Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 146/ШШ2016/00306

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Монгол Улсын иргэн, 1956 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 1 дүгээр багт оршин суух, ЙБ56120116 дугаарын регистртэй, Цэдэнбат овгийн Даваахүүгийн Жаргалын

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Жаргал шүүхэд гаргасан хүсэлтэдээ:

“...Д.Жаргал миний бие нь 1971 оны 01 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 07 дугаартай тушаалаар тус үйлдвэрт грушигээр томилогдон ажилласан. Би 1977 оны 08 дугаар сарын 03-нд ажлаасаа гарсан. Гэвч хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал бичигдсэн боловч лавлагаа нь олдохгүй байгаа. Мөн Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1977 онд, Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1980 оноос 1991 он хүртэл ажиллаж байсан. Иймд миний ажиллаж байсан жилүүдийг сэргээн тогтоож өгнө үү. Миний бие нэн ядуу өрхийн бүртгэлд байдаг тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Жаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Д.Жаргал миний бие 1971 оноос 1972 онд Тарагт суманд ажиллаж байсан боловч архивын лавлагаа олдоогүй тул 1971, 1972 онуудад ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна. Мөн миний бие нааш цааш олон дахин явах боломжгүй байна. Учир нь миний бие даралт өндөр, биеийн байдал тааруу байдаг тул хэргийг маань намайг байлцуулалгүйгээр эзгүйд шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Жаргал ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.Жаргал нь Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1973 оны 01 дүгээр сараас эхлэн 1977 оны 08 дугаар сарын 03-ний өдрийг дуустал грушигээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 1972 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Д.Жаргалд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн №624 дугаартай архивын лавлагааны хуулбар, гэрч Б.Норсүрэн, Л.Лувсангэндэн нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1975 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаарт тушаал, Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1973 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20/57 дугаарт тушаал, Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэл, Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын, Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-нээс 1979 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл  ажиллаж байсан болох нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №599 дугаартай архивын лавлагааны хуулбар, гэрч П.Пүрэвдулам, Т.Даш нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №599 дугаартай архивын лавлагааны хуулбар, 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Д.Жаргалд олгогдсон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч П.Пүрэвдулам, Т.Даш нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Цэдэнбат овгийн Даваахүүгийн Жаргалыг Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1973 оны 01 дүгээр сараас эхлэн 1977 оны 08 дугаар сарын 03-ний өдрийг дуустал грушигээр, Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-нээс 1979 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл ажиллаж байсан, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31—ны өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх хүсэлт гаргагч Д.Жаргалыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдав.

Хүсэлт гаргагч Д.Жаргал нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Цэдэнбат овгийн Даваахүүгийн Жаргалыг Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1973 оны 01 дүгээр сараас эхлэн 1977 оны 08 дугаар сарын 03-ний өдрийг дуустал грушигээр, Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-нээс 1979 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл ажиллаж байсан, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31—ны өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Жаргал нь улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА