| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 182/2016/00768/И |
| Дугаар | 146/ШШ2016/00304 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 146/ШШ2016/00304
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 31 дүгээр хороо, Алтай 4 дүгээр гудамжны 432 тоотод оршин суух Гөрөөчин овгийн Баянжаргалын Энхцэцэг/РД:ЙР85071800/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сумын 3 дугаар баг, Эрдэнэтолгой арцатын 16-08 тоотод оршин суух Дэлгэр овгийн Цэгмэдийн Амаржаргал /РД:ЙР82021963/-д холбогдох
“Бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянжаргалын Энхцэцэг би Цэгмэдийн Ганболдтой 2012 онд гэрлэлтээ бүртгүүлж хамт амьдарч байсан. Гэр бүл болсноос хойш нөхөр минь 2014 онд 3 сар ба 6 сарын хугацаанд 2 удаа, 2016 оны 1 сараас 3 сарын 20-ны өдрийг хүртэл Африкийн Конг улсад худгийн өрөмдлөгийн ажил хийсэн. Нөхөр маань сүүлийн удаа гадаад улс руу ажлаар явахын өмнө гэр орноо тавилгын хамт өөрийн төрсөн эгч Ц.Амаржаргалын Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, 1 дүгээр гудамж, Зүүн тасган 1-ийн 0001 тоотод байрлах хашаанд хураасан. Харин би түүнийг иртэл өөрийн аавын гэрт амьдарч байсан бөгөөд нөхрөө ирэнгүүт гэрээ барихаар ярьж тохирсон. Тэрээр гадаад улсаас 2016 оны 3 сарын 20-ны өдөр ирээд 22-ны өдөр өөрийн ээж Дуйнхарын Батдуламтай золгохоор Өвөрхангай аймгийн Хархорин сум явах болсон. Харин тэрээр онгоцноос буухдаа их ядарч ирлээ гэж ярьж байснаас гадна шөнө халуурч хоносон тул бид хоёр маргааш өглөө нь /3 сарын 21-нд/ Халдварт ба 1 дүгээр эмнэлэгт очсон боловч Цэргийн госпитальд үзүүлэх хэрэгтэй гэсэн. Харин Цэргийн госпиталь нь 2016-03-22-ны өглөө 08 цагт ирж үзүүл гэсэн бөгөөд энэ шөнө нь тэрээр өөрийн төрсөн эгч Ц.Амаржаргалындаа хоносон. Харин маргааш нь эмнэлэгт үзүүлэхгүйгээр Өвөрхангай аймаг явсан ба огт утсаа авахгүй байсан. Гэтэл түүний төрсөн эгч Ц.Болормаа над руу залгаж “нөхөр чинь Дархан-Уул аймгийн Халдвартын эмнэлэгт хүнд байна” гэж хэлсэн ба би тэр өдөртөө Дархан-Уул аймагт очиж нөхрөө шөнө сахиж хоносон. Харин тэрээр 2016-03-29-ний өдөр халуун орны цусны өвчний улмаас нас барсан. Би нөхрийгөө нас барсны дараа талийгаачийн эгч Ц.Амаржаргалын хашаанаас гэр, гэрийн тавилгаа авах гэхэд тэрээр “энд чиний эд хөрөнгө гэж юу байдаг юм, чамд өгөх юм байхгүй, чи зүгээр л дуугай бай” гэж хэлээд миний эд хөрөнгүүдийг өгөөгүй. Ч.Амаржаргалтай утсаар ярих гэж зөндөө оролдсон боловч утсаа авдаггүй. Иймээс би талийгаач Ц.Ганболдын хууль ёсны эхнэр бөгөөд хууль ёсны өвлөгчийн хувьд өөрсдийн хүч хөдөлмөрөөр бий болгосон дараах эд хөрөнгүүдийг түүний хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй юм. Үүнд:
1. Креста 105 маркийн 80 44 УБО улсын дугаартай суудлын машин
3. Гэрийн дотуур, гадуур цаваг, бүрээс
4. Зурагт болон хөгжмийн тавиурт зориулсан 4 шургуулгатай шүүгээ ба түүний 2 хажууд байрлах шилэн хаалгатай 2 шургуулага ба тавиуртай тавилга /мөлхөө тавилга/
5. Сунадаг диван ор
6. ВСВ-ийн 2 хаалгатай хөргөгч
7. 4 ширэмтэй, дороо шарагч шүүгээтэй плитка
8. Дээрээ шилэн серванттай гал тогтооны тавилга
9. Солонгос улсад үйлдвэрлэсэн хувцасны шкаф
34. Гурил ба махны түмпэн сав 3 ширхэг 35.5 ширхэг бэлэг дурсгалын зүйлс
