| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0178/э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2020-03-17 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөнхөө,
Шүүгдэгч: Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Л.Г-т холбогдох 1935002460199 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 11-нд Увс аймгийн Н суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, тусгай бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, 2 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом суманд оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй М овогт Л.Г.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Л.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан:
1. Гэрч Д.Ц-н “ ... Манай төрсөн эгч Ч нь манай 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ирэхэд манай нөхөр О-той хамт Ганчимэг гэгч байсан. Манай төрсөн хүү Д, Ш нар хувцсаа солиод хичээл рүүгээ явах гэж байсан ба Ч эгч чи хэний хүүхэд юм бэ? юу хийж яваа талаар асуухад манай гэрт надаар багшлуулж дадлага хийж байгаа талаар хэлсэн гэж төрсөн эгч Ч хэлсэн. ...2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр миний гар утасны дугаар луу залгаж танайд нэг охин байхаар нь хөөгөөд явууллаа, танай гэрт дадлага хийж байна гээд худал яриад байхаар нь хөөгөөд явуулчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 52-54-р тал/
2. Насанд хүрээгүй гэрч О.Д-н “...Тухайн хүний манай төрсөн аав О таньдаг байсан бөгөөд тэр эгч манай гэрт ирсний дараагаар аав О, тэр эгч, дүү О.Ш бид нар хөзөр тоглосон юм. Мөн дүү бид хоёр гэрээс гараад тоглож байхад төрсөн аав О үл таних эгчтэй хамт гэрт байсан. Гэрт юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р тал/,
3. Гэрч М.Б-н “...2019 оны 3 дугаар сард Л.Г нь манай хүргэн ах С-н гэрт байсан юм. Манай төрсөн эгч Д намайг Тэс суманд байхад гар утсаар ярихдаа Л.Г нь манай гэрт амьдарч байгаад 3 дугаар сард гэрээс гараад алга болчихлоо гэртээ ирэхгүй байна, хаана байгаа болохыг мэдэхгүй байна гэж хэлсэн. ... Манай төрсөн дүү Л.Г нь бусдад хүчиндүүлсэн талаараа хэлээгүй, мөн О гэгчийн гэрт очсон, түүнтэй бэлгийн харилцаанд орсон, О-г цагдаагийн байгууллагад өөрийг нь хүчиндсэн гэж гомдол гаргаж шалгуулж байгаа талаараа хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р тал/,
4. Шүүгдэгч Л.Г-н “...2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр О намайг гэрт хүрээд ир эхнэр байхгүй байна гэхээр нь би утсаар гэрийн заалгуулж гэрт нь очсон. Би урьд нь тэднийд очиж байгаагүй. Тэгээд гэрт нь очиход тэдний 2 хүүхэд байсан бөгөөд тэр хоёр хүүхдийг О гарч тогло гэж хэлээд гэрээсээ гаргасан тэгээд бид хоёр 13 гээд хөзрийн тоглоом тоглож би хожигдсон тэгээд О надаас би мөрийгөө авъя гэсэн тэгээд би ямар мөрий авах юм бэ? гэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ямар ажил хийдэг билээ гэсэн тэгээд би зөвшөөрч бид хоёр бэлгийн харьцаанд орохоор болж О хаалгаа цоожлоод бид хоёр тэдний гэрт бэлгийн харьцаанд орсон. Тэгээд бид хоёр бэлгийн харьцаанд орсны дараа нэг эмэгтэй хүн гаднаас орж ирээд чи энэ айлд юу хийж байгаа юм бэ гээд намайг О-той бэлгийн харьцаанд орсныг гадарлачих шиг болсон тэгэхээр нь би айгаад тэр айлаас гарч гэртээ очсон. Тэгээд би тэр асуудлыг түүний эхнэр мэдчих шиг болохоор нь түүнээс өмнө О намайг хүчиндсэн гээд цагдаад мэдэгдчихвэл намайг О эхнэр буруугаар ойлгохгүй байх хэрэв О бэлгийн харьцаанд орсныг мэдвэл намайг загинах байх гэж бодоод би 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн газарт өргөдөл бичиж танихгүй хүнд хүчиндүүлсэн гэж худал мэдүүлсэн юм... ” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р тал/-үүдээр нотлогдож баримтуудаар тогтоогдсон- байна.
Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Л.Г-с 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрүүдэд хохирогчоор хууль сануулж мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгүүд нь худал болох нь гэрч Д.Ц, М.Б, насанд хүрээгүй гэрч О.Д нарын мэдүүлэг, шүүгдэгч Л.Г-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Г-н хохирогчоор худал мэдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Л.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Л.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 73-р тал/-аар тогтоогдож байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хасаж өөрчлөлт оруулсан нь 2020 оны 2 дугаар сарын 24-нд хүчин төгөлдөр болсон байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах хөнгөн төрлийн ялыг хассан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн...” гэдэгт хамаарах тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Л.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч Л.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