Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 63

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Прокурор: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Мөнхбат /цахимаар/,

Шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д.М-д холбогдох 1935001160065 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 30-нд Увс аймгийн Х суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Ховд сумын 4 дүгээр багт оршин суух Ш овогт Д.М.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Ховд сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Ж.Ю-гийн гэрээс хуучин цагийн алтан нухтай харлаг манан хөөрөг, Винтов-8 бууны заамаг, тонгорог хутга 1 ширхэг болон 15.000 /арван таван мянга/ төгрөг зэргийг хулгайлж 9.740.000 /есөн сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Ховд сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Ж.Ю-гийн 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий 2 нүдний дуранг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Д.М нь согтуугаар Увс аймгийн Ховд сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Ю.С-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар.

            I. Шүүгдэгч Д.М-г хохирогч Ж.Ю-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, мөн хүч, хэрэглэхгүйгээр, илээр хууль бусаар авсан гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

            Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Х сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Ж.Ю-гийн гэрээс хуучин цагийн алтан нухтай харлаг манан хөөрөг, Винтов-8 бууны заамаг, тонгорог хутга ширхэг болон 15.000 /арван таван мянга/ төгрөг зэргийг хулгайлж 9.740.000 /есөн сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Ховд сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Ж.Ю-гийн 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий 2 нүдний дуранг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн I-р хавтасны 3-7-р тал/,

            Эд зүйл /дуран, хөөрөг, хутга/ хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I-р хавтасны 11-13-р тал /,

            Эд зүйл /дуран, хөөрөг, хутга/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн I-р хавтасны 10-р тал/,

            хохирогч Ж.Ю-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сары 30-ны өдөр 12 цагийн үед гэрийнхээ хойд толгойд дуран тавиад сууж байсан. Манай гэрт миний бэр болох С.Н гэх охин байтал Д.М гэх залуу согтуу орж ирж айлгасан гэхээр нь би гэр рүүгээ алхаж байтал урдаас мотоциклтой ирээд “чиний залуу Ю.С миний дуранг авчихсан гэж хэлээд миний хүзүүнд зүүлттэй байсан дуранг суга татаж авахад би татагдаж газар унасан. Тэгээд би гэр лүүгээ орох гэхэд намайг чирч оруулаад хаячихаад яваад өгсөн. Тухайн үед би хөөрөг болон бусад зүйл алга болсныг мэдээгүй. Миний охин болох Э ирээд модон улаан хайрцаг дотор байсан миний харлаг манан хөөрөг алга байна, даалингаас гаргаад аваад явчихсан байна, мөн эмийн цүнхэн дотор байсан 15.000 төгрөг, Винтов бууны 5619 дугаартай замаг зэрэг зүйл алга болчихсон байна гэсэн. Хулгайлагдсан эд зүйл буюу манай гэр дотор модон улаан хайрцаг дотор байсан хар өнгийн эвхэгддэг хутга, 3 үе дамжиж ирсэн алтан нухтай, шүрэн толгойтой, харлаг манан хөөрөг байсан. Д.М гэрт орчихоод манай бэр С.Нуржаныг хөөж гаргачихаад миний эд зүйлийг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-21, 194-195, хх-ийн II-р хавтасны 63-67-р тал/,

гэрч С.Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хадам аав болох Ж.Ю-гийн гэрт ганцаараа байж байтал гаднаас нэг танихгүй согтуу хүн мотоциклтой ирж, гадна байсан нохойг чулуугаар цохиж хөөгөөд гэрт орж ирээд гэрийн голд байсан хар өнгийн хутга авч Ю.С хаана байна, ална гэж хэлэхээр нь би айгаад гарч гэрийн хойд талын толгой дээр зогсож тухайн хүнийг харж байтал гэрийн гадна байсан УАЗ загварын автомашины хаалга онгойлгож дотроос нь юм хайгаад байх шиг байсан. Хадам аав Ж.Ю нь гэрийн хойд талын толгой дээр дуран тавьчихаад гэр рүү алхаж байтал тухайн согтуу хүн урдаас нь очиж уулзчихаад яваад өгсөн ба юу ярьж хэлснийг нь мэдэхгүй байна. Тухайн хүн явсны дараа гэрт ороход гэрийн голд байрлах улаан өнгийн модон авдрыг онгойлгож дотор нь байсан хувцас болон бусад эд зүйлийг гаргаж хаясан байдалтай, доторх зүйлийг харахад аавын шар өнгийн даалин дотор байсан хөөрөг алга болчихсон байсан. Удалгүй Э эгч ирээд бусад зүйлийг бүртгэхэд хар өнгийн тонгорог хутга, гэрийн зүүн талд тавьсан Винтов бууны замаг, аавын эмийн сангийн цүнхэнд байсан 15.000 төгрөг зэрэг эд зүйл алга болчихсон байна гэж хэлсэн. ...хөөрөг гэрийн голд байх модон авдар дотор даалинд байсан ба тухайн авдар ямар ч цоожгүй, харин хар өнгийн хутга гэр дотор ил байсныг Д.М гэх хүн авч байхыг харсан. Харин хөөрөг болон бусад эд зүйлийг авахынхаа өмнө намайг хөөж гаргасан болохоор тухайн эд зүйлийг авч байхыг нь хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн I-р хавтасны 22-23-р тал/,

гэрч Ю.С-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 30-ны орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манайд аав Ж.Ю, эхнэр С.Н, эгч Ю.Э нар айсан байдалтай байсан учир юу болсон талаар асуухад Д.М гэх залуу согтуу ирээд бид нарыг айлгаад явлаа мөн гэрийн голд байх улаан өнгийн модон хайрцаг дотор байсан аавын хөөрөг хутга, мөн гэрийн гадна байсан бууны замаг замаг зэрэг зүйл алга болчихсон байсан гэж хэлсэн. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Д.М-г хүргэж өгөх гээд явахад ямар нэгэн дуран байхыг олж хараагүй. Би Д.М-аас дуран аваагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I-р хавтасны 24-25, 32-р тал/,

гэрч Ю.Э-н мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 30-ны өглөө гэрийнхээ ойролцоо өөрийнхөө малыг хариулж байсан. Өдөр 12-13 цагийн үед доороос мотоциклтой хүн нохой хөөчихөөд гэр лүү орж байсан ба яг хэн гэдгийг нь би таниагүй. Тухайн хүн гэрт орсны дараа бэр С.Н гэрээс гараад явчих шиг болсон ба нөгөө хүн гэрт удаад байсан. Тэгээд гарч ирээд машины хаалга онгойлгож хаячихаад гэрийн хойд толгой дээр сууж байсан аав Ж.Ю дээр очоод нэлээн чанга дугараад байх шиг байсан. Би тухайн хүн рүү холоос орилоод нааш ир гэж дуудахад миний урдаас ирж байснаа яваад өгсөн. Би удалгүй гэрт очиход гэрийн голд байсан улаан модон хайрцгийг онгойлгоод аавын хөөргийг даалингаас нь аваад даалинг нь орхиод явчихсан байсан. Манай гэрт хөөрөгнөөс өөр 15.000 төгрөг эмийн жижиг цүнхэн дотор байсан, мөн жижиг эвхэгддэг хутга, Винтов бууны замаг зэрэг эд зүйл алга болсон байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн I-р хавтасны 26-27, II-р хавтасны 68-69-р тал/,

гэрч Б.Л-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сары 30-ны өдөр 12 цагийн үед нөхөр Д.М согтуу мотоциклтой ирээд гэр рүү орсон. Би араас нь яваад ортол 1 ширхэг шар өнгийн хайрцагтай дуран, хөөрөг барьчихсан ирээд орны хөндийд хийчихсэн. Би хаанаас ямар учиртай зүйл авч ирсэн гэдгийг нь мэдээгүй. Дараа нь хаанаас энэ дуранг авч ирсэн бэ? гэж асуухад Ж.Ю-ийн гэрээс авч ирлээ гэж хариулсан. ....Нөхөр Д.М-д тухайн хэрэг явдал болохоос өмнө бор ууттай нүдний дуран байсан ба тухайн дуранг Ю.С-тэй хамт явж байхдаа гээчихсэн ирсэн. Одоо хүртэл тухайн дуран олдоогүй ба хаана гээснийг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I-р хавтасны 29-30-р тал/,

шүүгдэгч Д.М-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч Ж.Ю-гийн гэрт 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үд өнгөрч байхад очсон. ... Гэрт орох гэж байхад гэрийн гадаа буу байхаар нь бууны замгийг салгаж өтгө бууц руу шидсэн. Тэгээд гэрт ороход С.Н гэх гэрээс гараад явчихсан гэх Ю.С-н эхнэр болох хүн байсан. Би тэднийд орохдоо халамцуу орсон бөгөөд зуухны дэргэд байсан эвхэгддэг хутга байсныг автал С.Н гэрээс гараад явчихсан. Тэгэхэд тэдний гэр доторх эд зүйлсийг үзэхэд баруун орны эхэнд даалинтай хөөрөг байсныг хөөргийг нь гаргаж авч халаасандаа хийсэн. Мөн тэр орчмын газарт эмийн сангийн хөх өнгийн уут байсныг онгойлгож, дотор нь байсан 15.000 төгрөгийг авсан. Тэгээд гэрээс гарч машины хаалга онгойлгож үзээд юм авалгүй ойр орчмыг харахад хойд ууланд Ж.Ю байсан тул түүний дэргэд мотоциклтойгоо очиж мал дурандана гэж хэлээд дуранг нь аваад явсан. ...Би тухайн үед Ж.Ю-гээс дуранг авахад тэр надаас дурангаа буцааж авна гэж булаалдаад байсан тул түүнийг түлхэж унагаачихаад мотоциклтойгоо явчихсан юм” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Д.М нь хохирогч Ж.Ю-гийн гэрээс хуучин цагийн алтан нухтай харлаг манан хөөрөг, Винтов-8 бууны заамаг, тонгорог хутга  ширхэг болон 15.000 /арван таван мянга/ төгрөг зэргийг хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Увс Финанс-Аудит ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “... 2019 оны 3 дугаар сарын 30-ны байдлаар Харлаг манан хөөрөгний зах зээлийн үнэ, цэнэ 9.600.000 төгрөг, Винтов-8 маркийн бууны замагны зах зээлийн үнэ 100.000 төгрөг, тонгорог хутганы зах зээлийн үнэ 25.000 төгрөгийн үнэтэй байна” гэх 177 дугаартай дүгнэлт, мөн 15.000 төгрөг хулгайлсан тул нийт 9.740.000 төгрөгийн хохирол учруулсан нь “бага хэмжээний хохирол”-оос илүү байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.М нь хохирогч Ж.Ю-гийн гэрт орохдоо С.Н-г байхад хууль ёсоор орж, С.Н-г гарч явсны дараа эд зүйл хулгайлсан тул түүнийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлээгүй нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.М нь хохирогч Ж.Ю-н 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий 2 нүдний дуранг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа тул түүнийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

II. Шүүгдэгч Д.М-г согтуугаар Увс аймгийн Ховд сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Ю.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Д.М нь согтуугаар Увс аймгийн Ховд сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Ю.С-г зодсон болох нь:

хохирогч Ю.С-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Ховд сумын 4 дүгээр багийн нутаг Хөшөөт гэх газар байдаг аав болох Ж.Ю-гийн эзэмшлийн автомашинаар Ховд сумын төвөөс бензин авахаар эгч Ю.Э-н хамт орж бензин аваад буцаад гэр рүү хөдөө гарах замд явж байтал замын хажууд мотоциклтой согтуу 2 хүн байсан бөгөөд гараа өргөхөөр нь би зогсож уулзахад тухайн хоёр хүн болох Д.М, Ц.Э гэх хоёр хүн байсан. Д.М надад хандаж Ц.Э мотоцикл жолоодож чадахгүй байна. Чи намайг суулгаад 4 дүгээр багийн нутаг Хаг гэх газар хүргээд өг гэхээр нь би за гэж хэлээд Д.М-г суулгаад явсан. ...Тэгээд эгч, Д.М бид 3 манай гэрт очиж эгч Э-г буулгаад эхнэр С.Н-г машиндаа суулгаад Д.М бид гурав Хаг гэх газар байдаг С.Э гэх айлын гадаа очоод Д.М-н авч явсан хайрцагтай зүйлийг буулгасан. Тэгээд бид гурав тухайн айлд орж цай уугаад сууж байх зуураа би Д.М-н өвөрт юу байгаа юм бэ? гээд гараараа тэмтэрч үзэхэд чи яахаараа миний өврийг үздэг юм бэ гээд гараараа миний нүүрэн тус газар цохиод гэрийн гадна гаргаж миний нүүр хэсэг өшиглөсөн. Намайг зодож байхад эхнэр С.Нуржан, С.Э-н эхнэр хоёр харж байсан ба өөр хүн хараагүй. Д.М-д зодуулснаас болж миний баруун, зүүн шанаанд гэмтэл учирсан, уруул хавдсан, баруун гарын алганд зулгаралт үүссэн, дотор муухайраад байдаг болсон...” гэх дүгнэлт /хх-ийн 94-р тал/-ээр нотлогдож байна.