Иймд Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, 1 дүгээр гудамж, Зүүн тасган 1-ийн 0001 тоотод оршин суух иргэн Ц.Амаржаргалын хууль бус эзэмшлээс миний дээрх нэр төрөл бүхий эд хөрөнгийг чөлөөлж миний эзэмшил, өмчлөлд шилжүүлж өгнө үү. Жич: Нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгүүд нь Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, 1 дүгээр гудамж, Зүүн тасган 1-ийн 0001 тоот хаягт байрлах хашаанд хадгалагдаж байгаа болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Манай хүү Ганболд нь Энхцэцэгтэй 2012 онд гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болж хамт амьдрах болсон. Ганболд нь Африкийн Конг улс руу явж худгийн өрөмдлөгийн ажил хийдэг байсан. Сүүлийн удаа гадаад улс руу ажлаар явахын өмнө гэр орноо тавилгын хамт өөрийн төрсөн эгч Ц.Амаржаргалын Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, 1 дүгээр гудамж, Зүүн тасганы 1-ийн 0001 тоотод байрлах хашаанд хураагаад явсан. Тэрээр 2016 оны 03 дугаар сарын 20-ний өдөр ирээд 29-ний өдөр халуун орны цусны өвчний улмаас нас барсан. Ганболдыг нас барсаны дараа талийгаачийн эгч Ц.Амаржаргалын хашаанаас гэр, гэрийн тавилгаа авах гэхэд эгч нь өдийг хүртэл чамд өгөх юм байхгүй гээд өгөхгүй байна. Иймээс хүүхдийнхээ 37 төрлийн гэр ахуйн барааг гаргуулж авах хүсэлтэй шүүхэд хандсан ... Хариуцагч Амаржаргалын эгч Болормаа нь машиныг шинэ номер дугаар хийгээд унаад байна. Анх лавлагаа гаргахдаа энэ машиныг хэн ч унаж хэрэглэж болохгүй гэсэн боловч унаад яваад байна. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн шүүх хуралдаанд “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын үндэс нь дээр Энхцэцэг нь энэ 37 төрлийн эд хөрөнгийг өмчлөх бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Талийгаач Ганболдын төрсөн эгч нь тэр эд хөрөнгийг өмчлөх ямар ч үндэслэл байхгүй. Төрсөн хүүхэд байсан бол хүүхэд нь авах ёстой байсан. Байхгүй учраас эхнэр нь авах үндэслэлтэй байна гэв.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь хариуцагч Ц.Амаржаргалд холбогдуулан “Бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ маргаж буй 37 нэр төрлийн эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шүүхэд хандсан гэж тайлбарлана.
Баянжаргалын Энхцэцэг, талийгаач Цэгмэдийн Ганболд нар нь 2012 оны 12 дугаар сарын 02-нд гэр бүл болсон болох нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, талийгаач Цэгмэдийн Ганболд нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан №0000177940 тоот нас барсны гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн зүйл болж байгаа 37 нэр төрлийн эд хөрөнгүүд нь талийгаачийн төрсөн эгч болох хариуцагч Ц.Амаржаргалын хашаанд хураалттай байгаа талаар нэхэмжлэгч тайлбарладаг бөгөөд энэ талаар хариуцагч тайлбар өгч маргаагүй өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Амаржаргалд 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг танилцуулан, тайлбар өгөх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дууссан байх ба хариу тайлбарыг шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүлйийн 72.2 дахь хэсэгт зааснаар “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” бөгөөд хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд тайлбараа өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нэг үндэслэл болох юм.
Нэхэмжлэгч Б.Энхцэцэг, талийгаач Ц.Ганболд нар нь албан ёсны гэр бүл байсан бөгөөд хамтран амьдарч байх хугацаандаа дээрх 37 нэр төрлийн эд хөрөнгүүдийг эзэмшиж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаад 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, ямар нэгэн хүсэлт гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нотлох баримтаар 6 хуудас баримт гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй баримт гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх зааснаар хариуцагч Ц.Амаржаргалаас 1. Креста 105 маркийн 80 44 УБО улсын дугаартай суудлын машин, 2. 5 ханатай, давхар туургатай. битүү берзентгэй, уянгын цуулбартай, эрээн монгол иж бүрэн гэр, 3. Гэрийн дотуур, гадуур цаваг, бүрээс, 4. Зурагт болон хөгжмийн тавиурт зориулсан 4 шургуулгатай шүүгээ ба түүний 2 хажууд байрлах шилэн хаалгатай 2 шургуулага ба тавиуртай тавилга /мөлхөө тавилга/, 5. Сунадаг диван ор, 6. ВSВ-ийн 2 хаалгатай хөргөгч, 7. ширэмтэй, дороо шарагч шүүгээтэй плитка, 8. Дээрээ шилэн серванттай гал тогтооны тавилга, 9. Солонгос улсад үйлдвэрлэсэн хувцасны шкаф, 10. Гар, нүүрний угаалтуур, 11. Гэрийн “өлзий” зуух, яндан, дулаан баригч, мод хийх зориулалттай дөрвөлж, 12. Битүү чанагч, хайруулын таваг том ба жижиг 2 ширхэг, 13. Хутга, заазуурын ком хэрэгсэл, 14. Ус буцалгагч том ба жижиг 2 ширхэг, 15. Хоол халаагч, 16. Хоол ба цайны халуун сав 2 ширхэг, 17. Никель тогоо, 18. Шилэн ширээ, 19. 64 ширхэгтэй аяга, тавагны бүрдэл, 20. Чихрийн болор таваг болон шилэн болон бусад материалаар хийсэн 3 ширхэг таваг, 20. 6 ш болоор рүнк, 21. 1 дүгээр хоолны 5 ширхэг таваг, 22. Цайны шилэн аяга 10 ширхэг, стакан 10 ширхэг, 23. Халбага шанаг, 24. Жижиг оврын нотебүүк, цүнх, утасгүй мауз, О мобайлийн модем, 2 ширхэг плаш, USB оролт, 25. Компьютерийн зориулалттай сандал, 26. Тоос сорогч, 27. МNВС-ийн кабелийн телевизийн олон сувагт иж бүрэн төхөөрөмж, 28. Жижиг хуванцар сандал 2 ширхэг, 29. Iphone 4 гар утас, 30. 50 инчийн 30 смарт телевизор, 2 ширхэг нүдний шил, 31. Чингис хивс 2 ширхэг, 2x3 харьцаатай Эрдэнэт хивс 2 ширхэг, 2x4 харьцаатай Эрдэнэт хивс 1 ширхэг, орны ард татсан Эрдэнэт хивс 2 ширхэг, 1х2 харьцаатай газар дэвсдэг улаан өнгөтэй хивс 2 ширхэг, 4x3 харьцаатай газар дэвсдэг шар өнгөтэй дрож 1 ширхэг, 32. Гурил ба махны модны иж бүрэн хэрэгсэл, 33. Гурил ба махны түмпэн, 34. сав 3 ширхэг 35.5, 35. ширхэг бэлэг дурсгалын зүйлс, 36. Ор хөнжлийн хос даавуу 7 ширхэг, хөнжил 4 ширхэг, гудас 4 ширхэг, дэрний уут 10 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг, 37. Хувцасны хатаагч 1 ширхэг, нийт 37 нэр төрлийн эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхцэцэгт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Энхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Амаржаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр
танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН