Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 02

 
     

Ц.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч  Н.Насанжаргал, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2016/00509 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцагдах

            “Дуудлага худалдааг цуцлуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******-Очир, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч С.*******-*******, нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Шинэ говь” худалдааны төвийн хөрөнгийг Улаанбаатар хотын “Хөрөнгийн үнэлгээний төв”-өөр хийлгүүлсэн болно. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж Улаанбаатар хотын хөрөнгийн үнэлгээний төв рүү албан хүсэлт явуулсан боловч одоог хүртэл албан ёсны хариу ирээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай хамтран ажилладаг байгууллага “Хөрөнгийн үнэлгээний төв” гэж байгууллага байдаг гэж тайлбар авсан. Энэ нь өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байна. Би энэ Хөрөнгийн үнэлгээний төвөөр дахин үнэлгээ хийлгэхгүй өөр компаниар үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр дуудлага худалдаа болох гэж байхад Хөрөнгийн үнэлгээний газраас хариу тайлбар ирээгүй байгаад гомдолтой байна. Үүнд:

1.Тухайн хөрөнгийн үнэлгээний төвөөс үнэлсэн обьектуудын үнийг зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур үнэлсэн,

2.Тухайн обьектийн байрлал, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хөдөө орон нутагт байдаг гэх байдлыг ашиглан бага үнээр тогтоосон,

3.Харьцуулж байгаа обьектуудын байршил тухайн эд хөрөнгийг ямар материалаар баригдсан, барилгын материалын чанарын тал дээр судлаагүй,

4.Зам дагуу байрласан газрыг харгалзан үзээгүй өөрсдийн үзүүлэлт ерөнхий байдлаар дүгнэж дүгнэлт гаргасан.

5.Зах зээлийн эдийн засаг хямарч үл хөдлөх эд хөрөнгийн үнэ унаж байгаа ч гэсэн одоо зарагдаж байгаа обьектуудтай үнийг харьцуулж хийгээгүй, шүүхийн шийдвэрээр хөрөнгийн үнэлгээ хийлгэж зарагдсан обектуудтай жишиж үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргасан.

6.Улаанбаатарт байдаг Үл хөдлөх хөрөнгийн төв нь тухайн орон нутагт байдаг үл хөдлөх хөрөнгө ямар үнэтэй байдаг, газар, байршил /А зэрэглэлийн байршил/ үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхдээ дутуу дулимаг хандсан. Тухайн орон нутагт байдаг хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна. Улаанбаатар хотоос ирж 2-3 хоногт үнэлгээ гаргаж байна гэж ирээд хэдэн зураг дараад л яваад өгдөг асуудлыг зохицуулж өгөх шаардлагатай байна.

7.Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компани байвал үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ аймаг, орон нутагт ямар байдаг, өдөр тутмын хэвлэл, зар сурталчилгаагаар явж байгаа обьектуудад үнийн дүнг байнга судалж байдгаараа үнэлгээ гаргахад давуу талтай байж болох юм.

8.Улаанбаатар хотоос ирж байгаа хөрөнгийн үнэлгээний төв нь ажлаар ирж байна гэж нэг өдөрт хэдэн зураг аваад мөн дахин үл хөдлөх хөрөнгийн эзэдтэй ярилцалгүй 3 хоногийн дараа гэхэд явчихсан. Өөрсдийн үзэмжээр хүний олон жилийн хийсэн хөдөлмөрийг ингэж үнэлүүлмээргүй байна.

