| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0053/э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Хохирогч: Ж.Г,
Хохирогчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,
Шүүгдэгч: Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ж.Х холбогдох эрүүгийн 1835002760214 хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 28-нд Увс аймгийн Т суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ХХК-д ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3б тоотод оршин суух Т овогт Ж.Хандхүү.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутаг “Цагаан толгойн овоо” гэх газарт 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Лексус-570 загварын автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.13, 2.7а-д заасныг тус тус зөрчиж иргэн Н.Д-н жолоодож явсан дугаартай Прадо загварын автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Прадо загварын автомашинд зорчиж явсан иргэн Ж.Г-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ж.Х-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутаг “Цагаан толгойн овоо” гэх газарт 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Лексус-570 загварын автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан болох нь:
Хохирогч Ж.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 27-ны би Дамирангийн эзэмшлийн 34-59 УВА улсын дугаартай автомашинд суугаад Т, Б, Ж, Б гэх залуу бид нар соёолон насны морь дагаж явсан. Би автомашины арын суудлын гол хэсэгт сууж явсан ба миний баруун гар талд Ж сууж явсан байх. Морь дагаад явж байтал хар өнгийн машин хурдтай ирээд тас гэх дуу гараад машины будаг, гэрэл цацраад бидний сууж байсан автомашин өнхөрсөн. Тэгээд би ухаан алдсан. Аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр мэс засалд ороод гарч ирээд ухаан орсон. ...Миний толгойны баруун талын хэсэгт 18 оёдол тавьсан, баруун шанааны урд талын яс цөмөрсөн, уруулын дотор талд 9 ширхэг утас мэдрэгдэж байгаа, нуруу бэртэж гэмтсэн, баруун нүд хараагүй, нүд нээгдэхгүй байгаа, зүүн нүд хөхөрсөн, духны хэсэгт шалбарсан гэмтэл учирсан. Нуруу ууцаар өвдөнө, толгой, хөл, нүд өвдөж байна. ...Хар өнгөтэй автомашин уралдаж байсан шарга, хээр зүсмийн хоёр морийг хөөж байсан. Тэгэхээр нь би цонхоор тухайн машинд байсан хүмүүст боль гэж гараараа даллахад алга болчихсон. Бид морь дагаж явж байхад зүүн талд тоос манараад хар өнгийн машин маш хурдтай ирээд тас гэх дуу гараад машин өнхөрсөн. ...Тэр морь хөөж байсан автомашины жолооч эмэгтэй хүн байсан гэж манай автомашинд суусан хүмүүс согтуу эмэгтэй хүн жолоодож байна гэж ярилцаж байсан. ...Би хар өнгөтэй машины жолоочид маш их гомдолтой байна. Тухайн зам тээврийн ослоос болж өөрийн эрүүл мэндээр хохирсон тул биеэ эрүүл саруул болгож авмаар байна. Би 50 сая төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд тухайн мөнгийг хэрэгтэн этгээдээс шаардаж байна. Миний нүд эрүүл байсан. Урьд өмнө нь миний баруун талын нүдэнд ямар нэг хараа бууралт байгаагүй, Ж.Х миний хохирлыг төлж барагдуулсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 86-92-р тал/,
