| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2016/00340/И |
| Дугаар | 274 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, “Цанидноров” ХХК-ий захирал Боржигон модун овогт Дольжавын Бат- Өлзийн нэхэмжлэлтэй,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 107-р байрны 03 тоотод оршин суух Боржигон овгийн Өвгөнхүүгийн Гэрэлтсүхэд холбогдох зээл, зээлийн хүү 5310000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий
Хариуцагчийн төлөөлөгч Ё.Мөнхбат
Гэрч Б.Гантуяа
Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Гэрэлтсүх нь 2015 оны 01 сарын 22-нд “Цанид норов” компаниас 11 сая төгрөг зээлж аваад 01 сарын 28-нд 2000000 төгрөг, 6 сарын 12-нд 6000000 төгрөгийг “АТМ” машинаас тус тус шилжүүлсэн. Биеэрээ ирж уулзаагүй. 06 сарын 01-нээс гэрээний хугацаа дуусч 12 хоног дээр нь алданги бодсон. Шилжүүлсэн 8000000 төгрөгөөс нь 540000 төгрөгийг алдангид тооцож, үлдсэн мөнгийг 9000000 төгрөгөөс нь хасахад 3540000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Одоо ийм мөнгөний үлдэгдэлтэй байна, тооцоогоо хийж дуусга гэж утсаар ярихад “Цэрэнцэцэг гэдэг найзад чинь 3000000 төгрөг өгсөн, түүнээс олж ав” гэсэн. Тэгэхээр нь “наадах чинь та нарын хоорондын гэр бүлийн асуудал. Би тэр хүнийг таньдаг байж болно. Гэхдээ надад тэр хүнээс мөнгө авах тооцоо байхгүй учраас та нар өөрсдөө ав. Та нар миний тооцоог дуусга” гэхэд “шүүхдээд олж ав, олж авахыг чинь харна аа” гэсэн учраас шүүхэд хандсан. 3540000 төгрөгийн үлдэгдэл дээрээ хуулийн дагуу 1770000 төгрөгийн алдангийг тооцоод нийт 5310000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ё.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Ө.Гэрэлтсүх надаас мөнгө зээлсэн, Б.Гантуяа өмнө нь зээлсэн мөнгөө дуусгасан гэж яриад байдаг. Ө.Гэрэлтсүх энэ хүнээс огт мөнгө зээлээгүй. Өмнө нь Б.Гантуяа 17000000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр “Цанид норов” ХХК-ий захирал Д.Бат-Өлзийгөөс зээлсэн. Хүүгээс хүү тооцож шилжүүлсээр байгаад үлдэгдэл нь 11000000 төгрөг байдаг. “Цанидноров” ХХК-тай байгуулсан гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн. Дээрээ засвартай байдаг. 3540000 төгрөгийн үлдэгдэл дээр 1770000 төгрөгийн алданги тооцсон. Иргэний хуульд заасан байдаг. Хүү, хүүгээс хүү төлөөгүй тохиолдолд алданги тооцно гэж байгаа. Хүү тооцоогүй байж алданги тооцдог хачин заалт гаргаж ирчихээд үүнийгээ хуулийн дагуу гэж яриад байна. Энэ гэрээ бол зээлийн гэрээ биш. Барьцаат зээлийн гэрээ. Ер нь Ө.Гэрэлтсүхийн зээлсэн мөнгө биш гэдгийг өмнөх шүүх хурал дээр хариуцлагатайгаар хэлж байсан. Өмнөх 34000000 төгрөгийн үлдэгдэл болох 11000000 төгрөг дээр хүү, алданги тооцоод яваад байдаг. Баримт гаргаад өг гэхээр өөр баримт гаргаад байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаат зээлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтээ дэмжиж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Цанидноров” ХХК-ий захирал Д.Бат-Өлзий нь хариуцагч Ө.Гэрэлтсүхээс 5310000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт цугларсан бүх нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Гэрэлтсүх нь 11 сая төгрөгийг Цанидноров ХХК-аас зээлээгүй. Түүний эхнэр Гантуяагийн өмнө авсан зээлийн хүүний үлдэгдэл байгаа юм. Уг гэрээ нь хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй” гэж маргаж байна. Гэвч хариуцагч тал нь нэхэмжилсэн мөнгийг төлөх ёсгүй эсхүл төлж дуусгасан болохоо баримтаар нотолж чадаагүй байна.
Гэрч Б.Гантуяа нь “Энэ 11 сая төгрөгийн зээлийн гэрээ нь мөнгө аваад байгуулсан гэрээ биш. Миний авсан 17 сая төгрөгийн тооцоог бодоод 14 сая төгрөгийн үлдэгдэл байна гэхэд нь би дургүйцээд одоо 8 сая төгрөг үлдсэн байх ёстой гэж Бат-Өлзий гуай бид нар маргалдаж байсан. Манай нөхөр түүнд төвөгшөөж, дундалж бодоод танд 11 сая төгрөг өгье. Харин хүү төлж чадахгүй шүү гэж хэлээд 11 сая төгрөгийн гэрээ байгуулж байсан юм. Тэр үед нь би бас дургүйцэж байсан. Тийм учраас Бат-Өлзий гуай энэ мөнгийг Гэрэлтсүх бэлнээр авсан гэж байгаа нь үндэсгүй юм” гэж мэдүүлжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч Б.Гантуяагийн мэдүүлэг болон “Барьцаат зээлийн гэрээ”-гээр /хх-ийн 2-рт/ хариуцагч нь нэхэмжлэгч “Цанидноров” ХХК-д 11 сая төгрөг төлөхөөр үүрэг хүлээж бичгээр гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна. Энэхүү 11 сая төгрөгийг харилцан тохиролцсон хугацаа болох 2015 оны 6 сарын 1-ний дотор төлөөгүй тохиолдолд нийт төлөх мөнгөний дүнгээс өдрийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж харилцан тохиролцож гэрээнд тусгасан нь хууль зөрчөөгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид 2015 оны 2 сарын 28-ны өдөр 2 сая төгрөг, 2015 оны 6 сарын 12-ны өдөр 6 сая төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Б.Гантуяагийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн баримтаар /хх-ийн 9, 100-рт/ тус тус нотлогдож байна. Нэхэмжлэгч нь “2015 оны 6 сарын 12-нд төлсөн 6 сая төгрөгөөс 12 хоног хугацаа хэтрүүлсний алданги 540000 төгрөгийг хасаж үлдэх 5460000 төгрөгийг үндсэн зээлээс хассан. Үүний дараа үндсэн мөнгө нь 3540000 төгрөг төлөөгүй үлдсэн. Энэ мөнгөн дээр алданги 50 %-аар тооцож 1770000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь 12 хоног хугацаа хэтрүүлсний алданги 540000 төгрөгийг эхний ээлжинд төлүүлсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн байна. Үүний дараа үлдсэн мөнгөнөөс дахин алданги нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан “... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” байх журмыг зөрчсөн байна. Зүй нь зээл 11 сая төгрөгөөс төлсөн 8 сая төгрөгийг хасаж тооцон үлдэх 3 сая төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алдангийг тооцон төлүүлэх байжээ. Хариуцагч нь үүргээ гүйцэтгэлгүй хугацаа хэтрүүлсний улмаас нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах болсон байх тул нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу алдангийг нэмж тооцон нэхэмжилсэн нь буруу биш байх боловч үүрэг гүйцэтгэх дарааллыг алдагдуулсны улмаас 810000 төгрөгийг илүү нэхэмжилжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас гүйцэтгээгүй үүрэг болох 3000000 төгрөг, түүнд тооцсон алданги 1500000 төгрөг, нийт 4500000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулахаар шийдвэрлээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Өвгөнхүүгийн Гэрэлтсүх /ЗЮ76021257/-ээс 4500000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан “Цанидноров” ХХК-ий захирал Боржигон модун овгийн Дольжавын Бат-Өлзий /ЗЮ59122664/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94954 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавин дөрөв/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Гэрэлтсүхээс 86950 /наян зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Цанидноров” ХХК-ий захирал Д.Бат-Өлзийд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.УРАНЧИМЭГ