Иймд Улаанбаатар хотын Хөрөнгийн үнэлгээний төвөөр хийсэн үнэлгээнээс татгалзаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 8 дугаар сарын 19-нд болох дуудлага худалдааг цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул хүчингүй болгуулах гомдол гаргасан. Тэр үнэлгээг би хүлээн зөвшөөрөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, хариуцагч талтай эвлэрэх хүсэлт байхгүй” гэв.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, А.*******-Очир нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00017, 143/ШШ2016/00018, 143/ШШ2016/00019, 143/ШШ2016/00020 тоот шүүгчийн захирамжаар Цагааны *******, Адъяадоржийн ******* нараас 4 гүйцэтгэх хуудасны нийт төлбөр 967,342,485 төгрөгийг гаргуулан “Худалдаа хөгжлийн банк”-нд олгохоор шийдвэрлэсэн болно. Мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 143/Ш32016/00297, 143/Ш32016/00298, 143/Ш32016/00299, 143/Ш32016/00300 дугаартай захирамжуудаар шүүхээс гарсан дээрх шийдвэрүүдийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан. Тус Албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгүүдийг хүлээн авч 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 101, 102, 103, 104 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдэн 67 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулжээ. Төлбөр төлөгч Ц.*******, А.******* нарыг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албанд дуудан ирүүлж, төлбөр төлөгчийн эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулж, эд хөрөнгийн тухай мэдүүлэг авч төлбөр төлөх мэдэгдлийг анхны удаа гардуулж, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлбөрөө сайн дураар төлж барагдуулах хугацаа өгсөн байна. Дээрх хугацаанд Ц.*******, А.******* нар нь шүүхийн шийдвэртэй өр төлбөрөөс ямар нэгэн төлөлт хийгээгүй тул 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч нарын эд хөрөнгөнд үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн төлбөр авагч банкны зээлийн барьцаанд гэрээ байгуулан барьцаалсан үл хөдөлх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн Үүнд:

тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750 мкв талбайтай өмчлөлийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг эд хөрөнгө битүүмжлэх актаар битүүмжлэн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулах хугацаатай мэдэгдэлийг 2 дахь удаагаа өгч, битүүмжилсэн эд хөрөнгүүдийн хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгч бөгөөд эд хөрөнгийн эзэн Ц.*******, А.******* нарт хадгалалт хамгаалалтыг нь хариуцуулан хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэн тогтоолын нэг хувийг гардуулсан. Эд хөрөнгө битүүмжилж, төлбөр төлөгч нарт төлбөрийг төлж барагдуулахаар олгосон хугацаа дууссан бөгөөд дээрх хугацаанд төлбөрөөс огт төлөлт хийгээгүй учир 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, битүүмжилсэн эд хөрөнгүүдийг эд хөрөнгө хураах актаар хурааж, тэмдэглэл үйлдэн мөн эд хөрөнгийн эзэн төлбөр төлөгч Ц.*******, А.******* нарт хураагдсан эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт бүрэн бүтэн байдлыг хариуцуулан хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэн тухайн өдөр төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудаас эд хөрөнгүүдийн талаар үнийн саналыг авсан байна. Ц *******ын шүүхэд гаргасан нэхэмжпэлтэй танилцахад “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлт нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг Өмнөговь аймгийн А зэрэглэлийн бүсэд хамаарагдах газар, объектууд гэх зэргийг харгалзан үзээгүй хөдөө орон нутагт байдаг гэх нэрийдлээр зах зээлийн ханшнаас доогуур үнэлгээ хийсэн байна гэх мэт үнэлгээтэй холбоотой асуудлыг нэхэмжлэлдээ дурьдсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэхь хэсэгт зааснаар “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачлагаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болно” гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын саналыг үндэслэн шинжээчийг томилно гэсэн заалт байхгүй юм. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар Иргэний хуулийн 177.1 дэхь хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиропцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талууд тухайн эд хөрөнгийн үнийн санал дээр тохиролцоогүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 28 дугаартай тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХКомпанийг шинжээчээр томилж 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгож дүгнэлт гаргуулсан болно. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХКомпаниас гаргасан үнэлгээний дүгнэлтийг талуудад 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гардуулж танилцуулсан бөгөөд төлбөр төлөгч нь одоогоор төлбөрөөс огт төлөөгүй байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт анхны дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр талуудад гардуулсан” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, А.*******-Очир нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайн эд хөрөнгө дээр төлбөр авагч, төлбөр төлөгч талууд хоорондоо тохиролцсон тохиолдолд заавал шинжээч томилох шаардлага байхгүй. Манай байгууллага шинжээчийн эд хөрөнгийн үнэлгээ гарсны дараа 70 хувиар тогтоож дуудлага худалдаанд оролцуулдаг. Анхны дуудлага худалдааг талуудад мэдэгдээд, дуудлага худалдааг явуулсан боловч хүмүүс ирээгүй. Хоёр дахь дуудлага худалдааг явуулахаар товлосон боловч шүүгчийн захирамж гарсан учраас дуудлага худалдааг хойшлуулсан” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Шинжээч томилох тухай 28 дугаар тогтоолын дагуу тухайн хөрөнгийн байдалтай шийдвэр гүйцэтгэгч А.*******-Очир, иргэн Ц.******* нарын хамт 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үзэж танилцан, үнэлгээг энэ өдрийн байдлаар хийж дүгнэлт гаргасан. Иргэн Ц.******* нь хөрөнгүүдийн үнийг зах зээлийн үнээс доогуур гаргасан гэж гомдол гаргажээ. Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зарласан анхны дуудлага худалдаанд дээрх нэр бүхий 6 хөрөнгүүд 30 хувь буурсан үнээр дуудлага худалдаанд ороод худалдан авагч гараагүй, зарагдаагүй хөрөнгийг өнөөгийн зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэн гомдол гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд үнэлгээ бага гаргасан гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал яг юунд нь гомдоод байгааг ойлгохгүй байна. “Хөрөнгийн үнэлгээний төв”-өөр үнэлгээ хийлгэхгүй байсан гэдэг дээр гомдоод байгаа шалтгааныг нь мэдмээр байна. Иргэний хуулийн дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар үнэлж, дуудлага худалдаанд оруулна гэж заасан. Манай Хөрөнгийн үнэлгээний төв анхны дуудлага худалдааны үнийг тогтоож, үнэлгээг хийхдээ зах зээлийн гурван аргаар үнэлж, ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн. Бага үнэлсэн гэсэн ямар ч шалтаангүй, үндэслэл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч С.*******-******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний төвөөс гаргасан үнэлгээг, нэхэмжлэгч бага үнэлсэн гээд байгаагаа нотлох хэрэгтэй. Хэргийн материалаас харахад тодорхой үндэслэлээр яаж бага үнэлсэн нь харагдахгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хууль журмын дагуу шинжээчийг томилдог. Анхны дуудлага худалдааг зарлахад ямар ч хүн ирээгүй, зарагдаагүй байна. Зарагдаагүй байна гэдэг нь доогуур үнэлсэн биш харин тодорхой хэмжээгээр дээгүүр үнэлсэн нь нотлох баримтаар нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.6-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж,  шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 143/ШЗ2016/01270 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсгээс үзэхэд шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******, хариуцагчийн төлөөлөгч Х.*******, *******-Очир, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн захирал Б.*******, Худалдаа хөгжлийн банкийг төлөөлөн С.*******-*******, Ж.Бүдбазар нар оролцсон байна. Хэрэгтэй танилцаж үзэхэд шүүгчийн хоёр удаагийн захирамжаар Худалдаа хөгжлийн банк, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК гэсэн хоёр байгууллагыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр томилсон байна. Гэвч шүүх хуралдаанд оролцсон тухайн хүмүүс дээрх хоёр байгууллагыг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдын эрх ашгийг төлөөлөн оролцогч нь түүнийгээ нотлох итгэмжлэл болон хувийн баримтаа хэрэгт хавсаргасан байх шаардлагатай. Жишээ нь нэхэмжпэгч Ц.******* өөрийн нэхэмжпэх эрхийг нотлох үүднээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хэрэгт хавсаргасан байна. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-г төлөөлж байгаа гэж Б.******* чухам тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй эсэхээ шүүхийн өмнө нотлох баримт өгөөгүй. Хэрэгт авагдсан баримтуудад “захирал Б.*******” гэх боловч энэ хүн ямар эрх хэмжээ хэрэгжүүлдэг захирал болох, түүний захирал болохыг нотолсон хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, ажлын үнэмлэх болон бусад гэрчлэх баримт байхгүй. Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгч нар дээрх зөрчилтэй бөгөөд С.*******-******* гэх хүн худалдаа хөгжлийн банкны тусгай активын хэлтсийн ажилтан, банкнаас олгосон итгэмжлэлд дурдагдсан иргэн мөн болохыг нотлох баримт байхгүй. Худалдаа хөгжпийн банкнаас өөрийн хоёр ажилтанд олгосон гэх итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй. Учир нь дээрх итгэмжлэлд бичигдсэнээр тухайн хоёр иргэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар статустайгаар оролцох, тэдгээрийн үүрэг нь ямар байх талаар тодорхой тусгаагүй байна. Дээрх зөрчлүүдээс үзэхэд нэхэмжлэгч Ц.*******ын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, эрхтэй эсэх нь тодорхойгүй талуудтай шүүх хуралдаан оролцуулж мэтгэлцүүлсэн байна. Мөн Ц.******* шүүхэд анх нэхэмжлэл гаргасан цагаас хойш хоёр үндсэн шаардлага гаргасан. Энэ нь дуудлага худалдааг цуцпуулах, хөрөнгийн үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа тул хүчингүйд тооцуулах тухай. Үүнийг шүүгч шийдвэрийнхээ удиртгал хэсэгт тусгасан байна. Гэвч тогтоох хэсэгт Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Дээрхээс үзэхэд дуудлага худалдаа цуцлуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй үлдэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх нэхэмжпэлийн агуулга тус бүрд дүгнэлт хийж тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн тухай шүүхийн шийдвэрт тодорхой тусгасан байхыг шаарддаг гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл, хэсгийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй боловч давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулж алдааг зөвтгөх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.******* нь иргэн А.Гантулгын хамт Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00017, 143/ШШ2016/00018, 143/ШШ2016/00019, 143/ШШ2016/00020 тоот шүүгчийн захирамжийн дагуу “Худалдаа хөгжлийн банк”-нд нийт төлбөр 967,342,485 төгрөгийг төлөх үүрэгтэй, энэ талаар зохигчид маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Ц.******* нь Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн тул үнэлгээг болон дуудлага худалдааг цуцлуулах агуулга бүхий гомдол гаргасныг хариуцагч төлбөр авагч болон төлбөр төлөгч нар харилцан тохиролцоогүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шинжээч томилж, шинжээчийн тогтоосон үнээр дуудлага худалдааг зарласан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 143/Ш32016/00297, 143/Ш32016/00298, 143/Ш32016/00299, 143/Ш32016/00300 дугаар бүхий шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бэлэн мөнгө, эсхүл банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулах ажиллагаа хийсэн, түүнчлэн төлбөр төлөгч Ц.*******ын хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөнөөс төлбөр гаргуулах мэдэгдлийг банк, банк бус санхүүгийн байгууллагад  хүргүүлсэн гэх баримтууд  хэрэгт авагдаагүй байна.

Мөн төлбөр авагч банкны зээлийн барьцаанд гэрээ байгуулан барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нотлогдохгүй байна.

Иймд Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.3-т гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна гэсэн шаардлагыг зөрчсөн байгааг шүүх анхаараагүйгээс гадна  төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг тэргүүн ээлжинд битүүмжлэн, дуудлага худалдаанд оруулах болсон ажиллагаанд нь хууль зүйн  дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрсөн буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь мөн албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгох талаар байхад шүүх зөвхөн үнэлгээий талаар гомдол гаргах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацааны талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 14 тоот тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг анхны дуудлага худалдаанд 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдөр оруулахаар шийдвэрлэсэн байна. /хэргийн 62 дугаар тал/ Харин үл хөдлөх хөрөнгийн 2 дахь удаагийн дуудлага худалдаа 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр болох тухай нотлох баримт хэрэгт байхгүй боловч энэ тухай болон уг дуудлага худалдаа явуулах ажиллагааг түдгэлзүүлсэн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 143/ШЗ2016/01270 дугаар шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар хэргийн оролцогч нар маргаагүй тул 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 2 дахь дуудлага худалдаа товлогдсон нь нотлогдож байна.

Хэрэгт мөн үл хөдлөх хөрөнгийг 2 дахь дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид мэдэгдсэн баримт авагдаагүй боловч төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Ц.******* 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэмэлт тайлбар гэж нэрлэн хавсаргасан баримтад “...2 дахь удаагийн дуудлага худалдаа 2016 оны 8-р сарын 19-нд гэж утсаар хэлсэн, албан ёсны мэдэгдэл ирээгүй, ... ШШГА-д очиж авах гэтэл хариуцаж байгаа ажилтан амарсан, ******* хөдөө явсан, маргааш гаргаж өгье гэсэн хариу авсан” гэж бичсэн байх тул хариуцагч Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэснийг биелүүлээгүй гэж үзнэ.

Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч А.*******-очирын 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 28 дугаар тогтоолоор маргаж буй үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээ тогтоох шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т  зааснаар шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах ёстой ба шинжилгээг нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр  зүйлд заасан шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн гэж үзнэ.

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******гийн “ ...хөрөнгийн үнэлгээний төвөөс үнлэгээний дүгнэлт гарч байгаа дүгнэлт дээр хуулийн этгээд буюу захирал гарын үсэг зурдаг...”, гуравдагч этгээд Р.*******ын “...******* тухайн үед төрж таарсан. Би гарын үсэг зурсан байхад хүчин төгөлдөр үйлчилнэ. Заавал ******* гарын үсэг зурсан байх шаардлага байхгүй...”, “...******* бол албан ёсны эрхээ авсан байгаа... ”гэсэн тайлбарууд бичигджээ. / хэргийн 114, 115 дугаар тал/  

Мөн шинжээч томилсон уг тогтоолын  шинжээчид хууль сануулсан хэсэгт “шинжээч  Б.*******” гэж бичигдэж гарын үсэг зурсан, харин Үл хөдлөх хөрөнгийн үнэ тодорхойлсон тухай шинжээчийн дүгнэлт гэсэн баримтын эхлэл хэсэгт “шинжээч *******”, төгсгөл хэсэгт “үнэлгээ хийсэн Р.*******, Б.*******” гэж бичигдэж Р.******* гарын үсэг зурсан байна. /хэргийн 29-40 дүгээр хуудас/  Иймээс Шинжилгээний тухай хуулийн  18 дугаар зүйлийн 18.1.4-т заасан шинжилгээ хийсэн шинжээчийн талаархи мэдээлэл /овог, нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаал / бичигдээгүй, хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасан шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулах хуулийн шаардлагыг хангаагүй байх тул уг дүгнэлтийг хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл уг дүгнэлтийг томилогдсон шинжээч гаргасан гэхэд эргэлзээтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар нотлох чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болсон уг дүгнэлтийг шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр төлбөр барагдуулах дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийсэн нь тодорхойгүй, хөрөнгийн үнэлгээг хуульд заасан журмыг баримтлаагүй дүгнэлтийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа зарласан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль зөрчсөн байна.

Иймд хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хуульд заасан журмыг баримталж ажиллах шаардлагатай, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг  буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2016/00509 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг бүхэлд нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 53 дугаар зүйлийн 53.3-т зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 143/Ш32016/00297, 143/Ш32016/00298, 143/Ш32016/00299, 143/Ш32016/00300 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон 2016 оны 8 дугаар сарын 19-ны өдөр 2 дахь дуудлага худалдаа явуулах ажиллагааг цуцалсугай” гэж өөрчилж, 3 дугаар заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-т зааснаар давж заалдах гомдол гаргасан этгээд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.БЯМБАЖАВ

                                                           ШҮҮГЧИД                                          Ц.ОТГОНЦЭЦЭГ    

                                                                                                                      Н.НАСАНЖАРГАЛ