Гэрч С.Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “...хадам эгч Ю.Э, нөхөр Ю.С нар нэг танихгүй хүний хамт орой 17 цагийн үед гэрт ирж эгч Э-г хадам аавын хамт гэрт үлдээгээд нөхөр бид хоёр тухайн согтуу хүнийг хүргэхээр хадам аавын УАЗ загварын автомашинтай явсан. Тухайн хүнийг Э гэх айлд буулгаж, бид гурав орж цай уучихаад би гарч бие засах гээд гадаа байтал манай нөхөр Ю.С-г бид хоёртой хамт ирсэн согтуу хүн чирч гаргаж ирээд гараараа болон хөлөөрөө манай нөхрийн толгой нүүрэн тус газарт өшиглөж, би салгах гээд очиход намайг түлхсэн. ...Манай нөхрийг зодож байхад хажууд надаас өөр хүн байгаагүй ба гэр дотор нялх хүүхэдтэй 1 эгч байсан. Тухайн үед Д.М согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р тал/,

Гэрч Ч.У-н “...2019 оны 3 дугаар сарын 29-ний орой 17 цагийн үед би гэртээ хүүхдүүдийн хамт байж байтал гаднаас Д.М, Ю.С эхнэртэйгээ гурвуулаа манай гэрт машинтай ирсэн. ...Мөнхбаяр гэрт ирээд Ю.С-г дагуулаад гарсан. Тэгээд гадна хэрэлдээд байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р тал/,

Шүүгдэгч Д.М-н  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Содномгомбын нүүр рүү нэг алгадаж, толгой руу нь 2-3 удаа цохисон. Цээж рүү нь нэг удаа өшиглөсөн.....Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.М хохирогч Ю.С-г зодсоны улмаас хохирогчийн Ю.Сын биед “Тархи доргилт, баруун, зүүн хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруул, баруун гарын алга, эрхий хуруунд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ю.С-н биед гэмтлийн зэрэгт нөлөөлөх өөр ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Ю.С нь тархины эмгэг, зүүн талын саа, уналт, таталт өвчтэй байсан байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн 273 дугаартай дүгнэлт /хх-ийн 75-р тал/-ээр хөнгөн гэмтэл учирсан болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Д.М-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ю.Сын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.М нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

II. Шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.М нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд зүйлийг хулгайлах, бусдын эд зүйлийг дээрэмдэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.М-н хувийн зан байдал болон амьдралынх нь талаар гэрч Л.Т-н өгсөн: “Д.М нь бага насаа хөдөө мал дээр өнгөрүүлсэн. Ховд сумын ЕБС-д элсэн орж 4-р ангиасаа сургуулиасаа гарч хөдөө мал маллаж эцэг эхийн гар дээр амьдрах болсон. Эхнэр Л-тэй гэр бүл болоод 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Д.М-нх 600 орчим малтай, өнгөрсөн жил сумын сайн малчнаар шалгарсан, малд нүдтэй хөдөлмөрч, зүтгэлтэй хүн байгаа юм. Ар гэрийн хувьд дутагдах гачигдах зүйлгүй, дундаж амьдралтай. Зан араншингийн хувьд сэргэлэн цовоо, хэлэх үгээ шулуухан хэлчихдэг, түргэн уурлаж, тэр дороо хурдан тайвширдаг, хүнд өс хонзон санаад яваад байдаггүй. Хурдан морь уях сонирхолтой, өөрөө морь уяад яваад байдаг, тодорхой хэмжээний хурдан удмын адуутай айл байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйлийг хааяа найз нөхдийн хүрээнд хэрэглэдэг, агсам согтуу тавиад байсныг нь мэдэхгүй байна. Урьд өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Хөдөө малаа маллаж, хөдөөгүүр нүүдэл суудал хийж, малынхаа ашиг шимээр амьдралаа залгуулдаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 71-р тал/ хэрэгт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Д.М нь урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн I-р хавтасны 104-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

 

Хохирогч Ж.Ю, Ю.С нар нь шүүхийн шатанд хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан, одоо нэхэмжлэх хохиролгүй, гомдол саналгүй гэх хүсэлт ирүүлсэн зэргийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёроос дээш буюу 3 удаа үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүхээс шүүгдэгч Д.М-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгосон, хохирол төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тугай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, 2-т “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж болно”, 2.1-т “торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногтой дүйцүүлэн нэмж нэгтгэнэ”, 2.2-т “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нэмж нэгтгэнэ” гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг хэмжээг тогтоов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих оногдуулахгүйгээр хуульчилсан тул уг гэмт хэрэгт оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлэх нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцэх тул хорих ялаа эдлэж дууссан үеэс торгох ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийвэрлэв.

 

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Шангас овогт Дүгэрсүрэнгийн Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 /зургаа/ сар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 45 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 сар 15 хоногоор тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож, хорих ял эдэлж дууссан өдрөөс торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д өмнө авсан хувийн батлгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Б.ГАНСҮХ