Гэрч, иргэний нэхэмжлэгч Б.Д-н мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутагт болсон Цагаан толгойн овооны тахилга, баяр наадмын морины комисст Түдэв, Моломжамц нар намайг ажиллаад өг гэхээр нь би өөрийн эзэмшлийн автомашинтай морины комисст ажилласан. Соёолон насны морьд гаргаад морь дагаад явж байтал хар өнгийн Лексус-570 маркийн автомашинтай, эмэгтэй жолооч морьд хөөгөөд хоёр талаас нь орж гараад яваад байсан. Замын голоос хоёр морь тавьсан тэр эмэгтэй машинтайгаа зүүн тал руу салаад явчихсан. Замаас оруулсан хоёр морь түрүүлж явсан морьтой ирээд нийлэхээр нь бид эхний морь суулгачих вий дээ гэж ярилцаад эхний морьтой зэрэгцэж очоод замаас орсон морьтой хүүхдийг цаашаа гараарай гэж хэлээд тэр хүүхэд цаашаа гараад явчихсан. Түүний дараа ард яваа мотоцикл, автомашин юу болж байна гээд хурдаа хасаж баруун талын толинд харахад ямар нэгэн зүйл харагдаагүй, зүүн талын толинд харахад зэрэгцэж явсан автомашин харагдсан. Толинд хараад урагшаа харахад тас гэх чимээ гарч автомашины хойд талын хэсэг өргөгдөж, жолооны хэсэг ямар ч ажиллагаагүй болж, машины урд талаар хар өнгийн зүйл харагдаад алга болсон. Тэгээд автомашин өнхөрчихсөн. Би хүмүүсийг тайвшруулах гээд бүгдийг нь тайван бай гэж хэлчихээд байж байтал миний хажууд сууж явсан залуу над дээр гишгээд хойшоо гарсан. Би урагш хараад хойшоо гарах үед хүмүүс бүгд машинаас гарчихсан байсан. Эмч, цагдаа нарыг дуудсан уу? гэхэд Ц ах дуудсан гэж хэлсэн. Мөргөсөн автомашин яасан юм бэ гэхэд тэндээс ирж байна гэж хэлсэн. Удалгүй буюу 2, 3 минутын дараа хар өнгийн Лексус-570 маркийн автомашин ирсэн ба жолоочийн суудлаас нэг залуу гарч ирсэн. Автомашиныг жолоодож явсан эмэгтэй яасан юм, яагаад машин мөргөчихөөд явчихдаг юм бэ? гэж асуухад би унаж байгаагүй, манай ээж автомашин жолоодож явсан. Одоо машинд байгаа гэж хэлсэн. Чи яагаад эрүүл байж, согтуу хүнээр машин жолоодуулсан юм бэ гэхэд надад жолоогоо өгөхгүй байсан, би хойд талын суудал дээр явж байсан ба та нарыг хараад зүүн тал руу дарсан боловч мөргөлдчихлөө гэж хэлсэн. Тэгээд кардан татаж автомашин зогсоогоод ирлээ гэж хэлсэн. Автомашинаас яагаад бууж ирэхгүй байгаа юм гэхэд тасарчихсан унтаж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа, эмч нар ирсэн бөгөөд цагдаа нар миний согтуурлыг шалгахад 00-%тай байсан. Нөгөө хар өнгийн машины жийп маркийн автомашиныг жолоодож явсан эмэгтэйг шалгах гэхэд шал согтуу салаавч гаргаад багаж үлээхгүй байсан. Та нар шиг хөдөөний цагдаа нар надад үйлчлэхгүй, нэг бол аймгаас Цагдаагийн даргаа дууд гэж хэлсэн. Ж.Г-н биед гэмтэл учирсан байсан ба толгой, хамрын хэсгээс цус гарч байсан. Гэмт хэргийн улмаас миний эзэмшлийн автомашинд олон тооны эвдрэл гэмтэл гарсан бөгөөд Үнэлгээний байгууллагын дүгнэлтээр 4.305.000 төгрөг гарсан. Автомашинд үзлэг хийж, акт тогтоолгоход 88.000 төгрөг, эвдрэл гэмтэлд үнэлгээ гаргуулахад 140.000 төгрөг, автомашиныг ачуулж, аймгийн төв рүү оруулахад 270.000 төгрөг зарлагадсан. Машиндаа засвар хийлгэж, дахин ашиглах боломжтой болгоход 7.000.000 төгрөг болсон бөгөө нийт 7.500.000 төгрөг нэхэмжилж байна. Миний нэхэмжилж байгаа зүйл, хохирлыг барагдуулвал надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 99-102-р тал/,
гэрч Р.Ж-н мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутагт болсон Цагаан овоон тахилга наадмын соёолон насны морь дагахаар найз Б.Д-н Прадо маркийн саарал өнгийн автомашинд сууж явсан. Тухайн автомашиныг Дамиран жолоодож, урд талын суудалд Б, хойд талын суудал дээр Х, Т, Ж.Г бид нар сууж явсан. Морь гараанаас гараад уралдаж байхад морины дундуур Лексус 570 маркийн хар өнгийн автомашин орсон ба жолооч талын цонхоо буулгачихсан эмэгтэй жолоочтой байсан. Тэд хоёр уралдаж байсан шарга болон хээр зүсмийн хоёр морины хээр зүсмийн морийг хөөж байсан. Тухайн автомашиныг жолоодож байсан эмэгтэй морь хөөж явахдаа гараа сэгсрээд согтсон мэт байдалтай үйл хөдлөл үзүүлж байсан. Хар өнгийн автомашин морь хөөж явж байгаад ертөнцийн зүгээр зүүн тийшээ явчихсан. Бид нар эхний морь дагаж байгаад хурдаа хасаад хойд талын морь үзэж чигэээрээ явж байхад гэнэт автомашин мөргөлдсөн. Тухайн үед ямар маркийн автомашин ирж мөргөсөн болохыг би мэдэхгүй байна. ” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-49-р тал/,
гэрч Н.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ойролцоогоор 15-16 цагийн үед Цагаан толгойн овооны тахилга баяр наадмын соёолон насны морийг өөрийн төрсөн хүү Б-н Ланд 200 загварын автомашинтай уралдаж буй морины зүүн гар талаар морь дагаад чигээрээ явж байтал автомашины урд талаар хар өнгийн жийп машин хөндлөн гарсан ба манай төрсөн хүү автомашиныхаа хурдыг хасаж, тоормослож зогсоосон. Би автомашинаас бууж харахад 12 алхам газар байсан. Тухайн хар өнгийн автомашин хөндлөн давхисаар улсын дугаартай саарал өнгийн автомашины урдуур хөндлөн орж тухайн саарал өнгийн автомашин осолдож, 2 өнхөрсөн. Харин хар өнгийн жийп автомашины баруун талын хаалга чихэгдэж, цааш явчихсан. Би хүү Б-н автомашинд цуг сууж явсан Б-н хамтаар тухайн осолдсон автомашины хажууд очиход автомашины лүүкний хэсгээр Ж.Гийн толгой бага зэрэг гарсан байдалтай түрэгдсэн, толгой хэсэг нь дөнгөж дарагдсан байдалтай байсан. Би Ж.Г-г татаж гаргахад Ж.Г дээшээ хоёр удаа үсэрсэн. Тэгэхээр нь би Ж.Г-г дараад авчихсан. Тухайн үед эргэн тойронд ямар нэгэн ус байгаагүй, би Ж.Г-г Б-р даруулчихаад лүүкээр 3 хүний толгой гарчихсан байхаар нь нэгнийх нь мөрөн дээр гишгэж цааш түлхээд Б гэгчийг татаж гаргасан. Түүний дараа тэнд байсан хүмүүсийг надтай хамт байсан хүмүүс татаж гаргасан. Батхүү лүүкээр гарч ирээд шууд явах гэхээр нь би Х гэх залуугаар даруулж хэвтүүлсэн, Батхүүгийн нүүр хэсэг нь хөхөрчихсөн байсан юм. Эргээд Ж.Г дээр очиход хоёр нүдний завсар, духны хэсгээс цус гарч байсан. Би тухайн цус гарч байгаа газар нь гараараа нэлээн удаан дарж тогтоосон юм. Тэр үед Ж.Г ухаантай байсан ба би түүний хажуугаар нь хэвтүүлсэн. Түүний дараа хар өнгийн Лексус 570 маркийн автомашин ирж, жолоочийн суудлаас нь нэг залуу бууж ирсэн. Тэгэхээр нь би тэр залуу руу яагаад хүн алах болов гээд уурлаад дайрахад тэнд байсан хүмүүс намайг бариад авчихсан. Тэгтэл тэр залуу би автомашин жолоодож яваагүй, жолооч нь автомашин дотор сууж байна гэж хэлсэн. Удалгүй хэсгийн цагдаа нар ирсэн ба тухайн автомашины хойд талын суудал дээр эмэгтэй хүн хэвтэж байсан. Цагдаа нар автомашины хаалга онгойлгох гэхэд хаалга онгойлгохгүй байсан ба тухайн эмэгтэйн согтуурлыг шалгах гэхэд хэл амаар доромжилж, шалгуулахгүй байсан. Би өөрийн охин руу залгаад хэнд яаж дуудлага өгөх талаар асуухад 7045-103 руу залгаад дуудлага өг гэж хэлсний дагуу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108-р тал/,
гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ойролцоогоор 15-16 цагийн үед Цагаан толгойн овооны тахилга наадмын соёолон насны морийг өөрийн төрсөн ах Б-н Ланд 200 загварын автомашинтай уралдаж буй морины зүүн гар талаар морь дагаж явсан. Тэгтэл манай хамаатны хүний шарга зүсмийн морь өнгөлж явсан ба түүнийг бид нар дагаж явсан. Хар өнгийн жийп машин уралдаж явсан морины голоор орж, Цаба гэх нэртэй айлын хээр зүсмийн морьтой хүүхдийг дайрчих шахаад уралдаанаас гаргачихаад зүүн тийшээ явчихсан. Удалгүй бид нарын урдуур хөндлөн орж ирсэн ба манай төрсөн ах Ц.Б автомашиныхаа хурдыг хасаж, тоормослож, машинаа зогсоосон нөгөө автомашин зөрөөд өнгөрөөд явчихсан. Тухайн хар өнгийн автомашин хөндлөн давхисаар саарал өнгийн автомашины урдуур хөндлөн орж тухайн саарал өнгийн автомашин осолдож, 2 өнхөрсөн. ...Тухайн осол болсны дараагаар хар өнгийн автомашин Цагаан толгойн овооны наад талд миний бодлоор ойролцоогоор 500 метр зайд зогсоод урд талын суудал дээрээс монгол цагаан өнгийн цамцтай хүн буулгаж байсан. Хол байсан болохоор бас сайн харагдахгүй зэрвэлзээд байсан. Бид нар тухайн осолдсон гэх автомашин дээр очоод манай төрсөн аав Ц Ж.Г ахыг татаж гаргаад босож явах гээд байхаар нь надаар даруулж хэвтүүлсэн. Ж.Г ахын хамраас цус гарч, баруун талын хацар нь хавдаж эхэлсэн, хоёр нүдний дунд талд зүсэгдсэн шарх гэмтэл байсан ба түүнээс нь цус гарч байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110-р тал/,
гэрч Н.Т-н мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр манай хадам дүү Ж.Х ач, зээ хүүхдүүдийнхээ хамтаар Увс аймгийн Тэс сумын төв дээр байрлах манай гэрт ирсэн. Маргааш 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Цагаан толгойн овооны баяр наадам руу явсан. Би хамт явсан ба Ж.Х-гийн хүргэн гэх залуу автомашин барьж явсан. Би Цагаан толгойн овооны баяр дээр автомашинаас буугаад үлдчихсэн. Хадам дүү Ж.Х-гийн автомашины хажуу талд сүүдрэвч татчихсан байсан ба тэнд Ж, И, Ж.Х нар архи ууж байсан. Би тухайн шилтэй архинаас 3 хундага надад хийж өгөхөөр нь уучихаад ангийнхаа найзуудтайгаа уулзахаар явчихсан. Орой гэртээ ирээд унтаж байтал манай төрсөн охин О Ж.Х эгч автомашинтай явж байгаад осол гаргасан байан нөгөө машинд суусан хүн нь эмнэлэг дээр байна гэнэ та оч гэхээр нь би эмнэлэг дээр очиход зөндөө олон хүн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 113-р тал/,
гэрч Г.Х /Тэс сумын хэсгийн цагдаа/-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр би Увс аймгийн Тэс сумын Цагаан толгойн овооны баяр дээр хэв журмын хамгаалалтад ажиллаж байсан ба морь дагаж явахад морины эсрэг талд осол гарчихсан байсан. Намайг очиход Прадо 95 маркийн саарал өнгийн автомашин бүтэн нэг эргэж, баруун талаараа уначихсан байсан. Тухайн үед Б.Д гэх хүн бидний машиныг мөргөж унагасан хар өнгийн автомашинтай хүн явчихлаа, зугтчихлаа гэх хэлэхээр нь араас нь явах гэж байхад Лексус 570 маркийн хар өнгийн автомашин хүрээд ирсэн. Тухайн автомашины баруун талын хаалга хонхойсон, шил нь хагарсан, гишгүүр нь мурийсан байдалтай байсан. Автомашиныг 20 орчим насны эрэгтэй жолоодож ирсэн ба тэнд байсан хүмүүс машиныг эмэгтэй хүн жолоодож байсан гэж хэлсэн. Би автомашины бичиг баримт, түлхүүрийг авахад арын суудлаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээн согтсон эмэгтэй бууж ирээд яах гээд байгаа юм, юу болоод байгаа юм, яахаараа намайг шалгадаг юм гэж яриад байсан. Хэргийн газрыг хамгаалалтад авч хэсгийн цагдаа дэд ахлагч С.Ж, дэд ахлагч Ц нарын хамтаар ажилласан. Прадо 95 маркийн саарал өнгийн автомашины жолооч Б.Д-н согтуурлыг шалгахад 00%-тай гарсан, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн осол болсон гэх газар олон хүн байсан бөгөөд Ж.Х-гийн ах дүү нараас бас хүмүүс ирчихсэн байсан. Автомашин жолоодож ирсэн гэх эмэгтэйгээс осол гарах үед чи автомашин жолоодож явсан уу гэж асуухад би автомашин жолоодож яваагүй, хадам ээж жолоодож явсан. Автомашины хойд талын суудал дээр унтаж байна гэж хэлсэн. Харин Лексус 570 маркийн автомашины жолооч гэх эмэгтэй хойд талын суудал дээр унтаж байхаар нь сэрээгээд согтуурлыг нь шалгах гэхэд согтуурал шалгуулахаас зайлсхийж, шалгуулахгүй байсан. Би үлээхгүй, би хэзээ ч үлээж байгаагүй гэх мэтээр цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан. Тухайн эмэгтэйг сумын төв рүү дагуулж явж, цуснаас нь дээж авах гэсэн боловч бид нарын шаардлагыг биелүүлэхгүй байсан. Тухайн үед тэр эмэгтэй нэлээн согтуу байсан юм. Бид нар удирдлагад мэдэгдэж, тухайн эмэгтэйг согтууруулах ундааны зүйл хэрэглүүлэхгүйгээр амайгаас гарсан бүрэлдэхүүн ирэх хүртэл ажилласан. Зам тээврийн ослын улмаас бэртсэн хүмүүсийг сумын нэгдсэн эмнэлгийн эмч нар ирээд авч явсан. Тухайн хар өнгийн автомашины жолооч эмэгтэй 3 удаа пиво уухыг оролдсон боловч бид нар хэрэглүүлээгүй. Байнга хараа хяналтдаа байлгасан. Өнхөрсөн гэх автомашинд байсан хүмүүсийн Ж.Г гэх залуу ухаангүй, толгой хэсгээс нь цус гарсан байдалтай гэмтэлтэй, жолооч Б.Д гэх залуугийн баруун гар, мөр хэсэг нь өвдөж байна гэж хэлж байсан. Аймгаас бүрэлдэхүүн ирээд хэргийн газрын үзлэг, хэмжилт хийх гэсэн боловч харанхуй гэрэлгүй байсан учраас Лексус 570 маркийн хар өнгийн автомашины жоооч Ж.Х гэгчийг авч сумын төв рүү явсан. Хэргийн газрыг хэсгийн цагдаа дэд ахлагч С.Ж, дэд ахлагч Ц нар хамгаалалтад авч хонож ажилласан. Би зохицуулагч а/х Э-н хамтаар Ж.Х-г аймгийн бүрэлдэхүүнд гараад яваад ирсний дараа Нэгдсэн эмнэлэг дээр согтуурал шалгах драгер багажаар шалгахад 1.87 %-ийн согтолттой гарсан. Согтуурал шалгасан магадалгаа бичиж гарын үсэг зуруулах гэхэд Ж.Х согтуурал шалгасан магадалгаа дээр гарын үсэг зурахаас татгалзаж, гарын үсэг зураагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119-р тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-22, 48-54-р тал/,
-Согтуурал шалгасан магадалгаагаар “шүүгдэгч Ж.Х-гийн амьсгалд 1.87 промиль илэрсэн” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25-р тал/,
-Цагдаагийн албан хаагч нарын илтгэх хуудас /хх-ийн 26-р тал/,
-Эд мөрийн баримтаар хураагдсан CD-нд хадгалагдсан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-63-р тал/,
-Шүүгдэгч Ж.Х-гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зам тээврийн осол гаргаж, Ж.Г-н эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Миний бие шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна.” гэх мэдүүлүүдээр нотлогдож тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Хэрэг учрал болсон даруйд шүүгдэгч Ж.Х-н согтуурал шалгасан магадалгаагаар “шүүгдэгч Ж.Х-н амьсгалд 1.87 промиль илэрсэн” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25-р тал/-үүдээр шүүгдэгч Ж.Х-г зам тээдрийн осол гаргах үедээ согтуу байсан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.Х нь согтуугаар “Лексус 570” загварын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.13. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, 3.7.а-д “...Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байх бөгөөд согтуугаар “Лексус 570” загварын автомашин жолоодсон нь энэ гэмт хэрэг гаргах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Х нь согтуугаар “Лексус 570” загварын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ж.Г-ийн биед “баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, дух ясны шугаман хугарал, баруун хацар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд, доод хананы хугарал, баруун гайморын хөндийн урд болон арын хананы хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай ясны хэсгийн хатуу хальсан доор хуралт, тархины эдийн цус хуралт, няцрал, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, цох, баруун нүдний гадна булан, баруун хацарт зулгаралт, нүүр болон баруун чамархай зулай, дух хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний хараагүйдэл гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Хохирогч Ж.Г-ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтэл авсан гэх тухайн цаг хугацаанд учирсан байж болох шинэ гэмтэл байна. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хохирогч Ж.Г-ийн биед учирсан гавал тархины гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасан учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, баруун нүдний хараагүйдэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хохирогч Ж.Г-ийн биед баруун нүдний харааны мэдрэлийн хатангаршилийн улмаас баруун нүдний хараагүйдэл гэмтэл учирсан болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 523 дугаартай дүгнэлт /хх-ийн 198-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2-р хавтасны 154-155-р тал/-үүдээр тогтоогджээ.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхитэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргээс ялгагдана.
Энэ хэргийн хувьд шүүгдэгч Ж.Х нь согтуугаар өөрийн эзэмшлийн 90-95 УБХ улсын дугаартай “Лексус 570” загварын автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа хор уршигт хүргэсэн байх тул Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.13. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, 3.7.а-д “...Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Согтуугаар “Лексус 570” загварын автомашин жолоодсон нь энэ гэмт хэрэг гаргах шалтгаан нөхцөл болсон байна гэж үзсэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 462 дугаартай /хх-ийн III хавтасны 114-117, 131-р тал/ дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.13, 3.7.а гэх заалтуудыг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д “Согтуугаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ж.Г нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг эмчлүүлэхтэй холбоотойгоор учирсан хохирол гэж 11.302.400 төгрөгийг нэхэмжилж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн байна.
Үүнээс 168.935 төгрөгийн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна эмчилгээ хийлгэхтэй холбоогүй байх тул 11.302.400 төгрөгийн нэхэмжлэлээс 168.935 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 11.133.465 төгрөгийн шүүгдэгч Ж.Х-с гаргуулж хохирогч Ж.Г-т,
Иргэний нэхэмжлэгч Б.Д-н автомашины эвдэрч, гэмтсэн эд анги болон уг автомашинд засвар хийлгэх ажлын хөлс мэргэжлийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 156-р тал/-ээр 4.305.000 төгрөг болох нь тогтоогдсон тул шүүгдэгчээс 4.305.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Д-д тус тус олгохоор шүүх шийдвэрлэснийг шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдааны дараа завсарлага авч төлсөн болох нь түүний эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч Ж.Г-т 12.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Д-д 4.305.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзэх бөгөөд хохирогч Ж.Г нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Ж.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Х нь согтуугаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Х-гийн хувийн зан байдлын талаар гэрч Ж.Б-н өгсөн: “Ж.Х нь миний төрсөн дүү бөгөөд айлын 11 хүүхдийн 8 дахь хүүхэд байгаа юм. Ж.Х нь хүүхэд байхаасаа сэргэлэн, цовоо зан ааштай, спортлог, сурлага сайтай хүүхэд байсан юм. Хошин яриатай, хөгжөөнтэй хүүхэд байсан бөгөөд Тэс сумын ахлах сургуулийн 10 дугаар анги төгсөөд ХААИС-д нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Одоо хүртэл мэргэжлээрээ ажиллаж байгаа. Түүний хувьд ам бүл 5 бөгөөд нөхөр 3 хүүхэдтэй, 2 хүүхэд нь тусдаа гарч гэр бүлтэй болсон. Одоо нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Ж.Х нь ажилсаг хөдөлмөрч, тусархуу, нямбай, өөрийнхөөрөө, гэр орны ажил сайн хийдэг, уурлаж бухимдаггүй, төлөв даруу зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй. Урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 132-р тал/, гэрч Д.Ц-н өгсөн: Би Ж.Х-тэй гэр бүл болсноос хойш 2 хүүхэд тусдаа гарсан. Одоо нэг хүүхэдтэйгээ бид 3 хамт амьдардаг. Увс аймгийн Тэс сумын ахлах сургуулийн 10-р ангийг төгсөөд ХААИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Одоо ХХК-д нягтлан бодогч ажилтай. Манай эхнэр Ж.Х нь ажилсаг, хөдөлмөрч, тусархуу, нямбай, өөрийнхөөрөө бүх зүйлийг хийдэг, уурлаж бухимдаад байдаггүй, гэр орны ажил сайн хийдэг, төлөв даруу зантай. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй. Урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж, ял шийтгүүлж байгаагүй. Түүний хувьд сахарын өвчтэй, нуруу, бөөр, нойр булчирхай зэрэг нь өвддөг. Эдгээр өвчнөөс болоод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-р тал/ хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Ж.Х нь урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн I-р хавтасны 218-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ж.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хохирогч Ж.Г-т 12.000.000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Д-д 4.305.000 төгрөгийг тус тус төлсөн талаарх баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг одоогийн байдлаар төлж барагдуулсан гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг төлсөн гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй бөгөөд хүүхдээ эмчлүүлэхээр эмнэлэг, сувилалаар явахад машин жолоодох шаардлага их гардаг талаараа мэдүүлсэн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул шүүгдэгч Ж.Х-гийн Лексус 570 загварын авто машин бимтүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нт зүйтэй.
Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.Х-гийн 179046 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ж.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчисний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Ж.Х-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ж.Х-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ж.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ж.Х нь иргэний нэхэмжлэгчийн хохирлыг бүрэн төлсөн, хохирогч Ж.Г-т 12.000.000 төгрөг төлснийг тус тус дурдаж, Хохирогч Ж.Г нь цаашид эмчилгээтэй холбоотойгоор гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Ж.Х-н дугаартай лексус 570 загварын авто машин бимтүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.Х-гийн 179046 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Алтанлхамд даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Х-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