдаг ба ТУАБ Б.Сэлэнгэ утсаар мэдэгдэхэд ширээн дээр тавьчих гэсэн хариу өгсөн. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй байна. Э.С т хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэмэгдлийг тооцон 2017 оны 03 сарын 30-ны өдөр түүнд шилжүүлсэн. Хэлтсийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөлт орсонтой холбогдуулан хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Э.С ийг өндөр насны тэтгэвэрт гарсан ТУБ О.Арцаагийн сул орон тоонд 2017 оны 04 сарын 03-ны өдрөөс Татварын орлогын тасагт татварын улсын байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж удаа дараа ажлаа хийхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ажилдаа ирэхгүй байгаа болно. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 724 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус заасныг баримтлан Э.С-ийнДархан-Уул аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан тус хэлтсийн хүний нөөцийн ажилтан, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.С тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 115 дугаар магадлалаар: Нэхэмжлэгч Э.С-ийндавж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 724 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.С тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн Э.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 106 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны 115 дугаартай магадлалыг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна.
Намайг Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б21 дугаартай “ Э.С ийг ажлаас чөлөөлөх, комисс томилох тухай” тушаалаар 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс намайг хүний, нөөц, архивын ажилтны албан тушаалаас чөлөөлсөн. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч талаас Татварын хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар тушаал хүчингүй болгох тушаалаар хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/21 тушаалыг хүчингүй болгож, мөн өдрийн Б/26 тушаалаар “Татварын улсын байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тогтоох томилох тухай тушаалаар Э.С ийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Татварын орлогын тасагт түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэж тайлбар гаргаж, уг Б/26 тушаалыг надад танилцуулсан мэтээр худал тайлбар, тушаалын хуулбарыг шүүхэд ирүүлсэн байсан. Би уг тушаалын талаар шүүхэд ирүүлсэн тайлбараас анх удаа мэдсэн. Дархай-Уул аймгийн Татварын хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1-д “ албан тушаалтан ТЕГ-ын даргын тушаалаар албан тушаалд чөлөөлөх томилох түр чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан үүргийг хавсарган гүйцэтгэх асуудлыг шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг тул намайг ажлаас чөлөөлсөн Б/21, Б/26 тоот тушаалын аль аль нь эрхгүй этгээдийн гаргасан тушаал тул хүчин төгөлдөр биш юм. Б/25, Б/26 тоот тушаалуудыг надад мэдэгдээгүй. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1 мин 3 секундын яриа болсон нь Б/26 дугаартай тушаалыг танилцуулсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь тухайн өдөр надаас хүний нөөцийн программтай холбоотой зүйлийг л асууж ярилцсан. Мөн анхан шатны шүүх дээр дурдсан амралтын мөнгө, 3 сард ажилласан 5 хоног ажилласан цалин, урд оны 8 сараас 2017 оны 3-р сар хүртэл хугацааны мөнгө нийт 278.000 төгрөг дээр нэмж миний цалингийн данс руу шилжүүлсэн мөнгө нийт 434.744 төгрөгийг надад 3 сарын цалин олгосон байна гэж бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн. Намайг ажилдаа оръё гээд очиход “чи ажил тасалсан учраас чамайг ажлаас яаж халдгийг үзүүлнэ” гэж даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Баярт-Од хэлсэн. Миний бие төрийн албанд 10 жил тасралтгүй ажиллахдаа нэг ч удаа сахилгын шийтгэл авч байгаагүй, түрээсийн байранд 2 хүүхэдтэйгээ амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй хүний хувьд энэ байдал надад хүндээр тусч байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Дархан-уул аймгийн татварын хэлтэст холбогдуулан “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...орон тоо цөөрүүлсэн, ...өөр ажилд томилсон боловч ажлаа хийгээгүй” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.
Дархан-уул аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 3 дугаар сарын 6-ний өдөр Б/21 дүгээр тушаалаар Э.С ийг хүний нөөц, архивын ажилтны үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., Татварын Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ний өдрийн А/03 дугаар тушаалыг баримталж, төрийн үйлчилгээний албан хаагчдын орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэл дурджээ.
Ажил олгогч нь 2017 оны 3 дугаар сарын 28-ний өдөр Б/25, Б/26 дугаар тушаал гаргаж, дээрх Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Э.С ийг өндөр насны тэтгэвэрт гарсан татварын улсын байцаагчийн сул орон тоонд татварын орлогын тасагт түр орлон гүйцэтгэгчээр томилжээ /хэргийн 5, 16, 21 дүгээр тал/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй талаар заасан.
Гааль, татварын Ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ний өдрийн А/195 дугаар тушаалын 20 дугаар хавсралтаар Дархан-уул аймгийн Татварын хэлтсийг 50 орон тоотой, үүнд захиргаа хууль эрх зүйн тасагт хүний нөөцийн мэргэжилтэн-хуулийн зөвлөх 1 байхаар баталсан байх ба Э.С нь хүний нөөц, архивын ажилтны ажил үүргийг гүйцэтгэж байжээ /хэргийн 22-23 дугаар тал/.
Татварын Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ний өдрийн А/03 дугаар тушаалаар тус газрын харьяа нэгжийн бүтэц, чиг үүргийг баталсан ба уг тушаалын хавсралтаар аймгийн татварын хэлтсийн бүтцийг захиргааны, татвар төлөгчтэй харилцах, татварын орлогын, татварын хяналт шалгалтын, хувь хүний татварын, эрсдэл, статистикийн гэсэн 6 тасагтай байхаар зохион байгуулсан бөгөөд ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхдөө уг тушаалыг үндэслэл болгожээ.
Гэтэл дээрх тушаалд нэхэмжлэгчийн ажиллаж байсан хүний нөөц, архивын ажлын байрыг цөөрүүлэх талаар заагаагүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажлын байрыг цөөрүүлсэн гэх хариуцагчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Дээрх тушаал болон хавсралтад хариуцагч байгууллагын орон тоо тусгагдаагүй бөгөөд тухайн байгууллагын бүтэц, орон тоог тодорхойлсон өөр баримт хэрэгт авагдаагүй, энэ тохиолдолд орон тоо цөөрүүлсэн гэж үзэх үндэслэл тодорхой бус байна.
Нэхэмжлэгч нь хүний нөөцийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг ажил олгогчийн Б/21 дүгээр тушаал гэж тодорхойлсон, шүүх “...уг тушаал хүчингүй болсон, Б/26 дугаар тушаалд гомдол гаргаагүй...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Ажил олгогч нь өмнөх тушаалаа хүчингүй болгосон хэдий ч нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэхдээ орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэл дурдсаныг шүүх анхаараагүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний ажиллаж байсан ажлын байрыг цөөрүүлсэн эсэх тодорхой бус тохиолдолд хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 724 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 115 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