| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0050/э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2020-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 60
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогч С.С, шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н ургийн овогт М-ийн С-т холбогдох 2035000330040 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н ургийн овогт М-ийн С 1966 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Нефтийн байрны 1-12 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:.....
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Ц.О-гийн хашаанд 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр С.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000330040 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч С.С-гийн “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны орой Улаангом сумын 4 дүгээр нутагт О-гийн гэрт С бид хоёр согтуу байж байгаад С бид хоёр маргалдаад М.С нь О-гийн гэрт эхлээд намайг хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгээд М.С бид хоёр О-гийн гэрээс гараад тэдний хашаан дотор хоорондоо зодолдсон юм. Тэр үед надад учирсан гэмтлүүдийг М.С нь намайг зодож, цохиж учруулсан гэмтэл юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
2. Насанд хүрээгүй гэрч С.Н-ийн “...Огийн П гэдэг хүүхэд манайд ирээд “манай гэрт аав тань нэг хүнтэй архи ууж байгаад нэг хүнээр зодуулаад цус нөж гараад байна” гэж надад хэлсэн. Тэгээд би тэр хүүхэдтэй хоёулаа О гэдэг айлд яваад очиход миний аав С.С тэдний орон дээр суучихсан, уруулын дээд талд нь зүсэгдсэн байдалтай, тэндээс нь цус гарч байсан юм. Урдаа түмпэн тавьчихсан цусаа гоожуулж байсан юм. Тэгээд хажууд нь С гэдэг хүн нэлээн их согтсон байдалтай хэлсэн үг нь ойлгогдохгүй байсан, хажууд нь тэдний гэрийн эзэн О гэдэг хүн байсан. Тэгээд би миний аавыг хэн цохисон юм бэ? гэхэд манайд ирсэн С гэдэг хүн зодсон гэж О-гийн хүү П надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
3. Насанд хүрээгүй гэрч О.П-ын “...тэр хоёр хүн хоорондоо маргалдаж байгаад манай гэрийн баруун талд гэрийн баганын хажууд эхлээд С ах С ахыг нүүрнийхэн дух орчим газарт нэг удаа нүүрээрээ мөргөсөн юм. Тэгээд дахиад үргэлжлүүлээд тэр хоёр хүн хоорондоо хэрэлдэж маргалдаад манай гэрээс гараад манай гэрийн хашаан дотор хоорондоо зодолдож, маргалдсан юм. Тэгээд би гэртээ дотуур хувцастай байсан учраас гадуур хувцсаа өмсөөд гэрээсээ гараад ирэхэд манай гэрийн гадна талд хаалганы хажууд ...С ах С ахыг унагаагаад авчихсан дээр нь гараад суучихсан нэг нэгнийхээ хоолойг боож байсан. Тэр үед би тэр хоёр хүнийг салгах үед С ах доор нь ороод С ах дээр нь гараад суучихсан бас дахин С ах С ахын хоолойг боосон юм. Тэр үед би тэр хоёр хүнийг татаж салгасан юм. Тэгээд С ах, С ах хоёр хоёулаа босож ирээд С ах зүгээр зогсож байхад С ах С ах руу гараараа салаа гаргаад хэд хэдэн удаа гэдэс орчим газарт нь гараараа цохиод байсан. Тэгээд С ах намайг гэрээс ороод ус аваад ир гэж хэлсэн. Тэгээд би гэр лүү орж ус авч ирэхэд С ахын амны дээд талын жавж орчим газраас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “...Үзүүлэгч С.С-н биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, дээд уруулын дотор, гадна хоншоор, зүүн хөмсөгний орчимд дээрх хэмжээтэй язарсан шархтай оёдол тавиулагдсан, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь /тархи доргилт, оёдол бүхий язарсан шарх/ эрүүл мэндийг тодорхой хугацаанд сарниулах гэмтэл учраас Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 124 дугаартай дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,
5. Шүүгдэгч М.С-ийн яллагдагчаар өгсөн “...С.С бид хоёр нөгөө нэг шил архиа хоёулаа хувааж уугаад би нэлээн согтоод нэг мэдэхэд С намайг чи миний ахын гэрээс гарч зайл гэж хэлэхэд би урдаас энэ гэр чинь чиний гэр биш миний найзын гэр гээд С бид хоёр маргалдаад тэгээд тухайн үед айлын гэрт хэрүүл маргаан зодоон хийхгүй шүү гэж би бодоод хэрэв зодолдвол эдний гэрээс гарч зодолдъё гээд О-гийн гэрээс гараад С бид хоёр нэг нэгнийгээ заамдаж барьж авсан юм. ...С бид хоёр дээр доороо ороод хоёулханаа хоорондоо зодолдож байсан юм. Би бас тэр үед Сг зодож, цохиж байсан, С нь бас намайг унагаагаад цохиж байсныг би хааяа санаж байна...” /хх-ийн 55-56 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч С.Стай үл ялих зүйлээс маргалдан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.С нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч М.С-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.С гэмт буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч С.С нь Улаанбаатар хот руу явж нүдний угийн суулт болон нүдний даралтаа эмчлүүлэх шаардлагатай байх тул эмчилгээний зардал нэхэмжилсэн бөгөөд яг энэ гэмт хэргийн улмаас хохирогчид нүдний угийн суулт болон нүдний даралт ихсэх гэмтэл учирсан эсэх нь тогтоогдохгүй байна. Иймд хохирогчийн Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэх зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч М.С хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч С.С-гийн “...М.С надаас нэг удаа гэрт ирж уучлалт гуйж ирсэн. М.С нь надад тухайн үед эмчилгээндээ хэрэглэж байгаараа гэж надад 200’000 төгрөгийг нэг удаа бэлэн мөнгөөр надад өгсөн. Өөр бас нүүрэнд косметик оёдол дахин тавихад гарсан зардлыг М.С төлсөн юм. ...Өөр бас 2 эмчид үзүүлсний төлбөр нийт 30’000 төгрөг төлсөн, боолтын 10 хоногийн мөнгө 40’000 төгрөг надад үйлчилгээ үзүүлсэн газарт нь төлж өгсөн юм. Шүүхийн шинжилгээний дүгнэлт гаргасны 8’000 төгрөгийг надад төлж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Сээс гаргуулах хохирол төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч М.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, 1.4-д “хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Н.П /хх-ийн 14 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Ц.А /хх-ийн 15 дугаар хуудас/-ын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.С анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч М.С-т гэмт хэргийн хор уршгийг ойлгуулж ухамсруулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч С.С-д буцаан олгож, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н ургийн овогт М-ийн С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-т 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Ялтан М.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч С.С-д буцаан олгосугай.
5. Ялтан М.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор ялтнаас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан М.С-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА